Тод мэдээ
Сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг гудамжны гэрэлтүүлгийг туршиж байна

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв дээр БНСУ-д үйлдвэрлэсэн сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг утасгүй интернэтийн сүлжээний төхөөрөмж бүхий гудамжны гэрэлтүүлгийг туршиж байна. Энэхүү гэрэлтүүлэг нь 300 Вт чадалтай босоо тэнхлэг (Дариус болон Савониус далбан) бүхий салхин турбин, 300 Вт чадалтай нарны цахилгаан үүсгүүр, 12 В 100 А.цаг багтаамжтай цэнэг хураагууртай, 40 Вт чадалтай LED гэрэлтэй бөгөөд 500 метерт интернет цацах төхөөрөмжтэй юм.
Тод мэдээ
Нарангийн энгэр, Цагаан давааны хогийн цэгт 30 га газрыг нөхөн сэргээв
Улаанбаатар хотод Нарангийн энгэр, Цагаан даваа, Морингийн давааны төвлөрсөн гурван том хогийн цэг байдаг. Тэдгээрт өдөрт дунджаар 3000 тонн хог хаягдал төвлөрүүлдэг бөгөөд энэ хэмжээ улам бүр нэмэгдсээр байгааг мэргэжилтнүүд хэлж байна.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-аас Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутагт орших Нарангийн энгэр, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутагт орших Цагаан давааны хогийн цэгийг үе шаттайгаар хэсэгчлэн хааж, нөхөн сэргээх ажлыг 2020 оноос эхлүүлсэн юм.
Нарангийн энгэрийн хогийн цэгийг 2007-2009 онд байгуулсан бөгөөд тус хогийн цэгийг Япон улсын буцалтгүй тусламжийн хүрээнд хог дарж булах талбайн хөрсөнд бохирдол нэвчдэггүй давхарга үеийг хийж өгснөөрөө онцлог юм. Мөн Японы стандарт жишгийн дагуу хог хаягдлын ялзрал, шүүрлээс үүдэн бий болдог бохир шингэн зайлуулах хэвтээ хоолойнуудыг суулгасан байдаг. Харин Цагаан давааны хогийн цэгийг 2011 онд бий болгосон бөгөөд хотын зүүн болоод төвийн бүсийн айл өрх, аж ахуйн нэгжүүдийн хог хаягдлыг төвлөрүүлдэг томоохон хогийн цэг юм. Тус хогийн цэгт 2011-2020 онд 16 га талбайд 20 метр өндөр, 3.5 сая куб метр буюу 2.8 сая тонн хог хаягдлыг төвлөрүүлсэн байна.
НӨХӨН СЭРГЭЭСЭН ТАЛБАЙГ ЦААШИД ХЭРХЭН АШИГЛАХ ТАЛААР Ч ЯРИЛЦАЖ БАЙГАА
Нарангийн энгэрийн хогийн цэгт 2020, 2021 онд тус бүр найман га, 2022 онд дөрвөн га, нийтдээ 20 га талбайг нөхөн сэргээгээд байгаа юм. Харин Цагаан давааны хогийн цэгт 2020, 2021 онд тус бүр дөрвөн га, 2022 онд хоёр га, нийт 10 га талбайг нөхөн сэргээжээ. Ландфил технологийн дагуу хийгдэж буй хог булах, газрыг нөхөн сэргээх ажлын явцын талаарх мэдээллийг газар дээрээс нь бэлтгэн хүргэж байна.
Улаанбаатар хотын ЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга М.Чинсанаа:
-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/ 2020 оноос эхлэн Нарангийн энгэр, Цагаан даваан дахь төвлөрсөн хоёр хогийн цэгт хог дарж булах ландфилийн талбайг хэсэгчлэн хааж, нөхөн сэргээх ажлыг эхлүүлсэн билээ. Уг ажлын хүрээнд нийт 30 га талбайн хогийг дарж булан, нөхөн сэргээн, зүлэгжүүлэх ажлыг хийсэн. Энэ жилийн хувьд Цагаан давааны хогийн цэгт хоёр га, Нарангийн энгэрийн хогийн цэг дээр дөрвөн га талбайд ландфил хийсэн. Цагаан давааны хогийн цэг нийтдээ 98 га талбайг эзэлдэг. Дахин хог хаях боломжгүй болтлоо дүүрсэн хэсгүүдэд нь ландфил технологиор хог булж, газрыг нөхөн сэргээж байна. Нөхөн сэргээсэн талбайг цаашид хэрхэн ашиглах вэ гэдгийг ч ярилцаж байна. Хог булсан газрыг зүлэгжүүлж, ургамал тарьж буй хэдий ч барилга барьж, бүтээн байгуулалт хийх боломжгүй. Тиймээс хөл бөмбөгийн талбай болгон ашиглах зэрэг боломжит хувилбарыг ярьж байна. Гэхдээ хамгийн түрүүнд булсан хогноос ялгарч буй метан хийг байгальд хоргүй байдлаар шатаах талаар холбогдох төрийн байгууллагууд болоод гадаадын хөрөнгө оруулагч донор байгууллагуудтай ярилцаж судалж байгаа.
-Нийслэл Улаанбаатар хотын хувьд хог боловсруулах үйлдвэр хэзээ баригдах бол?
-Улаанбаатар хотын хэмжээнд Цагаан даваа, Нарангийн энгэрт Эко паркийн төлөвлөлтийг хийсэн. Төлөвлөсний дагуу олон улсын донор байгууллагуудын дэмжлэгтэйгээр хэд хэдэн үйлдвэр баригдаж байгаа. Мөн хогийг эргэлтэд оруулж дахин боловсруулах үйлдвэрүүдийг барьж байгаа. Энэ чиглэлээр ажиллах хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, газрыг нь олгож, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх бодлогыг барьж байна. Нарангийн энгэр, Цагаан даваанд хог ангилан ялгах, хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах, Морингийн даваанд хатуу хог хаягдлыг эргэлтэд оруулах чиглэлийн үйлдвэрүүдийг барьж байгуулахаар ажиллаж байна гэлээ.
ХОГ БУЛСАН ТАЛБАЙ АТАРШИЖ, ЭРҮҮЛ ГАЗАР МЭТ САЙХАН БОЛЖ БАЙНА
Цагаан давааны хогийн цэгийн нөхөн сэргээх ажлын гүйцэтгэгчээр "Улаанбаатар шинэчлэл" ХХК ажиллаж буй юм. Тус компанийн ерөнхий захирал М.Түвдэндорж:
-Улаанбаатар хотын ЗАА-тай хамтран сүүлийн гурван жилийн турш хогийг ландфилийн аргаар дарж булах ажлыг гүйцэтгэж ирлээ. 2020, 2021 онд хог дарж булсан талбайнууд маань ургамал ногоогоор хучигдсаныг та бүхэн харж байна. Энэ талбай жил ирэх тусам атаршиж, хогийн цэг байгаагүй, эрүүл газар юм шиг сайхан талбай бий болсон байна.
-Хог булах ландфилийн аргыг дэлгэрүүлэн тайлбарлаж болох уу. Хогийг хэдий хэр гүнд булдаг вэ?
-Хогийг газрын гүнд 60 см-ээс 1.2 метр, зарим хэсэгт 1.5 метр хүртэлх гүнд байгалийн хөрс нягтаршуулж, дээр нь 30-40 см хар шороо татаж, үр цацдаг. Гурван жилийн хугацаанд 10 га газрыг нөхөн сэргээгээд байна. Газрын гүнд хуримтлагдсан хийг гадагшлуулах үүрэгтэй метан хоолой, цооногийг гүнд 3-4 метрт суурилуулсан. Хог хаягдлыг жалга, гуу газарт ландфил технологиор дарж булж байгаа нь ирээдүй хойчдоо хийж буй буянтай үйл гэдгийг онцолмоор байна. Ер нь бол цаашдаа хогийг дарж булах биш боловсруулах үйлдвэр барих нь зүйтэй санагддаг гэсэн юм.
Тод мэдээ
"Тогтвортой хөгжлийн зорилго" нээлттэй өдөрлөг зохион байгуулна
"Алсын хараа 2050" болон Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхэд хүн бүрийн оролцоо чухал. Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд иргэд, байгууллагуудын оролцоо, түншлэлийг дэмжихэд чиглэсэн “Тогтвортой хөгжлийн зорилгын нээлттэй өдөрлөг”-ийг ирэх есдүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулах юм.
Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх, дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа, төсөл, санаачилга, сайн туршлагаа танилцуулах боломжийг олгож буй энэхүү нээлттэй өдөрлөгт дараах байгууллагуудыг өргөнөөр оролцохыг урьж байна. Үүнд:
Төрийн байгууллагууд;
Иргэний нийгмийн байгууллагууд; иргэдийн сайн дурын хөдөлгөөн
Хувийн хэвшлийн байгууллагууд;
Шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний байгууллагууд;
Их, дээд болон ерөнхий боловсролын сургуулиуд;
Олон улсын байгууллагууд;
Хүүхэд, залуучуудын төлөөллийн байгууллагууд;
Хэвлэл мэдээллийн байгууллагууд
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс авна уу.
Монгол хэлээр: https://bit.ly/3vVKUBr
Англи хэлээр: https://bit.ly/3zL7wFT
Тод мэдээ
Арилжааны 9 банкинд торгох шийтгэл ногдууллаа
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК, “Аригбанк” ХХК, “Чингисхаан банк” ХХК, “ХААН банк” ХХК, “Худалдаа хөгжлийн банк” ХХК, “Тээвэр хөгжлийн банк” ХХК, “Хасбанк” ХХК, “Богдбанк” ХК, “Голомтбанк” ХХК, “Капитронбанк” ХК, “Төрийн банк” ХХК-уудад холбогдох 2202000183 дугаартай хэрэг нээж зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хийж дуусгалаа.
Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад холбогдогч 11 банкнаас зээлдэгчийн төлж буй 0.5-1 хувийн шимтгэл нь тухайн зээлдэгчид зарцуулагдаж байгаа эсэх талаар шалгахад зээл үүсгэх харилцаа, зээлийн өргөдөл гэх мэт ажиллагаануудыг хийхэд гарах зардлын талаар тодорхой тооцоо судалгаа гаргаагүй, бодит зардалтай нь уялдуулахгүйгээр тогтоосон нөхцөл байдал илэрсэн.
Энэ нь орон сууцны хөнгөлөлттэй ипотекийн зээл олгосны шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоолгүйгээр зээл олгосны шимтгэлийг 0.5-1 хувиар тогтоосон нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4-ийн 4.7-г зөрчиж хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан гэж үзлээ.
Иймд “Аригбанк” ХХК, “ХААН банк” ХХК, “Худалдаа хөгжлийн банк” ХХК, “Тээвэр хөгжлийн банк” ХХК, “Хасбанк” ХХК, “Богдбанк” ХК, “Голомтбанк” ХХК, “Капитронбанк” ХК, “Төрийн банк” ХХК-иудын хууль зөрчсөн үйлдэлд тус бүр 20 сая төгрөгийн торгох шийтгэл оногдууллаа.
Мөн нэр бүхий 9 банкинд зээл олголтын шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоох, харилцагчтай байгуулж буй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах, зөрчлийн үр дагаврыг арилгахыг тус тус даалгаж, 30 хоногийн хугацаатай “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай” албан даалгавар хүргүүллээ гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.
-
Тод индэр2020/06/10
Филип Х.Лью: Манай хоёр орны хамгийн бат бөх бөгөөд тогтвортой харилцаа нь цэрги...
-
Тод мэдээ2020/08/13
"Боловсролын салбар дахь цахим шилжилт" хэлэлцүүлэг боллоо
-
Өнөөдөр2020/07/11
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
-
Өнөөдөр2020/05/27
Ө.Энхтүвшин: Шинэ цэвэрлэх байгууламжийн ажлыг түргэтгэх шаардлага байна