Тод мэдээ
Энхийг сахиулагчид Өмнөд Суданыг зорилоо
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн В767 агаарын хөлгийн нисгэх бүрэлдэхүүн Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах "UNMISS" ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний XIII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг тээвэрлэн хүргэхээр 2023 оны 10-р сарын 16-ны өдрийн 20:30 цагаас Чингис Хаан ОУНБ-аас хөөрлөө.
Манай улс 2002 оноос хойш Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэн бөгөөд энэ хугацаанд гадаадын агаарын тээвэрлэгчээр энхийг сахиулагчдыг зорьсон газарт нь тээвэрлэн хүргүүлдэг байсан бол энэ оноос эхлэн МИАТ ТӨХК-ийг сонгож үйлчлүүлж эхэллээ.
Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штаб, МИАТ ТӨХК-ийн хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээний дагуу ийнхүү МИАТ ТӨХК энхийг сахиулагчдаа ажиллагааны газарт нь хүргэх тээвэрлэлтийг гүйцэтгэхээр болсон юм.
Энхийг сахиулагчдыг тээвэрлэх ажиллагааг гүйцэтгэх авиакомпани нь аюулгүй ажиллагааг өндөр түвшинд хангасан байх ёстой бөгөөд МИАТ ТӨХК Олон Улсын Агаарын Тээвэрлэгчдийн Холбооны /IATA/ Аюулгүй ажиллагааны аудит шалгалтад /IOSA/ 9 удаа 90-ээс дээш хувийн амжилттай шалгуулж, аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын шаардлага, стандартыг хангасан агаарын тээвэрлэгч гэдгээ олон улсад баталгаажуулсан билээ.
Эх сурвалж: ЗТХЯ
Тод мэдээ
Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төсөл хэрэгжинэ
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төслийг хэрэгжүүлнэ.
НҮБ-ын “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2023 оны зургаадугаар сарын 14-ний 231 тоот тогтоолоор “Бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хамгаалах, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үйл ажиллагааны төлөвлөгөө (2023-2027)”-г баталсан.
Төлөвлөгөөний хэрэгжилтийг дэмжих зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсын холбогдох яам, агентлаг, төрийн байгууллагуудад НҮБ-ын “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг сурталчлан таниулах, Засгийн газраас баталсан үндэсний төлөвлөгөөг танилцуулах, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа юм.
Энэ хүрээнд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн жишээн дээр эрүүл мэндийн салбарын ажилтнуудын эрхэд хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төслийг хэрэгжүүлэх юм.
Тод мэдээ
Үндэсний аудитын газар нам, эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтээ ирүүллээ
Сонгуулийн ерөнхий хороонд Үндэсний аудитын газар улс төрийн 27 нам, 2 эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтийг өчигдөр (2024.04.25) хүлээлгэн өглөө.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн 27 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт 2024 оны гуравдугаар сарын 22-24-ний өдөр хүргүүлсэн юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.10 дахь хэсэгт “Төрийн аудитын дээд байгууллага нам, эвслийн мөрийн хөтөлбөр болон хандивын тайланд хийсэн дүгнэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.” гэж заасан.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу нам, эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ 2024 оны 4 дүгээр сарын 26, 27, 28-ны өдөр Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.
Сэтгэгдэл