Тод мэдээ
Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад 2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан шинэ дайчдын Цэргийн тангараг өргөх ёслол арваннэгдүгээр сарын 29-нд болно. Хугацаат цэргийн алба хаагчид цэргийн анхан шатны сургалт бэлтгэлд хамрагдаж байгаа бөгөөд эр цэргийн тангараг өргөсний дараа цэргийн эрдэмд суралцаж, эх орноо батлан хамгаалахад нэн чухал цэргийн мэргэжил эзэмшинэ.
Мөн аймаг, нийслэл, дүүргийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дэмжлэгтэйгээр хугацаат цэргийн алба хаагч хүсвэл тухайн орон нутагтаа хэрэгцээтэй гагнуурчин, цахилгаанчин, үсчин зэрэг 10 гаруй мэргэжлийг давхар эзэмшиж байгаа аж.
Тод мэдээ
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөр тав дахь жилдээ хэрэгжиж байна.
Тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд болж, эх орондоо бэлтгэл хөтөлбөрт суралцаж байгаа оюутнуудад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сурлагын өндөр амжилт хүсэж, захиа, даалгавар гардууллаа.
Тэр бээр олдсон боломжоо бүрэн дүүрэн ашиглан, ажил, амьдралын гараагаа итгэл төгс эхлүүлэх нь гагцхүү оюутан залуусын хичээл зүтгэл, сурлага хөдөлмөрөөс хамаарна гэдгийг хэллээ.
Олон улсын түвшинд өрсөлдөх боловсрол эзэмшиж, оюуны ганзага дүүрэн эргэж ирэх оюутнууд эх орныхоо хөгжил дэвшил, сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний манлайлагч нар гэдгийг тодотголоо.
“Ерөнхийлөгчийн илгээлт – 2100” хөтөлбөрийн хүрээнд 1,052 оюутан АНУ, Их Британи, Герман, Франц, Австри, Чех, Канад, Польш, Австрали, Орос, Хятад, Япон, Солонгос, Унгар, Литва, Турк, Энэтхэг, Вьетнам, Лаос, Куба, Казахстан гэсэн 21 улсын их, дээд сургуульд суралцаж байна.
Тэтгэлэгт хөтөлбөр нь сум, хороо бүрээс шилдэг сурагч шалгаруулж, бэлтгэл хөтөлбөрт хамруулан, дэлхийн шилдэг их, дээд сургуульд сурах болзол хангахад нь бэлтгэж, улмаар суралцуулж, төгсөж ирэхэд нь орон нутгийнхаа хөгжлийг түүчээлэхэд томилон ажиллуулах зорилготой цогц хөтөлбөр юм.
Тод мэдээ
Монгол, Израилын парламентын бүлгийн дарга нар цахим уулзалт хийлээ
Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Израилын парламентын бүлгийн дарга О.Саранчулуун Израил Улсын Кнессетийн гишүүн, Кнессет дахь Израил-Монголын парламентын бүлгийн дарга Д.Илоүзтэй цахим уулзалт хийлээ.
Бүлгийн дарга О.Саранчулуун уулзалтын эхэнд энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож буйг тэмдэглээд, Монгол Улс Ойрхи Дорнодын улс орнууд, түүний дотор Израил Улстай хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагаандаа ач холбогдол өгч, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа харилцан хүндлэл, ардчиллын үнэт зүйлс дээр тулгуурлан амжилттай хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Мөн Монгол, Израилын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 30 гаруй жилийн хугацаанд өндөр, дээд түвшинд болон яам, агентлагийн түвшинд төлөөлөгчдөө харилцан айлчлуулж, хөдөө аж ахуй, байгаль орчин, боловсрол зэрэг салбаруудад хамтран ажиллаж ирснийг тэмдэглэлээ.
Түүнчлэн хууль тогтоох байгууллага болон парламентын гишүүд нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны чухал гүүр болдог бөгөөд цаашид Израил Улстай хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, эрчим хүч, технологи, байгаль орчин, соёл, боловсрол, эрүүл мэнд, инноваци зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа онцлов.
Бүлгийн дарга Д.Илоүзийн зүгээс хоёр талын парламентын бүлэг хоорондын анхны танилцах уулзалт амжилттай болсныг сайшааж, цаашид энэ харилцааг үргэлжлүүлэн хууль тогтоох байгууллага хооронд сайн туршлага солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бэлэн байгаагаа тэмдэглэв. Мөн хоёр улсын хооронд болон Улаанбаатар, Тель Авив хотноо зохион байгуулагдах олон улсын хурал чуулганд Израилын тал идэвхтэй оролцоход бүлгийн даргын зүгээс онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Тод мэдээ
УИХ-ын дарга Н.Учрал Оросын Шинжлэх Ухааны Академид зочлов
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ОХУ-д хэрэгжүүлж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд 2026 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр Оросын Шинжлэх Ухааны Академид зочилж, тус академийн Ерөнхийлөгч Геннадий Яковлевич Красниковтой уулзав.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны салбар үүсч, хөгжихөд Оросын Шинжлэх Ухааны Академи чухал үүрэг гүйцэтгэсэн болохыг тэмдэглэв. Тэрбээр манай хоёр улсын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны хамгийн тод бэлгэдэл бол 1981 онд сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, В.Жанибеков нарын хамтарсан сансрын нислэг болохыг дурдаж, энэхүү түүхэн үйл явдал нь олон жилийн судалгаа, шинжлэх ухаан, техник технологийн хамтын хөдөлмөр бөгөөд өнөөдөр ч бидний хамтын бахархал хэвээрбайгаа гэдгийг онцлов.
Уулзалтаар хоёр улсын академи хоорондын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг тэмдэглэж, энэ хүрээнд Байгаль нуур, Сэлэнгэ мөрний сав газрын байгаль экологийг хамгаалах чиглэлийн хамтын ажиллагаа чухал болохыг онцлов. Мөн Эгийн голын усан цахилгаан станц төслийн Байгал нуурт үзүүлэх нөлөөллийн асуудлаар шинжлэх ухааны бодитой судалгаанд суурилсан, чухал ач холбогдолтой дүгнэлтийг хоёр орны академийн судлаачид гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Сүүлийн жилүүдэд хөрш орнуудын шинжлэх ухааны салбарын хамтынажиллагаа шинэ шатанд гарч байгааг онцлоод орчин үеийн технологийн дэвшлийг уламжлалт найрсаг харилцаатай хослуулах нь цаашдын хөгжлийг хурдасгана гэдэгтэй талууд санал нэгдэж байв. Ташрамд дурдахад, 2019 онд Оросын ШУА-ийнерөнхийлөгч, академич А.М.Сергеев Монгол Улсад айлчилж, “ШУА-ийн хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг шинэчилсэн бол 2025 онд хамтын ажиллагааны гэрээг дахин шинэчлэн байгуулсан байна.
Оросын Шинжлэх Ухааны Академи нь 1724онд эзэн хаан I Петрийн зарлигаар байгуулагдсан бөгөөд Оросын шинжлэх ухааны хамгийн том, ууган байгууллага юм хэмээн Улсын ИхХурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.













