Дэлхий нийтээр..
Дэлхийн банкны санхүүжилтээр ЭМЯ-ны хэрэгжүүлж буй төслийн хүрээнд нийлүүлэгдсэн тоног төхөөрөмжүүдийг гардууллаа
Эрүүл мэндийн яам Дэлхийн банкны санхүүжилтээр “Монгол Улсын COVID-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийг 2020 оны 4 дүгээр сараас хэрэгжүүлж байна. Тус төслийн санхүүжилтээр УГТЭ-т 2.9 cая ам.долларын (8 тэрбум 380 сая төгрөгний) төсөвт өртөгтэйгөөр, Уушги орлуулах ЭКМО, 30 гаруй нэр төрлийн Яаралтай тусламж, сэхээн амьдруулах тасгийн тоног төхөөрөмжийн иж бүрдэл, Оношлогооны дурангийн иж бүрдэл, зөөврийн рентген аппарат зэрэг тоног төхөөрөмжийг өчигдөр хүлээлгэн өглөө. Уг үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМЯ-ны удирдлагууд, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев тэргүүтэй төлөөллүүд, Улсын гуравдугаар төв эмнэлгийн удирдлага, хамт олны төлөөллүүд оролцлоо. Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгт мөн Дэлхийн банкны санхүүжилттэй ЭМЯ-ны хэрэгжүүлж буй “Цахим эрүүл мэнд” төсөл 2020 оноос хэрэгжээд байгаа ба Дүрс архивлах дамжуулах системийг суурилуулан амжилттай хэрэгжүүлж буй билээ.

Түүнчлэн эмнэлэгт тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдсэнээр оношлогооны дурангийн хүчин чадал 2 дахин нэмэгдэж, яаралтай тусламжийн хүчин чадал сайжирч, Улаанбаатар хотын хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирна. Мөн уг төслийн хүрээнд Вакцин Биобэлдмэлийн үндэсний төв агуулах, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, Өвөрхангай болон Өмнөговь бүсийн эмчилгээ оношлогооны төвд хүчилтөрөгчийн бичил үйлдвэр тохижуулж, 21 аймаг 9 дүүрэгт 205 амьсгалын аппарат, сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тоног төхөөрөмж, Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв II эмнэлгүүдэд эмнэлгийн болон эмнэлгийн бус тоног төхөөрөмж, Улсын Гуравдугаар төв эмнэлэг, Япон Монголын эмнэлгүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, мэргэжилтнүүдийг сургасан. Цар тахалтай тэмцэж буй эмнэлгийн мэргэжилтнүүдийн аюулгүй ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор мөн 2.6 сая ам долларын хувийн хамгаалах хэрэгсэл, N95 маск, Нүүрний хамгаалалт, нүдний шил, комбинезон, үзлэгийн бээлий зэргийг шаардлагатай эмнэлгүүдэд хуваарилаад байна.

.jpg)
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
