Хэн юу хэлэв...
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гавьяат тамирчин Э.Содномпилжээтэй утсаар ярьж, баяр хүргэлээ
“Токио-2020” паралимпын наадмын пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн -107 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Содномпилжээ 245 кг өргөж, алтан медаль хүртлээ. Тэрбээр өөрийн тогтоосон рекордоо дахин шинэчилж, Токиогийн тэнгэрт Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээтэй утсаар ярьж, баяр хүргэлээ. Тэрбээр “Түүхэн рекордыг эвдсэн Содномдоо баяр хүргэе. Манай улс 1961 онд НҮБ-д элсэж, тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлсэн. 1964 онд Токиогийн олимпод тусгаар улсынхаа ёсоор оролцсон. Үүнээс хойш 57 жилийн дараа Токиогийн тэнгэрт Монголын далбааг мандууллаа. Олимпийн наадамд явахаасаа өмнө манай өрөөнд уулзахдаа “Алтан медаль авчирна” гэсэн хэлсэн амандаа хүрлээ. Монголын ард түмэн Э.Содномпилжээгээрээ бахархаж байна. Паралимпын тамирчдыг эх орондоо ирэхээр хүлээж авч уулзана” гэлээ.

Харин гавьяат тамирчин Э.Содномпилжээ “Бэлтгэл сургуулилалтаа хийхэд бүх талаар тусалж, дэмжсэн төр засгийнхандаа баярлалаа. Намайг дэмжиж байсан Монголынхоо ард түмэнд талархсанаа илэрхийлье” гэсэн юм.
“Олимпизмыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг сайжруулах, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний хороо”-г Ерөнхий сайд ахалж буй. Иргэдийн амьдралын чанар, тэдний зан үйл болоод соёлын өөрчлөлт, хүний хөгжлийн суурь үзүүлэлтийг дээшлүүлэхэд, олимпизмыг улс даяар хөгжүүлэхэд тус хороо анхаарал хандуулж ажиллана гэдгийг Ерөнхий сайд энэ үеэр хэлж байлаа.
Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ нь Пауэрлифтингийн дэлхийн хошой аварга,
2016 онд 210 кг өргөж, Риогийн паралимпээс хүрэл медаль хүртэж байсан билээ.
Хэн юу хэлэв...
УИХ-ын Ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-нд хуралдуулна
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-ны Даваа гарагийн 10:00 цагаас зарлан хуралдуулахаар болсныг УИХ-ын дарга С.Бямбацогт мэдээллээ.
Түүний мэдээлснээр, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл есдүгээр сарын 2-нд хуралдаж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шийдвэр гаргасан байна. Ээлжит бус чуулганаар зөвхөн Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Чуулган есдүгээр сарын 14-ний 17:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд төсвийн тодотголын эхний хоёр шатны хэлэлцүүлгийг хийх юм. Үргэлжлүүлэн есдүгээр сарын 15-наас эхлэх намрын ээлжит чуулганаар төсвийн тодотголын хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр байна.
Засгийн газар 2026 оны төсвийн тодотголын төслийг наймдугаар сарын 20-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Төсвийн тодотголыг хэлэлцэхийн өмнө Үндэсний аудитын газар болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлтээ гаргах шаардлагатай бөгөөд үүнд хуулиар 14 хоногийн хугацаа шаардагддаг. Эдгээр дүгнэлт УИХ-д ирэх нөхцөл бүрдсэн тул ээлжит бус чуулганыг хуралдуулах боломжтой болсон гэж УИХ-ын дарга С.Бямбацогт тайлбарлажээ.
Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэж, хэмнэсэн эх үүсвэрийг боловсрол, эрүүл мэндийн салбарын цалин, ахмадын тэтгэвэр, хүнс болон шатахууны нөөц, эрчим хүчний салбарын дэмжлэг зэрэгт чиглүүлэхээр тусгасан байна. Тодруулбал, урсгал зардлаас 433.4 тэрбум, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөгийг бууруулахаар төлөвлөжээ.
УИХ-ын дарга мөн сөрөг хүчний зүгээс ээлжит бус чуулган хуралдуулах санал гаргаж байсан ч Засгийн газрыг огцруулах асуудлыг албан ёсоор өргөн мэдүүлээгүй гэдгийг тодотгосон байна. Иймээс энэ удаагийн ээлжит бус чуулганаар бусад асуудал хэлэлцэхгүй, төсвийн тодотголд төвлөрөх аж.
Хэн юу хэлэв...
ТТГ-ын дарга Жон Рэтклифф Москвад нууц айлчлал хийжээ
АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф Москвад айлчилж, Оросын тагнуулын байгууллагын удирдлагуудтай уулзсан талаар Кремль мэдээллээ. Хоёр улсын харилцаа хурцадмал хэвээр байгаа үед болсон уг айлчлалыг Ассошиэйтед Пресс агентлаг ховор тохиолддог өндөр түвшний тагнуулын харилцаа гэж тодорхойлжээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр Рэтклифф ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаагүй бөгөөд хэлэлцээ хоёр улсын тагнуулын байгууллагын түвшинд болжээ. Путин уулзалтын талаар мэдээлэл авсан ч ямар асуудал хэлэлцсэнийг Кремль задруулаагүй байна.
Оросын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр АНУ-ын цэргийн нисэх онгоц наймдугаар сарын 25-нд Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд газардаж, мөн өдөр буцжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Рэтклиффийн айлчлалын ач холбогдлыг хэтрүүлэх хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлж, үүнийг “хагас энгийн, тогтмол шинжтэй” уулзалт хэмээн тодорхойлсон байна.
Песков хоёр улсын тагнуулын байгууллагуудын шууд харилцаа үргэлжилж буйг эерэг үзэгдэл хэмээн үнэлсэн ч Орос, АНУ-ын харилцаа “гүн хямралын байдалд” хэвээр байгааг онцолжээ. Рэтклиффийн айлчлал хоёр улсын харилцаанд ямар нөлөө үзүүлэхийг хэлэхэд эрт байна гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Оросын аюулгүй байдлын байгууллагуудыг судалдаг шинжээч Андрей Солдатов ийм түвшний уулзалт тогтмол болдоггүйг онцолжээ. Москва, Вашингтон хоёр тагнуулын байгууллагын шууд холбооны сувгийг 1980-аад оноос хадгалж ирсэн бөгөөд хоёр улсын иргэд, аюулгүй байдлын ашиг сонирхолтой холбоотой яаралтай асуудал үүсэхэд ашигладаг аж.
Энэ удаагийн хэлэлцээний агуулгыг албан ёсоор зарлаагүй. Солдатовын таамгаар Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн алба хаагчид, байгууламжийн аюулгүй байдал болон Орос–Ираны харилцаатай холбоотой асуудал хэлэлцсэн байх боломжтой ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байна.
Хэн юу хэлэв...
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
-
Дэлхий нийтээр..2023/04/20
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
-
Үйл явдал2022/12/07
УИХ: Ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
-
Үйл явдал2021/01/04
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
-
Дэлхий нийтээр..2022/12/23
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Ренчиндоржийн Онончимэг сонгогдлоо
