Тод мэдээ
Хэмнэлттэй ажилласан цехүүдийг урамшуулж, нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх даалгавар өглөө

“Ковид-19” цар тахлын улмаас үүсээд буй эдийн засгийн хүндрэлийг эрсдэл багатай даван туулах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж, дээрх үйлдвэрлэлийн цехүүд идэвх санаачилгаатай ажилласнаар 52.7- 1806 сая төгрөгийн хэмнэлт гаргасан. Мөн нийтлэг үйлчилгээний цех буюу Аж ахуй, үйлчилгээний цех, Зураг төслийн хүрээлэн 22.5-140.5 сая төгрөг хэмнэж ажиллалаа. Иймээс, эдгээр цехийн хамт олонд нийт хэмнэлтийнх нь 10 хувийн урамшууллыг олгоно” гэж Ерөнхий захирал шийдвэрээ танилцуулав. Эндээс харахад, хэдийгээр цар тахлын хорио цээрийн дэглэмд ажиллаж байгаа ч хичээвэл илүү боломж байна, өөрөөр хэлбэл бид “Ковид-19” вирусын тархалтаас хамааралгүй ажиллаж чадах юм байна, гэсэн дүгнэлт хийсэн. Энд санаачилгатай ажиллаж буй удирдлага хамт олонд сэтгэл өндөр буйгаа ч ерөнхий захирал нэмж хэлэв. Тэрээр, үлдэж буй 4-р улиралд төлөвлөгөөт үзүүлэлтээ биелүүлж, өмнөх онд тогтоосон үйлдвэрлэлийн түүхэн дээд амжилтаа бататгаж ажиллахыг удирдлагуудад уриаллаа.
Он дуусах хүртэлх дөрвөн сарын хугацаанд Баяжуулах үйлдвэр 5000 гаруй тонн зэсийн баяжмал нэмэлтээр үйлдвэрлэж, сар тутам 20 вагон бүтээгдэхүүн илүү ачих даалгаврыг Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх үйлдвэрлэлийнхэнд өгөв. Уламжлалаар ёсоор ХАБЭА, Үйлдвэрлэлийн хэлтэс болон үндсэн цех, газар хэлтсүүд өнгөрсөн долоо хоногийн ажлаа танилцуулсан. Авто тээврийн цех, ажилчдын автобусанд хийх ариутгал халдваргүйтгэлийг тогтмолжуулахын зэрэгцээ хөрөнгө оруулалтын ажлууд 70 хувийн гүйцэтгэлтэй байгааг мэдээллээ.
Мөн энэ долоо хоногт үйлдвэрлэлийн бүс дэх технологийн зам засварын ажлууд эхлэх юм байна. Баяжуулах үйлдвэр хоёрдугаар шатны тээрмүүдийн бүтээмж дээшлүүлэхэд анхаарч буй бол Засвар механикийн заводынхон намар, өвлийн бэлтгэлээ 46 хувиар базаажээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон ДЦС-ын “их зогсолт” амжилттай болж, төлөвлөсөн 133 ажил бүрэн хийгдэж дууссаныг Эрчим хүчний хэлтэс мэдээлэв. Харин Барилга засварын цехийн ажилтнууд одоогоор 20 объектын бүтээн байгуулалт, засвар үйлчилгээний ажил гүйцэтгэж буй аж. Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар энэ 7 хоногт хүний нөөцийн төлөвлөлт, 100 шинэ ажилтан, 100 удирдах ажилтан зэрэг уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэж байна. Гадаад харилцааны бодлогын газар үйлдвэрийн бүсэд зорчих маршрутыг шинэчилж, зочдод танилцуулга хийх зориулалттай аудио төхөөрөмж суурилуулах юм байна. Цех нэгжүүдийн мэдээллийн дараа Ерөнхий захирал зарим ажил удаашралтай байгаа удирдлагуудад анхааруулга өгч, хоорондын уялдаа холбоог сайжруулан нарийн төлөвлөлттэй ажиллахыг үүрэг болгов.
М.Балжинням
Фото Б.Баттөгс
Тод мэдээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны удирдлагуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар болон тус холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд тус холбооны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатар ахмад настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах, хугацааг уртасгах, орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах талаар ахмад настнуудын тавьж буй шаардлагыг уламжилж, зарим асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар саналаа хэллээ.
Тухайлбал, ахмад настнуудын тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхээр хуульчилсан. Гэхдээ 6 хувиар нэмэгдүүлэхэд өндөр тэтгэвэртэй ахмадуудын тэтгэвэр 200-300 мянган төгрөг, бага тэтгэвэртэй ахмадуудынх 40-60 мянган төгрөгөөр нэмэгдэхээр байгаа. Ийм зөрүү гарч байгаа тул бага тэтгэвэртэй ахмадуудын тэтгэврийг илүү нэмэгдүүлж болох юм. Мөн “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, хүүхдийн тооноос шалтгаалан тэтгэврийн хэмжээг тогтоох асуудлыг эргэн харах шаардлагатай байна гэлээ. Ахмад настны тухай хуулийн зарим заалтын хэрэгжилтийг хангаж ажиллахаас гадна орон нутгийн засаг захиргаанаас ахмад настнуудад чиглэсэн бодлогод анхаарал хандуулахыг хүсэв.
Ерөнхий сайд Г.Занданшатар, ирэх онд тэтгэврийг 6 хувиар нэмэгдүүлэхэд нийт 333.5 тэрбум төгрөг зарцуулж, дундаж тэтгэврийн хэмжээг 901,000 төгрөгт хүргэхээр тооцож байна. Ахмад настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэх, амьдралын чанарыг сайжруулах зэрэг асуудал Засгийн газрын анхаарлын төвд байгаа. Нэн тэргүүнд холбогдох яамд болон Монголын Ахмадын холбоо хамтран ахмад настнуудын хөгжил, хамгааллын асуудлаар дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр боловсруулж гаргах шаардлагатай байна гэлээ.
Энэ жилийн төсвийн орлого 3,3 их наядаар тасарч, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа. Энэ хүндрэлийг даван туулахын тулд Засгийн газар хэмнэлтийн зарчим баримтлан, хэмнэж болох бүх зардлыг танаж буй ч зайлшгүй зардал болох тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгийг тасалдалгүй олгох бодлого баримталж буй. Төрөлт нэмэгдэж, ахмад настнуудын насжилт өндөрсөж буй учраас нийгмийн хамгааллын зардал тэр хэрээр өссөн. ҮСХ-ны тооцоогоор 2024 оны байдлаар нийт хүн амын 11.5 хувь нь ахмад настан байсан бол 2050 он гэхэд энэ үзүүлэлт 19.8 хувьд хүрч, таван хүн тутмын нэг нь ахмад настан болох төлөвтэй байна.
Засгийн газар хүний хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд ойрын 5 жилийн хугацаанд цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг олон улсын жишигт хүргэж нэмэгдүүлэх зорилт тавьсан. Ирэх сард Монгол Улсын хөгжлийн 2026-2030 он хүртэлх Үндсэн чиглэлийг УИХ-д өргөн барина. Энэхүү баримт бичигт ахмад настны талаар төрөөс баримтлах цогц бодлогыг тусгаж байгаа юм.
Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Г.Занданшатар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон бусад холбогдох яам, агентлаг, төрийн бус байгууллагуудын оролцоог хангаж, ахмад настнуудын талаарх хууль эрх зүйн орчныг сайжруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллах Ажлын хэсэг байгуулах чиглэл өгөв.
Тод мэдээ
Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ
Улсын Их Хурлын чуулганы нээлтийн хуралдаанд, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Нийслэлийн болон Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлага, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсанаас хойш ажиллаж байсан Улсын Их Хурлын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нар, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Олон Улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уригдан оролцов.
Засгийн газраас өргөн мэдүүлээд байгаа Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг 1.3 их наяд төгрөгийн алдагдагдалтай боловсруулсан, боловсролын салбарт зарцуулах төсөв өмнөх оныхоос нэмэгдээгүй зэргийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан шүүмжилж, өвөлжилтийн бэлтгэлийг цаг алдалгүй, чанартай хангах шаардлагатайг анхаарууллаа.
Тод мэдээ
ABU PRIZES-2025: ABU-гийн 2025 оны "Онцлох телевиз" шагналыг МҮОНРТ хүртлээ
“ABU PRIZES-2025” уралдаанд энэ жил Ази Номхон Далайн орнуудаас нийт 318 бүтээл ирснээс шилдэг бүтээлүүдийг шалгаруулж, шагналыг гардууллаа. ABU-гийн 2025 оны "Онцлох телевиз" шагналыг МҮОНРТ хүртлээ.
МҮОНРТ энэ жил Ази- Hомхон далайн өргөн бүсийн томоохон хоёр ажлыг гардан зохион байгуулсан. Тодоруулбал “ABU” робокон, оюутан залуусын роботын тэмцээнийг сагсан бөмбөгийн төрлөөр амжилттай зохион байгуулсан. Мөн өв соёлоо хадгалах, хамгаалах зорилгыг шингээн, “ABU”-гийн 62 дугаар чуулганыг амжилттай зохион байгуулж байна.
-
Тод мэдээ2022/09/14
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар танилц...
-
Өнөөдөр2025/06/12
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
-
Тод мэдээ2024/04/05
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваа...
-
Өнөөдөр2025/03/20
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан