Дэлхий нийтээр..
Монгол, Узбекистан Улс харилцааны түвшнийг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-д хүргэлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Миромонович Мирзиёевын төрийн айлчлалын хүрээнд харилцаа, хамтын ажиллагааны 14 баримт бичигт гарын үсэг зурлаа.
- “МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ИЖ БҮРЭН ТҮНШЛЭЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ”-д Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Миромонович Мирзиёев нар гарын үсэг зурлаа.
Уламжлалт найрсаг харилцааг НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчмын дагуу тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх тэгш бөгөөд нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн бусад зарчим, хэм хэмжээний үндсэн дээр гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь хоёр улс төдийгүй Төв Азийн бүс нутаг, олон улсад энх тайвныг бэхжүүлж, тогтвортой хөгжлийг хангах ашиг сонирхолд нийцнэ гэдэгт санал нэгдэж, харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд шат ахиулан хөгжүүлэхээр тохирлоо.
- “МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, АЖ ҮЙЛДВЭР, ХУДАЛДААНЫ ЯАМ ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР”-т Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ням-Осорын Учрал, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хөрөнгө оруулалт, гадаад худалдааны асуудал хариуцсан Шадар сайд Жамшид Ходжаев,
Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлж, харилцааг бэхжүүлэх, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэлтийг дэмжих, худалдааг өргөжүүлэх, зах зээлд нэвтрэх боломжийг сайжруулах, шууд хөрөнгө оруулалтыг татах зэргээр хамтран ажиллана.
- “МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМ ХООРОНДЫН 2026-2027 ОНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР”-т Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн сайд Бахтиёр Саидов,
Яам хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан сонирхсон олон улсын болон бүс нутгийн асуудлаар зөвлөлдөх уулзалт тогтмол зохион байгуулж, мэдээлэл солилцоно.
- “ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ДОТООД ХЭРГИЙН ЯАМ ХООРОНДЫН ПРОТОКОЛ”-д Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Лхагвын Мөнхбаатар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн сайд Бахтиёр Саидов,
Эрх бүхий байгууллагууд тодорхой нэр төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр мэдээлэл, туршлага солилцож, хамтын ажиллагааны хүрээнд уулзалт, семинар, зөвлөгөөн зэрэг арга хэмжээ зохион байгуулна.
- “МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХАРЬЯА АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАР БОЛОН БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ ХАРЬЯА “УЗАРХИВ” АГЕНТЛАГ ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ПРОТОКОЛ”-д Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Лхагвын Мөнхбаатар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн сайд Бахтиёр Саидов,
Баримт бичгийг хамтран судлах, цахим архивын шийдэл нэвтрүүлэх, сэргээн засварлалт болон мэргэжилтэн солилцооны чиглэлээр туршлага хуваалцах, хамтарсан үзэсгэлэн ба эрдэм шинжилгээний арга хэмжээ зохион байгуулна.
- “ДЭЭД БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААН, ИННОВАЦЫН ЯАМ ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т Монгол Улсын Боловсролын сайд Пүрэвсүрэнгийн Наранбаяр, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн сайд Бахтиёр Саидов нар гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ашигтай олон чиглэлд хамтран ажиллах нөхцөл бүрдүүлнэ. Тухайлбал, их, дээд сургуулиудын удирдлага, багш, судлаач, оюутнуудын харилцан солилцоог дэмжих, сургалт, судалгаа зохион байгуулах, боловсролын тогтолцоо, хөтөлбөр, сургалтын нөөц, сурах бичиг, программ хангамжийн талаар мэдээлэл солилцох, хамтарсан эрдэм шинжилгээний хурал, семинар, сургалт зохион байгуулах, инновац, технологи, гарааны бизнесийн чиглэлээр хамтарсан төслүүд хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр хамтарч ажиллана.
- “ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН УУЛ УУРХАЙ, ГЕОЛОГИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Гонгорын Дамдинням, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Уул уурхай, геологийн сайд Бобир Исламов,
Уул уурхайн хамтын ажиллагааны үндсийг тавьж, эрдэс баялгийн хайгуул, олборлолт, боловсруулалтын чиглэлээр харилцан ашигтай түншлэл хөгжүүлэх бөгөөд хамтын ажиллагаа нь технологийн хөгжил болон уул уурхайн салбарын үр ашгийг нэмэгдүүлнэ.
- “МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ ХООРОНДЫН УРГАМЛЫГ ХАМГААЛАХ, ХОРИО ЦЭЭРИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭР”-т Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Жадамбын Энхбаяр, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хөдөө аж ахуйн сайд Ибрахим Абдурахманов,
Ургамал болон ургамлын гаралтай бүтээгдэхүүн импортолж, экспортлох таатай нөхцөл бүрдүүлж, эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангана. Ургамлын эрүүл ахуйн шаардлага, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, ургамлын цахим гэрчилгээний (e-Phyto) систем нэвтрүүлэхэд хамтран ажиллах эрх зүйн орчин бүрдлээ. Хоёр улсын нутаг дэвсгэрээр бараа бүтээгдэхүүн дамжин өнгөрөх, импорт, экспортын үйл ажиллагааг хөнгөвчиллөө.
- “МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ ХООРОНДЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХОЁР ТАЛЫН ХАРИЛЦААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ”-нд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Жадамбын Энхбаяр, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хөдөө аж ахуйн сайд Ибрахим Абдурахманов,
Хөдөө аж ахуйн салбарт орчин үеийн усалгааны технологи нэвтрүүлэх, мал аж ахуй, бэлчээрийн менежментийн чиглэлд хамтарсан төслүүд хэрэгжүүлнэ. Монгол Улсад Узбекистаны тэргүүн туршлагыг ашиглан ургамлын сортуудыг сонгож 5,000 суулгацыг шилжүүлэн суулгаж, загасны аж ахуй болон зөгий үржүүлгийн чиглэлээр хамтран ажиллана.
- “ЭРҮҮЛ МЭНД, АНАГААХ УХААНЫ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ ХООРОНДЫН ПРОТОКОЛ”-д Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Жигжидсүрэнгийн Чинбүрэн, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн сайд Бахтиёр Саидов,
Мэргэжилтэн бэлтгэх болон эрүүл мэндийн судалгааны чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлж, зайнаас эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн цахим мэдээллийн системийн талаар харилцан туршлага солилцоно. Нийгмийн эрүүл мэндийн даатгал, орчин үеийн технологид суурилсан оношилгоо зэрэг чиглэлээр харилцан мэдээлэл солилцоно.
- “БАЙГАЛЬ ХАМГААЛЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ЭКОЛОГИ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ХАМГААЛАЛ БОЛОН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ ХООРОНДЫН ПРОТОКОЛ”-т Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Батын Батбаатар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн сайд Бахтиёр Саидов,
Цөлжилт, газрын доройтол, усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон төрөлт зүйлс, еко-системийг хамгаалах, байгаль хамгааллын боловсрол зэрэг салбарт харилцан туршлага солилцож, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.
- “БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН СПОРТЫН ЯАМ ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Ундрам, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн сайд Бахтиёр Саидов,
Биеийн тамир, спортын салбарт хамтын ажиллагааг харилцан ашигтай байдлаар хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, тэмцээн, олон улсын спортын арга хэмжээнд тамирчид, дасгалжуулагчид, шүүгчид, спортын зүтгэлтэнүүдийг харилцан оролцуулна.
- “МОНГОЛ УЛСЫН СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ЭКОЛОГИ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ХАМГААЛАЛ БОЛОН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ ХООРОНДЫН ЭКО АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ”-нд Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Ундрам, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Соёлын сайд Озодбек Назарбеков,
Эко аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, шилдэг туршлагаа солилцох, эко аялал жуулчлал болон байгаль хамгааллын мэргэжилтнүүдийг сургах, чадавхыг бэхжүүлэх, хамтарсан бага хурал, семинар, үзэсгэлэн зохион байгуулах, эко аялал жуулчлалын газруудыг харилцан сурталчлах, мэдээлэл, статистикийн өгөгдөл солилцох зэргээр хамтарна.
- “МОНГОЛ УЛСЫН СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН СОЁЛЫН ЯАМ ХООРОНДЫН 2025-2028 ОНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР”-т Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Ундрам, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн сайд Бахтиёр Саидов нар гарын үсэг зурлаа.
Хоёр орны ард түмний соёлын онцлог, урлагийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, уламжлалт дуу хөгжим, бүжиг, зан үйл, ардын аман зохиол зэрэг соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах, сурталчилах, олон улсын наадам, тэмцээнд төлөөлөгчдөө оролцуулах, олон улсын түвшинд соёлын солилцоо, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллана.
Дэлхий нийтээр..
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
-
Дэлхий нийтээр..2024/03/11
Хоёрдугаар сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 26 дахь хүйтэн сар болжээ
-
Үйл явдал2023/08/04
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Үйл явдал2026/04/27
Японд ойн түймрийн улмаас 3 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ
-
Дэлхий нийтээр..2021/10/29
БШУЯ: Эцэг эхчүүд та бүхнийг вакцины гурав дахь тундаа хамрагдахыг уриалж байна











