Тод мэдээ
Сурагчдын сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих чиглэлд НҮБ-тай хамтран ажиллана
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланг хүлээн авч уулзан, НЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан хооронд Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд талууд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, ажилчид, суралцагсдын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хүүхдийг цахим болон бусад орчин дахь хүчирхийлэл, мөлжлөг, дарамт, дээрэлхэлт, хүний эрхийн зөрчил болон хорт зуршлаас хамгаалах, сурагчдын хоолны шим тэжээлийг дэмжих зэрэг чиглэлд хамтран ажиллах юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Сурагчдын хоол хүнс, түүний шим тэжээлийг сайжруулах төслийг нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Мөн сурагчдад тулгамдаж буй асуудлуудын эхний эгнээнд сэтгэл зүйн эрүүл мэнд багтаж байгаа бөгөөд хүүхдүүд сургуульдаа мэргэжлийн сэтгэл зүйчтэй, асуудлаа ярилцдаг клубтэй болмоор байгаагаа илэрхийлсэн. Нийслэл дэх ерөнхий боловсролын сургуулиудын 20 хувь нь сэтгэл зүйчгүй. Иймд ирэх онд хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжин, суралцах эрүүл, таатай орчноор хангах, сэтгэл зүйчдийг чадавхжуулах төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллахад таатай байх болно” хэмээлээ.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан Улаанбаатар хотод хүүхдийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал нэмэгдэж байгаа тул үүнд чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлэх нь зүйтэй болохыг онцлов.
НҮБ-ын Хүүхдийн сангаас үндэсний хэмжээнд 6-7 судалгааг хийж байгаа бөгөөд үүнд сурагчдын эрүүл мэнд, хоол, тэжээлийн судалгаа багтаж байгаа аж. Энэ хүрээнд сурагчдын хорт зуршил, хүчирхийлэл, дээрэлхэлтийн асуудлыг ч мөн судалж байгаа тул судалгаанаас гарсан үр дүнг хуваалцаж, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт ашиглах боломжтой гэв.
Тод мэдээ
“Эрдэнэс Тавантолгой”-н уурхайд баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрс тээврийн конвейер, бутлуурын систем, авто ачилтын байгууламж ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ням гарагт /2026.02.08/ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өнгөрсөн оны 7 дугаар сард өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгав. Мөн Нүүрс баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрс тээврийн конвейер, бутлуурын систем, авто ачилтын байгууламжийн нээлтэд оролцож, үг хэллээ.
12.6 км урттай конвейер ашиглалтад орсноор баяжуулах үйлдвэрийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах боломж бүрдэж байна. Мөн тээвэрлэлтийн явцад үүсдэг тоосжилт 90 хувиар буурч, авто тээвэртэй холбоотой осол, эндэгдэл гарах эрсдлийг зуун хувь хааж байна. Үүнээс гадна нүүрсийг сорчлохгүй олборлож, экспортод гаргах боломжтой болно. Жилд 10 сая тонн нүүрс авто тээврээр тээвэрлэж байсан зардал 78 хувиар буурч, жилд дунджаар 267.5 тэрбум төгрөг хэмнэх юм.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагуудад олон улсын нүүрсний зах зээлийн үнийн уналт болон бусад шалтгаанаар гацсан 41 гэрээг шийдвэрлэх үүрэг өгсөн. Үүнээс 37 гэрээг амжилттай шийдвэрлэж, 4.2 сая тонн нүүрсийг “Монголын хөрөнгийн бирж”-ээр дамжуулан борлуулсан байна.
Мөн БНХАУ-ын гүн дэх эцсийн хэрэглэгчид болон нүүрс худалдааны томоохон боомтуудад нүүрс хүргэн борлуулах ажлыг эхлүүлжээ. Цаашид Япон, БНСУ, Энэтхэг зэрэг гуравдагч зах зээлд гарах, цөөн худалдан авагчаас хамааралтай байдлыг бууруулж, зах зээлээ тэлэх чиглэлд анхаарч буйгаа компанийн удирдлагууд танилцуулав.

Компанийн засаглал, ил тод байдлыг олон улсын жишигт нийцүүлж, нээлттэй компани болгох хүрээнд гүйцэтгэх удирдлагын баг болон ТУЗ-ийн хараат бус гишүүдийн сонгон шалгаруулалтыг нээлттэй, олон нийтийн оролцоотой зохион байгуулж, сүүлийн гурван жилийн үйл ажиллагаа, санхүүгийн тайланд олон улсын аудит хийлгэх ажлыг энэ оны 2 дугаар улиралд багтаан дуусгах, ТУЗ-ийн дэргэд “Олон нийтийн хяналтын зөвлөл”-ийг нээлттэй сонгон шалгаруулалтаар зохион байгуулах үүргийг Ерөнхий сайд өгөв.
Мөн Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангаж, уг ордыг хамгийн өндөр өгөөжтэй, урт хугацаанд тогтвортой ашиглах ТЭЗҮ-г эцэслэн боловсруулах, орд ашиглалтын төлөвлөгөөг Засгийн газарт танилцуулах үүрэг өглөө. Компанийн хөрөнгө оруулалт, худалдан авалт, санхүүгийн үйл ажиллагааг цэгцэлж, үр ашиггүй зардал, худалдан авалтаас зайлсхийж, санхүүгийн сахилга, хариуцлагыг чанд мөрдөхийг сануулав.

Тод мэдээ
НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн Онцгой байдлын алба хаагчидтай уулзаж, ярилцлаа
НИТХ-ын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга А.Баяр Нийслэлийн онцгой байдлын газарт ажиллаж, алба хаагчидтай уулзлаа. Энэ жил Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлээс зөвлөлөөс галын эсрэг менежментийг шинэчилж Нэгдсэн шуурхай удирдлагын төв нээж, гал, усны аврах дуудлагын үед очих хугацааг багасгах, газын хэрэглээтэй холбоотой осол аваараас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах, газар хөдлөлтөд бэлтгэлтэй байх зэрэг үндсэн бодлого баримталж ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн онцгой байдлын газрын алба хаагчидтай нээлттэй ярилцаж, ажлын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал болон энэ жилийн хийж хэрэгжүүлэх ажилтай холбоотойгоор саналыг сонслоо.

Нийслэлийн хэмжээнд гал унтраах нийт 16 анги байгаа үйл ажиллагаа явуулж байна. Нутаг дэвсгэр, хүн амын нягтралаас хамаарч ажлын ачаалал харилцан адилгүй байна. Тухайлбал, Нийслэлийн аврах гал унтраах 10-р ангид өдөрт багадаа 2-3 дуудлага ирдэг байна. Улирлын онцлогоос хамаарч дуудлагын тоо харилцан адилгүй байна. Аврах ангийн аврагчид, гал сөнөөгчдийн хувьд мэргэжлийн ур чадвар, бие бялдрын үзүүлэлтээр гаднын улс орнуудтай эн зэрэгцэхүйц хэмжээнд гэдгийг онцоллоо. Харин сүүлийн үед ихээр баригдаж буй өндөр барилга, шилэн фасадтай барилгуудад гал гарсан үед туршлага, аргачлал дутмаг учир гадагшаа энэ төрлийн сургалтад хамрагдахад хүндрэл үүсдэг байна. Гадаадын туршлагатай улс орноос өндрийн галын үед ажиллах сургалтыг үнэ төлбөргүй орох боломжтой гэдэг санал тавьдаг ч ирж, очиж зардлыг өөрөө хариуцах тохиолдолд санхүүгийн боломжгүй тул явж чаддаггүй, байгууллагаас явуулах төсөв мөнгөгүй тул ийнхүү цаг үеэсээ хоцрох явдал гарч байна гэдгийг алба хаагчид онцлов. Түүнчлэн галын дуудлагад явахад зарим жолооч нар зам тавьж өгдөггүй, орон сууцны хорооллууд орц, гарцгүй, чиптэй тусгаарлах хаалттай тул гал гарсан газраас хол зогсож, усны хоолой, багаж хэрэгслээ зөөхөөс эхлээд хүндрэл их үүсдэг байна.
Харин дээр уулзалтын үеэр нийгмийн тал дээр үндсэн тулгамдаж буй асуудлын талаар алба хаагчид илэрхийллээ. Тухайн уулзалтад оролцсон 40 орчим алба хаагчдын 90 хувь өөрийн гэр, орон сууцгүй. Түрээсийн байр, хашаа байшин, аав ээжийндээ амьдардаг байна. Орон сууцны зээлд хамрагдах гэхээр цалингаас цалин, зээлээс зээлийн хооронд амьдардаг учир урьдчилгаа хуримтлуулж чаддаггүй, эсвэл урьдчилгаа хүрдэггүй байна. Тиймээс хэдийгээр онцгой байдлын албанд сонирхолтой ч гэр бүл, үр хүүхдээ тэжээхийн тулд цалин, урамшуулал өндөр газарт ажиллахыг илүүд үздэг талаараа ярилаа.
Аврагч, гал сөнөөгчид гал усны өөдөөс сөрж хүний алтан амь, өчнөөн төгрөгийн эд хөрөнгийг хохирлоос хамгаалан хүнд нөхцөлд ажилладаг хэр нь ялангуяа нийслэлийн хэмжээнд ажиллаж буй алба хаагчид цалин, урамшуулал бага зэрэг шалтгаанаас үүдэж ганц, хоёр жил ажиллаад ажлаасаа гарах, орон нутаг руу шилжих асуудал түгээмэл гэдгийг НОБГ-ын дарга, хурандаа Г.Галбадрах хэллээ.

Иймд НИТХ-ын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга А.Баяр гал, усны аюултай хамгийн түрүүнд нүүр тулж ажилладаг, амь нас нь эрсдэх аюултай нөхцөлд ажилладаг аврах, гал сөнөөгчдийн ажлын нөхцөлийг сайжруулах, алба хаагчдын нийгмийн асуудалд анхаарч, ипотекийн зээлд хамруулах нөхцөл боломжийг судалж, бусад асуудлыг хуулийн хүрээнд холбогдох төсвийг нэмэгдүүлэх зэрэгт анхаарч ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Галбадрахад алба хаагчдынхаа нийгмийн асуудал, хүний нөөцийн бодлогод онцгой анхаарч ажиллахыг үүрэгдлээ.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА
Тод мэдээ
Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Таван шар, Геологийн төв лаборатори, “Хермес” төв, Нарантуул захын дөрвөн замын уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц барихаар төлөвлөсөн. Энэ хүрээнд Таван шарын нүхэн гарцын авто замын зорчих хөдөлгөөнийг 2024 оны есдүгээр сард нээсэн. Үргэлжлүүлэн ногоон байгууламж, замын таних тэмдэг, тэмдэглэгээ, орчны арчилгаа зэрэг дагалдах тохижилтын ажлуудыг гүйцэтгэсэн. Тэгвэл Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барихаар бэлтгэл ажлыг хангаж байна. Уг явган хүний гүүрэн гарцыг ирэх зун ашиглалтад оруулах юм.
Гүүрэн гарцтай болсноор явган зорчигчид авто зам, төмөр замын хөдөлгөөнөөс ангид, аюулгүй зорчих боломж бүрдэнэ. Мөн гүүрэн гарцад гурван орц, гарц бүхий рамп, пандусыг байрлуулснаар бүх иргэн тэгш, хүртээмжтэй зорчино. Өөрөөр хэлбэл, явган зорчигч өгсөх, уруудахад огцом налуугүй байх тул хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, хүүхдийн тэрэгтэй болон дугуйтай иргэд аюулгүй, тав тухтай зорчино гэж тооцоолжээ.
Ташрамд, Таван шарын нүхэн гарц нь төмөр замын доогуур 169 метр урт, 5.8 метр өндөр, 10.2 метр өргөнтэй хос туннел, иж бүрэн ус зайлуулах систем бүхий инженерийн байгууламж гэдгээрээ Улаанбаатар хотдоо анхдагч бүтээн байгуулалт болж байв.


НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Өнөөдөр2019/10/11
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд нар хэлэлцээ хийв
-
Тод индэр2024/10/02
Б.Болд-Эрдэнэ: “20 минутын хот”-ын төлөвлөлтийг ногоон орон сууцаар ...
-
Тод мэдээ2023/04/14
Хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлахаар боллоо
-
Тод мэдээ2022/03/09
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг талархал илэрхийлэв
