Дэлхий нийтээр..
Тээвэр логистикийн нэгдсэн төв байгуулах ажлын хүрээнд ААН-үүдийн үйлдвэртэй танилцаж, туршлага судлав
Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг түшиглэсэн анхны дагуул хот Хүннү хотод тээвэр логистикийн нэгдсэн төвийг нийт 1019 га талбайд барина.
Үүнээс 400 га талбайд тээвэр логистикийн бүсийг байгуулах юм.
Уг төлөвлөлтийн хүрээнд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяраар ахлуулсан ажлын хэсэг нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдийн үйлдвэр, терминалтай танилцлаа.

Энэ үeэр "Ти Ай Ложистик" XXK-ийн Тээврийн газрын захирал П.Ариунзаяа “Манай компани үүсгэн байгуулагдаад 14 жил болж байна. Импорт, экспортын бараа, бүтээгдэхүүнийг боловсруулах, гаалийн хяналтын бүс болон олон улсын тээвэр зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдрийн хувьд НЗДТГ-ын ажлын хэсгийн зүгээс Хүннү хотод шинээр байгуулах логистик, ХАБЭА-н талаар бидэнтэй уулзаж, манай үйл ажиллагаатай танилцлаа.
Хүннү хотын логистик төвийг олон улсын стандартад нийцүүлсэн жишиг төв болгож хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Иймд, одоогийн үйл ажиллагаагаа илүү сайжруулж, хамтран ажиллахад бэлэн байна” гэв.

"Ландбридж" ХХК-ийн захирал Д.Энхтүвшин “Миний хувьд тээвэр, логистикийн салбарт 27 жил ажиллаж байна. Манай компани нь 22-ын товчоо буюу СХД-ийн 36 дугаар хороонд бараа бүтээгдэхүүнийг суурьшлын бүс рүү задалж оруулах, орон нутагт түгээх агуулахын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. НЗДТГ-ын Хүннү хотыг хөгжүүлэх ажлын хэсгээс логистикийн дэд бүтэц, агуулахын чанар зэргийг цаашдын төлөвлөлтдөө оруулах зорилгоор туршлага судалж, ирж үзлээ. Энэ салбарт олон жил ажиллаж, амьдарч буй хүний хувьд Хүннү хот болон нийслэлийн захын дүүргүүдэд түгээлт, ачаа бараа боловсруулах дэд бүтэц сайжраасай гэж хүсдэг. Энэ талаараа бид өөрсдийн хийсэн бүтээснийг үзүүлж, мэддэг чаддаг бүхнээ зөвлөлдөж байгаадаа баяртай байна” гэв.

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Тээвэр логистикийн төвийг Хүннү хотод нүүлгэн шилжүүлэхтэй холбоотойгоор ажлын хэсэг байгуулагдсан. Хоёр өдрийн өмнө энэхүү үйлчилгээг үзүүлдэг ААН-үүдтэй хэлэлцүүлэг хийсэн. Хэлэлцүүлгийн хүрээнд тодорхой саналууд гарсан учраас энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг ААН-үүд дээр ирж, үйл ажиллагаатай нь танилцлаа.
Хотод төвлөрсөн логистикийн хөдөлгөөнийг сааруулахад аж ахуй эрхэлж байгаа компанийн захирлууд болон үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүс хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийллээ. Хамгийн чухал нь Хүннү хотод төлөвлөж байгаа байршил дээр ямар үйлчилгээг нэвтрүүлэх, терминалаа хаана үлдээх зэрэг олон бодитой ажил хэрэгч саналуудыг гаргаж байна. Тиймд, логистикийн төвийг шинээр байгуулахдаа үйлчилгээ эрхэлдэг ААНБ-ын бүх саналыг аль болох тусгаж, олон улсын стандартад нийцсэн ажил төлөвлөж гүйцэтгэнэ” гэлээ.






Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
