Тод мэдээ
Байнгын хороогоор энэ сард хэлэлцэх хууль тогтоомжийн төслүүдийн цаглаварыг баталлаа

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны намрын ээлжит чуулганы анхны хуралдаан өнөөдөр /2021.10.05/ 12 цаг 10 минутад 52.9 хувийн ирцтэй эхлэв.
Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат хуралдааны эхэнд эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудаа сурган хүмүүжүүлэх үйлсэд эрдэм оюун, ухаан бодол, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байгаа нийт багш, сурган хүмүүжүүлэгчид, багшийн мэргэжилтэй УИХ-ын гишүүддээ Дэлхийн болон Монголын багш нарын өдрийн мэндчилгээ дэвшүүлж, ажлын амжилт, сайн сайхныг хүслээ.
Байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард тус Байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д “Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг баталсан УИХ-ын тогтоолд заасан хууль, тогтоолын төслийн хэлэлцэх дарааллыг Зөвлөлийн саналыг харгалзан УИХ-ын дарга сар бүр захирамжаар батална”, мөн зүйлийн 10.6-д “Энэ хуулийн 10.5-д заасан дарааллыг үндэслэн хэлэлцэх асуудлын цаглаврыг Байнгын хороод баталж, мөрдүүлнэ” гэж заасны дагуу уг тогтоолын төслийг боловсруулжээ.
Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат энэ талаарх танилцуулгадаа, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын 2020 оны 02 дугаар тогтоолын хавсралтаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарийг баталсан. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх ажлыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулахыг Засгийн газарт даалгасан.
Энэ хүрээнд 32 хууль батлахаар нэр зааж тусгаснаас өнгөрсөн хугацаанд Улсын Их Хурлаас 12 хууль баталсан, одоо 3 хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд байна. Харин 17 хуулийн төсөл өргөн баригдаагүй хүлээгдэж байна. Эдгээр хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж өргөн мэдүүлэх учиртай.
Мөн Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлын хүрээнд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн төсөл өргөн баригдсан. Харин УИХ-ын даргын захирамжаар УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл, Улс төрийн намын тухай хуулийн төсөл, Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төсөл, Төрийн албаны сонгон шалгаруулалтын тухай хуулийн төслийн ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байгааг дурдав.
УИХ-ын даргын 2021 оны есдүгээр сарын 15-ны өдрийн “УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” 70 дугаар захирамжид заасан Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэх цаглаварыг хавсралтаар батлах, харин хэлэлцэх хугацааг хуульд тусгайлан заасан болон бусад Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхэд энэ цаглавар хамаарахгүй байхаар тогтоолын төсөлд тусгасныг танилцуулсан юм. Мөн өргөн баригдаагүй байгаа хуулийн төслүүдийг цаглаварт тусгаагүй гэдгийг онцлов.
Тус Байнгын хороо энэ сард УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг ажлын хэсэг болон ажлын дэд хэсгийн хуралдаанаар хэлэлцэж Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт бэлтгэх, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын гурван гишүүний өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр уг цаглаварт тусгасан байна.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Н.Энхболд, Б.Пүрэвдорж нар Байнгын хорооны дарга болон ажлын хэсгийн ахлагчдаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн төслийн ажлын хэсэг болон ажлын дэд хэсгийн ажлыг шуурхайлж, аравдугаар сарын сүүлчээр Байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй байна гэсэн УИХ-ын гишүүн С.Бямбацогтын саналыг хүлээн авч буйгаа ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хэллээ.
Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Ж.Ганбаатар, Улс төрийн намын тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнхцэцэг, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн санаачлагч Ё.Баатарбилэг нар холбогдох хуулийн төслийн үзэл баримтлалын явцын талаар гишүүдэд товч мэдээлэл өгсөн юм.
Ингээд гишүүдээс гаргасан саналыг нэмж тусган “УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон 17 гишүүний 11 нь буюу 64.7 хувь дэмжлээ.
Тод мэдээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны удирдлагуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар болон тус холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд тус холбооны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатар ахмад настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах, хугацааг уртасгах, орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах талаар ахмад настнуудын тавьж буй шаардлагыг уламжилж, зарим асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар саналаа хэллээ.
Тухайлбал, ахмад настнуудын тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхээр хуульчилсан. Гэхдээ 6 хувиар нэмэгдүүлэхэд өндөр тэтгэвэртэй ахмадуудын тэтгэвэр 200-300 мянган төгрөг, бага тэтгэвэртэй ахмадуудынх 40-60 мянган төгрөгөөр нэмэгдэхээр байгаа. Ийм зөрүү гарч байгаа тул бага тэтгэвэртэй ахмадуудын тэтгэврийг илүү нэмэгдүүлж болох юм. Мөн “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, хүүхдийн тооноос шалтгаалан тэтгэврийн хэмжээг тогтоох асуудлыг эргэн харах шаардлагатай байна гэлээ. Ахмад настны тухай хуулийн зарим заалтын хэрэгжилтийг хангаж ажиллахаас гадна орон нутгийн засаг захиргаанаас ахмад настнуудад чиглэсэн бодлогод анхаарал хандуулахыг хүсэв.
Ерөнхий сайд Г.Занданшатар, ирэх онд тэтгэврийг 6 хувиар нэмэгдүүлэхэд нийт 333.5 тэрбум төгрөг зарцуулж, дундаж тэтгэврийн хэмжээг 901,000 төгрөгт хүргэхээр тооцож байна. Ахмад настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэх, амьдралын чанарыг сайжруулах зэрэг асуудал Засгийн газрын анхаарлын төвд байгаа. Нэн тэргүүнд холбогдох яамд болон Монголын Ахмадын холбоо хамтран ахмад настнуудын хөгжил, хамгааллын асуудлаар дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр боловсруулж гаргах шаардлагатай байна гэлээ.
Энэ жилийн төсвийн орлого 3,3 их наядаар тасарч, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа. Энэ хүндрэлийг даван туулахын тулд Засгийн газар хэмнэлтийн зарчим баримтлан, хэмнэж болох бүх зардлыг танаж буй ч зайлшгүй зардал болох тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгийг тасалдалгүй олгох бодлого баримталж буй. Төрөлт нэмэгдэж, ахмад настнуудын насжилт өндөрсөж буй учраас нийгмийн хамгааллын зардал тэр хэрээр өссөн. ҮСХ-ны тооцоогоор 2024 оны байдлаар нийт хүн амын 11.5 хувь нь ахмад настан байсан бол 2050 он гэхэд энэ үзүүлэлт 19.8 хувьд хүрч, таван хүн тутмын нэг нь ахмад настан болох төлөвтэй байна.
Засгийн газар хүний хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд ойрын 5 жилийн хугацаанд цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг олон улсын жишигт хүргэж нэмэгдүүлэх зорилт тавьсан. Ирэх сард Монгол Улсын хөгжлийн 2026-2030 он хүртэлх Үндсэн чиглэлийг УИХ-д өргөн барина. Энэхүү баримт бичигт ахмад настны талаар төрөөс баримтлах цогц бодлогыг тусгаж байгаа юм.
Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Г.Занданшатар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон бусад холбогдох яам, агентлаг, төрийн бус байгууллагуудын оролцоог хангаж, ахмад настнуудын талаарх хууль эрх зүйн орчныг сайжруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллах Ажлын хэсэг байгуулах чиглэл өгөв.
Тод мэдээ
Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ
Улсын Их Хурлын чуулганы нээлтийн хуралдаанд, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Нийслэлийн болон Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлага, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсанаас хойш ажиллаж байсан Улсын Их Хурлын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нар, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Олон Улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уригдан оролцов.
Засгийн газраас өргөн мэдүүлээд байгаа Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг 1.3 их наяд төгрөгийн алдагдагдалтай боловсруулсан, боловсролын салбарт зарцуулах төсөв өмнөх оныхоос нэмэгдээгүй зэргийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан шүүмжилж, өвөлжилтийн бэлтгэлийг цаг алдалгүй, чанартай хангах шаардлагатайг анхаарууллаа.
Тод мэдээ
ABU PRIZES-2025: ABU-гийн 2025 оны "Онцлох телевиз" шагналыг МҮОНРТ хүртлээ
“ABU PRIZES-2025” уралдаанд энэ жил Ази Номхон Далайн орнуудаас нийт 318 бүтээл ирснээс шилдэг бүтээлүүдийг шалгаруулж, шагналыг гардууллаа. ABU-гийн 2025 оны "Онцлох телевиз" шагналыг МҮОНРТ хүртлээ.
МҮОНРТ энэ жил Ази- Hомхон далайн өргөн бүсийн томоохон хоёр ажлыг гардан зохион байгуулсан. Тодоруулбал “ABU” робокон, оюутан залуусын роботын тэмцээнийг сагсан бөмбөгийн төрлөөр амжилттай зохион байгуулсан. Мөн өв соёлоо хадгалах, хамгаалах зорилгыг шингээн, “ABU”-гийн 62 дугаар чуулганыг амжилттай зохион байгуулж байна.