Үйл явдал
Байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг сонгохыг дэмжлээ
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2019 оны зургаадугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар тус Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэв. Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн саналыг Д.Тогтохсүрэн гишүүн танилцууллаа. Байнгын хороодын дарга нарын сонгуулийн бүрэн эрхийн хугацаа дууссан бөгөөд бусад Байнгын хорооны асуудлыг бүрэн шийдвэрлэсэн болохыг тэрбээр танилцуулгынхаа эхэнд онцоллоо. Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатарыг Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшүүлэхээр танилцуулсан.
Тэрбээр 1996 онд нийслэлийн 48 дугаар дунд сургуулийг дүүргэж, 2000 онд Орхон их сургуулийг эрх зүйчээр төгсөж, 2002 онд Орхон их сургуульд боловсрол судлалын магистр, 2008 онд Цагдаагийн академид хууль зүйн ухааны магистр, 2012 онд Удирдлагын академид төрийн удирдлагын докторант, 2017 онд Хууль сахиулахын их сургуульд хууль зүйн ухааны докторантаар суралцаж тус тус төгссөн байна. Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар нь 2000-2007 онд Орхон их сургуульд багш, 2005-2009 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч, 2009 онд Сонгинохайрхан дүүргийн хуулийн зөвлөх, 2009-2012 онд Сонгинохайрхан дүүргийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын даргаар ажиллаж байгаад 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм.
Нэр дэвшигчдээс асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул санал хураалт явуулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатарыг Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Үйл явдал
Шинэ хичээлийн жилийн бэлтгэл болон бусад цаг үеийн ажлын талаар хэлэлцлээ
Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар боловсролын салбарын шинэ хичээлийн жилийн бэлтгэл болон бусад цаг үеийн ажлын талаар хэлэлцлээ.
Хуралдаанаар:
-2026-2027 оны хичээлийн жилээс 1 дүгээр ангийн сурах бичгийг шинээр зохиох, хэвлэх, түгээх ажил болон бусад ангиудын сурах бичгийн нөхөн хангалтын хүртээмж
-Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц, цэцэрлэг, сургуулийн элсэлт, бүртгэл
-“COP 17” арга хэмжээтэй холбоотойгоор хичээл сургалтын зохицуулалт
-Нийслэлийн хэмжээнд хотхоны бага сургууль болон төрөлжсөн ахлах сургууль байгуулах ажлын хүрээнд байгуулагдсан ажлын хэсэг Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд ажиллах
-Боловсролын зээлийн сангийн 2026 оны сонгон шалгаруулалтын үр дүн, тэтгэлэг, зээл, төлбөрийн хөнгөлөлтийн хэрэгжилтийн явц, төсвийн нөхцөл байдал
-2027 оны төсвийн төлөвлөлт болон боловсролын салбарын 2026 оны хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны төслүүдийн явцтай танилцах
-Тажикстан Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд боловсролын салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах зэрэг асуудлуудын талаар хэлэлцлээ.
Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир танилцуулсан асуудал бүр дээр шийдэл, шаардагдах төсөв, хугацааг тодорхой тусгаж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг бүтэц, нэгжийн удирдлагуудад даалгалаа.

Үйл явдал
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
НӨАТ-ын урамшууллын 2026 оны 07 дугаар сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг 2026 оны 07 дугаар сарын 22-нд 13.00 цагт ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.
Иргэн та 2026 оны 06 дугаар сарын 01-нээс 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 цаг 59 минутаас өмнө бүртгүүлж, сугалаандаа хамрагдана уу.
Сугалааны тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог ба дэлгэрэнгүй мэдээллийг https://sugalaa.ebarimt.mn/ цахим хуудаснаас үзээрэй.

Үйл явдал
Мөнгөний нийлүүлэлт 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 26.6 хувиар өсжээ
Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт (М2) 2026 оны зургаадугаар сарын эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.2 их наяд төгрөгөөр буюу 26.6 хувиар өссөн байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр энэхүү өсөлтөд төгрөгийн хадгаламж 5.9 их наяд төгрөгөөр (26.3 хувь), төгрөгийн харилцах 2.8 их наяд төгрөгөөр (29.3 хувь), валютын харилцах 2.7 их наяд төгрөгөөр (75.4 хувь) тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Мөн 2026 оны зургаадугаар сарын байдлаар аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 49.3 их наяд төгрөг болсон байна. Үүнээс чанаргүй зээл 2.5 их наяд төгрөг, анхаарал хандуулах зээл 1.2 их наяд төгрөг байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Түүнчлэн зургаадугаар сарын валютын сарын дундаж ханшаар 1 ам.доллар 3576.65 төгрөг, 1 евро 4117.99 төгрөг, 1 юань 527.86 төгрөг, 1 рубль 48.40 төгрөг байсан байна.
Эдгээр үзүүлэлт нь 2026 оны зургаадугаар сарын урьдчилсан гүйцэтгэл болохыг Үндэсний статистикийн хороо онцолжээ.

-
Дэлхий нийтээр..2022/02/09
Төсөл хэрэгжүүлэгчдэд батламж гардуулж, гэрээ байгуулах эрх олгов
-
Дэлхий нийтээр..2019/07/19
Улсын хэмжээнд 16,5 сая.мкв талбайд ариутгал, халдваргүйтгэл хийв
-
Дэлхий нийтээр..2024/08/30
Хяналт шалгалт үргэлжилж байна
-
Үйл явдал2020/12/22
Эрчим хүчний яамнаас мэдээлж байна /2020.12.22/
