Тод мэдээ
“Уул хад, техникийн аврах ажиллагаа”-ны дадлага сургууль хийж байна
Онцгой байдлын ерөнхий газраас алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдлыг хангах, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа “Уул хад, техникийн аврах ажиллагаа”-ны дадлага сургууль хоёрдахь өдрөө үргэлжилж байна.
Сургалтад Үндэсний аврах бригад, нийслэлийн Аврах анги, Уул уурхайн аврах ангийн 34 алба хаагч оролцож байгаа юм.
Тэрэлж Байгалын цогцолборт газрын “Бүүвэйт хад”-ны орчимд зохион байгуулагдаж байгаа тус дадлага сургуулиар алба хаагчид аврах олс ашиглан гарах, эрэн хайх, аврах ажиллагааг богино хугацаанд зохион байгуулах, нэрвэгдэгсдийг буулгах, нүүлгэн шилжүүлэх, аврагчид аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар мэдлэгээ дээшлүүлж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Тод мэдээ
Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төсөл хэрэгжинэ
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төслийг хэрэгжүүлнэ.
НҮБ-ын “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2023 оны зургаадугаар сарын 14-ний 231 тоот тогтоолоор “Бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хамгаалах, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үйл ажиллагааны төлөвлөгөө (2023-2027)”-г баталсан.
Төлөвлөгөөний хэрэгжилтийг дэмжих зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсын холбогдох яам, агентлаг, төрийн байгууллагуудад НҮБ-ын “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг сурталчлан таниулах, Засгийн газраас баталсан үндэсний төлөвлөгөөг танилцуулах, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа юм.
Энэ хүрээнд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн жишээн дээр эрүүл мэндийн салбарын ажилтнуудын эрхэд хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төслийг хэрэгжүүлэх юм.
Тод мэдээ
Үндэсний аудитын газар нам, эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтээ ирүүллээ
Сонгуулийн ерөнхий хороонд Үндэсний аудитын газар улс төрийн 27 нам, 2 эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтийг өчигдөр (2024.04.25) хүлээлгэн өглөө.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн 27 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт 2024 оны гуравдугаар сарын 22-24-ний өдөр хүргүүлсэн юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.10 дахь хэсэгт “Төрийн аудитын дээд байгууллага нам, эвслийн мөрийн хөтөлбөр болон хандивын тайланд хийсэн дүгнэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.” гэж заасан.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу нам, эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ 2024 оны 4 дүгээр сарын 26, 27, 28-ны өдөр Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.
Сэтгэгдэл