Дэлхий нийтээр..
Их, дээд сургуулийн элсэлт, төгсөлтийн асуудлыг шийдвэрлэсэн тушаал гаргалаа
Улсын Онцгой комиссын хурлын тэмдэглэл гарч, Засгийн газрын 139 дүгээр тогтоол батлагдаж, бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн танхимын сургалтын үйл ажиллагааг 2020 оны есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл зогсоосонтой холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Их, дээд сургууль, коллежийн хичээл, сургалтын үйл ажиллагаанд зарим зохицуулалт хийх тухай” А/195 дугаар тушаалыг батлав. Тушаалаар ямар зохицуулалт хийсэн талаараа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр мэдээлэл хийлээ.
Элсэлтийн хувьд: 2019-2020 оны хичээлийн жилийн эхний статистик мэдээгээр 95 их, дээд сургууль, коллежид 148,5 мянган оюутан суралцаж байгаагаас төрийн өмчийн 21 сургуульд 82,9 мянган оюутан, хувийн өмчийн 71 сургуульд 66,4 мянган оюутан, гадаадын их сургуулийн салбар 3 сургуульд 190 оюутан тус тус суралцаж байна.
2020-2021 оны хичээлийн жилд бакалаврын зэргийн хөтөлбөрт их, дээд сургууль, коллежид оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын Үндэсний хэмжээний босго оноог төрийн өмчийн их, дээд сургуульд 480, төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежид 410, орон нутгийн их, дээд сургууль, коллежид 400 оноо байхаар тус тус тогтоолоо.
Улсын хэмжээнд ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн XII анги төгсөгч 27983 сурагчдад ЭЕШ-д бэлтгэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор интернэтэд үнэ төлбөргүй орох дата эрх олгох ажлыг аймаг, дүүргийн БСУГ, орон нутгийн удирдлагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулж, үүрэн телефоны операторууд үнэгүй дата бүхий дугаарыг олгох ажлыг зохион байгуулж эхэлсэн" хэмээлээ.
Түүнчлэн энэ жилээс сувилагчийн сургуульд элсэн суралцагч амжилттай суралцвал төлбөрийг нь төрөөс даах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан байна.
Төгсөлтийн хувьд: Энэ хичээлийн жилд 22,387 суралцагч төгсөх бөгөөд нийт төгсөгчдийн 17,420 нь бакалаврын, 4,572 нь магистрын, 395 нь докторын зэрэгтэй төгсөнө.
Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолоор батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-ын 4.1 дэх хэсэгт заасан оюутнуудыг хичээл сонголт болон төгсөлтийн шалгалтад бүрэн хамруулах үүрэг өгсөн. Энэхүү заалтад бүтэн өнчин суралцагч, хөгжлийн бэрхшээлтэй суралцагч, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан өрхийн гишүүнтэй 1 суралцагч, Засгийн газар хоорондын гэрээгээр суралцагч, багш мэргэжлээр суралцагч, нэг өрхийн 3 ба түүнээс дээш хүүхэд зэрэг суралцаж байгаа өрхийн 1 суралцагч, цаатан өрхийн суралцагч тус тус хамрагдана. Энэхүү буцалтгүй тусламж олгоход 2020 оны төсөвт 8,460 оюутанд 16,6 тэрбум төгрөг батлагдсан гэлээ.
2019-2020 оны хичээлийн жилийн эхний улиралд их, дээд сургууль, коллежийн 51 дотуур байранд 11,8 мянган оюутан амьдарч байсан. Одоогийн байдлаар 51 оюутны байранд нийт 412 оюутан амьдарч байна. Оюутны дотуур байранд амьдардаг оюутан, суралцагчийн эд зүйлсийг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөрт багтаан хүлээлгэн өгөх арга хэмжээ авахыг их, дээд сургууль, коллежийн захирал нарт үүрэг болгожээ.
Эх сурвалж: БСШУСЯ
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Трамп дижитал үйлчилгээний татвар ногдуулсан орнуудад 100 хувийн импортын татвар ногдуулна гэж мэдэгдэв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зургаадугаар сарын 26-ны өдөр өөрийн олон нийтийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ, Америкийн технологийн компаниудад дижитал үйлчилгээний татвар ногдуулсан улс орнуудаас импортлох бүх бараанд 100 хувийн татвар ногдуулна хэмээн анхаарууллаа.
Тэрбээр Европын хэд хэдэн улс Америкийн технологийн компаниудад дижитал үйлчилгээний татвар ногдуулах асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд зарим нь уг татварыг ойрын хугацаанд хэрэгжүүлж магадгүй байгааг онцолжээ.
Трампын мэдэгдэлд, ийм төрлийн татвар ногдуулсан аливаа улс АНУ-д экспортлох бүх бараандаа 100 хувийн импортын татвар төлөх бөгөөд энэхүү арга хэмжээ нь тухайн улстай байгуулсан худалдааны хэлэлцээрээс үл хамааран хэрэгжинэ гэж дурдсан байна.
Гэхдээ тэрээр дээрх шийдвэрийг ямар хууль, эрх зүйн үндэслэлээр хэрэгжүүлэх талаар тодорхой тайлбар өгөөгүй байна.
Сүүлийн жилүүдэд Франц, Их Британи, Испани, Итали зэрэг Европын хэд хэдэн улс Google, Amazon, Apple, Meta зэрэг Америкийн томоохон технологийн компаниудаас дижитал үйлчилгээний татвар авах бодлого хэрэгжүүлж эхэлсэн. АНУ эдгээр татварыг Америкийн компаниудыг ялгаварлан гадуурхсан арга хэмжээ гэж үзэн эсэргүүцсээр иржээ.
Харин Трампын мэдэгдлийн дараа Европын Комисс Европын Холбоо татварын бодлогоо бие даан тодорхойлох бүрэн эрхтэй бөгөөд нэг талын худалдааны аливаа арга хэмжээний хариуд шаардлагатай тохиолдолд зохих хариу арга хэмжээ авахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.
Үүнээс өмнө Дональд Трамп Франц, Их Британийн дижитал үйлчилгээний татвартай холбогдуулан хэд хэдэн удаа худалдааны хариу арга хэмжээ авахаар анхааруулж байсан юм. Харин Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон АНУ-ын дарамтад автахгүй бөгөөд Франц улс дижитал үйлчилгээний татварын бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэдгээ өмнө нь мэдэгдэж байжээ.
Дэлхий нийтээр..
Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов
-
Дэлхий нийтээр..2023/11/17
Бямба гарагт хүчит 128 бөх барилдана
-
Дэлхий нийтээр..2025/09/19
Хөвсгөл аймгийн Тариалан суманд алга болсон 2 настай хүүхдийг нисдэг тэргээр эрэ...
-
Тод зураг2019/06/30
18-25 насны залуусын майхант зуслан зохион байгуулагдана
-
Хэн юу хэлэв...2021/04/29
А.Тлейхан: Засгийн газраас нийтдээ 980 мянган хэрэглэгчийн цахилгаан, дулаан, уу...
