Дэлхий нийтээр..
“Оюутолгой” компанийн удирдлагуудтай уулзаж санал солилцлоо
Талууд энэхүү уулзалтаар Монгол, Хятад хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийг хэрэгжүүлэх хүрээнд “Оюутолгой” компанийн салбар автозамыг хилийн боомт хүртэлх чиглэлд нүүрсний тээвэрлэлтэд тодорхой цагийн хуваарьтайгаар богинын тээвэрт түр ашиглах, хамтран ажиллах талаар санал солилцлоо
Уулзалтын эхэнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Төмөр замын газрын дарга Б.Артур Монгол Улсын Засгийн газар болон Зам, тээврийн яамнаас Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийг хэрэгжүүлэх хүрээнд хийгдэж буй ажлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулж, мэдээлэл солилцсон юм.
Мөн бүтээн байгуулалтын барилгын ажил албан ёсоор эхэлснийг дуулгаад, хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд “гурвыг цогцоор” хамтын ажиллагааны зарчмын хүрээнд “Хил дамнасан төмөр зам хамтран барих”, “Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ”, “Нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх” гэсэн гурван гол үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тохирсон бөгөөд гурван гэрээний нэг болох “Хил дамнасан төмөр зам хамтран барих хэлэлцээр”-ийг ЗТЯ-наас Хятадын талтай эцэслэн тохирч, 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гарын үсэг зурж баталгаажуулж, нээлтийн ёслолыг хамтран зохион байгуулсан гэдгийг тодотгосон юм.
Энэ ажлыг хэрэгжүүлэх хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК, “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК хоорондын Нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээг байгуулсан. Өөрөөр хэлбэл, “Тавантолгойн уурхайгаас Ганц мод боомт хүртэл хүргэх нүүрсний тээврийг “Монголын Төмөр Зам” ТӨХК хариуцан гүйцэтгэнэ.
Нүүрсний тээвэрлэлтийг манай улс төмөр зам, автозам хосолсон холимог тээврээр тээвэрлэхээр төлөвлөж буй бөгөөд эхний нүүрс тээврийн галт тэргийг 2025 оны 06 сарын 20-нд явуулахаар төлөвлөж байна.
Иймд Зам, тээврийн яам болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Төмөр замын газраас Гашуунсухайт-Ганцмод боомт чиглэлийн нүүрсний тээвэрлэлтэд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт орших “Оюутолгой” компанийн салбар автозамыг богинын тээвэрт буюу 11 км автозамыг тодорхой цагийн хуваарьтайгаар түр ашиглах, хамтран ажиллах талаар санал солилцлоо.
“Оюутолгой” компанийн “Удирдлагын баг”-ийнхан энэхүү саналыг компанийн удирдлагууд дотооддоо хэлэлцэж, дахин уулзаж санал солилцохоор тохиролцлоо.
Уулзалтад Зам, тээврийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Х.Итгэлт, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газрын дарга Б.Артур, Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун нар оролцлоо.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2024/08/19
Метро байгуулах төслийн инженер-геологийн судалгааны өрөмдлөг эхэллээ
-
Дэлхий нийтээр..2025/10/03
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
-
Дэлхий нийтээр..2024/07/03
Эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэнийг шилжүүлэн авчрах ажиллагааг зохи...
-
Дэлхий нийтээр..2024/07/23
П.Сэр-Од, О.Есүгэн нар олимпын наадмын нээлтэд төрийн далбааг зална
