Тод мэдээ
Мал аж ахуйн хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлнэ

“Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 3.4-т “Монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, амьдрах орчин, орон байрны аюулгүй нөхцөлийг баталгаажуулах, гэмт хэрэг, халдлагын золиос болохоос хамгаалах нь хүний аюулгүй байдлыг хангах үндэс мөн.” гэж тусгасан ба хүнсний аюулгүй байдлыг хангах хүрээнд “3.4.2.6.Мал эмнэлгийн тогтолцоог шинэчилж, малын халдварт өвчинтэй тэмцэх чадавхийг дээшлүүлж, халдвар, хамгаалал, биоаюулгүй байдлыг хангах тогтолцоог боловсронгуй болгоно. Монгол малын удмын сан, үр тарианы нутагшмал сортыг хамгаална...” гэж заасан.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2018 оны 12/09 дугаар зөвлөмжөөр Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 5 дахь хэсгийн хэрэгжилтийг хангах зорилгоор Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын жагсаалтад “Мал эмнэлгийн алба” гэсэн нэмэлт оруулахыг Монгол Улсын Их Хуралд зөвлөмж болгосон байдаг.
Мөн Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 04 дүгээр тогтоолын 10 дахь заалтад “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд заасан Мал эмнэлгийн байгууллага, Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгах, Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх”-ийг Засгийн газарт даалгасан.
Түүнчлэн “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын 2 дахь заалтын 4 дэх дэд заалтад “...өндөр ашиг шимт малын үр хөврөлийг гадаад улсаас нэгдсэн бодлогоор авах, үржил селекцийн ажилд биотехнологийн ололтыг нэвтрүүлэх, малын удмын санг хамгаалах, мал үржүүлэг, технологийн ажлыг эрчимжүүлэх...;” арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасан болно.
Мөн Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орны хувьд бүтээгдэхүүн импортлох, экспортлоход тавих шаардлагаа Дэлхийн худалдааны байгууллагын Эрүүл ахуй, ургамлын эрүүл ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэх хэлэлцээр /SPS agreement/-ээр эрх олгосон мал, амьтны эрүүл мэнд, эрүүл ахуй, зооноз өвчний талаар олон улсын стандарт тогтоох чиг үүрэг бүхий байгууллага болох Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын Газрын амьтны эрүүл мэндийн кодекст заасан мал, амьтны эрүүл мэнд, нийтийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн стандарт, зөвлөмжид нийцүүлэх ёстой.
Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах талаар салбарын хяналтын нэгдсэн тогтолцоо бүрдээгүйгээс мал, амьтны гоц халдварт өвчний гаралт, тархалт нэмэгдэх, малын генетик нөөцийг ашиглах тусгай зөвшөөрөл олгоход тавих тусгайлсан нөхцөл, шаардлага тодорхой бус байгаагаас малыг өөрийн дур зоргоор үржилд ашиглаж, үүний улмаас малын үүлдэрлэг байдал, тэсвэрт чанар алдагдах, бие давжаарах, ашиг шим буурах нөхцөл байдал үүсээд байна.
Иймд эдгээр асуудлыг шийдвэрлэх, Монгол Улсын хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх, олон улсын стандарт, шаардлагыг хангах зорилгоор мал аж ахуйн салбарын харилцааг зохицуулж байгаа Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсныг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шйийдвэрлэлээ.
Эдгээр хуулийн төслүүд батлагдсанаар нийгэм, эдийн засагт дараах үр дүн гарна:
- Хууль тогтоомж, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон бусад бодлогын баримт бичигт тусгагдсан хүнсний аюулгүй байдлыг хангах, мал, амьтны эрүүл мэнд, малын удмын санг хамгаалах, баталгаажуулах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох талаарх зорилтууд хэрэгжих боломж бүрдэнэ.
- Мал эмнэлгийн хяналтын нэгдсэн тогтолцоо бий болж, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд тавигдах худалдааны түнш орнуудын шаардлагыг хангах нөхцөл бүрдэнэ.
- Төрийн байгууллагууд давхардуулан гэрчилгээ олгодог явдал үгүй болж, бизнес эрхлэх таатай орчин орчин бүрдэж, иргэдийн эрхийн баталгаа сайжирна.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Тод мэдээ
БНСУ гадаадын бизнес эрхлэгчдийн хил нэвтрэхэд шаардагдах хугацааг багасгана
БНСУ-ын Хууль зүйн яам, Газар, дэд бүтэц, тээврийн яам хамтран 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс ажил хэргийн шугамаар Инчоны олон улсын нисэх онгоцны буудал (ОУНОБ)-аар хил нэвтрэх гадаадын иргэдийн хүлээлгийн хугацааг багасгах шинэ арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ.
БНСУ-ын Засгийн газар холбогдох байгууллагууд болон бизнес эрхлэгчид санал болгосны үндсэн дээр Инчоны ОУНОБ-д ажил хэргийн шугамаар ирж буй гадаадын иргэдэд зориулсан тусгай шалган нэвтрүүлэх цэгийг ажиллуулах шийдвэрийг гаргасан юм. Засгийн газраас хэрэгжүүлэх энэхүү туршилтын төсөл нь 2025 оны 12 дугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд үр дүнгээс нь шалтгаалан Гимпо, Гимхэ зэрэг бусад олон улсын нисэх буудлуудад хэрэгжүүлэх юм.
Цаашид дунд болон урт хугацаандаа ердийн зорчигчдын хил нэвтрэх үйл явцыг хөнгөвчлөх зорилгоор автомат шалган нэвтрүүлэх системийн хамрах хүрээг өргөжүүлэхээр төлөвлөж байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
Грек улс орогнол хүсэгчдийг хорих ялаар шийтгэх хатуу хууль баталжээ
Бүгд Найрамдах Грек Улс (БНГУ)-ын Засгийн газар цагаачлалын бодлогодоо үлэмж өөрчлөлт оруулж, оршин суух зөвшөөрөлгүй иргэд болон өргөдөл нь буцаагдсан орогнол хүсэгчдэд хатуу арга хэмжээ авах шинэ хууль баталлаа.
Энэхүү шийдвэр нь тус улсын хилийн ачааллыг бууруулах зорилготой юм. Уг хуульд зааснаар орогнол хүссэн өргөдөл нь татгалзсан тохиолдолд 14 хоногийн дотор тухайн улсыг орхин явах шаардлагатай ба биелүүлээгүй тохиолдолд 2-5 жилийн хорих ял оноох, эсвэл эх оронд нь албадан буцаах арга хэмжээг авах юм. Шаардлагатай тохиолдолд электрон хяналтын бугуйвч зүүлгэх аж.
Түүнчлэн хууль бусаар хил нэвтэрсэн этгээдийг 18 сар саатуулах арга хэмжээ авдаг байсныг 24 сар болгон сунгаж, тухайн этгээдэд 10000 еврогийн торгууль ногдуулах юм.
Дахин нэг өөрчлөлт орсон нь тус улсад хууль бусаар 7 болон түүнээс дээш жил амьдарсан иргэдийн хууль ёсны оршин суух эрх авах эрхийг түдгэлзүүлсэн байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га талбайг хамрах 8565 өрхийн орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн нийт долоон багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар төслийн талбайд 532 хүн ажиллаж байгаа юм.
Уг төслийн эхний ээлжийн 3800 айлын орон сууцны барилгын ажлыг 2027 оны III улиралд дуусгана. Тодруулбал,
- Нэгдүгээр багцын бэлтгэл ажил 80 гаруй хувь, газар шорооны ажил 90 гаруй хувь, суурь цутгах ажил 30 хувьтай үргэлжилж байна.
- Хоёрдугаар багцын бэлтгэл ажил 98 хувь, газар шорооны ажил 90 хувь, суурь цутгах ажил 70 хувь, зоорины давхрын угсралт 20 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.
- Харин бусад таван багцын гүйцэтгэгчидтэй гэрээ хэлэлцээр байгуулахын зэрэгцээ бэлтгэл ажлыг хангаж буй. Мөн зарим блокийн газар шорооны ажил эхэлсэн.
Уг төслийн хүрээнд төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэх цогц, нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлнэ. Тодруулбал, Сэлбэ хотод 8565 өрхийн бүрэн цутгамал, газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй, гурван давхар вакум цонх, металл фасад бүхий 113 орон сууц барина. Ингэхдээ барилга бүрд зэврэлт, элэгдэлд тэсвэртэй цайрдсан хоолой, усны хатуулгийг зөөлрүүлэх фильтерийг суурилуулна. Түүгээр ч зогсохгүй 8 км авто зам, 39 км явган хүний зам, 23 км дугуйн зам, 3.6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барихаар төлөвлөсөн. Мөн авто зогсоол, худалдаа, үзвэр үйлчилгээ, оффисын зориулалттай барилга барихаас гадна нийт талбайн 40 хувьд ногоон байгууламжийг цогцоор нь шийдэх юм. Тэрчлэн Сэлбэ голын хөвөөнд байрлаж буй Туул голын урсцыг сайжруулах зорилгоор хөв цөөрөм байгуулна.
Төслийг хэрэгжүүлснээр хотын төв рүү чиглэх урсгалыг саармагжуулахаас гадна нийт 15.600 яндан, 12.000 нүхэн жорлонг ариутгалын бодисоор устган, агаарын бохирдлыг 6 хувь бууруулж, хөрсний доройтлыг багасгах давуу талтай.
-
Өнөөдөр2020/08/12
Хотын туурийг хамгаалалтад авч, судалгаа, малтлагын ажлыг төрөөс дэмжих шаардлаг...
-
Тод индэр2019/09/16
ТӨҮГ-дад тогтоосон онцгой дэглэмийн хугацааг зургаан сараар сунгалаа
-
Тод мэдээ2021/05/12
Минж тав ихэрлэсэн нь Монголд анхны тохиолдол боллоо
-
Тод мэдээ2020/01/17
Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулах ажлы...