Дэлхий нийтээр..
“Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд тодорлоо
16 дахь удаагийн “Мөнгөн мод-2024” шагнал гардуулах ёслол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт Соёл, урлагийн салбарын оны шилдэг уран бүтээлч, уран бүтээлийг тодрууллаа. “Мөнгөн мод” наадам нь Монгол Улсын Засгийн газрын 2008 оны “Оны шилдэг уран бүтээлч” шалгаруулах 195 дугаар тогтоолын хүрээнд “Соёлын тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах, соёлын ажилтны бүтээлч үйл ажиллагааг төрөөс дэмжиж урамшуулах, алдаршуулах зорилго бүхий ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа юм.
Оны шилдэг уран бүтээлчид:
1. Тайз, дэлгэцийн шилдэг найруулагч - Бат-Өлзийн Тамир (Фантастик продакшн)
2. Тайз, дэлгэцийн бүтээлийн шилдэг зохиолч - Ганбатын Бямбасүрэн (Хувьсал продакшн)
3. Шилдэг хөгжмийн зохиолч - Орхонбаатарын Чинбат (Хувьсал продакшн)
4. Шилдэг продюсер - Хүрэлбаатарын Дамдинсүрэн (Саунд ов монголиа ХХК)
5. Шилдэг удирдаач - Дашцэрэнгийн Нямдаш (Улсын филармони)
6. Шилдэг бүжиг дэглээч - Эрдэнэбатын Эрдэнэжаргал (Номадик балет продакшн)
7. Тайз, дэлгэцийн шилдэг зураач - Чулуунбаатарын Батболд (Монгол театр)
8. Шилдэг жүжигчин - Дашнямын Цэрэндарьзав (Скай прамид студи)
9. Шилдэг дуучин - Алтанхуягийн Отгонболд (Улаанбаатар театр)
10. Шилдэг бүжигчин - Амартүвшингийн Түвшинбаяр (Үндэсний урлагийн их театр)
11. Шилдэг хөгжимчин - Төмөрчөдөрийн Өлзийжаргал (Үндэсний урлагийн их театр)
12. Шилдэг судлаач - Циен-Ойдовын Батсайхан (Судлаач)
Оны шилдэг уран бүтээл:
1. Соёлын өвийн шилдэг бүтээл
"Чингис хаан - Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" тусгай үзэсгэлэн (Чингис хаан Үндэсний музей)
2. Ном хэвлэлийн шилдэг бүтээл
“Дэлхийд тархсан монгол өв” цогц бүтээл” (Сампилдондовын Чулуун)
3. Дүрслэх урлагийн шилдэг бүтээл
“Хүн сүрэг” өрөг урлаг (Батмөнхийн Мөнхцэцэг)
4. Дуу хөгжмийн шилдэг бүтээл
“Solongo” ятга хөгжмийн пянз (Ганхуягийн Солонго)
5. Тайзны урлагийн шилдэг бүтээл
“Клеопатра” түүхэн сэдэвт сонгодог драмын жүжиг (Монгол театр)
6. Кино урлагийн шилдэг бүтээл
“Хувь заяа” уран сайхны кино (Хувьсал продакшн)
7. Уран сайхны нийтлэл, нэвтрүүлгийн шилдэг бүтээл
“Монголын баялаг-330” цуврал нэвтрүүлэг (Монголын баялаг өв соёл ХХК)
8. Хувцас загварын шилдэг бүтээл
“Цагаан зүрх-london fashion week” (Ачитын Түвшинзаяа)
9. Дизайны шилдэг бүтээл
“Шинэ хар хорум хотын лого бэлгэдэл” (Сугарын Чулуунбааатар)
10. Архитектурын шилдэг бүтээл
“Хүрээ майдар” дуганы архитектур (Галсанцэрэнгийн Нямцогт)
11. Цахим шилдэг бүтээл
"М караоке дижитал үйлчилгээ" (М Мюзик)
12. Зар сурталчилгааны шилдэг бүтээл
“Соёл танаас эхэлнэ” нөлөөллийн аян (ЦЕГ- Урьдчилан сэргийлэх хэлтэс)
13. Гэрэл зургийн шилдэг бүтээл
“Анир гүм" зургийн цомог (Пүрвээгийн Баттулга)
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Дэлхий нийтээр..2024/09/05
ЭХЭМҮТ-ийн авто замыг хааж, шинэчилнэ
-
Дэлхий нийтээр..2025/09/26
Г.Занданшатар: Засгийн газар гарааны 100 хоногтоо дижитал ирээдүйн суурийг тавьж...
-
Үйл явдал2025/03/17
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган эхэллээ
-
Дэлхий нийтээр..2020/12/10
Ирэх даваа гарагаас нийслэл, Архангай, Сэлэнгэ аймаг Өндөржүүлсэн бэлэн байдлын ...
