Дэлхий нийтээр..
Ерөнхийлөгч Х.Баттулга Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.20/ Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа. Уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга баруун бүсийн алслагдмал аймгуудын хөгжил, дэд бүтцийн асуудлаар ярьж, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих боломжуудын талаар иргэдэд мэдээлэл өглөө.
Баян-Өлгий аймгийн иргэн Орасхан:

“…Хамгийн түрүүний асуудал бол боловсрол, эрүүл мэндийн салбар. Боловсролын салбар ерөөсөө шалан дээр унасан шүү дээ. Шаварт суусан байшинтай адилхан байгаа. Баян-Өлгий аймаг 21 дүгээр байранд орсон байна. Бид нар тийм үг дуулдаг шүү дээ. Асуудал боловсон хүчин байхгүй дээ биш ээ, бидэнд боловсон хүчин байна. Мэдлэг, боловсролтой залуучууд байна. Ганцхан харамсалтай зүйл нь ашиг сонирхол. Манай Баян-Өлгий ашиг сонирхол нь дэндсэн газар. Хэн нэгэн дарга гарч ирээд ах дүүгээ эсвэл өөрийн фракцын хүнийг томилдог. Төрдөө хүртэл фракцтай, намдаа хүртэл фракцтай. Бид нар яаж амьдрах юм бэ?
Түүхий эдийн ханш бас шалан дээр байна. Ядахдаа гурван аймгийн дунд түүхий эд боловсруулах нэг үйлдвэр байгуулж өгөх тал дээр анхаарах хэрэгтэй байна.”
Баян-Өлгий аймгийн иргэн Женисбек:

“…Манай аймагт тулгамдаж байгаа асуудлууд зөндөө байгаа. Энд бүгдийг нь нэг дор хэлнэ гэж байхгүй байх аа. Миний бодлоор ажлын байр, ядуурлын асуудал сүүлийн үед хэрээс хэтэрч байна. Бид үйлдвэр барьж байж хөгжинө үү гэхээс хэдэн сургууль, цэцэрлэгт, хэдэн эмч тэнд хамаатан садангуудаа аваад, бусад нь үлдээд байхаар хүмүүс ажилгүй болчихоод байгаа асуудал үүсээд байна.
Нэгдүгээрт түүхий эд, арьс шир бүгд гадаа хаягдаж байна. Энийг бид дотооддоо үйлдвэрлэж, нэг килограмм ноосыг зүгээр угаагаад гадаад руу гаргаж болохоор байна. Баруун аймгуудад бид өөрсдөө үүнийгээ хийвэл аваад явчих боловсролтой, ажил хэрэгч хүмүүс зөндөө байгаа. Энийг хөгжүүлж цаашаа явмаар, нутаг орноо хөгжүүлмээр байна аа. Энэ асуудлыг тал талаас нь яримаар байна.
Хоёрдугаарт, миний бие олон жил бизнесийн салбарт ажиллаж байна. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхийн тулд би тээрэм байгуулсан. Тээрмээ 2010 онд байгуулсан. Энэ тээрмээ цааш нь өргөжүүлж, ажлын байр бий болгоод ажиллая гэхээр санхүүжилт хүрдэггүй, бусад нь ч дэмждэггүй. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн мөнгө хаашаа явдаг юм? Доод шатандаа хүрдэггүй, дээшээ явчихдаг, ийм асуудлууд зөндөө байна. Ийм учраас алслагдмал аймгуудын иргэдийг харж үзэхийг Та бүхнээс хүсэж байна.”
Баян-Өлгий аймгийн иргэн Баярхүү:

“…Би “Тэргүүн уулаа аваръя” гэдэг хөдөлгөөн байгуулж, тэргүүнээр нь ажиллаж ирсэн. Манай нутагт Ногоон хадны бөөгийн овоо гэж байсан, сүүлд шарын шашин дэлгэрсний дараа тэр овоог 21 Ногоон дарь эхийн овоо гэж нэрлэх болсон. Бид нар газар шороонд маань ийм олон овоо тахилга байхад энэ уулыг маань битгий малтаач гэж 2008 оноос хойш орон нутагтаа тэмцэж, тусгай хамгаалалтад авахуулж байсан.
2015, 2017 онд тусгай зөвшөөрлийг нь өөр компанид шилжүүлэн өгөхөд түүний эсрэг тэмцэл хийж, аймгийн дарга нарт олон удаа захидал бичиж, бие төлөөлөгчид маань уулзалт хийж байсан. Төрийн дээд шатны байгууллагуудад ч гэсэн бид хүсэлтээ уламжилсаар ирлээ. Аймгийн засаг дарга 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр тэр компанид 2017 онд олгосон тэр тогтоолоо хүчингүй болгосон. Үүнд манай ард түмэн ихэд баярлаж, үйл ажиллагаа нь зогсох байх гэж найдаж байсан. Гэтэл нэгдүгээр сарын 30-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл тэр компани өдөр шөнөгүй ажилласаар л байна. Манай шүтээнт Тэргүүн уулын Цагаан чулуут гэдэг газарт олгогдсон алтны ашиглалтын 30 жилийн лицензийг цуцалж өгнө үү.”
Баян-Өлгий аймгийн иргэн Мишелхан:

“…Өнөөдөр ахмадын тэтгэврийн зээлийг тэглэсэн явдалд олон түмэн их талархаж байгаа. Олон зуун ахмадын нуруу нь тэнийж, сэтгэл өөдрөг явах болсон. Үүнийг хэлэх ёстой гэж бодож байна.
Мөн одоо Монголд цалингийн зээлгүй хүн гэж байхгүй болов уу гэж бодож байна. Хатуухан хэлэхэд нийгмийн даатгалын шимтгэлийг төр булаагаад авчихдаг мөртлөө цалингийн зээлийг ард нь үлдсэн үр хүүхдүүдээр нь төлүүлдэг, ийм асуудал байгаа.”
Баян-Өлгий аймгийн иргэн Толей:

“…Эдийн засаг, байгаль орчин, аялал жуулчлалын асуудлаар ард түмний саналыг Танд хүргэх гэсэн юм. Манай Баян-Өлгий аймагт дэлхий болон Монголд танигдсан Таванбогд, Хотонт Хурган нуур гэх мэт байгалийн онц үзэсгэлэнт газар байдаг. Сүүлийн үед гадаад болон дотоодын маш олон жуулчин зорин ирдэг болсон. Энэ жил гадаадын жуулчид ирээгүй байлаа ч гэсэн өнгөрсөн жилийн статистик мэдээгээр бол гадаад, дотоодын 13 мянга орчим жуулчин ирсэн байсан. Харин энэ жил 25 мянга гаруй дотоодын жуулчин ирсэн. Гадаад, дотоодын жуулчид ирэх нь орон нутгийн хөгжилд маш их хувь нэмэр оруулдаг юм байна. Улаанбаатараас алслагдсан Баян-Өлгий аймагт ажилгүйдэл маш их байдаг. Жуулчид ирэх нь аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад маш их хувь нэмэр оруулж, эдийн засгийг дэмждэг юм байна.
Цаашид жуулчдад саад болох гээд байгаа нэг асуудал байна. Энэ замын асуудал. Жишээ нь Баян-Өлгий аймгаас Таванбогд орж, Хотон, Хурган нуураар тойроход 600 орчим км зам туулдаг. Энэ замд сүүлийн хэдэн жилд ямар ч засвар хийгээгүй, төр засаг үүнийг анхааралдаа аваагүй. Энэ замын дагуу үер усны гэх мэт маш олон бэрхшээл тулгардаг. Энэ саад бэрхшээл нь манайд ирж байгаа жуулчдад саад болох талтай байгаа. Тийм учраас энэ жилийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт аймаг сумдыг мянганы замаар холбосон юм чинь цаашлаад орон нутагт сум, багуудыг холбох тухай орсон. Манай Баян-Өлгий аймгийн иргэдийн хүсэж байгаа зүйл нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамгийн түрүүнд зам хэрэгтэй байна гэж үзэж байгаа. Тийм учраас Таванбогдын чиглэлд хар зам тавих асуудлыг Та дэмжиж, Засгийн газарт уламжилж өгнө үү.”
Баян-Өлгий аймгийн иргэн Хавсатар:

“…Нэгдүгээрт, баруун аймгуудын талаар өчигдөр таны Увс аймагт ярьсан, төлөвлөж байгаа хөтөлбөрийг бид дэмжиж байна. Мянганы зам шиг мянганы төмөр замыг манай Ерөнхийлөгч барих нь ээ гэдэг өөдрөг сэтгэл төрж байна. Мөн үүнтэй холбоотой Дарханы чиглэлд том үйлдвэр барих гэж байгаа юм байна. Манай мал аж ахуйн бүтээгдэхүүн, ялангуяа арьс шир үнэхээр өрөвдөлтэй байдалд байна. Энийг нэг тийш нь болгож өгөөч гэж хэлэх байна.
Мөн манайд онгоц нисдэг байсан. Больчихлоо. Энийг нисгэж өгөөч. Баян-Өлгийгөөс Алмата чиглэлд нисмээр байна. Таны Увс аймагт хэлсэн үгэнд ч байна. Алматад ложистикийн том үйлчилгээний газар байгаа. Астана чиглэлд нисвэл бүр сайн байна.”
Баян-Өлгий аймгийн иргэн О.Бахыт:

“…Манай аймгийнхан бэрхшээл, зовлонгоо мэргэжлийн дагуу ярьж байх шиг байна. Энэ хүмүүстэйгээ санал нэг байна. Би мэргэжлийн тамирчин хүн. Манай аймгаас ойрын жилүүдэд улсын цолтой бөх төрөөд сайхан байна. Манай спорт ахиж байна. Цар тахлаас болж хөдөлгөөн багасаж, зарим зовлон бэрхшээлтэй тулгараад байх шиг байна. Манайх нийслэлээс алслагдсан болохоор зовлон их байна аа. Алслагдсан ч гэсэн манайд хүндийн өргөлт, бокс, чөлөөт бөх, жүдо болон багийн спортууд хөгжих боломжтой. Энэ спортуудаар гадаадаас мэргэжилтэн авчирч, хичээллэвэл маш өндөр амжилт үзүүлнэ гэж бид бодож байна. Бидэнд өндөр мэргэжилтэй боловсон хүчин дутагдаад байдаг юм аа” гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга иргэдийн асуултад хариулж, дүгнэлт хэлснээр уулзалт өндөрлөсөн юм.

Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Дэлхий нийтээр..2023/08/01
Үүрэг нуурын эргийн менежменттэй танилцлаа
-
Дэлхий нийтээр..2022/04/13
Харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд олгох бүх шатны боловсролын чанарыг сайжруулна
-
Тод зураг2020/05/13
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Дэлхий нийтээр..2024/12/24
Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
