Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 87 хувь нь тодорхой төрлийн цахим халдлагад өртсөн гэжээ

Огноо:

,

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2025 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар Цахим орчин дахь өсвөр үеийнхний үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, сэтгэл санааны хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх Боловсролын сайдын болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны мэдээллийг сонсов.

Үндсэн хууль болон Монгол Улсын нэгдсэн орсон олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хангах, эрхийг зөрчихөөс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүргийн дагуу Улсын Их Хурлаас 2024 онд Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан болохыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр танилцууллаа.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн 25 дугаар зүйлээр хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчин дахь хүүхэд хамгаалалтай холбоотой харилцааг зохицуулж байгаа боловч цахим орчинд хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалах, цахим орчин дахь бэлгийн хүчирхийлэл, зүй бус зар сурталчилгаа, хуурамч мэдээ, мэдээллээс хамгаалах, сөрөг агуулгатай контентын хандалтыг хязгаарлах, арилгах талаарх эрх зүйн харилцааг цогцоор нь тусгайлан зохицуулаагүй байгааг дурдав. Түүнчлэн тодорхой насны хязгаарлалттайгаар нийгмийн сүлжээний платформуудыг ашиглах талаар хуульд зохицуулалт тусгагдаагүй гэдгийг онцоллоо.

Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын талаар үндэсний суурь судалгааг 2020 онд хийсэн бөгөөд 7-12 настай хүүхдүүдийн 50 хувь, 13-18 настнуудын 77 хувь нь фэйсбүүк хэрэглэдэг бөгөөд тэдгээрийн 87 хувь нь тодорхой төрлийн цахим халдлагад өртсөн гэжээ. Цахим орчин дахь хүүхдийн эсрэг гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, урьдчилан сэргийлэх арга замын талаарх 2021 оны судалгаагаар өсвөр үеийнхний 92 хувь нь интернет хэрэглэдэг бөгөөд хамгийн эрсдэлт орчноор интернэт хэмээн тодорхойлсон байна. Мөн судалгаанд оролцсон хүүхдүүдийн 14.6 хувь нь цахим орчинд хүчирхийлсэн, басамжилсан, садар самуун агуулгатай үйлдэл хийхийг шаардсан халдлагад өртөж байжээ.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос хийсэн “Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал ба зохицуулалт” судалгаанд дурдсанаар 13-18 насны судалгаанд оролцогчдын 71 хувь нь өдөр бүр цахим орчинд давтамжтай нэвтэрдэг.

Үүний 96 хувь фэйсбүүк, 89 хувь нь фэйсбүүк месенжер ашигладаг гэсэн байна. Мөн 13-18 насны хүүхдүүд гэртээ, интернэтэд орохдоо аав, ээжийн эзгүйд орох хандлага хамгийн өндөр буюу 89 хувь байдаг гэжээ. Судалгаагаар хүүхдүүдийн 87 хувь нь цахим орчны халдлагад өртөж байсан, тэдгээрийн 59 хувь нь эцэг, эхдээ хэлдэггүй, мөн хүүхдүүдийн 67 хувь нь нэгээс олон хаягтай байдаг гэв. Хүүхдүүдийн 61 хувь нь илүү хаягаараа бусадтай чатлах, 36 хувь нь нийгмийн сүлжээг эцэг, эхийн хяналтгүйгээр ашиглах зорилготой гэсэн судалгааны дүн гарсан байдгийг Боловсролын сайд танилцуулав.

Үргэлжлүүлэн П.Наранбаяр сайд олон улсын туршлагын талаар мэдээллээ. Австралийн Засгийн газар 2024 оны 11 дүгээр сард “Нийгмийн сүлжээний хамгийн бага насны хязгаар”-тай холбоотой хуулийг баталж 16-аас доош насны хүүхдийг нийгмийн сүлжээнд нэвтрэхийг бүрэн хоригложээ. Энэ хууль 2025 оны 12 дугаар сараас хэрэгжиж эхлэх юм байна. Австрали хүүхдүүдийн 80 хувь нь Youtube, TikTok, Instagram, Snapchat зэрэг платформуудыг ашиглаж байсан бөгөөд ямар нэгэн насны хязгаарлалт, хяналтын нэмэлт механизмгүй. Улмаар хүүхэд аливаа мэдээллийг шүүлтүүргүй хүлээн авах, гэмт хэргийн хохирогч болох эрсдэл үүсгэж байсан хэмээн үзжээ. Франц Улс 15-аас доош насны хэрэглэгч нийгмийн цахим сүлжээнд нэвтрэхдээ заавал эцэг, эхийн зөвшөөрөл шаарддаг болсон. Мөн АНУ, Австрали, Япон, Итали, БНСУ, Швед, ОХУ, ИБУИНВУ, БНХАУ зэрэг улс цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах талаарх бодлогоо тодорхойлж, нарийвчилсан зохицуулалт бүхий хууль батлаад байгаа хэмээлээ.

Нийгмийн сүлжээний дээр дурдагдаж буй эрсдэлийн зэрэгцээ дэлгэцийн донтолт хурцадмал асуудал болсныг П.Наранбаяр сайд тэмдэглээд “Бодит нөхцөлийг тооцон, хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулаад эрх зүйн орчныг тодорхойлох шаардлагатай гэж үзэж байна. Иймд Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтран үзэл баримтлал боловсруулах ажлын хэсэг байгуулж, холбогдох хуулийн төслийг боловсруулаад нийгмийн оролцоог бүрэн хангасан хэлэлцүүлгүүдийг хийж, нэгдсэн ойлголцолд хүрч батлах боломжтой хэмээн үзэж байна” гэлээ.

Хууль зүй, дотоод хэргийн яамны мэдээллийг Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар танилцуулав.  Цагдаагийн байгууллагад сүүлийн 5 жилд буюу 2020-2024, 2025 оны эхний 3 сард нийт 146.476 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 10.164 буюу 6.9 хувийг хүүхэд хохирсон гэмт хэрэг эзэлж байгаа гэлээ. Үүнээс цахим орчинд үйлдэгдсэн 40900 гэмт хэргийн улмаас нийт 459 хүүхэд өртөж хохирсон бөгөөд жилийн дундаж өсөлт нь 62.2 хувьтай байгаа аж. Сүүлийн 5 жилийн хугацаанд үе тэнгийн дээрэлхэлтэй холбоотой 350 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 29 буюу 8.3 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Дээрх гомдол мэдээллийн 311 буюу 88.9 хувь нь нийслэлд, 39 буюу 11.1 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

Нийслэлд бүртгэгдсэн үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой гомдол, мэдээлэл Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 3, 16 дугаар хороодод хамгийн их бүртгэгджээ. Орон нутагт Орхон аймгийн Баян-Өндөр, Сэлэнгэ аймгийн Мандал суманд хамгийн их бүртгэгдсэн болохыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар танилцууллаа.

Үргэлжлүүлэн тэрбээр цахим орчны нөхцөл байдлын талаар танилцуулсан. Манай улсын нийт хүн амын 1.2 сая нь өсвөр насныхан бөгөөд тэдний 74 хувь нь цахим орчны идэвхтэй хэрэглэгч байдаг аж. Үүнээс гадна цахим орчинд идэвхтэй байгаа хүүхдүүдийн 55 хувь нь эмэгтэй, 45 хувь нь эрэгтэй юм байна. Youtube хуудас хэрэглэдэг 2.5 сая иргэн байдгаас 70 хувь нь өсвөр насныхан гэв. Хуурамч хаяг байгаа нь цахим дээрэлхэлтийн нэг хэрэгсэл болж, тэдний сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж, гэмт хэрэгт өртөх эрсдэлийг нэмэгдүүлж болохыг танилцуулгад дурдав.

Өсвөр үеийнхний үе тэнгийн дээрэлхэлт, сэтгэл санааны хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл нийтлэгдсэн тухай бүр цагдаагийн байгууллагаас хариу арга хэмжээ авч, харьяа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсээр шалгуулж, устгуулах хүсэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд албан бичгээр хүргүүлэх арга хэмжээ авч ажилладаг болохыг Төрийн нарийн бичгийн дарга Байнгын хорооны хуралдаанд танилцуулав.

Өнгөрсөн онд бага насны хүүхдэд учирч болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор фейсбүүк олон нийтийн сүлжээнд садар самууныг сурталчилсан, хүүхдийг садар самуунд уруу татсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан 196 цахим хуудас болон групп хаягийг тогтоон устгуулахаар Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлсэн байна. Н.Мягмар дарга цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулаад 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 26-ны өдрийн хооронд зохион байгуулсан “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” арга хэмжээний хүрээнд насанд хүрээгүй хүний үйлдсэн хэрэг өмнөх оны мөн үеэс 9.5 хувь буурсан эерэг үзүүлэлт гарсныг дурдсан юм.

Цагдаагийн байгууллагаас энэ оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 02 дугаар сарын 27-ны өдрийн хооронд үе тэнгийн дээрэлхэл, цахим орчны ялгаварлан гадуурхалтын бодит статистик мэдээлэл цуглуулах зорилгоор цахим санал асуулгыг ерөнхий боловсролын 530 сургуулийн 99.118 сурагчаас авсан байна. Энэ талаар Н.Мягмар дарга танилцуулсан.

Судалгаанд оролцсон сурагчдын 54.6 хувь нийслэлд, 45.4 хувь нь орон нутаг суралцдаг, 57.3 хувь нь эмэгтэй, 42.7 хувь нь эрэгтэй гэв. Сурагчдын 55.4 хувь нь фэйсбүүк, 31.2 хувь нь инстаграм, 10.3 хувь Youtube, 7 хувь нь Tiktok ашигладаг гэжээ.

Судалгаанд оролцогчдын 9.9 хувь нь цахим орчны ялгаварлан гадуурхалтад, 16 хувь нь үе тэнгийн дээрэлхэлтэд өртөж байсан гэжээ. Үүний 1439 буюу 8.8 хувь нь цахим орчинд гэдэг хариулт өгсөн байна. Хүүхдүүд сургуулийн орчныг хамгийн ихээр гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирдог газар хэмээн нэрлэсэн байна. 

Хууль зүй, дотоод хэргийн яамны мэдээллийн төгсгөлд сүүлийн 5 жилийн хугацаанд цахим орчинд үйлдэгдсэн 40900 гэмт хэргийн улмаас нийт 459 хүүхэд өртөж хохирсон бөгөөд жилийн дундаж өсөлт нь 62.2 хувьтай байгааг дурдав. Иймд холбогдуулан авах арга хэмжээний талаарх саналаа танилцууллаа. Финланд Улсын Боловсрол, соёлын яамны санхүүжилтээр 2007 онд Турку их сургуульд боловсруулагдсан судалгаа, нотолгоонд суурилсан хүчирхийллийн эсрэг “KiVa хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, АНУ-ын Засгийн газар, ялангуяа Боловсролын яамны дэргэдэх Тусгай хэрэгцээт боловсролын төв (OSEP)-өөс санхүүжүүлдэг үндэсний хэмжээний “Эерэг зан үйлийн хөндлөнгийн оролцоо ба дэмжлэг” санаачилгыг нэвтрүүлэх саналаа танилцууллаа. Мөн үндэсний хэмжээнд хүүхэд, өсвөр насныхан, залууст зориулсан 24/7 үнэгүй сэтгэл зүйн тусламж, зөвлөгөө өгдөг Австралийн Kids Helpline үйлчилгээ, хүүхэд, өсвөр үеийнхэн, эцэг эх, багш, сургууль болон олон нийтэд дээрэлхэл, цахим дарамтаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах талаар иж бүрэн мэдээлэл, нөөцүүдийг санал болгодог АНУ-ын www.StopBullying.gov цахим сайт зэрэг сайн туршлагуудыг нэвтрүүлэх саналыг Н.Мягмар дарга танилцууллаа.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга дараагийн мэдээллийг танилцуулсан. Тус яамнаас “Цахим орчинд хүүхэд хамгаалах” бодлогын хүрээнд судалгаа хийх, хандалтыг хязгаарлах технологийн арга хэмжээ авах, хүүхдэд сөрөг нөлөөлөлтэй, хүүхдийн эрхийг зөрчсөн контентыг хязгаарлах, устгах хүсэлтийг уламжлан шийдвэрлүүлэх зэрэг олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг Төрийн нарийн бичгийн дарга П.Алтан-Од танилцуулав.

НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр цахим орчин дахь бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийн хохирогч хүүхдийн зураг, бичлэгийг цахим орчноос устгах, хязгаарлах Internet Watch Foundation /IWF/ системийг ekids.mn сайтын нэмэлт хэлбэрээр нэвтрүүлжээ. Мета компанитай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд Green channel буюу шууд харилцах ногоон сувгаар дамжуулан хүүхдэд сөрөг нөлөөтэй, хүүхдийн эрхийг зөрчсөн агуулгатай контентыг мэдээлж, устгах, хязгаарлах технологийн арга хэмжээг авч байгаа гэв.

Сургалт, нөлөөллийн ажлын хүрээнд ОУЦХБ-аас цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр гаргасан зөвлөмжүүдийг монгол хэл рүү орчуулж, хэвлүүлэн түгээсэн бол үндэсний хэлэлцүүлэг зохион байгуулж, холбогдох сургалтыг 21 аймаг, нийслэлд цахимаар болон танхимаар зохион байгуулсан байна.

Цахим орчинд хүүхдийг хориотой болон хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах журмыг цахим хөгжил, харилцаа холбооны, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлах хуулийн хүрээнд Цахим хөгжил, инновац харилцаа холбооны сайдаас журмын төслийг боловсруулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Гэр бүл, хөдөлмөр нийгэм хамгааллын сайдаас санал авч 2025 оны 03 дугаар сард хамтарсан тушаалаар “Цахим орчинд хүүхдийг хориотой болон хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах журам”-ыг баталжээ. Түүнчлэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.12-т хэвлэл мэдээлэл, олон суваг дамжуулах болон цахим орчны үйлчилгээ эрхлэгчийн цахим орчин, өргөн нэвтрүүлгээр түгээсэн контент, мэдээ, мэдээлэл, бүтээл нь хүүхдэд хортой агуулгатай эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг мөн танилцуулав.

Гэр бүл, хөдөлмөр нийгэм хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул дээрх сэдвийн хүрээн дэх өнөөгийн нөхцөл байдлын талаар тоон мэдээлэл, баримтуудыг Байнгын хорооны хуралдаанд танилцууллаа. Цахим орчин дахь хүүхэд хамгааллын талаарх дуудлага мэдээллийг хүүхдийн тусламжийн 108 утсаар хүлээн авдаг ба үүний зэрэгцээ шаардлагатай зөвлөгөө мэдээллийг өгөхөөс гадна холбон зуучлах үйлчилгээг үзүүлдэг гэв. 108 тусгай дугаарт ирсэн хүүхдийн эсрэг гэмт хэрэг зөрчлийн шинжтэй дуудлагыг 102 утсанд шилжүүлдэг байна. Харин хүүхдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлын талаарх яаралтай дуудлагыг 103, амиа хорлох, ахуй, осол гэмтэл, өндрөөс унах зэрэг дуудлагыг 101, 105 дугаарт яаралтай шилжүүлэн хамтран ажилладаг байна.

Хүүхдийн тусламжийн 108 тусгай дугаарт 2021-2023 онд цахим орчны дарамт, хүчирхийллийн талаарх 99 дуудлага ирснийг Цагдаагийн ерөнхий газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлжээ. 2024 оноос энэ төрлийн дуудлагыг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт цахим хаягаар нь шилжүүлдэг болсны дагуу 38 дуудлагыг шилжүүлсэн байна. Хүүхдэд цахим орчинд үзүүлэх дарамт 2022 онд 83 байсан бол 2023 онд 448 болжээ. Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд үе тэнгийн хүчирхийлэлтэй холбогдолтой дуудлага маш их ирдэг хэмээгээд “2024 онд 1052 дуудлага ирсэн, энэ оны I улиралд 193 дуудлага бүртгэгдсэн” гэлээ. Үргэлжлүүлэн тэрбээр бодлого, зохицуулалтын хүрээнд хийсэн ажлуудын талаар товч дурдаад цаашид Хүүхэд хамгааллын тухай хууль, холбогдох журам, стандартыг сурталчлан таниулах, журмыг хэрэгжүүлэх хүрээнд хүүхдийн эрхийн улсын байцаагчийг сургах, чадвахжуулах, мэргэжлийн байгууллагуудтай хамтран өргөн нэвтрүүлгийн телевизүүд болон үүрэн холбооны оператор компаниудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулах шаардлагатай гэдэг саналыг танилцуулсан. Мөн хүүхдийн эрх хамгааллын талаар мэдлэг, хандлага, ойлголтыг нэмэгдүүлэх сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулах, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүд, ажлын албыг чадавхжуулах шаардлагатай байгааг мөн мэдээллийнхээ төгсгөлд танилцуулав.

Ийнхүү Боловсролын сайдын болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны мэдээллийг сонссоны дараа Хууль зүйн байнгын хорооны гишүүн О.Номинчимэг, М.Нарантуяа-Нара, С.Эрдэнэболд, Ц.Сандаг-Очир, П.Сайнзориг, Ж.Алдаржавхлан, А.Ариунзаяа, Д.Цогтбаатар нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт тайлбар авсан юм. Хуулиар зохицуулах асуудлаа нарийвчлан, үр дүнг хэмжих шалгуураа тодорхой болгох шаардлагатай гэдэг саналыг С.Эрдэнэболд гишүүн хэлээд, шинэ тутам үүсч буй нийгмийн харилцааны асуудлыг хуучин арга барилаар шийдэх боломжгүй гэдгийг тооцож, анхаарахыг сануулсан. Хуулийн төслийн үзэл санааг дэмжиж байгаагаа тэрбээр илэрхийлээд, Засгийн газар орчин нөхцөл болон ирээдүйг тооцож, энэ чиглэлд баримтлах бодлогоо нэн тодорхой болгох ёстой гэлээ. Цахим халдлага, үе тэнгийн дээрэлхэлтэд өртөж байгаа хүүхэд хаана, хэрхэн хандах талаар маш тодорхой ойлголт, мэдээллийг нийгэмд түгээж, бүх талууд хуулиар хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар гүйцэтгэдэг байх нь чухал гэдэг саналыг хэлж байв. Нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр бодлого, хөтөлбөрүүдийг тусгайлан гаргаж төрийн байгууллагууд хамтарч хэрэгжүүлэх шаардлага байгаа хэмээн үзэж буйгаа дурдлаа. Хүүхдийн эрхийн асуудлыг онцгой анхаарах ёстой хэдий ч технологийн ололт, дэвшлийн сайн үр нөлөөг тооцох ёстой гэдгийг Д.Цогтбаатар гишүүн тэмдэглэлээ.

Сөрөг талыг бууруулахдаа өгөөжийг саармагжуулахгүйгээр зохицуулахад бид анхаарах ёстой гээд “Долоо хэмжиж нэг огтлох асуудлыг бид ярьж байна. Иргэдээ аюул эрсдэлээс хамгаалах зорилгоор нөгөө талд нь хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж, халдах магадлалаа тооцож ажиллах учиртай. Сүүлийн үед өнөөдрийн сэдвийн хүрээнд маш их эмзэглэж, сөргөөр ярих хандлага их болж байна. Түүнийг нь бид өөгшүүлж, дэвэргэх юм бол үнэхээр том эрсдэлтэй учир сайн бодож, тунгааж, дүгнэж, цэгнэх ёстой” гэв. Энэ хүрээнд дотоодын хууль тогтоомж гаргахаас илүүтэй хүүхдийн эрх хамгаалах чиглэлээр холбогдох агуулга, зохицуулалтаа иж бүрнээр тусгасан НҮБ-ын тогтоолын төсөл санал болгох, олон улсын түвшинд зохицуулах боломж бий гэдэг саналыг хэлсэн юм.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ

Огноо:

,

Баянгол дүүргийн 80 гаруй хувь нь хүн ам ихээр төвлөрсөн байшин хороолол бөгөөд худалдаа үйлчилгээний төвүүд олноор үйл ажиллагаа явуулдаг.

Үүнтэй холбоотойгоор дүүргийн хот нийтийн аж ахуйн салбарынхан ачаалалтай ажилладаг. Иймд Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн салбарт 24 машин, техник хэрэгслээр парк шинэчлэл хийснээ хүлээн авлаа. Тодруулбал, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар,

  • Давхар кабинтай, задгай тэвштэй, хүнсний хог хаягдал тээвэрлэдэг, хог үүрдэг чингэлэгтэй, тайзтай гээд нийт 11 машин,
  • Үүрдэг чингэлэг 9,
  • Гурван дугуйт дөрвөн ширхэг гээд нийт 24 автомашин, техник хэрэгсэл худалдан авч парк шинэчлэл хийлээ.  

Дээрх машин, техникийг “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ, “Баянгол тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-т хуваарилж өгнө. Ингэснээр дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, хог ачилт сайжрах юм. Баянгол дүүрэг 2021-2024 онд 15 машин, механизмаар парк шинэчлэлт хийж байсан бол, 2025 онд хот нийтийн аж ахуйн машин техникийг сайжруулах зорилгоор дөрвөн багц тендер зарласнаас эхний хоёр тендерт шалгарсан машин техникийг хүлээж авч буй нь энэ юм. Харин 12 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө үлдсэн машин, тоног төхөөрөмжийг хүлээж авна.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Хөвсгөл нуур, Туул, Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон тохиолдсон байна

Огноо:

,

Улсын хэмжээнд 2023-2025 оны арваннэгдүгээр сарын 25-ныг хүртэл мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн хэрэгсэлтэй зорчиж яваад мөс цөмөрч, усанд живсэн 60 удаагийн дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн байна. 

Дуудлагын дийлэнх нь  Хөвсгөл, Улаанбаатар, Ховд, Завхан, Увс аймагт бүртгэгдсэн бөгөөд Хөвсгөл нуур, Туул, Орхон голд зонхилон тохиолджээ.

Мөс цөмөрсөн дуудлага нэг, хоёр, гурав, дөрөв, арваннэг, арванхоёрдугаар саруудад бүртгэгдэж байна.

Тиймээс иргэд, малчид, тээвэрчид та бүхэн гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байж, өөрийн болоод бусдын амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс хамгаалахыг уриалж байна.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Хүн мөргөж осол гаргаад, хэргийн газраас зугтжээ

Огноо:

,

Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Хар өнгийн автомашин хүн мөргөөд зугтаачихлаа” гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг шалгахад Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч нь явган зорчигчийг мөргөж осол гарган, хэргийн газрыг орхиж явсны улмаас хүн гэмтсэн нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдож, тус хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна.

Монгол Улсын эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан “Гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлана” гэж заасан байдаг.

Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрэмд заасан жолоочийн үүргээ биелүүлж, замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ2025/12/05

Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шин...

Тод мэдээ2025/12/05

Хөвсгөл нуур, Туул, Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон тохиол...

Тод мэдээ2025/12/05

Хүн мөргөж осол гаргаад, хэргийн газраас зугтжээ

Тод мэдээ2025/12/05

Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ

Өнөөдөр2025/12/05

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Тод мэдээ2025/12/05

Монгол Улсын Ерөнхийлөгч Пап Францисын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ

Тод мэдээ2025/12/05

Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх г...

Тод мэдээ2025/12/05

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргү...

Өнөөдөр2025/12/05

Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн

Тод мэдээ2025/12/04

АТГ: Авлигын эсрэг сургалтад 1577 албан тушаалтныг хамруулав

Өнөөдөр2025/12/04

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Өнөөдөр2025/12/04

Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн

Тод мэдээ2025/12/03

2025 оны өвлийн элсэлтийн шалгалт маргааш Монгол хэл бичгээр эхэлнэ

Тод мэдээ2025/12/03

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 90 гомдол, мэдээллийг хянан шалгав

Тод мэдээ2025/12/03

Н.Учрал: Монголын нийгэм хэн бүхэнд тэгш, хүртээмжтэй байх учиртай

Тод мэдээ2025/12/03

Г.Занданшатар: Халамж болон хүүхэд хамгааллын бодлогод цогц шинэчлэл...

Тод мэдээ2025/12/03

Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн орон тооны бус ...

Тод мэдээ2025/12/03

Монгол Улсын санаачилсан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчд...

Тод мэдээ2025/12/03

Нийслэлийн хэмжээнд 2026 онд нийт 53.74 км авто замыг шинээр тавина

Өнөөдөр2025/12/03

Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн

Тод мэдээ2025/12/03

Бусдад дансаа ашиглуулж мөрийтэй тоглоом зохион байгуулахад дэмжлэг ...

Тод мэдээ2025/12/03

Иргэд, жолооч нарт анхаарал болгоомжтой зорчихыг сануулж байна!

Өнөөдөр2025/12/02

Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхаар...

Тод мэдээ2025/12/02

Баянхошуу, Шархад дэд төвийн ногоон орон сууц төсөлд саарал ус дахин...

Тод мэдээ2025/12/02

Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг цахимаар хийдэг боллоо

Тод мэдээ2025/12/02

Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла ирэх жил Мон...

Тод мэдээ2025/12/02

Г.ЗАНДАНШАТАР: Зээл төлөөд өгөөч, үнэ нэмээд өгөөч гэсэн хоёрхон өгү...

Тод мэдээ2025/12/02

Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд иргэдээс 77.246 цахим, 564 цаасан...

Тод мэдээ2025/12/01

Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Тод мэдээ2025/12/01

Х.Нямбаатар: 100-4200 кВт-ын зуухтай ӨЭМТ, хорооны байруудыг ирэх жи...

Санал болгох