Өнөөдөр
Швейцарын Холбооны улсын Үндэсний зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэтти Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхлаа
Швейцарын Холбооны улсын Үндэсний зөвлөлийн дарга, хатагтай Марина Кароббио Гүшэтти Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар энэ сарын 23-26-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Хатагтай Марина Кароббио Гүшэтти айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав. Уулзалтын эхэнд хатагтай Гүшэтти хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, мэргэжлийн боловсрол, засаглалын чиглэлээр хоёр улсын хөгжлийн хамтын ажиллагаа өргөжиж байгааг дурдаад айлчлалын хүрээнд энэ чиглэлийн төсөл, хөтөлбөрийг өргөжүүлэх зорилготой байгаа гэлээ.

Мөн уулзалтын үеэр Монгол-Швейцарын худалдааны эргэлт 16 сая ам.доллар байгаа нь чамлалттай хэмээн талууд дүгнэж, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд улс төр болон хууль эрхзүйн тогтвортой орчин чухал гэдгийг онцлон тэмдэглэв.
Эдийг засгийн харилцааг өргөжүүлэх боломжтой олон салбар байгаа дотор Монголын аялал жуулчлалын салбарын нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах, үүний тулд Швейцараас менежмэнтийн шинэ арга барил нутагшуулах боломжтой гэж үзэж буйгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илэрхийлсэн юм. Мөн хатагтай Гүшэтти Швейцарын аялал жуулчлалын агентлаг энэ салбарт Монгол Улстай хамтарч ажиллах сонирхлоо илэрхийлсэн бөгөөд хоёр улсын аялал жуулчлалын салбарын харилцаа, хамтын ажиллагааг өөдрөгөөр төсөөлж байгаа хэмээв.
Түүнчлэн уулзалтаар талууд сэргээгдэх эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй төсөл, санаачилгын хүрээнд санал солилцож, энэ чиглэлд хоёр улсын хамтын ажиллагааг дараагийн шатанд гаргах боломжтой гэдэгт санал нэгдэв.
Уулзалтын төгсгөлд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад суух Элчин сайдын яам нээх асуудлыг хөндөж, тус улсын Ерөнхийлөгч Уэли Маурерыг боломжтой үедээ Монгол Улсад айлчлахыг урилаа.
Нийтэлсэн: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаӨнөөдөр
Цэргийн бүртгэл үргэлжилж байна
Цэргийн албаны тухай хууль, Батлан хамгаалахын сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжаар 2026 оны цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 7-23-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Монгол Улсын иргэн 18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй.
Цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 хүртэлх насныхан харьяа баг, хороон дээрээ өөрийн биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай.
Харин цэргийн үүрэгтний үнэмлэхээ үрэгдүүлсэн бол аймаг, дүүргийн цэргийн штабт өөрийн биеэр хандана.
Түүнчлэн шилжилт хөдөлгөөн хийсэн иргэд оршин суугаа аймаг, дүүргийнхээ цэргийн штабт бүртгэлээ хийлгэж, баталгаажуулах юм.
Мөн онлайнаар буюу цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой.
Хэрэв “E-Mongolia” системээр бүртгүүлсэн бол “мэдэгдэл” цэсээс хариугаа харж болно.
Иргэд өөрийн биеэр болон гэр бүлийн гишүүн нь цэргийн бүртгэлд бүртгүүлэх бол иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхээ авчирч, харьяа баг, хороон дээрээ очно
НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Иргэд оршин суугаа газрынхаа хороонд болон цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар хүсэлтээ илгээн бүртгүүлэх боломжтой. Ажлын өдөр 08:00-17:00, амралтын өдөр 09:00-16:00 цагийн хооронд бүртгэнэ. Цэргийн бүртгэлийн хүрээнд цаашид олон талт үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлдэг. Тухайлбал, дайчилгааны нөөцийг шинэчлэн тогтоох, дайчилгааны нөөцөд хамрагдах иргэдийн чанар байдалд судалгаа хийх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулдаг. Эдгээр нь хугацаат цэргийн алба хаах хүсэл сонирхлыг нэмэгдүүлэх, цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой” гэв.

Өнөөдөр
ХӨСҮТ: Риновирусийн халдвар хатгаа болж хүндрэх эрсдэлтэй байна
БНХАУ-д риновирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа тухай мэдээлэл байна. Энэ нь шинэ халдвар биш бөгөөд томуу төст, түгээмэл вирус. Халдварт өвчний аюулт бус ангилалд багтдаг. Ихэвчлэн нярай, архаг хууч өвчтэй, өндөр настай, дархлаа дарангуйлагдсан хүмүүс өртөж уушгины нарийн гуурснуудын үрэвсэл, хатгаа болж хүндрэх эрсдэлтэй байна.
Дэлхий дахинд төдийгүй манай улсын хүн амын дунд жил бүр өвчлөл үүсгэдэг.
Риновирус болон бусад амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга нь амны хаалт зүүх, гараа савандаж угаах юм гэж Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ.




Өнөөдөр
Гудамж, талбайн цас цэвэрлэхээр нийт 280 хүн, 54 техник, 84 бичил төхөөрөмжтэй ажиллаж байна
Өнөөдөр өглөөний 06:00 цагийн байдлаар Хан-Уул дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний нийт 14 байгууллагын бэлтгэл бэлэн байдал бүрэн хангагдсан байна.
Гудамж, талбайн цас цэвэрлэхээр нийт 280 хүн, 54 техник, 84 бичил төхөөрөмжтэй ажиллаж байна.
Зам талбайд 45 тонн давс, 84 тонн бодис цацсан бөгөөд 1149.5 тонн давс, 471.5 тонн бодис, 94 шоо метр дайргын нөөцтэй байна.
Явган зам, зорчих хэсэг хусалт, түрэлт, цэвэрлэгээнээс гарсан хар цасны ачилтын цэвэрлэгээг хийсэн.
Харин Хөшигийн хөндий, Айцын даваа, Морингийн даваа, Наадамчдын зам болон гэр хорооллын дундах замуудад давс, бодис цацаж байна.




