Дэлхий нийтээр..
Доктор Түндэвийн Зэвгээд Ардын багш цол хүртээлээ
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Ардын багш цолыг:
АШУҮИС-ийн багш, доктор, профессор Т.Зэвгээ нь анагаахын шинжлэх ухааны эмгэг физиологийн онол, арга зүйн үндсийг боловсруулан хөгжүүлж, эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэн, шинэ технологи, сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэн, мэргэжилтэн, эмч, багш бэлтгэж, сургуулийн орчин нөхцөлийг сайжруулах, заах арга зүйг боловсронгуй болгоход оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж Гавьяат багш Түндэвийн Зэвгээд хүртээлээ.
Гавьяат багш цолоор:
- Сүхбаатар аймгийн Онгон сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Батаагийн Минжүүрдорж,
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:
- ШУТИС-ийн ахмад багш, физик-математикийн ухааны доктор, профессор Балбарын Доржсүрэн,
Гавьяат эдийн засагч цолоор:
- “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ахмад ажилтан Хөхөөгийн Хандсүрэн
Гавьяат механикжуулагч цолоор
- Булган аймгийн Сэлэнгэ сумын “Ингэт толгой” сангийн аж ахуйн ахмад ажилтан Цогбадрахын Оюунсуртал,
Гавьяат барилгачин цолоор:
- “Сонинхайрхан-Уул” ХХК-ийн захирал Давхарын Цогзолмаа,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
- “Монгол цонх групп” ХХК-ийн ерөнхий захирал Нэмэрийн Буянжаргал,
- “Гоёл кашмер” ХХК-ийн гүйцэтгэх захирал Бямбахүүгийн Ариунаа,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
- Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын Нийтлэг үйлчилгээний албаны зөвлөх инженер Дондогийн Чулуунбүргэд,
Худалдааны гавьяат ажилтан цолоор:
- “Тээвэр дархан” ХК-ийн гүйцэтгэх захирал Минээгийн Оюун,
Хүний гавьяат эмч цолоор:
- Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Урологи-Андрологийн төвийн дарга, Төрийн шагналт, анагаах ухааны доктор, профессор Дагвадоржийн Баян-Өндөр,
- Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Нуруу, нугасны тасгийн зөвлөх эмч Жадамбаагийн Оюунтөгс,
Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор:
- Нийслэлийн Амгалан амаржих газрын ахмад ажилтан, эх баригч Мижиддоржийн Аня,
- АШУҮИС-ийн менежер, их эмч Сумъяагийн Нарантуяа,
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
- Азийн буддистуудын энх тайвны бага хурлын ерөнхий нарийн бичгийн дарга Хөнхөрийн Бямбажав,
- Зурагчин Гончигийн Ган-Өлзий,
Гавьяат тамирчин цолоор:
- Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч, олон улсын хэмжээний мастер Содномдоржийн Мөнхзул,
- Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооны тамирчин, ёкозүна Сугаррагчаагийн Бямбасүрэн,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хэл шинжлэлийн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, дэд профессор Сэржээгийн Мөнхсайхан,
- “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Шүүн хатаах хэсгийн гүүрэн кранчин, Үндэсний сурын харвааны Даяар дуурсах мэргэн Лхамжавын Отгонбаяр,
- “Ий тив и” телевизийн спортын сэтгүүлч, тайлбарлагч Сосорбарамын Шижирбат,
- “Одонгоо салон”-ы үсчин Ганболдын Ганцоож,
- Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Тогтохын Алтжин,
- Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Түвшинжаргалын Энхжин,
Алтан гадас одонгоор:
- “Свебау хаус” ХХК-ийн гүйцэтгэх захирал Байх-Үрийн Хишигдорж,
- Чөлөөт уран бүтээлч, дуучин Энхбаярын Мөнгөнчимэг,
- “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын Захиргаа, санхүүгийн хэлтсийн сургалтын мэргэжилтэн Дамирангийн Оюунчимэг,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Энхтайваны Энхболд,
- Улаанбаатар төмөр замын Зорчигчийн вагон депогийн вагоны үйлчлэгч Ганболдын Оюунгэрэл,
- “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн бүртгэл мэдээллийн ажилтан Дашдаваагийн Нарантуяа,
- “Үндэсний хөгжлийн хүрээлэн” Улсын төсөвт үйлдвэрийн газрын Хууль, худалдан авах ажиллагаа хариуцсан менежер Баяраагийн Ганхөлөг нарыг шагналаа.









Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд нь амжилт, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө. Мөн Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн баярын мэнд хүргэлээ.
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
-
Хэн юу хэлэв...2021/04/27
Г.Гантулга: Цахилгаан, сантехник, инженерийн шугам сүлжээ нь тухайн айлын өмч
-
Дэлхий нийтээр..2024/05/07
Өмнөговь аймаг нэг сая мод тарьж ургуулаад байна
-
Үйл явдал2023/04/19
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Үйл явдал2026/06/29
Хөвсгөл нуур орчимд олон улсын стандартад нийцсэн хог хаягдлын байгууламжийг аши...
