Хэн юу хэлэв...
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шивээ-Овоо” ХК-ийн санхүүгийн алдагдлыг бууруулахыг үүрэг болголоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говьсүмбэр аймагт ажиллаж байна. Энэ үеэр “Шивээ-Овоо” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
“Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхай нь 2.7 тэрбум тонн нүүрсний нөөцтэй бөгөөд Монгол Улсын эрчим хүчний нүүрсийн 30 хувийг хангадаг. Жилд хоёр сая тонн нүүрс олборлон борлуулдаг байна. Улсын төсөвт Говьсүмбэр аймгаас оруулж байгаа нийт төсвийн орлогын 83 хувийг “Шивээ-Овоо” ХК бүрдүүлж байна. Өнгөрсөн онд тус компани 67,5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олжээ.

Тус компани нэг тонн нүүрсийг олборлох зардал нь 45 мянган төгрөг байдаг бол эрчим хүчний үйлдвэрүүдэд борлуулах өртөг нь 39 мянга. Үүнээс болж “Шивээ-Овоо”ХК алдагдалтай ажиллаж байна. Өнгөрсөн онд 18.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан бол энэ оны алдагдал 15 тэрбум төгрөгт хүрээд байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус компанийн санхүүгийн алдагдлыг бууруулах арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо. Санхүүгийн алдагдлыг бууруулах нэг зам нь “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхайг түшиглэн 200 МВт-ийн цахилгаан станц барих юм байна. Үүнийг судалж үзэхийг Ерөнхий сайд даалгалаа. Мөн Шивээ-Овоо ХК-ийн нүүрсийг дулааны цахилгаан станцад нийлүүлэхээс гадна экспортод гаргах боломж байгаа юм байна. Ойрын хугацаанд экспортод гаргахаар судалж байгааг “Эрдэнэс Монгол” нэгдлийн захирал С.Наранцогт хэллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараа нь Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийн үйл ажиллагаатай танилцлаа.

Боловсролын багц хуулийн өөрчлөлтөөр энэ хичээлийн жилээс Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвөөс коллеж болон өөрчлөгджээ. Барилга, уул уурхай, хөдөө аж ахуй үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр 1-3 жилээр сургалт явуулж байна. Говьсүмбэр аймгийн Политехник коллежийг жилд 250 гаруй суралцагч төгсөж 70-80 хувь нь ажлын байртай болдог байна.

Хэн юу хэлэв...
УИХ-ын Ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-нд хуралдуулна
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-ны Даваа гарагийн 10:00 цагаас зарлан хуралдуулахаар болсныг УИХ-ын дарга С.Бямбацогт мэдээллээ.
Түүний мэдээлснээр, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл есдүгээр сарын 2-нд хуралдаж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шийдвэр гаргасан байна. Ээлжит бус чуулганаар зөвхөн Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Чуулган есдүгээр сарын 14-ний 17:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд төсвийн тодотголын эхний хоёр шатны хэлэлцүүлгийг хийх юм. Үргэлжлүүлэн есдүгээр сарын 15-наас эхлэх намрын ээлжит чуулганаар төсвийн тодотголын хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр байна.
Засгийн газар 2026 оны төсвийн тодотголын төслийг наймдугаар сарын 20-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Төсвийн тодотголыг хэлэлцэхийн өмнө Үндэсний аудитын газар болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлтээ гаргах шаардлагатай бөгөөд үүнд хуулиар 14 хоногийн хугацаа шаардагддаг. Эдгээр дүгнэлт УИХ-д ирэх нөхцөл бүрдсэн тул ээлжит бус чуулганыг хуралдуулах боломжтой болсон гэж УИХ-ын дарга С.Бямбацогт тайлбарлажээ.
Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэж, хэмнэсэн эх үүсвэрийг боловсрол, эрүүл мэндийн салбарын цалин, ахмадын тэтгэвэр, хүнс болон шатахууны нөөц, эрчим хүчний салбарын дэмжлэг зэрэгт чиглүүлэхээр тусгасан байна. Тодруулбал, урсгал зардлаас 433.4 тэрбум, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөгийг бууруулахаар төлөвлөжээ.
УИХ-ын дарга мөн сөрөг хүчний зүгээс ээлжит бус чуулган хуралдуулах санал гаргаж байсан ч Засгийн газрыг огцруулах асуудлыг албан ёсоор өргөн мэдүүлээгүй гэдгийг тодотгосон байна. Иймээс энэ удаагийн ээлжит бус чуулганаар бусад асуудал хэлэлцэхгүй, төсвийн тодотголд төвлөрөх аж.
Хэн юу хэлэв...
ТТГ-ын дарга Жон Рэтклифф Москвад нууц айлчлал хийжээ
АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф Москвад айлчилж, Оросын тагнуулын байгууллагын удирдлагуудтай уулзсан талаар Кремль мэдээллээ. Хоёр улсын харилцаа хурцадмал хэвээр байгаа үед болсон уг айлчлалыг Ассошиэйтед Пресс агентлаг ховор тохиолддог өндөр түвшний тагнуулын харилцаа гэж тодорхойлжээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр Рэтклифф ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаагүй бөгөөд хэлэлцээ хоёр улсын тагнуулын байгууллагын түвшинд болжээ. Путин уулзалтын талаар мэдээлэл авсан ч ямар асуудал хэлэлцсэнийг Кремль задруулаагүй байна.
Оросын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр АНУ-ын цэргийн нисэх онгоц наймдугаар сарын 25-нд Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд газардаж, мөн өдөр буцжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Рэтклиффийн айлчлалын ач холбогдлыг хэтрүүлэх хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлж, үүнийг “хагас энгийн, тогтмол шинжтэй” уулзалт хэмээн тодорхойлсон байна.
Песков хоёр улсын тагнуулын байгууллагуудын шууд харилцаа үргэлжилж буйг эерэг үзэгдэл хэмээн үнэлсэн ч Орос, АНУ-ын харилцаа “гүн хямралын байдалд” хэвээр байгааг онцолжээ. Рэтклиффийн айлчлал хоёр улсын харилцаанд ямар нөлөө үзүүлэхийг хэлэхэд эрт байна гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Оросын аюулгүй байдлын байгууллагуудыг судалдаг шинжээч Андрей Солдатов ийм түвшний уулзалт тогтмол болдоггүйг онцолжээ. Москва, Вашингтон хоёр тагнуулын байгууллагын шууд холбооны сувгийг 1980-аад оноос хадгалж ирсэн бөгөөд хоёр улсын иргэд, аюулгүй байдлын ашиг сонирхолтой холбоотой яаралтай асуудал үүсэхэд ашигладаг аж.
Энэ удаагийн хэлэлцээний агуулгыг албан ёсоор зарлаагүй. Солдатовын таамгаар Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн алба хаагчид, байгууламжийн аюулгүй байдал болон Орос–Ираны харилцаатай холбоотой асуудал хэлэлцсэн байх боломжтой ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байна.
