Тод мэдээ
Нийслэл, орон нутгийн оношилгооны цэгүүдэд нийт 406 мянган иргэнийг шинжилгээнд хамруулаад байна
Тэрбээр “Улаанбаатар хотод PCR шинжилгээ хийж буй ХӨСҮТ болон ЗӨСҮТ-ийн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, шинээр НЭМҮТ-д зорилтот бүлэгт тандалт хийх лабораторийг байгууллаа. Ингэснээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй нийтийн тээвэр, худалдаа үйлчилгээний газар, банк санхүү, эмнэлэг, эмийн сан, эрүүл мэндийн байгууллагууд, цэргийн анги, асрамжийн газар, хорих анги зэрэгт тандалтын судалгааг төлөвлөлтийн дагуу тасралтгүй хийх боломжийг бүрдүүлж байгаа юм. Эдгээр лабораторийг түшиглэн хийх тандалт өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотод хөл хорионы үед үйл ажиллагаа явуулж буй дээрх аж ахуй нэгжийн ажилчдыг хуваарийн дагуу шинжилгээнд хамруулан тандалт хийнэ.
Түүнчлэн хилийн боомтууд бүхий аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг шинжилгээний лаборатори байгуулах ажлууд төлөвлөлтийн дагуу явагдаж байна. Хэнтий, Хөвсгөл, Өвөрхангай, Увс, Архангай, Баян-өлгий, Өмнөговь аймгуудад Молекул биологийн буюу PCR шинжилгээ хийх лаборатори эх үүсвэр хөрөнгийг шийдэж бэлтгэл ажлыг хангаад байна. Мөн Монгол Улсад томуу, томуу төст өвчний харуулдан тандалтын цэг үндэсний хэмжээнд 150 байдгийг өргөжүүлэн 170 болгон, энэ тогтолцооны хүрээнд Ковид-19-ыг тандаж эхэлсэн. Улаанбаатар хотод өмнөх цэгүүд дээр нэмж 20 цэгийг шинээр байгуулсан. Баянзүрх дүүргийн 70 мянган хүн амыг шинжилгээнд хамруулах ажил эхлэн одоогоор 6000 иргэнийг хамруулаад байна. Нийслэл болон орон нутгийн оношилгооны цэгүүдэд нийт 406,075 иргэн шинжилгээнд хамруулсан явж байна.
Эмнэлгээс шалтгаалах халдвараас сэргийлэх, эмч эмнэлгийн мэргэжилтэнг халдварт өртөхөөс сэргийлэхийн тулд ажлын байран дах эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан зохион байгуулалтыг өөрчлөн сайжруулах, хяналтыг өндөржүүлэх, давтан сургалт явуулах, ажлын зохицуулалт хийх зэрэгт онцгойлон анхаарч байна. Түүнчлэн эмнэлэг халдвар гаднаас орох, дотроо тархах, гадагшаа халдвар тархахаас сэргийлэхэд чиглэсэн зөвлөмж, зааврыг эрүүл мэндийн байгууллагуудад хүргэж хамтран ажиллаж байна” гэж мэдээллээ.
Тод мэдээ
Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтад 300 албан хаагч оролцож байна
Төрийн албан хаагчийг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, холбогдох хууль тогтоомжийг мөрдүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжиж байна.
Энэ хүрээнд төрийн албан хаагчийн ёс зүй, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнуудад зориулсан сургалт өнөөдөр нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор байранд болж байна.
Сургалтад нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн харьяа байгууллагын удирдах албан тушаалын 300 албан хаагч оролцож байгаа бөгөөд НЗДТГ-ын дарга П.Хадбаатар нээж, үг хэллээ.
Ёс зүйн хорооны дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс “Төрийн албан хаагчийн ёс зүй”, АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх”, Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор А.Алтанзул “Ёс зүйн зөрчил, эрх зүйн үндэслэл, хариуцлага” сэдвээр илтгэл хэлэлцүүлж байна.
Ёс зүйн хорооны дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль 2023 онд батлагдсан. Тус хуулиар төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, нийтлэг үүрэг, хариуцлагыг тогтоож өгсөн. Тухайлбал, төрийн албан хаагч иргэдийн асуудлыг анхааралтай сонсож, хууль тогтоомжоор олгосон үйл ажиллагааны хүрээнд хариу өгдөг байх ёстой. Тиймээс төрийн албан хаагч мэргэжил болон харилцаа хандлагын хувьд ямар үүрэг хүлээж байна вэ гэдгийг сургалтаар хэлэлцэн таниулж байна. Мөн албан хаагч алдаа гаргах нөхцөл байдал хэрхэн үүсэж байна вэ гэдгийг тодорхойлж, алдаа, зөрчил гаргахгүй байлгахад сургалт чиглэлээ. Өнөөдрийн сургалтад оролцож байгаа нийслэл болон нийслэлийн харьяа байгууллагын удирдах албан тушаалтнууд эдгээр хэм хэмжээ, үүрэг, зарчмыг манлайлан мөрдүүлэхэд анхаарч байна” гэлээ.
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд “Төрийн албан хаагч хүнлэг, энэрэнгүй байх, үнэнч, шударга байх, хариуцлагатай байх, манлайлах, хамтач байх ёс зүйн зарчмыг баримтална” хэмээн заажээ. Төрийн албан хаагчийн ёс зүй, байгууллагын соёлыг өдөр тутмын энгийн үйлдлээс эхэлж сайжруулдаг. Албан хаагч хувийн харилцаа, хандлага болон иргэдийн хүсэлтийг шийдэхэд сэтгэл гаргаж ажилладаг байх тал дээр анхаарах хэрэгтэйг сургалтын үеэр онцоллоо.
Төрийн албан хаагч ард түмэндээ чин сэтгэлээсээ үйлчилж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх, зан харилцаа, үг, үйлдлээрээ хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, албан үүргээ гүйцэтгэхдээ бусдад аливаа хэлбэрээр дарамт үзүүлэхгүй байх, ялгаварлан гадуурхахгүй байх зэрэг ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин мөрдөх үүрэгтэй. Эдгээр үүрэг, хэм хэмжээг өдөр тутмын үйл ажиллагаа, төрийн албан хаагчийн ёс зүйн хүрээнд байнгын мөрдөж занших ёстойг сургалтаар танилцуулж байна.
Тод мэдээ
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
Өнгөрсөн наймдугаар сард Боловсролын сайд П.Наранбаяр Монголын хувийн их дээд сургуулиудын холбооны төлөөлөлтэй уулзах үеэр ярилцсаны дагуу нэгдсэн байдлаар бүх хувийн их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзлаа.
Хувийн их, дээд сургуулийн удирдлагууд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн нэгтгэж, төрийн дээд боловсролын салбар дахь оролцоо дэмжлэг болон эрх зүйн орчин, элсэлтийн босго, дээд боловсролын байгууллагуудын эрэмбэ, багшийн хөгжил болон нийгмийн баталгаа гэсэн чиглэлүүдээр санал хүсэлтээ илэрхийлэв. Тухайлбал, их, дээд сургуулийн онцлогийг харгалзаж үнэлэх замаар эрэмбэ тогтоох, төрийн зүгээс өмчийн хэлбэрийг ялгахгүйгээр адил тэгш бодлого хэрэгжүүлэх, салбарт хэрэгжиж буй хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай гэлээ.
Боловсролын сайд П.Наранбаяр их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллахаа онцолж, дээд боловсролын байгууллагуудын онцлог, чиглэлийг харгалзан ангилах байдлаар хөндлөнгийн байгууллагаар эрэмбэ тогтоолгох, элсэлтийн босгыг үе шаттайгаар өсгөн элсэгчдийг чанаржуулах бодлого баримтална хэмээв. Мөн бүх санал хүсэлтэд хариу өгч, нэгтгэж эрэмбэлэн үе шаттайгаар шийдвэрлэхээ хэллээ гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
Тод мэдээ
Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэд Олон нийтийн хяналтын зөвлөл болон Орон тооны бус мэргэжлийн хороог байгуулж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан гишүүдийг хүлээн авч уулзлаа.
Сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж, Олон нийтийн хяналтын зөвлөлд төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллөөс гадна хөрөнгө оруулалт, даатгуулагчийг төлөөлсөн долоон гишүүн сонгогдсон.
Мөн Орон тооны бус мэргэжлийн хороонд эрсдэл,тооцоолол, хөрөнгө оруулалт, аудит хариуцсан есөн гишүүн сонгогдсон юм.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл мөнгөн хөрөнгийг өсгөж арвижуулах үүргийг хүлээдэг.
Үүнд мэргэжлийн хорооны гишүүд судалгаа, баримтуудыг гаргаж мэргэжлийн зөвлөгөө, мэдээллээр хангаж ажиллана.
Хяналтын зөвлөлийн гишүүд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гаргасан шийдвэр, хэрэгжилтэд хяналт тавина.
Нийгмийн даатгалын чөлөөт үлдэгдэл болох мөнгөн хөрөнгийг дөрвөн зүйлд зарцуулахаар хуульд заасан байдаг.
Засгийн газраас гаргасан бонд болон Монголбанкны үнэт цаас худалдаж авч болно. Мөн Төрийн сангийн нэгдсэн сан болон арилжааны банканд хадгалж болох зохицуулалтыг хийсэн.
Цаашид Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Олон нийтийн хяналтын зөвлөл, орон тооны бус мэргэжлийн хороод нь сангийн хөрөнгийг эрсдэлээс хамгаалах чиг үүрэгтэй ажиллана гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.