Дэлхий нийтээр..
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Бүгд Найрамдах Сингапур Улсаас манай улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж 2024 оны арваннэгдүгээр сарын 04-ний өдөр Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрик Теог хүлээн авч уулзлаа. Ноён Эрик Тео Сөүл хотоос манай улсыг хамааран ажилладаг бөгөөд 2019 онд Итгэмжлэх жуух бичгээ барьсан юм.
Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж Монгол Улсын аж ахуйн нэгж, компаниуд Сингапурын хөрөнгө оруулагчидтай нягт хамтран ажиллаж, тус улсын ололт амжилт, бизнесийн ноу хауг нэвтрүүлж улс орныхоо хөгжил, эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулдгийг онцлон тэмдэглэж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа цаашид улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ. Тэрбээр, холимог тогтолцоогоор явагдсан Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд хамтарсан Засгийн газар байгуулагдаж, 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө 14 мега, 350 гаруй дэд төслийг хэрэгжүүлэхээр тусгасан талаар танилцуулж, ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж буй энэ үед Улсын Их Хурал гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамгаалахад онцгой анхаарал хандуулж буйг дурдлаа.
Элчин сайд Эрик Тео Улсын Их Хурал болон хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд амжилт хүсээд, Монгол, Сингапурын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам идэвхжин тэлж байгааг цохон дурдав. Хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх болон “Шинэ Зуунмод” хотын мастер төлөвлөгөөг боловсруулах, иргэний агаарын тээврийг сайжруулах, Үндэсний баялгийн сангийн менежментийг тогтворжуулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг карбон кредитийн зах зээлд нэвтрэх зэрэг төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна Энэ талаар Элчин сайд Эрик Тео товч танилцуулаад, ирэх 2025 онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг эдгээр хамтын ажиллагааны ололт амжилтаар угтана гэдэгт итгэлтэй байна гэв.
Монгол, Сингапурын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж буйг Улсын Их Хурлын дэд дарга, Элчин сайд нар харилцан тэмдэглэж, парламентын бүлгүүдийн үйл ажиллагаа, цаашид баримтлах зарчим, тэргүүлэх чиглэлийн талаар санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Дэлхий нийтээр..
Nvidia-ийн захирлыг тагнуултай холбоотой байж болзошгүй хэргээр шалгаж байна
АНУ-ын технологийн томоохон компани Nvidia-ийн гүйцэтгэх захирал Женсен Хуантай дотно харилцаатай байсан эмэгтэйг БНХАУ-ын тагнуулын ажилтан байж болзошгүй гэж сэжиглэж, Холбооны мөрдөх товчоо шалгаж байгаа талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
Мөн АНУ-ын тагнуулын байгууллагууд Женсен Хуантай харилцаатай байсан Алис Хуан хэмээх эмэгтэйг БНХАУ-ын талд ажилладаг байсан гэж сэжиглэж буй талаар «Нью-Йорк таймс» сонин мэдээлсэн юм. Алис Хуан нь Nvidia компанитай бизнесийн харилцаатай Сингапурын Мегаспи компанийн удирдах албан тушаалтан байжээ.
Ерөнхийлөгч Трамп арваннэгдүгээр сарын 9-нд Женсен Хуантай утсаар ярьж, тухайн эмэгтэйг тагнуул байж болзошгүйг мэдэж байсан эсэхийг асуусан байна. Хуан энэ талаар огт мэдээгүй гэж хариулсныг Трамп сэтгүүлчдэд мэдээлжээ.
Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам тагнуулын ажиллагаатай холбоотой мэдээллийг үндэслэлгүй хэмээн няцаасан байна.
Nvidia компани уг асуудлаар хараат бус шалгалт эхлүүлсэн бөгөөд компанийн нууц мэдээлэл алдагдсан, үндэсний аюулгүй байдалд хохирол учирсан гэх үндэслэл одоогоор тогтоогдоогүйг мэдэгджээ.
Энэ мэдээллийн дараа Nvidia-ийн хувьцааны ханш дөрвөөс дээш хувиар буурч, компанийн зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 250 тэрбум ам.доллароор багассан байна.
Дэлхий нийтээр..
АНУ Европын авлигатай тэмцэх байгууллагаас гарлаа
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа олон улсын болон олон талт байгууллагуудаас татгалзах бодлогоо эрчимжүүлж буй энэ үед АНУ-ын Европын зөвлөлийн авлигатай тэмцэх тэргүүлэх байгууллага болох Авлигатай тэмцэх улсуудын бүлэг (GRECO)-ээс гарчээ. АНУ-ын Төрийн департамент уг шийдвэрийг баталгаажуулж, GRECO-ийн гишүүнчлэлийг хадгалахын тулд жил бүр санхүүгийн хувь нэмэр оруулах шаардлагатай байдаг бөгөөд энэ нь “АНУ-ын үндэсний аюулгүй байдалд бодитой үр өгөөж үзүүлэхгүй” гэж мэдэгджээ.
2026 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр АНУ тус байгууллагаас гарах тухай шийдвэрийн талаар албан ёсоор мэдэгдсэн байна. Өмнө нь ОХУ, Беларусь улс гарч байсан түүхтэй. АНУ өмнө нь НҮБ-ын олон талт хэд хэдэн байгууллагаас, тухайлбал ДЭМБ болон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гарсан бөгөөд цаашид ижил төстэй арга хэмжээ авах эсэхийг мөн авч үзэж байна.
GRECO-ийн Европын зөвлөл 1999 онд авлигатай тэмцэх стандартын хэрэгжилтийг хянах зорилгоор байгуулагдсан. Байгууллагын гишүүнчлэл нь Европын холбооны гишүүн орнуудаар хязгаарлагддаггүй бөгөөд АНУ 2000 онд GRECO-д нэгдэж байжээ.
Дэлхий нийтээр..
АНУ: Крипто хөрөнгө холигч үйлчилгээнд тавих хяналтын дүрмийг сэргээхийг уриалав
Крипто хөрөнгө холигч үйлчилгээ (crypto mixer буюу Convertible Virtual Currency mixing service) нь криптовалютын гүйлгээний эх үүсвэр, хүлээн авагч болон гүйлгээний дүнг нуун далдлахад ашиглагддаг үйлчилгээ юм. Энэхүү үйлчилгээг ransomware буюу барьцаалагч програм ашигладаг кибер гэмт хэргийн бүлэглэлүүд, олон улсын хориг арга хэмжээнээс зайлсхийгчид, авлигад автсан албан тушаалтнууд болон мансууруулах бодисын хууль бус наймаачид өргөнөөр ашиглаж байна.
АНУ-ын хууль тогтоомжийн дагуу харилцагчийн хөрөнгийг хяналтдаа авч үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх сүлжээний алба (FinCEN)-нд бүртгүүлж, харилцагчийн мэдээллийг баталгаажуулах зэрэг үүрэг хүлээдэг. Эдгээр шаардлага нь гүйлгээний эх үүсвэр болон оролцогчдыг нуун далдлах зорилготой крипто хөрөнгө холигч үйлчилгээний үндсэн шинж чанартай шууд зөрчилддөг байна. Үүний улмаас АНУ-д ийм төрлийн үйлчилгээг нууцаар эрхэлсэн этгээдүүдийг мөнгө угаах болон холбооны бусад гэмт хэрэгт буруутган, эрүүгийн хариуцлагад татсаар иржээ.
Хэдийгээр олон улс орон крипто холигч үйлчилгээнд хяналт тавьж, хязгаарлалт тогтоож байгаа боловч эрх зүйн зохицуулалт нь дэлхий даяар ижил түвшинд байж чадахгүй байна. Үүний улмаас АНУ-ын иргэд гадаад улсад үйл ажиллагаа явуулдаг холигч үйлчилгээг ашиглан криптовалютын гүйлгээнийхээ эх үүсвэр, чиглэлийг нуун далдлах боломж нээлттэй хэвээр байна.
Байдены засаг захиргааны үед FinCEN-ээс хилийн чанадад үйл ажиллагаа явуулдаг крипто хөрөнгө холигч үйлчилгээг ашигласан байж болзошгүй гүйлгээнд хяналт тавих дүрмийн төсөл боловсруулжээ. Уг төсөлд АНУ-ын санхүүгийн байгууллагууд гадаадын ийм үйлчилгээтэй холбоотой сэжигтэй гүйлгээг илрүүлснээс хойш 30 хоногийн дотор мэдээлэх үүрэг хүлээхээр тусгасан байв. Гэвч 2026 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Трампын засаг захиргаа уг дүрмийн төслийг албан ёсоор татан авчээ. Үүний зэрэгцээ 2020 оноос хэлэлцэгдэж ирсэн, хэрэглэгч өөрөө хянадаг крипто хэтэвч (self-hosted wallet)-ээр хийгдэх гүйлгээг тайлагнаж, мэдээлэхтэй холбогдуулан өөр нэг дүрмийн төслийг мөн ийнхүү цуцалсан байна.
Үүнтэй холбогдуулан “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын АНУ дахь салбараас 2026 оны 10 дугаар сарын 8-ны өдөр FinCEN-д албан бичиг хүргүүлж, цуцлагдсан хоёр дүрмийн төслийг сэргээх, мөн дижитал хөрөнгийг хууль бус зорилгоор ашиглахтай тэмцэх аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээ авахыг уриалжээ.
-
Дэлхий нийтээр..2023/11/10
Н.Хүрэлбаатар: АШУҮИС-ийн 10000 оюутныг эрүүл шүдтэй төгсгөнө
-
Дэлхий нийтээр..2023/11/28
Монгол Улсын Хөгжлийн Банк “Тогтвортой Хөгжлийн Бодлого” баталлаа
-
Үйл явдал2024/06/13
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.9 хувиар өсжээ
-
Хэн юу хэлэв...2021/09/23
ЕБС-ийн суралцагчдын сурлагын хоцрогдлыг тодорхойлох “оношлох үнэлгээ&rdqu...
