Тод индэр
Улаанбаатарын зовлонг нимгэлэх гэр хороолол дахь инженерийн хувьсгал
Ялангуяа гэр хороололд амьдарч байгаа айлууд...Гэрэлгүй, харанхуй гудамж, хүүхдийн тоглоом бүү хэл сургууль цэцэрлэггүй орчин, шавар шавхай, үер ус, гэмт хэрэг зөрчил, архидалт, ажилгүйдэл гээд тулгамдсан олон асуудал, түмэн саад бэрхшээлийг туулж яваа иргэдийн амьдралыг хэрхэн өөд нь татах вэ? Хэрхэн үүнийг даван туулах вэ гэдэг асуудал өнөөдөр нэн тэргүүнд тавигдаад байна.
Энэ асуудлыг даван туулахын тулд хамгийн түрүүнд барилгажуулах, гэр хорооллын айлуудыг орон сууцжуулах шаардлага тулгарсан. Өнөөгийн Улаанбаатар хотын барилгажилтын түүхийг сөхөж харья.
ДАМНУУРЧНЫ ГУДАМЖНААС БРЕЖНЕВИЙН БЭЛГИЙН ЦЭНХЭР ХҮРТЭЛ...
Өнөөгийн Улаанбаатар хотын барилгажилт, тэр дундаа орон сууцны барилга байшингийн талаарх үүх түүх тийм ч зузаан биш. Өнгөрснийг сөхөөд харвал барилгажуулалтын томоохон ажлууд урд, хойд хөршийн найрамдалт харилцаатай нарийн холбоотой байжээ.
Монгол, Хятад хоёр улсын харилцаа эрс сайжирч, 1950 оны эхээр 12 мянган хятад ажилчин төмөр замаар орж ирж, бүтээн байгуулалтын томоохон ажлууд хийсэн байдаг. Богдын хүрээний амин судас болсон Гандан хийдийг бараадан, Өндөр хоршоог дагаж амьдралаа залгуулдаг олон мянган өрх амьдарч байсан Усны гудамж, Төмөрчний гудамж, Баруун Сэлбийн гудамж, Тээхийн хоршооноос урагш чиглэсэн барилгажуулалтын ажил 1950-1960-иад оны үед ид өрнөжээ. Олон мянган айлыг нүүлгэн шилжүүлж, олон эхнэрийг нойргүй хонуулсан энэ барилгажуулалтын үр дүн нь өнөөгийн 120 мянгат, 40 мянгат, 50 мянгат гэх мэт хотын төвийн томоохон хорооллууд. Тухайн үед улаан шугамтай хуудас цаас авсан айл бүр газраа чөлөөлөн өгч байсан гэдэг. Тэгвэл үүний дараагийн хоёр дахь том барилгажуулалт ЗХУ-ын тусламжаар баригдсан гэхэд үнэнээс нэг их хол зөрөхгүй. Хятад ажилчид буцсаны дараахан тухайн үеийн ЗХУ-ын удирдагч Брежнев Монголд айлчлав. Тэрээр хоосон ирсэнгүй. Улаанбаатар хотод III, IY хорооллыг бүхлээр нь бэлэглэж, эндээс орон сууцны томоохон хороолол барих том ажил өрнөжээ.
Энэ бэлэг бас л багагүй үймээн дэгдээгээд авсан гэж байгаа. “Брежневийн бэлгийн цэнхэр” гэж нэрлэгддэг өнөөгийн III, IV хорооллыг барих гэж тухайн үеийн хот тохижуулалтынхан, Улаанбаатар хотын захиргааныхан багагүй сандарсан юм гэнэлээ. Айлууд газраа чөлөөлөхгүй хэмээн эсэргүүцэж, зарим нь машины дугуйн дор хэвтэж үхнэ хэмээн айлгаж, 500 гаруй айлуудыг нүүлгэхийн тулд багагүй зовлон амссан гэдгээ тэр үеийн хотын удирдлагууд өнөөдөр ч хуучилдаг. Энэ тухай алдарт "Аман хуур" кинонд ч тодорхой өгүүлдэг. Шинэ хороолол барихын тулд айлуудыг хөөж хашаа байшинг нь нураахдаа юун нөхөн төлбөр, ядахдаа буух газар зааж өгөөгүй гэдгийг зохиолч Д.Дожоодорж, найруулагч Б.Жамсран нар энэ кинонд үзүүлжээ. Дарь авгай "хот тохижуулах газар биш, хот бусниулах газар" хэмээн цамнаж байгаагаас харахад тухайн үед иргэд багагүй бухимдаж байсан нь илт.
Брежневийн бэлгийн цэнхэр байрнуудын араас орос инженерүүд, орос зураг төслийн дагуу Сансар, I хороолол, таван шарын барилгууд баригдсан.
Сонирхуулахад, 1989 оны байдлаар манай улсад Зөвлөлтийн 19 000 мэргэжилтэн ажиллаж байснаас 9700 нь барилгачид, 1700 нь инженер техникийн ажилчид байжээ. Төсөв мөнгийг нь бэлэг, зээл хоёроор шийдэж, газар чөлөөлөх том асуудлыг захиргаадалтын хүчээр давж гарч байж бид орон сууцны хэдэн хороололтой болж чадсан. Энэ бол түүх.
ОРОС АХ НАРЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ НУРААСАН ИХ НҮҮДЭЛ
Уг нь Улаанбаатар хот ямар хот байх вэ гэдгээ одоогоос бүр 66 жилийн өмнө төлөвлөжээ. Тодруулбал, Улаанбаатар хотын анхны ерөнхий төлөвлөгөөг 1954 онд орос ах нарын тусламжтайгаар хийж, хэд хэдэн удаа тодотгожээ. Хамгийн сүүлд орос ах нар 1986 онд Улаанбаатар хотын төлөвлөгөөг шинэчлэн зурж, 2010 он гэхэд 750 мянга оршин суугчтай байхаар төлөвлөжээ. Гэвч Нийслэл рүү чиглэсэн том нүүдлийн цуваа 1990 оноос эхлэв. Нэг хүнд оногдох газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг хэмээн бахархдаг Монголчууд нийслэлдээ багтахаа байж, 2010 он гэхэд аль хэдийнээ 1.1 сая оршин суугчтай болсон байлаа. Орос ах нарын өнөөх том төлөвлөгөө нуран унаж, гэр хорооллын оршин суугчдын хувьд бие засах жорлонгоос эхлээд түлэх түлээ, уух ус, хүүхдээ сургах сургууль цэцэрлэг, суух унаа машины хомсдолд оров.
Нэг хашаанд бөөнөөрөө амьдрах болсон нүүдэлчин монголчууд хашааныхаа дөрвөн буланд ээлж дараалан жорлонгийн нүх ухаж, уух усаа амтай сав болгондоо дүүргэж, хаягдал дугуйнаас эхлээд түүхий нүүрс түлж, айл болгон хөл дүүжлэх унаатай болохоор хуучин машин гаднаа зоов. Үр дүн нь агаарын болон хөрсний бохирдол, замын түгжрэл, ундны усны хомстол, сургууль цэцэрлэггүй хүүхдүүд... Хүүхдээ харах, сургуульд зөөхөөр гэртээ суух болсон цалингүй, орлогогүй ээжүүд... Амьжиргаагаа залгуулах гэж хар бор ажил хийж амралтгүй зүтгэсээр эрүүл мэндээ гаргуунд орхисон эрчүүд... Амьдралын наад захын бэршээлд сөхөрч, архи эргүүлэн гудамжны үзүүр сахих залуучууд...Ядуурал, гэмт хэрэг дүүрэн гэр хорооллын амьдрал өрнөж байна. Улаанбаатар хотын энэ том бэрхшээлийг давж гарахын тулд гэр хорооллыг орон сууцжуулах зайлшгүй шаардлага тулгарсан.

ГЭР ХОРООЛОЛД ӨРНӨЖ БУЙ ШИНЭ ХУВЬСГАЛ
Хотжиж амжаагүй, хотдоо бүрэн тохижиж чадаагүй Монголчуудын хувьд томоохон бүтээн байгуулалтын ажлууд, тэр дундаа гэр хорооллыг барилгажуулах асуудал нилээд төвөгтэй, бас адармаатай үргэлжилсээр өнөөдрийг хүрч байна. Э.Бат-Үүл тэргүүтэй АН-ынхан газрыг нь чөлөөлүүлж аваад байшин барилга барьж гэр хорооллыг орон сууцжуулах том төслийг сүр дуулиантай эхлүүлсэн. Харамсалтай нь газартай болсон ч мөнгөтэй болж чадаагүй олон барилгын компани залилагч нэр зүүгээд хоцорсон. Орон сууц барихын тулд газраас гадна инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц барих шаардлагатайг, мөнгө хэрэгтэйг тэд бүрэн тооцож чадаагүй хэрэг.

Үүний дараа Засгийн газар, Нийслэлийн Засаг тамгын газар, Азийн хөгжлийн банктай хамтран “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг эхлүүлэв. Энэ төслийн гол зорилго дэд бүтэц, инженерийн шугам сүлжээг гэр хороололд авчрах 6 дэд төвийг байгуулах юм. Төсөл үндсэндээ гурван үе шаттай, 9 жилийн хугацаанд үргэлжилж, зургаан шинэ дэд төвийг барьж байгуулна. Энэ ажилд өнөөдрийн байдлаар 50 гаруй компанийн 2000 гаруй монгол хүн ажиллаж байна. Төслийн хүрээнд Сэлбэ, Баянхошуу, Дэнжийн мянга, Дамбадаржаа, Толгойт, Шархад гэсэн 6 шинэ дэд төвд дулаан хангамжийн шугам татаж, шинээр дулааны станц барьж, усан хангамж, ариутгах татуургын шугам сүлжээг байгуулна. Мөн авто зам барьж, цахилгаан, мэдээлэл холбооны шинэ сүлжээг татаж, үерийн далангууд шинээр барьж, үүнийг дагасан ногоон байгууламж бүхий тохижилтын ажлуудыг хийж байна. Энэ төслийн эцсийн үр дүн нь гэр хорооллыг орон сууцжуулах суурь инженерийн дэд бүтцийг цогцоор нь бүрдүүлж өгнө. Бэлэн дэд бүтэц түшиглэн баригдаж байгаа учраас орон сууцны үнэ иргэдийн орлогод нийцсэн байхаар тооцож байгаа юм.

Орон сууцны болон үйлчилгээний олон шинэ барилга байшинг дагасан хүн амын төвлөрөл бий болохыг харгалзан үзэж хүүхдүүд хүмүүжих цэцэрлэг, иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн, усан бассейн бүхий спорт цогцолбор, залуучууд сурч боловсрох Мэргэжил сургалтын төвийг дээрх 6 шинэ дэд төв дээр барьж байна. Энэ бол Улаанбаатар хотод сүүлийн 40-өөд жил хийгдээгүй том бүтээн байгуулалтын ажил. Нийт хүн амынх нь бараг тал хувь нь Нийслэлдээ амьдардаг. Нийслэлийн иргэд нь Сүхбаатарын талбайгаа тойрон ажил амьдралаа залгуулдаг, хэт төвлөрсөн энэ хотын зовлонг нимгэлэхэд энэ төсөл яалт ч үгүй шаардлагатай, бас үр өгөөжөө өгөх эд. Учир нь төслийг хэрэгжүүлэхийн тулд олон жил судалгаа хийж, иргэдийн ахуй амьдралаас эхлээд хөрс, агаарын бохирдол, хүн амын өсөлт зэргийг нарийн судалж байж эхлүүлжээ. Нэн тэргүүнд цэвэр ус, ариутгах татуургын шугам татаж, цахилгаан эрчим хүч, дулааны шугам сүлжээ, үерийн ус зайлуулах далан суваг барьснаар энд баригдах орон сууцны үнэ буурах нөхцөл бүрдэнэ. Энд гэр хорооллын айлуудыг орон сууцжуулах төсөл хөтөлбөрүүд жинхэнэ утгаараа хэрэгжих боломж бүрдэнэ. Ганцхан жишээ дурдахад Нийслэлийн орон сууцны корпарациас зарим айлын газрыг Буянт-Ухаа хорооллын орон сууцны байруудаар сольж аваад эхэлжээ.
Түрээслээд өмчлөх боломж бүхий урьдчилгаа төлбөргүй, бага хүүтэй орон сууцны барилга барихаар төрөөс хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллаж эхлээд байна. Шинэ дэд төв төслийн хүрээнд “Бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэл”-ийн төвийг 4 дэд төвд барьж байна. Энэ төвийг байгуулснаар иргэд төрийн бүх үйлчилгээг гэрийнхээ дэргэдээс авах боломжтой болно. Ямар нэг лавлагаа, бичиг баримт, тодорхойлолт авахаар Баянхошуу, Сонгинохайрхан, Дэнжийн мянгаас иргэд хотын захиргаа руу ирэх шаардлагагүй. Энэ хэрээр хотын төвийн түгжрэл буурна. Хамгийн гол нь энд сургалтын төвүүд ажиллаж, томоохон худалдаа үйлчилгээний төвүүдийг байгуулж, хотын төвөөс бага түрээстэй ажлын байрууд бий болно. Энд ажиллах ажилчдыг бэлтгэх, гар урлал, хоол хүнсний үйлдвэрлэл эрхлэх иргэдийг бэлтгэхийн тулд сургалтын төвүүдийг давхар ажиллуулах юм. Өнөөдрийн байдлаар Баянхошуунд “Бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэл”-ийн төвд Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээ үйл ажиллагаа явуулж, төрийн бүхий л үйлчилгээг иргэдэд үзүүлж байна.
Мөн Сэлбэ төвийн “Бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэл”-ийн төв хэдхэн хоногийн дараа үүд хаалгаа нээж, үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болжээ. Төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 14-р хороонд барьж буй 28Мвт хүчин чадалтай гурван зуух бүхий дулааны станцын барилга угсралтын ажил өнөөдөр 80 гаруй хувьтай хэрэгжиж байна. Сэлбэ дулааны станц ашиглалтад орж эхний ээлжинд 35 дугаар сургууль, 51 дүгээр цэцэрлэг гэх мэт төрийн болон хувийн хэвшлийн олон байгууллагууд дулаан цахилгаанаар хангагдана. Мөн гэр хорооллын айл өрхийн нүүрсний хэрэглээг жилд 15 мянган тонноор бууруулж, 10000 өрхийн зуух, 10 гаруй аж ахуйн нэгжийн халаалтын асуудлыг шийдэх боломж бүрдэнэ.
Дулааны 3 станцаа царайчилж, гэр хороолол руу татах шугам сүлжээний зардал мөнгөнөөс болж айл өрхүүд бүү хэл албан газрууд хүртэл яндан зоож, агаараа бохирдуулж байгаа энэ үед бага оворын ийм дулааны станцууд баригдснаар нийслэлийнхний шүдний өвчин болж хувираад байгаа агаарын бохирдол ч буурч, ажлын байр нэмэгдэнэ. Гэр хороололд өрнөж байгаа энэ их бүтээн байгуулалтууд бидний өмнө дурьдсан хятад орос ах нарын барилгажуулалтын ажлаас эрс ялгаатай. Энд Монголчууд ажиллаж, Монголчууд хөрөнгө мөнгөний асуудлаа гадныхантай хамтран шийдэж айл өрхүүдээс газрыг нь үнэлж авч байгаа. Өнөөдрийн байдлаар гэхэд 1000 гаруй айл газраа чөлөөлж өгч, 30 гаруй тэрбум төгрөг авч, ихэнх нь орон сууцанд оржээ. Алдарт аман хуур киноны Дарь авгай шиг бухимдаж, уурлах ч шаардлага гарсангүй. Хаашаа очихоо, яахаа мэдэхгүй төөрч, тэнэсэн ч үгүй. Асуудал эв зүйгээр шийдэгдэж, гэрээ хэлцэл байгуулаад газраа чөлөөлж өгч байна. Улаанбаатарчуудад хэрэгтэй, улс орны амьдралд ашигтай зүйл хийж байгааг иргэд дэмжиж байна.

Дөрвөн уулын дунд Алтан тэвшийн хөндийд одоогоос 242 жилийн тэртээ суурьшсан Улаанбаатар хотын зовлон их. Агаар, хөрсний бохирдол ихтэй, ус цахилгааны хангамж муу, үер усны далангүй, хэт төвлөрсөн, иргэд нь ажилгүйдэл, ядууралд баригдсан, ундны ус нь хомстож байгаа гэх мэтээр зовлон тоочоод, тоо баримт бичээд байвал уртаас урт жагсаалт гарна. Харин энэ зовлонг нимгэлэх ганц боломж бол өнөөдөр хэрэгжиж байгаа “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”. Нийслэлийнхний амьдралыг нийтээр нь өөрчилж чадах энэ хөтөлбөрийг “Гэр хороолол дахь инженерийн хувьсгал гэж нэрлэсэн нь хий хоосон магтаал бус гэдгийг дээрх баримтууд гэрчилнэ.
Тод индэр
У.Баатар: “Сэлбэ 20 минутын хот” төслийн гол хөдөлгөгч хүч нь нийтийн эрх ашиг юм
Нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, 50 орчим мянган иргэн аюулгүй, тав тухтай, эрүүл, ногоон байгууламж бүхий орчинд амьдрах боломжийг бүрдүүлэх “Сэлбэ 20 минутын хот” төсөл хэдийн эхлэлээ тавьж, бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Монгол Улсад анх удаа бүтээн босгож байгаа нийгэм, эдийн засаг, байгаль орчин гээд олон талын ач холбогдолтой энэхүү томоохон төслийг удирдан хэрэгжүүлэгч “Сэлбэ хорин минутын хот корпорац” ХХК-ийн Гүйцэтгэх захирал У.Баатартай ярилцлаа.
-Сүүлийн жилүүдэд “20 минутын хот” гэх нэр томьёо багагүй яригдах боллоо. Энэ нь ямар утга агуулгатай ойлголт юм бэ?
-“20 минутын хот” гэдгийг энгийнээр тайлбарлавал, тухайн бүсэд амьдарч байгаа хүн өдөр тутмын болон өөрт хэрэгтэй бүхий л нийгэм, соёл, төрийн үйлчилгээнд 20 минутад явганаар хүрч очих боломжийг бүрдүүлсэн төлөвлөлт, зохион байгуулалт юм. Сүүлийн жилүүдэд дэлхийн томоохон хотууд яг л манайх шиг түгжрэл, утаа, дуу чимээ гээд төвлөрлөөс үүсдэг олон хүчин зүйлийг давахын тулд дэд төвүүдийг бий болгож ирсэн. Олон улсад анх 15 минутын хот гэсэн концепцтэй гарч байсан. Одоогоор дэлхий нийтэд 100 орчим хот энэ концепцын дагуу төлөвлөлтөө хийгээд хэрэгжүүлчихсэн байна. Хэрэгжүүлэх шатандаа явж байгаа 50 орчим хот байгаа юм билээ. Энэ жишгээр “Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалтыг эхлүүллээ.
-Нийслэлчүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудал бол утаа, замын түгжрэл, орчны бохирдол, хэт төвлөрөл. “Сэлбэ 20 минутын хот” төсөл эдгээр асуудлыг шийдвэрлэхэд ямар хувь нэмэр оруулах вэ?
-Улаанбаатар нэг саяас дээш хүн амтай том хот болчихлоо. Сүүлийн 20 гаруй жил хотын хүн амын төвлөрөл хурдацтай нэмэгдэж байна. Улаанбаатар хотод гол ажлын байрууд төвлөрсөн, ДНБ-ий дийлэнх хувийг үйлдвэрлэж байна. Хүн амын төвлөрөл нэмэгдээд эхлэхээр нийгмийн үйлчилгээ болон дэд бүтэц хүртээмжгүй болж байна. Хүн амын нягтралын өсөлтийг бүтээн байгуулалт нь гүйцэхгүй байна гэсэн үг. Мөн дэлхийн бүхий л томоохон хотуудад байдаг түгжрэлийн асуудал болон эрс тэс уур амьсгал, дэд бүтцийн хүртээмжгүй байдлаас шалтгаалсан агаарын бохирдол зэрэг хүчин зүйлүүд ар араасаа гарч ирж байна. Эдгээрээс гадна соёл, боловсролын үйлчилгээ бүгдэд тэгш хүрч чадахгүй байна. Ийм учраас эдгээр асуудлыг богино хугацаанд зөв голдиролд нь оруулах томоохон сорилт бий болсон. Манай хотын хувьд Сүхбаатарын талбайгаа тойроод урлаг соёл, төрийн захиргаа, сургууль, бизнесүүд төвлөрчихсөн учраас яах аргагүй төв рүү чиглэсэн урсгал ихтэй.
Улаанбаатар хотын төлөвлөлт, хөгжил нь өнгөрсөн зуунд социалист нийгмийн үзэл баримтлалаар бий болсон учраас нийтийн төлөвлөлтөөр хязгаарлагддаг байлаа. 40, 50 мянгат гэсэн томоохон хорооллын төлөвлөлт нь тухайн цаг үеийн нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангаж байсан ч өнөөдрийн амьдралын хэмнэлд тохирохгүй байгааг бүгд харж байна. Бүх хүн нийтийн тээврээр ажилдаа очдог байсан үетэй харьцуулахад айл бүр автомашинтай, хороолол болгон үйлчилгээний төвтэй болж, үүнийг дагаад үйлчилгээний талбай, бизнесийн нэгж, газар ашиглалт, автомашины зогсоол зэрэг хүртээмжийн асуудал гарч ирж байна. Цаашлаад хувийн өмчтэй байх ойлголт өнгөрсөн нийгэмд байгаагүй бол ардчилсан, чөлөөт нийгмийн өөрчлөлтөө дагаад хот төлөвлөлтөд хүний хөгжил, орчны чанар, нийтийн ба хувийн орон зайн зөв зохицлыг илэрхийлэх ёстой болжээ. Сүүлийн жилүүдэд барилгын салбарт бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж, шинэчлэгдэж байгаа ч цогцоор нь хараахан шийдэж чадаагүй байна.
“Сэлбэ 20 минутын хот”-ын төлөвлөлт нь барилга байгууламжаас гадна тээврийн системийг хөгжүүлэх, хотыг бүрэн шинэчилж, нийгмийн өөрчлөлттэй холбож сайжруулж байгаагаараа ялгаатай. Одоогоос арваад жилийн өмнө хотын төвлөрлийг сааруулах, инженерийн дэд бүтэц бий болгох, алслагдсан дүүргүүдэд шинэ төвүүд бий болгох зорилгоор Сэлбэ, Баянхошуу дэд төвийг байгуулах эхлэл тавигдаж байсан. Тухайн үед Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр багагүй хөрөнгө оруулалт хийж, дэд бүтцийн ажил нэлээн хийсэн байдаг. Гэсэн хэдий ч амжилттай хэрэгжээгүй энэ ажлыг “Сэлбэ 20 минутын хот” концепцоор үргэлжлүүлж байна. 2023 оны сүүлч 2024 оны эхэн үеэс Чингэлтэй дүүргийн 14, 18-р хороо, Сүхбаатар дүүргийн 14-р хорооны 158 га газрыг чөлөөлөхөөр одоогийн хотын удирдлагууд шийдэж, нийт газрын 92 хувийг нь чөлөөлөөд байна. Энэ хугацаанд ТЭЗҮ, зураг төсөл, судалгаа, хөрөнгө оруулалт гээд маш олон ажил хийсэн. 2025 онд тендер сонгон шалгаруулалт болон бүтээн байгуулалт, барилгын ажлууд эхэлсэн.
-Та төслийг хэрэгжүүлэх ажлаа хэзээ хүлээн авсан бэ?
-Хотын иргэдийн хамгийн тулгамдсан асуудал болсон түгжрэлийг бууруулах нэгдсэн нэгжийг удирдаж байгаад “Сэлбэ 20 минутын хот” төсөл рүү томилогдож ирээд хагас жил гаруй болж байна. Миний хувьд барилга, бүтээн байгуулалтын салбарт 20 гаруй жил ажилласан. Ажлын туршлага, арга барил гээд салбарынхаа жаргал, зовлонг ойлгож мэддэг учраас энэ ажил маань илүү ойр дөхөм санагдаж байгаа. Төслийг эхлүүлээд дуусах хүртэл нь хугацаанаас илүү чанарт анхаарч ажиллах мэргэжлийн баг бүрдүүлж, нягт хамтран ажиллах итгэл үнэмшил, зорилго бидэнд бий.
-Төслийн онцлог давуу тал юу вэ, яг хөрсөн дээрээ дэлхийн жишиг шиг бүтээн байгуулалт хийгдэх үү?
-Манай төсөл олон жил дэд бүтэц муутай байсан суурьшлын бүсийг шинэчлэн зохион байгуулж, одоо байгаа дэд бүтцийг нь өргөтгөж, иргэдийн амьдрах орчныг илүү сайжруулна. Амьдралын чанарт нь эергээр нөлөөлнө. Зөвхөн төсөл хэрэгжиж буй 158 га-гаар хязгаарлагдахгүй, зуслангийн ногоон бүс тэр чигтээ бизнес, эдийн засгийн хувьд дам нөлөөлөлд өртөнө. Төслийн үндсэн байршил Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт боловч Баянзүрх дүүргийн зарим хороо, 100 айл, Чингэлтэй, Хайлааст, Дамбадаржаа, Бэлх, Сэлх орчмын иргэд, оршин суугчид тэр чигтээ энэ дэд төвөөс үйлчилгээ авахаар зорьж ирэх төлөвлөлттэй.
Төслийн цар хүрээг тоон утгаар илэрхийлбэл, 1974-1982 оны хооронд барьж байгуулсан 3, 4 дүгээр хороололтой зүйрлэхээр хэмжээний том бүтээн байгуулалт, орон сууцны хорооллын бие даасан хот босох юм. Төсөл хэрэгжүүлж буй бүсэд 45-50 мянган хүний төвлөрөл бий болно. Бусад ойр орчмын бүсээс 300-400 мянган хүн дамжин өнгөрөх, зорин ирэх төв болгосноор бизнес эрхлэгчдэд зах зээлийн боломж олгож байна. Эдгээрээс гадна тухайн бүсэд амьдарч байгаа хүмүүсийн ая тухтай, аюулгүй байдлыг хангаж, сургууль цэцэрлэг болон бусад үйлчилгээг ойроос авах нөхцөлийг бүрдүүлэх нь бидний гол зорилго. Үндсэн төлөвлөлтөөрөө улсын гурван сургууль, таван цэцэрлэг барина. Цаашид ч хувийн сургуулиудыг оруулж ирнэ. Сургууль, цэцэрлэгийн хүртээмж, боловсролын чанарыг сайжруулахаас гадна авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад эерэг нөлөөтэй.
Үндсэндээ “Сэлбэ 20 минутын хот” бол Улаанбаатарын 14 дагуул хотын хамгийн эхний бүтээн байгуулалт болж, хүн амьдрахад таатай орчныг бүрдүүлж байгаа гэж ойлгож болно. Энэ төслөөс дараа дараагийн дагуул хотуудын жишиг, загварыг гаргаж ирэх боломжтой. Эхний юм бүхэн төгс болохгүй байж мэдэх ч алдаа оноогоо цэгнэж сайжруулаад явах боломжтой.
-“20 минутын хот” концепцыг харвал, нийгэм, эдийн засаг, байгаль орчин гээд олон салбарт эерэг нөлөөтэй юм билээ. Тухайлбал, байгаль орчин, нийгмийн хувьд ямар үр ашиг гарах вэ?
-Тэнд амьдарч байсан 2000 орчим айлын газрыг чөлөөлж байгаа. Урьд нь тэнд байсан өрхүүд гал түлдэг, модон жорлонтой, усаа зөөдөг байсан бол энэ нөхцөл байдал шууд өөрчлөгдөж байна. Амьдралын чанар нь сайжирна гэсэн үг. Дараагийн нөлөө нь бусад үйлчилгээ буюу эрүүл мэнд, боловсрол, урлаг соёлын хүртээмж нэмэгдэнэ. Сургууль, төрийн үйлчилгээ, худалдаа, үйлчилгээний төвүүд, кино театр зэрэг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжууд нэмэгдэнэ.
Байгаль экологийн хувьд, төсөл бүрэн хэрэгжсэнээр 15 мянган яндан, 12 мянган нүхэн жорлонг буулгана. Тоо хэлэх амархан хэдий ч чанар, зорилго нь чухал учраас илүү том утга агуулгаар нь харж байна. Яг өнөөдрийн байдлаар бид 2500-3000 айлын янданг буулгасан. Зөрүүлээд 12-13 мянган айлын орон сууц барьж байна. Тэгэхээр шууд утгаараа 15-16 мянган яндангаас утаа гарах дайны агаарын бохирдлыг бууруулж байна гэж болно. Хамгийн чухал нь гэр хороолол, зуслангийн бүсэд эрүүл мэндийн ноцтой эрсдэл үүсгэж буй хөрсний бохирдлоосоо сална. Он удаан жил суурьшлын бүсэд байсан уламжлалт нүхэн жорлонг боломжит бүх хэлбэрээр зөөж, оронд нь цэвэр шороогоор булж ариутгасан. Ер нь бид нүдэнд харагддагаар нь утааг яриад байгаагаас биш халдварт өвчний эх үүсвэр болж ундны усыг бохирдуулж байгаа хөрсний бохирдол үнэхээр гамшгийн хэмжээнд байна. Тиймээс гэр хорооллыг орон сууцжуулах нь зөвхөн утааг бууруулж, янданг цөөлөхөөс гадна олон төрлийн эрсдэлийг үүсгэж байгаа хөрсний бохирдлыг шийдэж, хөрсийг ариутгах, цэвэрлэх боломжийг бий болгож байна.
-Эдийн засгийн үр өгөөж нь юу байх вэ?
-20 минутын хот концепц бүрэн утгаараа хэрэгжиж хүмүүс түгжрэлд зарцуулах цагаа багасгаад эхлэхээр алдагдсан боломжийн өртгийг бууруулна. Нэг судалгаанаас дурдахад, хүн өдөрт дунджаар 2.5 цагийг түгжрэлд зарцуулж байна. Үүнийг мөнгөн дүн рүү шилжүүлбэл, нэг хүн жилдээ 2,4-2,5 сая төгрөг, нэг өрх 10-11 сая төгрөгийг зөвхөн түгжрэлд үргүй зарцуулж байна. Тэгэхээр энэ алдагдсан боломжийн өртгийг бууруулахад үлэмж хэмжээний нөлөөтэй. Мөн 10 орчим мянган айлын орон сууц баригдахаар 40-50 мянган иргэний төвлөрөл бий болно. Үүнийг дагаад хэрэглэгч, зах зээлийн эрэлт хэрэгцээ үүснэ. Бизнесийн энэ орон зайд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татна. Орон сууц, үйлчилгээ, оффис бусад худалдааны төвүүдийг хувийн хэвшлийн шууд хөрөнгө оруулалтаар хийх ажил ирэх 2026 онд эхэлнэ. Мөн улсын цирк, спорт цогцолбор, кино театр зэрэг урлаг спортыг дэмжсэн томоохон бүтээн байгуулалтыг төлөвлөсөн. Бидний тооцооллоор бүтээн байгуулалтын хугацаанд 20 мянган шууд ажлын байр бий болно. Дараагийн шатанд тухайн бүсэд дахиад 8 мянга орчим ажлын байр шинээр бий болох юм.
-Төслийн явц хэр байна, төлөвлөсөн хугацаандаа хэрэгжиж байна уу?
-Тухайн орчинд дэд бүтэц, цахилгаан шугам сүлжээ болон замын ажлууд хийгдсэн. Шинээр нэмж хийнэ. Одоогийн байдлаар эхний ээлжийн 8565 айлын 113 блок барилгын ажлаас 82 блокийн суурийн ажил эхэлсэн явж байна. Хоёр жилийн дараа буюу 2027 оны 7-р сар гэхэд эхний ээлжийн айлууд орон сууцандаа орчихсон байх юм. Иргэд байрандаа ороод хүн амын төвлөрөл үүсэх учраас 2027 оны намар гэхэд нийгмийн дэд бүтэц буюу сургууль, цэцэрлэгийг мөн ашиглалтад оруулна гэж төлөвлөж байна. Бидний олон нийтэд зарлаад байгаа 24 сар гэдэг нь орон сууцны болон инженерийн дэд бүтцийн ажлууд хийгдэх хугацаа. Энэ хугацаанд амжиж 8500 айлын орон сууцыг барих юм.
-Энэ төсөлд оролцох сонирхолтой бизнесийн байгууллагуудтай хэрхэн хамтарч байгаа вэ?
-Өнгөрсөн 5 сараас хойш компаниудаас саналыг нь авах хэд хэдэн үйл ажиллагаа зохион байгуулсан. Хувийн хэвшил юу хүсэж байна, тэд хөрөнгө оруулалт хийвэл ямар эрсдэл байна, юунд хамтарч оролцох зориг байна, төр болон нийслэлийн зүгээс юуг анхаарах ёстойг мэдэх зорилгоор 2-3 удаагийн уулзалт зохион байгуулж, нээлттэй саналууд авсан. Энэ ондоо багтааж зарим байршилд нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, хувийн хэвшлүүдийг татан оролцуулах ажлууд эхэлнэ. Удаашралтай байгаа нэг шалтгаан нь зам дагуу байршлуудад газар чөлөөлөлт 100 хувь хийгдээгүй байна. Энэ асуудлыг нэг талдаа шийдэж байж, хөрөнгө оруулагч талтайгаа тохирох ажлуудаа хийнэ.
-Төсөл хэрэгжүүлэх явцад ямар эрсдэл, бэрхшээл, сорилт тулгарч байна?
-Биднээс буюу дотоодоос шалтгаалах зүйл ч байна. Бусад хүчин зүйлээс шалтгаалах зүйл ч байна. Том хэмжээний бүтээн байгуулалт учраас тэр хэрээр асуудал том байдаг. Манай хамт олон энэ болгоныг цаг тухайд нь шийдэхээр ажиллаж байна. Мэдээж 100 хувь бүх хүний хүсэл сонирхолд нийцэх зүйл гэж үгүй. Эсэргүүцэл бий. Энэ төсөл зарим нэг хүний эрх ашгийг хөндөж байгаа тохиолдолд ч байна. Үүнд улс төрийн өнцөг ч орж ирж байна. Янз бүрийн бэрхшээлүүд байгаа. Гэхдээ эцсийн дүндээ нийтээрээ хожно, Улаанбаатар хот хожно. Тэнд орон сууц аваад амьдраагүй ч гэсэн тэнд байсан яндангаас утаа гардаг байсан, түүгээр нийслэлчүүд бид бүгд амьсгалж байсан, хөрсний бохирдол хүн бүрд нөлөөлж байсан. Үүнийг тодорхой хэмжээнд бууруулна гэдэг нь нийтээрээ хожно гэсэн үг. Тиймээс нийтийн эрх ашиг бол энэ төслийн гол хөдөлгөгч хүч юм.
Ер нь Улаанбаатарт газар чөлөөлөхөөс илүү газар олголт хамгийн том асуудал болсон байна. Орон сууцны хороолол төлөвлөөд барилаа гэхэд хажууд нь дахиад л газар олгоод байшин барьчихдаг. Тэгвэл энэ эрсдэлээс сэргийлж төр маш зоригтой шийдвэр гаргалаа. Хөрөнгө мөнгийг богино хугацаанд шийдвэрлэж түүхэнд байгаагүйгээр 158 га талбайг хамарсан газрыг чөлөөллөө. Өөрөөр хэлбэл, энэ 158 га-г чөлөөлсөн орчинд дахиад нэг ч газар олгохгүй, дараа нь хэн нэгэн ирээд хажууд нь байшин барихгүй. Зүй нь үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, эмнэлэг хаана баригдах, хажууд нь юу байх вэ гэдэг нь эхнээсээ тодорхой байх юм. Бид тухайн бүсдээ хотын стандартад нийцүүлсэн ерөнхий төлөвлөгөө гаргаж, ТЭЗҮ батлуулсан. Аль болох алдаа, эрсдэл гаргахгүйн тулд нарийн төлөвлөгөөтэй, холыг харж ажиллахыг хичээж байна.
-Сэлбэ хотод баригдах орон сууцны чанарт хэрхэн анхаарч байгаа вэ?
-Технологийн хувьд олон давуу тал байгаа. Чанарын хувьд, Монгол Улсад мөрдөгдөж байгаа норм, дүрмийг хангасан, түүнээс дээш үзүүлэлттэй төслийг бид хэрэгжүүлнэ. Ирээдүйгээ уртаар харж чанартай, үзэмжтэй, зөв төлөвлөлттэй бүтээн байгуулалт хийхийг зорьж байна.
-Энэ төсөл анхных гэдгээрээ нэлээн онцлог бас өндөр хүлээлттэй байгаа. Амжилттай хэрэгжүүлбэл дараагийн байршлуудад хэрэгжүүлэх эхлэл хурдан тавигдана. Иргэд, олон нийт илүү итгэл үнэмшилтэй болно. Төслийн хүлээгдэж байгаа үр дүн юу вэ?
-15 мянган яндан, 12 мянган нүхэн жорлонг буулгана гэсэн тоон үзүүлэлтүүд хангагдана. Хамгийн гол нь Сэлбэ хот шиг нийгэм болон эдийн засагт нөлөөлөхүйц хэмжээний дэд төв бий болсноор хувь хүн, иргэд, өрхийн маш олон зүйл өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байгаа. Төсөл амжилттай хэрэгжсэний дараа Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаа бүх хүмүүсийн итгэл сэргэх болов уу гэж бодож байна. Мэдээж процессын хувьд сайжруулах зүйл их бий. Бүх ажлыг төр хийгээд байх биш газраа чөлөөлж, дэд бүтцээ шийдэж өгөөд бусад ажлыг хувийн хэвшилд өгч, хувийн хэвшлийн хүчээр явуулах зэргээр сайжруулах зүйлс ажиглагдаж байгаа. Дараа дараагийн төслүүд “Сэлбэ 20 минутын хот”-ыг бүтээн байгуулсан туршлагад үндэслэн хувийн хэвшлийн хүч бололцоонд тулгуурлан хэрэгжиж, хөгжих ёстой гэж бодож байна.
-“Сэлбэ 20 минутын хот” төсөл нь хотын бусад бүтээн байгуулалттай хэрхэн уялдаж байна вэ?
-Сэлбэ төсөл нь нийслэлийн хөгжлийн том зурганд багтаж байгаа цогц ажил юм. Трамвай, тойрог зам, инженерийн дэд бүтцийн шинэчлэл зэрэг томоохон төсөл бүгд энэ бүсийн хөгжилтэй уялдан хэрэгжиж байна. Том хэмжээний төслүүдийг хэрэгжүүлэхэд цаг хугацаа, хөрөнгө мөнгө, төлөвлөлт их шаарддаг. Энэ цаг үед зайлшгүй авч хэрэгжүүлэх зөв стратеги бол асуудлыг цогцоор нь харж, шийдвэрлэх юм. Ингэснээр хотын хөгжлийн үр дүн илүү өргөн хүрээнд, илүү хурдан мэдрэгдэнэ. Нийгмийн болон эдийн засгийн өгөөжийг иргэд, аж ахуйн нэгжүүд жигд хүртэж, хотын хөгжлийн хэмнэл нэгэн зэрэг урагшилна гэж бид итгэж байна.
Тод индэр
Б.Дэлгэрсайхан: Ирэх таван жилд Засгийн газар 4 боомтыг төмөр замаар холбоно
Монгол Улсын Засгийн газар ирэх 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлээ сэтгүүлчид болон олон нийтэд танилцуулж, Ерөнхий сайд Г.Занданшатар болон Засгийн газрын сайдууд мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Зам, тээврийн салбар, тэр дундаа төмөр замын салбарт ирэх таван жил ямар бодлого баримталж ажиллах талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханаас тодрууллаа.
-Төмөр замыг ирэх таван жилд ямар бодлого баримтлан хөгжүүлэх вэ?
-Бид ирэх таван жилийн төлөвлөгөөнд эрс шинэчлэлийн хүрээнд дөрвөн боомтыг төмөр замаар холбоно. Эхний боомт холбогдох ажил явж байна. Дараагийнх нь Сэхээ-Шивээхүрэн, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч гэсэн дөрвөн боомтыг төмөр замаар холбох бөгөөд нийтдээ 2500 км төмөр замыг тавина.
Төмөр замын бодлогод хурдны төмөр зам тавих асуудлыг оруулсан байгаа. Хурдны төмөр зам гэхээр зарим хүн өндөр хурдны галт тэрэг хэмээн андуурдаг. 260 км/цаг хурдтай хурдны төмөр замыг Зам, тээврийн бодлого бодлого болгон оруулж байгаа. Энэхүү төмөр замаар том хотууд болон босоо тэнхлэгийн аймгуудаа холбосноор төвлөрлийг сааруулах боломжтой гэж үзэж байгаа.
Хөшигийн хөндийн төмөр замын тухайд өмнө нь Богдхан төмөр зам хэмээн нэрлэгдэж байсан төмөр замыг хоёр улсын хамтарсан ТУЗ-аас шийдвэр гараагүйн улмаас хойшлогдсон. Харин өнгөрсөн хавар Багахангай-Хөшигийн хөндийн салаа төмөр зам барих ажлыг Засгийн газраас 2025 оны тавдугаар сард шийдвэр гаргаад зургадугаар сард эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 82 км төмөр замыг барьчихаад байна. Ирэх хавар Эмээлт буюу Рашаантын аль нэгтэй холбохоор зургийг нь хийгээд явж байна. Энэ хүрээнд ОХУ-ын талтай бүх шатанд зөвшилцөлд хүрээд явж байгаа. Ямар нэгэн асуудал гарахгүй.
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын ач холбогдол их. Бид 2024 онд болсон Дүнжингаравын газын дэлбэрэлтээс хойш аюултай ачаа тээврийг хотоос гаргах нь Засгийн газрын нэн тэргүүний зорилт болсон.
Тод индэр
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч А.Итгэлтээс мал хулгайлах гэмт хэргийн талаар ярилцлаа.
-Өвлийн улирал эхэлж, иргэд идшээ бэлдэж эхлэхээр мал хулгайлах гэмт хэрэг нэмэгддэг. Үүнээс урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч байгаа бэ?
-Мал хулгайлах гэмт хэрэг 9 дүгээр сараас 12 дугаар сарын хооронд үйлдэгдэг. Манай иргэд өвлийн улиралд идшээ бэлдэж эхэлдэг учраас үед мал хулгайлах гэмт хэрэг өсдөг. 2020 оноос эхэлж Цагдаагийн ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газартай хамтарч мал хулгайлах гэмт хэргийн урьдчилан сэргийлж, хяналт шалгалтыг эрчимжүүлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулж байгаа.
Энэ жилийн хувьд “Мал, мах 2025” арга хэмжээг 10 дугаар сарын 15-наас эхэлсэн. Цагдаагийн байгууллагаас хөдөлгөөнт болон байнгын постыг 132 цэг байршилд ажиллуулж байна. Нийтдээ 288 алба хаагчид 24 цагаар байнгын хяналтыг хийж байгаа. Мөн Олон нийтийн цагдаа, Эрүүгийн цагдаа нартай хамтарч мал, мах худалдаалдаг төв, зах болон мал нядалгааны газруудад Мал эмнэлгийн газартай хамтарч байнгын хяналт шалгалтын явуулж байгаа. Одоо аймаг, нийслэл рүү ямар ч бүртгэлгүй мал, мах орж ирэх боломжгүй болсон. 2020 оноос эхэлж мал болон махны бичгийг цахим болгосон. Өмнө нь гарал үүслийн бичгийг малын эмч бичиг өгдөг байсан.
-Малын хулгайн гэмт хэрэг энэ оны байдлаар хэчнээн хэрэг бүртгэгдсэн бэ?
-2025 оны есдүгээр сарын байдлаар 376 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19,4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
-Өвлийн идэшний үеэр бод мал хулгайлах гэмт хэрэг зонхилон гардаг байх?
-Мал хулгайлах гэмт хэрэгт бог мал, бод мал гэж ялгахгүй гардаг. Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг. Иймээс малчид малдаа тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй. Мөн малчдын хувьд туслах малчин авахдаа ямар хүн авч байна гэдгээ сайн судлах хэрэгтэй. Туслах малчид мал хулгайлах гэмт хэргийн хамтрагч нь болох тохиолдол цөөнгүй байдаг. Тухайн айлын мал нь хариулаг муутай, мал нь тарган гэх мэт мэдээллийг өгч байдаг. Ийм тохиолдлыг цагдаагийн байгууллага илрүүлж тогтоож байсан.
Мөн саахалт айлууд ямар хүмүүс байна гэдгээ маш судалж байх хэрэгтэй. Зуншлага муу байна гээд отор нүүдэл хийхдээ малчид нэг нэгнийхээ малын талаар мэдээлэл өгөх тохиолдол ч гардаг. Иймээс малчид сааталт айл болон туслах малчнаа сайн судалж, малын тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй.
-Мал хулгайлах гэмт хэрэг аль аймаг хамгийн их гардаг бэ?
-Мал хулгайлах гэмт хэрэг харилцан адилгүй байдаг. Хамгийн сүүлийн жишээгээр Сүхбаатар, Хэнтий аймагт 22 тооны үхэр алдагдсан тохиолдол бүртгэгдсэн. Бод малын хувьд хариулаг бага байдаг учраас хулгайд алдагдах тохиолдол их гардаг. Малчид бэлчээрт байгаа бод малын эргэж тойрч, хардаг байх хэрэгтэй байна. Одоо үед мал хулгайлахдаа тууж явахгүйгээр машин тэргэнд дээр ачиж явдаг болсон.
-Өвлийн улирал эхлэхээр идэшнээс гадна өвс тэжээлтэй холбоотой залилангийн гэмт хэрэг нэлээдгүй гардаг. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Намраас өвлийн улиралд шилжих үед өвс тэжээлийн залилах гэмт хэрэг нэлээд бүртгэгдэг. Энэ оны эхний есөн сарын байдлаар 135 залилангийн гэмт хэрэг бүртгэгдсэн. Мал, мах, өвс тэжээл авна гэдэг зарын дагуу иргэдийг залилах тохиолдол нэлээд гардаг. Энэ жилийн хувьд баруун таван аймаг зуншлага муутай байгаа. Энэ эрэлт хэрэгцээнд тулгуурлаж, залилах гэмт хэрэг өртөх эрсдэл их байна. Мөн өвс тэжээл бэлтгэж худалдаалдаг хүмүүсийн зар мэдээллийг ашиглаж залилах гэмт хэргийг үйлдэж байна. Иймээс иргэд мал, мах, өвс тэжээл худалдаж авах гэж байгаа бол маш сайн нягталж байж авахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
