Чөлөөт бүс
Энэ сарын 22-29-нд телевиз, радиогийн үндэсний бүтээлүүдийн долоо хоног болно
Монгол Улсын Ерөнхий сайдын дэмжлэгээр 2020 оны 02 дугаар сарын 22-29-ний хооронд үндэсний өв соёл, түүх, уламжлал, эх хэл, бичиг, эх оронч үзэл, монгол хүний үнэт зүйл зэргийг сурталчилан таниулсан үндэсний шилдэг бүтээл болон долоо хоногийн шилдэг хөтөлбөртэй телевиз, радио шалгаруулах гэж байна.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар Ажлын хэсгийн гишүүдийг хүлээн авч уулзан ажлын явцын талаар ярилцав. Үндэсний өв, соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн радио, телевизийн бүтээлийг нэмэгдүүлэх, хүүхэд залууст эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэхэд чиглэсэн нэвтрүүлгийг дэмжих, цаашид өргөн нэвтрүүлгийн үндэсний бүтээлийг хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэхийг зорьж байна.
Энэ хүрээнд:
1. Үндэсний бүтээл бүхий 7 хоногийн шилдэг хөтөлбөртэй радио телевиз тус бүрээр
2. Үндэсний шилдэг бүтээл /радио телевиз тус бүрээр/
3. Хүүхдэд зориулсан үндэсний шилдэг бүтээл /радио, телевизийн бүтээл тус бүрээр/ шалгаруулна.
Хамрах хүрээ:
Арилжааны радио, телевиз, студи, продакшн, уран бүтээлийн нэгдэл
Хугацаа: 2020 оны 02 дугаар сарын 22-29-ний өдрүүдэд радио, телевизээр нэвтрүүлсэн хөтөлбөр, бүтээл байх
Шагнал: 10-100 сая төгрөг
Бүтээлийг Харилцаа, холбоо, мэдээлэл, технологийн газарт хүлээн авч байна. /Б.Ундрал. Утас 88101847. 312835. Цахим шуудан undral@cita.gov.mn/
Ерөнхий шаардлага:
· Нийгэмд эерэг хандлага түгээх агуулга, өнгө аястай байх
· Зохиол найруулга нь уралдааны зорилго, агуулгад нийцсэн байх
· Дуу, дүрс, стандарт шаардлага хангасан байх, зураг авалт мэргэжлийн түвшинд хийгдсэн байх
· Шинэ бүтээл байх
· Нэвтрүүлгийн хугацаа 15 минутаас доошгүй байх
· Бүтээлийг уралдааны хугацаанд радио, телевизээр нэвтрүүлсэн байх
Агуулгад тавигдах шаардлага:
· Үндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн байх
· Эх хэл, бичиг, түүний хүрээний соёл
· Уламжлалт гар урлалын дэг сургууль арга барил
· Үндэсний ёс заншил, ардын уламжлал арга ухаан
· Ардын бэлгэдэх ёсны уламжлал,
· Үндэсний наадам, уламжлалт тоглоом, наадгайн ёс заншил
· Ардын уламжлалт технологи болон Монгол хүний бүтээсэн орчин үеийн дэвшилтэт технологи, инноваци
· Угийн бичиг хөтлөх уламжлал
· Урлагийн тоглох үзүүлбэр
· Үндэсний хөгжмийн зэмсгийг урлах, хөгжимдөх, аялгуу тэмдэглэх арга барил
· Газар усны уламжлалт нэр … гэх мэт
Жич: Уралдаанд оролцох бүтээлийн төрлүүд нээлттэй
Үндэсний шилдэг бүтээл нь ёс заншил, түүх, уламжлал, өв соёлыг орчин үеийн чиг хандлагатай хослуулан илэрхийлсэн нийгэм, түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдол бүхий байна.
Үндэсний шилдэг хүүхдийн бүтээл нь ёс заншил, түүх уламжлал, өв соёлыг сурталчлан таниулах, эх оронч үзэл, бахархлыг төлөвшүүлэх, танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх, боловсрол олгох, сурган хүмүүжүүлэхэд чиглэсэн байна. Тухайн радио, телевизээр нэвтрүүлсэн долоо хоногийн хөтөлбөрт үндэсний бүтээлүүдийн эзлэх хувь хэмжээ, үзэлтийн судалгаа, чанарт үндэслэн шалгаруулах юм. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гардуулна.
Чөлөөт бүс
Ариутгагч бодисыг сонгохдоо юу анхаарах вэ
Чөлөөт бүс
2100 он гэхэд манай гарагийн цаг агаар 3.1 хэмд хүрч дулаарна
НҮБ-аас боловсруулсан тайланд дурдсанаар 2100 он гэхэд цаг агаар 3.1 хэмд хүрч дулаарна гэжээ.
Мөн Азербайжан улсад зохион байгуулагдах COP29 чуулганд улс орнууд утааны шинэчилсэн стратегийн талаар хэлэлцэхээр бэлтгэж байгаа талаар дурдсан байна.
2015 онд улс орнууд уур амьсгалын аюултай нөлөөллөөс урьдчилан сэргийлэхийн тулд цаг агаарын 1.5 С (2.7 F) хэмд байлгахаар Парисын хэлэлцээрт гарын үсэг зурсан байдаг.
Ирээдүйд авах арга хэмжээ, өгсөн амлалтын дагуу агаарын хэмийг 2100 он гэхэд 2.6 хэмээс 2.8 хэм хүртэл өснө гэж тооцоолсон байдаг. Гэвч уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх тухай улс орнуудын амлалтуудын хэрэгжилтийг дүгнэдэг Emissions Gap /Агаарын бохирдолтой тэмцэх/ тайланд дурдсанаар улс орнууд 2100 он гэхэд аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 3.1 С (5.6 F) хэмд хүрч дулаарна гэж дүгнэжээ.
Энэ үзүүлэлт нь сүүлийн гурван жилийн үр дүнгээс харагдаж байгаа юм. Тухайлбал, дэлхийн хүлэмжийн хийн ялгаруулалт 2022-2023 оны хооронд 1.3 хувиар нэмэгдэж, 57.1 гигатонн нүүрсхүчлийн хийтэй тэнцэх хэмжээний шинэ дээд түвшинд хүрсэн гэж тайланд дурджээ.
Уур амьсгалын өнөөгийн бодлого нь дэлхийн дулаарлыг энэ зууны эцэс гэхэд цельсийн 3.1 хэмээс давахад хүргэнэ гэж НҮБ-ын пүрэв гарагт гаргасан тайланд дурдсан. Цельсийн 3.1 хэм гэдэг нь арав гаруй жилийн өмнөх хэмтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн хэм юм.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш "Бид дэлхийн бөмбөрцгийн маш нарийн олсны эрмэг дээр явж байна", түүнчлэн "Өндөр хөгжилтэй улс орны удирдагчид агаарын бохирдлын зөрүүг арилгахгүй бол бид цаг уурын гаралтай гамшигт үзэгдэлтэй хэрхэн тэмцэх талаар толгойгоо гашилгахад хүрэх нь байна" гэж мэдэгдэв.
"Хэрэв бид 2030 он хүртэл, ялангуяа G20-ийн гишүүн орнуудын хувьд дэвшүүлсэн зорилтод хүрэхийн тулд дорвитой арга хэмжээ авахгүй бол 2030 он хүртэлх цаг уурын өнөөгийн зорилтдоо хүрэхийн тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хувьд тийм ч их ахиц дэвшил гаргаагүй байна" гэж Шинжлэх ухааны ахлах редактор Энн Олхофф хэлсэн байна.
Тиймээс улс орнууд хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах талаар илүү их анхаарал хандуулж, арга хэмжээ авах шаардлагатай тулгараад байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Чөлөөт бүс
Тээврийн хэрэгслийн дугуйг улирлын нөхцөлд тохируулан сольж хэвших шаардлагатай
ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албанаас гаргасан зам, тээврийн осол зөрчлийн статистик мэдээллээс үзвэл улсын хэмжээнд жилд гарч байгаа нийт ослын 57 хувь нь намар, өвлийн улиралд гарч байна.
Хүний амь нас хохирсон осол зуны улиралд их бүртгэгдсэн байхад намар, өвлийн улиралд ослын улмаас гэмтэл, бэртэл авах нь их байгаа нь эдгээр улиралд замын гадаргуунд өөрчлөлт орж, халтиргаа гулгаанаас хамааралтай зам тээврийн осол нэмэгддэг болохыг илэрхийлж байна.
Автотээврийн хэрэгсэл өмчлөгч, эзэмшигч нарын анхааралд сонордуулахад өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн дугуйг улирлын нөхцөлд тохируулан сольж хэвших шаардлагатайг дээрх тоо баримтууд харуулж байна.
Монгол Улсын Иргэний хуульд Өмчлөгч нь бусдад гэм хор учруулах замаар өмчлөх эрхээ урвуулан ашиглахыг хориглох тухай заалт байдаг.
Иймд автотээврийн хэрэгсэл өмчлөгч, эзэмшигч та бүхэн иргэний үүргээ биелүүлж гарч болзошгүй аюул ослоос сэргийлж улирлын нөхцөлд тохируулан тээврийн хэрэгслийн дугуйгаа сольж авто замын хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.
Өвлийн дугуйг сонгохдоо бид дугуйн дээр тэмдэглэсэн ашиглалтын нөхцөлийн дараах тодорхойлолтыг анхаарах шаардлагатай.
Эх сурвалж: Автотээврийн Үндэсний Төв