Тод мэдээ
Ухаалаг хотын төслүүдэд Япон улстай хамтран ажиллах талаар санал солилцлоо
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Япон улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яам болон Монгол дахь Японы Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Нийслэлээс эдийн засгийн өсөлтийн тулгуур, иргэдийн амьдрах орчныг сайжруулахад голлох нөлөөг үзүүлдэг дэд бүтцийн салбартаа ихээхэн анхаарч, мега төслүүдийг эрчимтэй хэрэгжүүлж байгаа. Олон жилийн найрамдалт харилцаатай Япон улстай дэд бүтцийн салбарт төдийгүй ухаалаг хотын төслүүдэд хамтарч, дэмжиж ажиллахад таатай байх болно” гэдгээ илэрхийллээ.

Япон улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яамны Олон улсын төсөл хариуцсан дэд сайд Огасавара Кэничи “Улаанбаатар хотын дэд бүтцийн төслүүд тэр дундаа метроны төсөлд хамтран ажиллах боломжийг эрэлхийлж буйгаа онцлоод төр, хувийн хэвшлийн хамтарсан төслүүд нь Улаанбаатар хотын төдийгүй Монгол Улсын хөгжилд өндөр хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээв. Ухаалаг хот судалгааны төслийн ахлагч, Хот байгуулалтын газрын менежер Михара Такү “Манай баг Азийн олон оронд ухаалаг хотын төслүүдийг хэрэгжүүлж ирсэн арвин туршлагатай. Ялангуяа дрон ложистикийн тээвэр, 3D загвар боловсруулалт, тэдгээрийг авто замын хөдөлгөөнд хэрхэн ашиглах талаар Улаанбаатар хоттой хамтарч ажиллах хүсэлтэй байна” гэсэн юм.

Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр дэвшилтэт технологийг ашиглан хотын нөөцийг үр ашигтай удирдаж, иргэдийн амьдрах орчныг сайжруулахад тогтвортой хөгжилд нийцсэн ухаалаг хотын төслүүд чухлаар тавигдах нь зүйтэй. Тиймээс мэдээллийн санг олон нийтэд нээлттэй байдлаар ашиглаж, дижитал орчныг бий болгоход Япон улстай хамтран ажиллахыг зорьж буйгаа илэрхийллээ. Улаанбаатар хотод ухаалаг хотын төслүүд үе шаттай хэрэгжиж байгааг уулзалтын төгсгөлд танилцууллаа.
Тод мэдээ
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг тогтоох, сайжруулах зорилгоор Монгол хэл бичгийн шалгалтыг зохион байгуулдаг.
Энэхүү шалгалтыг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлэх зорилтыг Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.2.4.2 дахь зорилтод тусган, “Боловсролын үнэлгээний цахимжуулалтыг үргэлжлүүлэх” арга хэмжээг хэрэгжүүлэхээр (цахимаар монгол хэлний болон элсэлтийн шалгалт өгсөн шалгуулагчийн хувийг 2026 онд 50 хувьд хүргэх) төлөвлөсөн.
Үүний хүрээнд Монгол хэл бичгийн шалгалтыг ерөнхий боловсролын сургуулиудад ашиглагдаж буй суралцахуйн удирдлагын систем (LMS)-ээр дамжуулан цахимаар зохион байгуулах чиглэлийг Боловсролын сайдын 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1а/956 дугаар албан бичгээр ирүүлсэн.
Дээрх чиглэлийн дагуу 2026 оны 03 дугаар сарын 07-ны өдөр “Турших шалгалт”-ыг зохион байгуулсан боловч мэдээллийн технологийн дэд бүтэц, программ хангамжийн хүчин чадал, серверийн ачаалал зэрэг техникийн нөхцөл байдлаас шалтгаалан шалгалтыг цахим хэлбэрээр тогтвортой зохион байгуулах боломжгүй байна. Иймд Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ.
2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр болон 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрүүдэд танхимаар зохион байгуулна.
Эх сурвалж: БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ
Тод мэдээ
Нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор шийтгэлийн хуудас нааж эхэлжээ
Нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор шийтгэлийн хуудас нааж эхэллээ.
Та тээврийн хэрэгслээ хориглосон газарт байрлуулсан, зорчих хэсэгт түр болон удаан зогсох журам зөрчсөн бол Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ тооцон, зөөж тээвэрлэнэ.
Энэ тохиолдолд анхааруулах зорилгоор “Шар хуудас” буюу шийтгэлийн хуудсыг тээврийн хэрэгсэлд наан байршуулах юм.
Иймд жолооч та бусдын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр замын хөдөлгөөний дүрмээ баримтлан соёлтой оролцохыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Тод мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хошууч генерал Б.Эрдэнэбатыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Кипр Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны Цэргийн хүчний командлагчаар ажилласан хошууч генерал Б.Эрдэнэбатыг хүлээн авч уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын “UNFICYP” энхийг сахиулах ажиллагааны Цэргийн хүчний командлагчаар томилогдож, дэлхийн 18 орны цэнхэр дуулгатнуудыг хоёр жил удирдсан Б.Эрдэнэбатад төр, ард түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
20 гаруй мянган монгол цэрэг дэлхийн халуун цэгүүдэд даян дэлхийн энх амгалан, аюулгүй байдлын төлөө эр зориг, тэсвэр хатуужил, авхаалж самбаа, ур чадвараа дайчлан, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, улс орныхоо нэр хүндийг олон улсад бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэлээ.
Манай улсын энхийг сахиулах ажиллагааны 20 гаруй жилийн түүхэнд анх удаа монгол генерал НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан нь монгол цэрэг дэлхийн цэрэг болсны бас нэг томоохон баталгаа гэдгийг тодотголоо.
Кипр дахь ажиллагаа нь дэлхий дахинд НҮБ-ын явуулж буй 12 энхийг сахиулах ажиллагааны нэг юм.
Хошууч генерал Б.Эрдэнэбат өмнө нь Ирак, Либери, Өмнөд Судан, Сьерра Леон зэрэг улсад энхийг сахиулах найман удаагийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэжээ.
-
Чөлөөт бүс2020/05/14
Э.Оюунболдын шүүх хуралдаан тавдугаар сарын 22-нд товлогдлоо
-
Тод зураг2019/09/02
Өнөөдөр болон маргааш нийслэлийн зарим автозамыг хэсэгчилж түр хаана
-
Тод мэдээ2022/01/12
Хүүхдийн мөнгөн хуримтлалыг мөнгөн хэлбэрээр авах хүсэлт гаргах боломжтой
-
Тод мэдээ2024/08/30
Буган халиуны уулзвараас Маршалын гүүр хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
