Хэн юу хэлэв...
Д.Сумъяабазар: Сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж төлөвлөөгүй нэг ч хотхоныг дахин бариулахгүй
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр болон холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хороонд ажиллалаа.
Тодруулбал, тус хороодод улсын сургууль, цэцэрлэг барих асуудлыг шийдвэрлэхээр нөхцөл байдлыг газар дээр нь очиж үзсэн юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр дүүрэгтээ ирэх онуудад бүтээн байгуулахаар төлөвлөсөн сургууль, цэцэрлэгийн төслүүдийг танилцуулсан юм. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт 2023-2024 онд нэг сургууль, 3-4 цэцэрлэг шинээр барихаар төлөвлөж байгаа аж. Тус сургууль, цэцэрлэгийн газрын асуудал бүрэн шийдэгдсэн бөгөөд гагцхүү төсвийн асуудлыг шийдвэрлэхэд анхааран ажиллахыг Хотын даргаас хүслээ.
Үүний хариуд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улс, нийслэлийн төсөв хэлэлцэх чухал үед санаачилга гарган, уг саналыг хүргүүлж байгаа УИХ-ын гишүүн Б.Энхбаярын саналыг хүлээн авлаа. Удахгүй нийслэлийн төсвийг хэлэлцэх үеэр уг саналыг оруулан, шийдвэрлэх болно. Тус 25, 26 дугаар хороонд барих сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтад нийслэлийн зүгээс онцгой анхаарал хандуулна. Улаанбаатар хотын хувьд газар бол хамгийн үнэ цэнтэй зүйл. Сургууль, цэцэрлэггүй хотхонууд хотод маш олон байгаа. Тиймээс Хотын даргын хувьд сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж төлөвлөөгүй нэг ч хотхоныг дахин бариулахгүй. Хүүхдэдээ, иргэндээ ээлтэй, ногоон байгууламжтай, амьдрах орчин, чанарыг сайжруулсан хот байхын төлөө бодлогоо чиглүүлнэ” хэмээв.

Нийслэлийн хэмжээнд 2020-2022 онд нийт 152 сургууль, цэцэрлэг барих ажил эхэлсэн бөгөөд барилгын ажил үргэлжилж байна. Хамран сургах тойргийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд нэмж 71 сургууль, цэцэрлэг барих шаардлагатайг Нийслэлийн Боловсролын газраас мэдээлж байлаа.
Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн “Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хороо болон Хан-Уул дүүргийн 17, 18, 19 дүгээр хороо хамгийн өндөр нягтаршилтай бөгөөд газар байхгүйн улмаас сургууль, цэцэрлэгийн хүртээмж тааруу байдаг. Үүнээс үүдэн зорчих хөдөлгөөн нэмэгдэж, түгжрэл үүсэх нөхцөл бүрдээд байна. Улаанбаатар хотын түгжрэлийн 28.5 хувийг хамран сургах тойрогт нь сургууль, цэцэрлэг хүртээмжгүйгээс хүүхдээ зөөх хөдөлгөөн бүрдүүлдэг” хэмээн онцоллоо.
Хэн юу хэлэв...
УИХ-ын Ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-нд хуралдуулна
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-ны Даваа гарагийн 10:00 цагаас зарлан хуралдуулахаар болсныг УИХ-ын дарга С.Бямбацогт мэдээллээ.
Түүний мэдээлснээр, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл есдүгээр сарын 2-нд хуралдаж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шийдвэр гаргасан байна. Ээлжит бус чуулганаар зөвхөн Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Чуулган есдүгээр сарын 14-ний 17:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд төсвийн тодотголын эхний хоёр шатны хэлэлцүүлгийг хийх юм. Үргэлжлүүлэн есдүгээр сарын 15-наас эхлэх намрын ээлжит чуулганаар төсвийн тодотголын хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр байна.
Засгийн газар 2026 оны төсвийн тодотголын төслийг наймдугаар сарын 20-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Төсвийн тодотголыг хэлэлцэхийн өмнө Үндэсний аудитын газар болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлтээ гаргах шаардлагатай бөгөөд үүнд хуулиар 14 хоногийн хугацаа шаардагддаг. Эдгээр дүгнэлт УИХ-д ирэх нөхцөл бүрдсэн тул ээлжит бус чуулганыг хуралдуулах боломжтой болсон гэж УИХ-ын дарга С.Бямбацогт тайлбарлажээ.
Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэж, хэмнэсэн эх үүсвэрийг боловсрол, эрүүл мэндийн салбарын цалин, ахмадын тэтгэвэр, хүнс болон шатахууны нөөц, эрчим хүчний салбарын дэмжлэг зэрэгт чиглүүлэхээр тусгасан байна. Тодруулбал, урсгал зардлаас 433.4 тэрбум, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөгийг бууруулахаар төлөвлөжээ.
УИХ-ын дарга мөн сөрөг хүчний зүгээс ээлжит бус чуулган хуралдуулах санал гаргаж байсан ч Засгийн газрыг огцруулах асуудлыг албан ёсоор өргөн мэдүүлээгүй гэдгийг тодотгосон байна. Иймээс энэ удаагийн ээлжит бус чуулганаар бусад асуудал хэлэлцэхгүй, төсвийн тодотголд төвлөрөх аж.
Хэн юу хэлэв...
ТТГ-ын дарга Жон Рэтклифф Москвад нууц айлчлал хийжээ
АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф Москвад айлчилж, Оросын тагнуулын байгууллагын удирдлагуудтай уулзсан талаар Кремль мэдээллээ. Хоёр улсын харилцаа хурцадмал хэвээр байгаа үед болсон уг айлчлалыг Ассошиэйтед Пресс агентлаг ховор тохиолддог өндөр түвшний тагнуулын харилцаа гэж тодорхойлжээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр Рэтклифф ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаагүй бөгөөд хэлэлцээ хоёр улсын тагнуулын байгууллагын түвшинд болжээ. Путин уулзалтын талаар мэдээлэл авсан ч ямар асуудал хэлэлцсэнийг Кремль задруулаагүй байна.
Оросын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр АНУ-ын цэргийн нисэх онгоц наймдугаар сарын 25-нд Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд газардаж, мөн өдөр буцжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Рэтклиффийн айлчлалын ач холбогдлыг хэтрүүлэх хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлж, үүнийг “хагас энгийн, тогтмол шинжтэй” уулзалт хэмээн тодорхойлсон байна.
Песков хоёр улсын тагнуулын байгууллагуудын шууд харилцаа үргэлжилж буйг эерэг үзэгдэл хэмээн үнэлсэн ч Орос, АНУ-ын харилцаа “гүн хямралын байдалд” хэвээр байгааг онцолжээ. Рэтклиффийн айлчлал хоёр улсын харилцаанд ямар нөлөө үзүүлэхийг хэлэхэд эрт байна гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Оросын аюулгүй байдлын байгууллагуудыг судалдаг шинжээч Андрей Солдатов ийм түвшний уулзалт тогтмол болдоггүйг онцолжээ. Москва, Вашингтон хоёр тагнуулын байгууллагын шууд холбооны сувгийг 1980-аад оноос хадгалж ирсэн бөгөөд хоёр улсын иргэд, аюулгүй байдлын ашиг сонирхолтой холбоотой яаралтай асуудал үүсэхэд ашигладаг аж.
Энэ удаагийн хэлэлцээний агуулгыг албан ёсоор зарлаагүй. Солдатовын таамгаар Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн алба хаагчид, байгууламжийн аюулгүй байдал болон Орос–Ираны харилцаатай холбоотой асуудал хэлэлцсэн байх боломжтой ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байна.
