Тод мэдээ
УИХ-ын түр болон байнгын хороо хуралдана

УИХ-ын байнгын болон түр хорооны өнөөдрийн /2021.06.15/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.
НЭГ. ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН
1. Түр хорооны хуралдаан /Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий/ 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.
Хэлэлцэх асуудал:
- Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлт, цар тахлын үед Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комиссоос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэл болон Түр хорооны 7 дугаар хуралдаанаас өгсөн үүргийн биелэлтийн талаар Шадар сайдын мэдээлэл;
- Цар тахлын нөхцөл байдалд Эрүүл мэндийн байгууллагуудаас хэрэгжүүлж буй арга хэмжээ, халдварын дэгдэлтийг бууруулах арга зам, вакцинжуулалтын үр нөлөө, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж болон бусад улс орнуудын туршлагын талаар Эрүүл мэндийн сайдын мэдээлэл.
ХОЁР. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН
1. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.
Хэлэлцэх асуудал:
- Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэл;
- Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулга;
- Ажлын хэсэг байгуулах тухай /Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/;
- Ажлын хэсэг байгуулах тухай /Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/;
- Ажлын хэсэг байгуулах тухай /Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/.
2. Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.
Хэлэлцэх асуудал:
- “Эрүүл мэндийн салбар дахь цахим шилжилттэй холбоотой хэрэгжсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” ажлын хэсгийн танилцуулга;
- “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны 2020 оны 01 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл.
3. Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.
Хэлэлцэх асуудал:
- Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааны тайлан;
- “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 3 гишүүн 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
Тод мэдээ
Явган хүний замыг шинэчлэхдээ ил кабелуудыг газар доогуур хонгилын системээр явуулж, борооны ус зайлуулах хоолойг шийднэ
Энэ онд нийслэлийн хэмжээнд 15 байршлын 186.839 ам метр явган хүний замыг шинэчилнэ. Ингэхдээ ил кабелуудыг газар доогуур хонгилын системээр явуулж, борооны ус зайлуулах хоолойг шийдэх зэрэг иж бүрэн тохижилтын ажлыг гүйцэтгэх юм.
Үүнтэй холбоотойгоор УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Энэ жилийн явган хүний замын ажлын онцлог нь газар дээгүүр ил гарсан кабелуудыг цэгцэлж, газар доогуур явуулна. Мөн Энхтайваны өргөн чөлөө дагуу автомашинд давуу байдалтай буюу явган зорчигчид ээлгүй хэд хэдэн байршил бий. Зогсоол байдлаар ашиглагддаг замууд нь сэлгэлтгүй бөгөөд буцаж ухарч гардаг учраас нэгдүгээр эгнээнд саад болохоос гадна явган зорчигчид зорчиход хүндрэлтэй байдаг. Тиймээс зам талбайг чөлөөлөн хүн төвтэй байдлаар явган замыг стандартын дагуу 3-4 метр өргөн болгож шинэчилнэ" гэлээ.
Түүнчлэн Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж, Чингисийн өргөн чөлөө зэрэг хотын томоохон гудамж, замуудын нийт есөн байршилд явган хүний зам засварын ажил үргэлжилж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил 07:00 цагт эхэлж 16:00 цагт тарна
Нийслэлийн авто замын ачааллыг бууруулах, албан хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, гэр бүлтэйгээ өнгөрүүлэх чөлөөт цагийг нэмэх зорилгоор НЗД-ын А/630 захирамжийн дагуу нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт оруулж, ажлын цагийг 07:00 цагт эхлүүлж, 16 цагт тарахаар зохицуулалт хийлээ.
Уг зохицуулалтт 6 дугаар сарын 1-ний өдрөөс наймдугаар сарын 31-ний өдрийг дуустал үргэлжлэх юм. Харин ирэх есдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд энгийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Төрийн ордонд анх удаа хүүхдийн өрөөтэй боллоо
Хүүхдийн өрөөг албан ёсоор нээх үедээ Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Төрийн ордон болон Сүхбаатарын талбай тусгай хамгаалалтад байдаг тул энэ өрөөг нээхийн тулд холбогдох дүрэм, журамд өөрчлөлт оруулах шаардлага тулгарсан тухай дурдаж, тэр бүхнийг даван туулсны эцэст бид Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн босгон дээр өрөөгөө нээж байна гэлээ. Мөн тэрбээр бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд тодорхой хугацаанд хүүхдээ Хүүхдийн өрөөнд үлдээгээд, камераар хянаж, санаа зовох зүйлгүй ажлаа хийх боломж бүрдсэнээр тэдний ажлын бүтээмж дээшилж, байгууллагын ажлын гүйцэтгэл, үр дүн сайжрах ач холбогдолтойг тэмдэглэсэн юм.
Тэрбээр Хүүхдийн өрөөний анхны зочид болсон Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч Б.Бахдал, нэгдүгээр ангийн сурагч Б.Бадмаараг, Орос-Монголын хамтарсан гуравдугаар сургуулийн нэгдүгээр ангийн сурагч Б.Амарбаяр, “Шинэ Монгол” сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч Э.Эрдэнэбилэг, нэгдүгээр ангийн сурагч Э.Номин-Эрдэнэ нарт бэлэг гардуулж, баяр хүргэлээ.
Төрийн ордонд анх удаа нээгдэж буй тус өрөөг өв соёлоо сурталчилсан олон төрлийн тоглоом, үүний дотор оньсон тоглоомууд, мөн хүүхдэд зориулсан шинжлэх ухааны хялбаршуулсан болон үлгэрийн, өв уламжлалын номуудаар тохижуулсан байна. Хүүхдүүд аав, ээжийнхээ ажлын газрын дэргэдэх өрөөнд тэднийг хүлээнгээ ном уншиж, тоглож наадах боломж бүрдэж байгаад баяртай байгаагаа илэрхийлж байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.