Тод мэдээ
Налайх дүүрэгт сураггүй болсон охиныг олж, эрэн хайх ажиллагааг зогсоожээ
Цагдаагийн байгууллагад Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 14 настай, эмэгтэй хүүхэд 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 20.00 цагийн үед сураггүй алга болсон дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, эрэн хайх ажиллагааг нийслэл, Төв аймгийн хэмжээнд зохион байгуулсан.
Эрэн хайх ажиллагааны үр дүнд дээрх хүүхдийг нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 14.00 цагийн үед олж тогтоон, эрэн сурвалжлах ажиллагааг зогсоолоо.
Цагдаагийн байгууллагад 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 24-ний өдөр хүртэлх хугацаанд оршин суугаа газраасаа сураггүй алга болсон гэх “189” хүүхдийн мэдээлэл бүртгэгдсэнийг шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоон эцэг эх, асран хамгаалагчдад хүлээлгэн өгч, холбогдох байгууллагын хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулан ажиллаж байна.
Одоогоор Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд оршин суух "Э" гэх охиныг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа тул тухайн хүүхэдтэй холбоотой мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлж, хамтран ажиллана уу.
Иймд
1. Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог, хэрэгцээ, шаардлага, зан байдлыг зөв үнэлж, илэн далангүй сайтар ярилцаж, ойлголцож, хүүхдэдээ цаг гаргаад ярилцдаг, хүүхдээ сонсдог болох.
2. Хүүхдийн зөв хүмүүжил, төлөвшил, бие даасан, өөртөө итгэлтэй хүн болгож хүмүүжүүлэхэд анхаарах. Таны хүүхэд дуулгавартай, бусдын өмнөөс “Үгүй” гэж хэлж чаддаггүй, бусдыг аялдан дагадаг байвал уруу таталт, ятгалгад амархан орох эрсдэлийг бий болгоно.
3. Эцэг, эхчүүд маань гэр бүлдээ тайван дулаан, элгэмсэг орчныг бүрдүүлэхэд анхаарч, хүүхэд аливаа асуудлыг эергээр даван туулах суурь чадварыг бүрдүүлэх.
4. Зөв, бодит мэдээллийг хамтдаа хайж, энэ талаар ярилцаж, нэгдсэн ойлголтод хүрэх, та ярилцахгүй бол танил нөхөд, цахим орчин түүнд тайлбарлаж өгнө гэдгийг санах.
5. Шаардлагатай тохиолдолд ичиж сандралгүй мэргэжлийн байгууллагад хандахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Тод мэдээ
Монос, Офицер, МИТС-ийн уулзваруудын загвар зураг батлагджээ
“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн чиг хандлага” болон Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Алсын хараа 2050”-т нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах зорилгоор “Олон түвшний уулзвар” төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд уулзваруудын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэхийн тулд ачаалал ихтэй байршлуудад олон түвшний уулзварыг байгуулахаар төлөвлөсөн.
Тус төслийг Нийслэлийн замын хөгжлийн газар хариуцан ажиллаж буй. Уулзваруудын нэвтрэх чадварыг сайжруулах хүрээнд тус газраас Монос, МИТС, Офицеруудын ордны тойрог, ХУД-ын 23-р хороо НЗДТГ-ын ард Наадамчдын замд явган хүний гүүрэн гарц, БЗД 42-р хороо Нарт хотхоны зүүн далан дээр гүүрэн байгууламж гэсэн таван байршилд ажлын даалгавар шинэчлэн батлуулаад байна.
Үүнээс Монос, Офицер, МИТС-ийн уулзваруудын загвар зураг батлагдсан бол өөрчлөгдсөн байршил болох Нарт хотхоны зүүн далангийн гүүрэн байгууламжийн загвар зургийг боловсруулан дуусч зөвшилцөх шатандаа явж байна. Наадамчдын замд явган хүний гүүрэн гарцын загвар зураг боловсруулах ажил үргэлжилж байгаа юм. Мөн инженерийн шугам сүлжээний асуудлыг холбогдох байгууллагууд руу техникийн нөхцөл хүссэн албан бичиг болон холбогдох материалуудыг хүргүүлэн хүлээгдэж байна. Нарийвчилсан зураг төслийн ажил 35%-тай үргэлжилж байгаа аж.
Төсөл хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний дундаж хурд 18.3 хувиар нэмэгдэх судалгаа гарсан. Түүнчлэн автомашины урсгалыг хөнгөвчлөх, нийслэлчүүдийн цагийн хэмнэлт, ажлын бүтээмжид эерэг нөлөө үзүүлж, хотын эдийн засгийн идэвхжлийг бодитойгоор нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой.
Тод мэдээ
Айл өрх, ААН-ийн яндангаас гарах утааг дрон ашиглан хянах туршилт хийж байна
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн Засаг даргын Тамгын газраас холбогдох ажлуудыг хэрэгжүүлж байна.
Тухайлбал, энэ сараас Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт өглөөний 8:00-9:00 цаг, оройны 20:00-21:00 цагуудад дрон нисгэж, аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхүүдийн яндангаас гарах утааг хянах, агаарын бохирдлын нөхцөл байдлыг хэмжиж байна.
Хяналтын дрон нь нэг ээлжийн нислэгт 3-4 км радиуст хяналт хийх бүрэн боломжтой.
Цаашид хяналт судлах ажлыг өргөжүүлэн агаарын бохирдлыг бууруулах ажлуудтай уялдуулан хөгжүүлэх юм.


Тод мэдээ
Нийслэлд хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүдийн талаар хэлэлцэж, үүрэг чиглэл өглөө
НИТХ-ын 25/111 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотын хөгжлийн бодлого бүхий бүтээн байгуулалтын төслүүдийг эрэмбэлэн эхний ээлжинд 16 төслийг шуурхай хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Эдгээр төсөл нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдан, дийлэнх төслийн ТЭЗҮ-ийг баталж, мөн зарим төслийн бүтээн байгуулалт эхэлсэн.
Тухайлбал, Хүннү хот төслийн цахилгаан эрчим хүч, дэд бүтцийн ажлууд өрнөж байна. “Хүннү” /Аэросити/ дэд станц нь тус хотын Засаг захиргааны бүсэд баригдах барилга байгууламж, бүтээн байгуулалтыг цахилгаан эрчим хүчээр хангахаар төлөвлөгдсөн бөгөөд 110 кВ-ын ЦДАШ, 2*40 МВА чадалтай 110/35/10 кВ-ын "Хүннү" дэд станц, дэд станцын удирдлагын байр,10 кВ-ын хаалттай 3 хуваарилах байгууламж / РП-1, РП-2, РП-3/, 10 кВ-ын цахилгаан дамжуулах кабель шугамын барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Нийслэлийн замын хөгжлийн газар хариуцан ажиллаж буй “Олон түвшний уулзвар” төслийн хувьд, Монос, МИТС, Офицеруудын ордны тойрог, Хан-Уул дүүргийн 23-р хороо НЗДТГ-ын ард Наадамчдын замд явган хүний гүүрэн гарц, Баянзүрх дүүргийн 42-р хороо Нарт хотхоны зүүн далан дээр гүүрэн байгууламж гэсэн таван байршилд ажлын даалгавар шинэчлэн батлуулаад байна.
“Лаг шатаах үйлдвэр” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан. Энэхүү төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж, энэ хүрээнд зах зээлийн судалгаа хийх, хувийн хэвшлийн түншлэгчийн хөрөнгө оруулалт татах, тандан судлах, хувийн хэвшлийн түншлэгчийг тодорхойлох зорилгоор “Түншлэлийн төслийн урьдчилсан үнэлгээ, бүрэн шинжилгээ хийх журам”-ын 2.2-т заасан мэдээлэл, тооцоо, шинжилгээ, судалгаа бүхий төслийн саналыг хүлээн авсан. Цаашид төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, журмын дагуу хэлэлцээ хийхээр бэлтгэж байна.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Засгийн газрын хуралдаанаар багш, эмч нарыг орон сууцанд хамруулах асуудлыг судлах ажлын хэсэг байгуулсан. Энэ хүрээнд нийслэлд хэрэгжүүлж буй орон сууцны төслүүдийг Засгийн газрын бодлого, шийдвэртэй уялдуулах талаар судалж ажиллах шаардлагатай”-г тодотгон, төслүүдийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн холбогдох албаны хүмүүст тодорхой үүрэг чиглэл өглөө.
-
Тод зураг2019/12/23
Сүхбаатар дүүргийн шуурхай штабын нөхцөл байдалтай танилцлаа
-
Өнөөдөр2021/01/25
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Тод зураг2019/10/25
Мэргэжлийн хяналтын байгууллагын нэрийг барьж үйлчилгээний газрууд руу ярьжээ
-
Өнөөдөр2022/03/03
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
