Хэн юу хэлэв...
Х.Баделхан: Барилгын тусгай зөвшөөрөл олгох үйл явц сайжирч байна
Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Барилгын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр гүйцэтгэж буй “Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Барилга, хот байгуулалтын яам барилга байгууламжийн тусгай зөвшөөрлийг олгох, инженер техникийн ажилтнуудыг давтан сургах, мэргэшлийн зэрэг дэв олгох төрийн чиг үүргүүдийг төрийн бус мэргэжлийн байгууллагуудаар гүйцэтгүүлээд хоёр жил хүрэхгүй хугацаа өнгөрч байна.
Сайд Х.Баделхан хэлэхдээ “Барилгын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээний байгууллагаас гаргасан дүнгээс харахад төрийн байгууллагын хүнд суртал арилж, шат дамжлага багасаж, иргэн, Аж ахуй нэгж байгууллагад түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх байдал сайжирч, тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг шуурхай шийдвэрлэж, хариу өгдөг болсон зэрэг таатай үр дүн харагдаж байна.
“Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээг эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг энэ оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн цахим хэлбэрээр зохион байгуулан ажиллаж байна. Одоогийн байдлаар Барилга, хот байгуулалтын салбарын хэмжээнд нийт 6947 тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж, байгууллага үйл ажиллагаа эрхэлж байна.
Цаашдаа Төрийн зарим чиг үүргийг төрийн бус, мэргэжлийн байгууллагуудаар гүйцэтгүүлэх үйл явцыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ тусгай зөвшөөрөл олгох, шийдвэр гаргах үйл ажиллагааг цахим хэлбэрт бүрэн шилжүүлж, холбогдох дүрэм журмыг боловсронгуй болгож, төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагаа, түншлэлийг илүү үр дүнд хүргэж, хөгжүүлэх бодлого барьж ажиллана” гэлээ.
Хэн юу хэлэв...
УИХ-ын Ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-нд хуралдуулна
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-ны Даваа гарагийн 10:00 цагаас зарлан хуралдуулахаар болсныг УИХ-ын дарга С.Бямбацогт мэдээллээ.
Түүний мэдээлснээр, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл есдүгээр сарын 2-нд хуралдаж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шийдвэр гаргасан байна. Ээлжит бус чуулганаар зөвхөн Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Чуулган есдүгээр сарын 14-ний 17:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд төсвийн тодотголын эхний хоёр шатны хэлэлцүүлгийг хийх юм. Үргэлжлүүлэн есдүгээр сарын 15-наас эхлэх намрын ээлжит чуулганаар төсвийн тодотголын хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр байна.
Засгийн газар 2026 оны төсвийн тодотголын төслийг наймдугаар сарын 20-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Төсвийн тодотголыг хэлэлцэхийн өмнө Үндэсний аудитын газар болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлтээ гаргах шаардлагатай бөгөөд үүнд хуулиар 14 хоногийн хугацаа шаардагддаг. Эдгээр дүгнэлт УИХ-д ирэх нөхцөл бүрдсэн тул ээлжит бус чуулганыг хуралдуулах боломжтой болсон гэж УИХ-ын дарга С.Бямбацогт тайлбарлажээ.
Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэж, хэмнэсэн эх үүсвэрийг боловсрол, эрүүл мэндийн салбарын цалин, ахмадын тэтгэвэр, хүнс болон шатахууны нөөц, эрчим хүчний салбарын дэмжлэг зэрэгт чиглүүлэхээр тусгасан байна. Тодруулбал, урсгал зардлаас 433.4 тэрбум, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөгийг бууруулахаар төлөвлөжээ.
УИХ-ын дарга мөн сөрөг хүчний зүгээс ээлжит бус чуулган хуралдуулах санал гаргаж байсан ч Засгийн газрыг огцруулах асуудлыг албан ёсоор өргөн мэдүүлээгүй гэдгийг тодотгосон байна. Иймээс энэ удаагийн ээлжит бус чуулганаар бусад асуудал хэлэлцэхгүй, төсвийн тодотголд төвлөрөх аж.
Хэн юу хэлэв...
ТТГ-ын дарга Жон Рэтклифф Москвад нууц айлчлал хийжээ
АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф Москвад айлчилж, Оросын тагнуулын байгууллагын удирдлагуудтай уулзсан талаар Кремль мэдээллээ. Хоёр улсын харилцаа хурцадмал хэвээр байгаа үед болсон уг айлчлалыг Ассошиэйтед Пресс агентлаг ховор тохиолддог өндөр түвшний тагнуулын харилцаа гэж тодорхойлжээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр Рэтклифф ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаагүй бөгөөд хэлэлцээ хоёр улсын тагнуулын байгууллагын түвшинд болжээ. Путин уулзалтын талаар мэдээлэл авсан ч ямар асуудал хэлэлцсэнийг Кремль задруулаагүй байна.
Оросын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр АНУ-ын цэргийн нисэх онгоц наймдугаар сарын 25-нд Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд газардаж, мөн өдөр буцжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Рэтклиффийн айлчлалын ач холбогдлыг хэтрүүлэх хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлж, үүнийг “хагас энгийн, тогтмол шинжтэй” уулзалт хэмээн тодорхойлсон байна.
Песков хоёр улсын тагнуулын байгууллагуудын шууд харилцаа үргэлжилж буйг эерэг үзэгдэл хэмээн үнэлсэн ч Орос, АНУ-ын харилцаа “гүн хямралын байдалд” хэвээр байгааг онцолжээ. Рэтклиффийн айлчлал хоёр улсын харилцаанд ямар нөлөө үзүүлэхийг хэлэхэд эрт байна гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Оросын аюулгүй байдлын байгууллагуудыг судалдаг шинжээч Андрей Солдатов ийм түвшний уулзалт тогтмол болдоггүйг онцолжээ. Москва, Вашингтон хоёр тагнуулын байгууллагын шууд холбооны сувгийг 1980-аад оноос хадгалж ирсэн бөгөөд хоёр улсын иргэд, аюулгүй байдлын ашиг сонирхолтой холбоотой яаралтай асуудал үүсэхэд ашигладаг аж.
Энэ удаагийн хэлэлцээний агуулгыг албан ёсоор зарлаагүй. Солдатовын таамгаар Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн алба хаагчид, байгууламжийн аюулгүй байдал болон Орос–Ираны харилцаатай холбоотой асуудал хэлэлцсэн байх боломжтой ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байна.
Хэн юу хэлэв...
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
-
Дэлхий нийтээр..2024/08/13
Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээ...
-
Дэлхий нийтээр..2025/07/23
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Парламентын даргыг хүлээн авч уулзлаа
-
Дэлхий нийтээр..2019/08/05
Дэлхийн банк Монгол Улсад 100 сая ам.долларын дэмжлэг үзүүлнэ
-
Чөлөөт бүс2020/07/18
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
