Үйл явдал
Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална
Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2025.12.10) үргэлжилнэ.
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын эхний өдөр (2025.12.10) Оюу толгой төслийн талаар ерөнхий танилцуулга, Оюу толгой бүлэг ордын геологи, нөөцийн асуудлын талаар, “Жавхлант” (MV-15225), “Шивээ толгой” (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал, мөн тус ордуудын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй холбоотой асуудал, "Жавхлант" (MV-15225), "Шивээ толгой" (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлүүд ба Оюу толгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээний хамаарлын талаар шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсох, шаардлагатай нотлох баримтыг танилцуулах, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авсан.
Өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор эхлээд Оюу толгой төслийн талаар ерөнхий танилцуулгыг сонсож, үргэлжлүүлэн хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ (Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон) байгуулагдах үеийн санхүүжилтийн хүүгийн хувь, холбогдох асуудлаар, үдээс хойш хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ (Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон) байгуулагдсаны дараах санхүүжилтийн хүүгийн хувь хэмжээ, холбогдох үр дагаврын асуудлаар шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсох, шаардлагатай нотлох баримтыг танилцуулах, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авна. Төгсгөлд нь Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх асуудлаар мөн шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсох, шаардлагатай нотлох баримтыг танилцуулах, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авахаар төлөвлөжээ.
Өнөөдрийн сонсголд нийт 109 гэрч дуудагдсаны 104-т мэдэгдэх хуудас хүргүүлсэн бол 5 гэрчид мэдэгдэх хуудас хүргүүлж чадаагүй байна. Мэдэгдэх хуудас хүлээн авсан 104 гэрчийн 20 нь сонсголд оролцох боломжгүй талаар хүсэлт ирүүлжээ. Иймд өнөөдрийн сонсголд 84 гэрч оролцох аж.
Тодруулбал, Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ (Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон) байгуулагдах үеийн санхүүжилтийн хүүгийн хувь, холбогдох асуудлаар 73 гэрч дуудагдсаны 60 нь оролцохоо илэрхийлсэн бол Хувь нийлүүлэгчдийн гэрээ (Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон) байгуулагдсаны дараах санхүүжилтийн хүүгийн хувь хэмжээ, холбогдох үр дагавар сэдвийн хүрээнд 37 гэрч дуудагдсан байна. Тэдгээрийн 25 нь өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд оролцохоо мэдэгджээ. Харин Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөж сэдвийн хүрээнд 37 гэрч дуудагдаж, 25 гэрч оролцохоо илэрхийлжээ.
Сонсголын хөндлөнгийн ажиглагчаар "Иргэн та хүч залуусын нэгдэл", "Татварт иргэний хяналт" төрийн бус байгууллага болон иргэдийн төлөөлөл оролцож байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Үйл явдал
Шинэ хичээлийн жилийн бэлтгэл болон бусад цаг үеийн ажлын талаар хэлэлцлээ
Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар боловсролын салбарын шинэ хичээлийн жилийн бэлтгэл болон бусад цаг үеийн ажлын талаар хэлэлцлээ.
Хуралдаанаар:
-2026-2027 оны хичээлийн жилээс 1 дүгээр ангийн сурах бичгийг шинээр зохиох, хэвлэх, түгээх ажил болон бусад ангиудын сурах бичгийн нөхөн хангалтын хүртээмж
-Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц, цэцэрлэг, сургуулийн элсэлт, бүртгэл
-“COP 17” арга хэмжээтэй холбоотойгоор хичээл сургалтын зохицуулалт
-Нийслэлийн хэмжээнд хотхоны бага сургууль болон төрөлжсөн ахлах сургууль байгуулах ажлын хүрээнд байгуулагдсан ажлын хэсэг Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд ажиллах
-Боловсролын зээлийн сангийн 2026 оны сонгон шалгаруулалтын үр дүн, тэтгэлэг, зээл, төлбөрийн хөнгөлөлтийн хэрэгжилтийн явц, төсвийн нөхцөл байдал
-2027 оны төсвийн төлөвлөлт болон боловсролын салбарын 2026 оны хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны төслүүдийн явцтай танилцах
-Тажикстан Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд боловсролын салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах зэрэг асуудлуудын талаар хэлэлцлээ.
Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир танилцуулсан асуудал бүр дээр шийдэл, шаардагдах төсөв, хугацааг тодорхой тусгаж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг бүтэц, нэгжийн удирдлагуудад даалгалаа.

Үйл явдал
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
НӨАТ-ын урамшууллын 2026 оны 07 дугаар сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг 2026 оны 07 дугаар сарын 22-нд 13.00 цагт ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.
Иргэн та 2026 оны 06 дугаар сарын 01-нээс 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 цаг 59 минутаас өмнө бүртгүүлж, сугалаандаа хамрагдана уу.
Сугалааны тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог ба дэлгэрэнгүй мэдээллийг https://sugalaa.ebarimt.mn/ цахим хуудаснаас үзээрэй.

Үйл явдал
Мөнгөний нийлүүлэлт 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 26.6 хувиар өсжээ
Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт (М2) 2026 оны зургаадугаар сарын эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.2 их наяд төгрөгөөр буюу 26.6 хувиар өссөн байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр энэхүү өсөлтөд төгрөгийн хадгаламж 5.9 их наяд төгрөгөөр (26.3 хувь), төгрөгийн харилцах 2.8 их наяд төгрөгөөр (29.3 хувь), валютын харилцах 2.7 их наяд төгрөгөөр (75.4 хувь) тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Мөн 2026 оны зургаадугаар сарын байдлаар аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 49.3 их наяд төгрөг болсон байна. Үүнээс чанаргүй зээл 2.5 их наяд төгрөг, анхаарал хандуулах зээл 1.2 их наяд төгрөг байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Түүнчлэн зургаадугаар сарын валютын сарын дундаж ханшаар 1 ам.доллар 3576.65 төгрөг, 1 евро 4117.99 төгрөг, 1 юань 527.86 төгрөг, 1 рубль 48.40 төгрөг байсан байна.
Эдгээр үзүүлэлт нь 2026 оны зургаадугаар сарын урьдчилсан гүйцэтгэл болохыг Үндэсний статистикийн хороо онцолжээ.

-
Үйл явдал2022/05/26
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна
-
Дэлхий нийтээр..2022/03/30
Олимпын гүүр, Налайхын замын явган хүний гарцын ажлыг зургаадугаар сарын 30 гэхэ...
-
Хэн юу хэлэв...2019/12/19
Тѳв талбайд байршуулсан хаалттай холбоотой албан ёсны мэдээлэл
-
Дэлхий нийтээр..2021/01/19
Ковид-19: Судалгаанд оролцогчдын 61 хувь нь төлбөртэй байсан ч вакцин хийлгэнэ г...
