Бидэнтэй нэгдэх

Хэн юу хэлэв...

М.Баяраа: Аж ахуйн нэгжүүдэд үзүүлсэн дэмжлэг зөрчил гэж ойлгогдсон

Огноо:

,

Сэтгүүлч:

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга М.Баяраатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Нийслэлийн Өмчийн харилцааны газар нийслэлийн төсөвт жилд хэчнээн төгрөгийн орлого төвлөрүүлдэг вэ?

-Нийслэлд орлого төвлөрүүлдэг гурван агентлаг байдаг. Үүнд, Нийслэлийн Татварын газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Өмчийн харилцааны газар багтдаг. Нийслэлийн Өмчийн харилцааны газарт түрээсийн орлого, өмчийн дуудлага худалдааны орлого, нийслэлийн харьяа байгууллагуудын ногдол ашиг, акталсан хөрөнгө борлуулсан орлого гэх үндсэн дөрвөн төрлийн орлогоос бүрддэг. Үүнээс түрээсийн орлогын хувьд 2018 онд 1.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх байснаас 1.8 тэрбумыг төвлөрүүлсэн байдаг. 2019 онд 1.8 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөснөө давуулан биелүүлж, 2 тэрбум төгрөг төвлөрүүлэн 115 хувийн гүйцэтгэлтэй ажилласан. Харин цар тахлын үед буюу 2020 онд  түрээсийн орлогод 3.1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөснөөс 2.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж 82.5 хувийн гүйцэтгэлтэй ажилласан. Тэгэхээр “Ковид 19” цар тахлын үед зарим түрээслэгчдэд хөнгөлөлт үзүүлэх шаардлага үүссэн.

-Нийслэлийн өмчит объектуудад зарим аж ахуйн нэгж түрээсийн гэрээ байгуулаагүй, төлбөргүй үйл ажиллагаа явуулж байсан гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Нийслэл дэх төрийн Аудитын газраас дөрвөн жилд нэг удаа хийдэг хуваарьт шалгалтаар  2018-2020 оны түрээсийн үйл ажиллагаанд  шалгалт явуулсан. Манай Нийслэлийн Өмчийн харилцааны газраас шалгалтын багийнхантай хамтарч ажиллан, түрээслүүлж байгаа бүх объектоо нэг бүрчлэн танилцуулж, шалгуулсан. Шалгалтаар илэрсэн зөрчлүүдтэй холбоотойгоор Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2021 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн Аудитын газарт тайлбар хүргүүлсэн.

Тухайн тайлбарт аж ахуйн нэгжүүд 2019 он хүртэл гэрээгээ байгуулаад явж байсан. Харин 2020 онд "Ковид-19"-ийн нөхцөл байдлаас шалтгаалан зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нь дэмжих үүднээс Нийслэлийн Засаг даргын захирамжаар түрээсийн хөнгөлөлт эдлүүлэх, чөлөөлөх ажлууд хийсэн. Хөл хорионы үед үйл ажиллагаа нь зогссон худалдаа, үйлчилгээ эрхлэгчид, жижиг, дунд бизнес эрхлэгчдээ нийслэлээс дэмжсэн юм. Тухайлбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Нийслэлийн Засаг захиргааны 4-р байр, Ерөнхий боловсролын сургуулийн цайны газарт үйл ажиллагаа явуулж байсан иргэн, аж ахуйн нэгжүүд хөнгөлөлтөд хамрагдсан. Удаан хугацаанд хөл хориотой байсан учраас үйл ажиллагаа явуулах боломжгүй болж түрээсээ төлж чадахгүйд хүрсэн. Хоёр жилийн турш “Ковид-19” цар тахлаас  үүдэн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болсон бизнес эрхлэгчдээс түрээс нэхэх хүндрэлтэй. Бид жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжих ёстой. Энэ талаар бид Нийслэлийн Аудитын газарт тайлбар хүргүүлсэн. Одоо Аудитын газрын гаргасан дүгнэлтийн дагуу Ажлын хэсэг байгуулагдаад илэрсэн зөрчлүүдийг арилгах, дахин нягтлах, шалгах ажлыг зохион байгуулаад явж байгаа.

-Тухайн байгууллагуудаас авах түрээсийн үнийг хаанаас тогтоодог вэ?

- 2018 оны НИТХ-ын Тэргүүлэгчдийн 40 дүгээр тогтоолоор түрээсийн төлбөрийн доод жишиг үнийг тогтоосон байдаг бөгөөд тухайн түрээслүүлэх талбайн зориулалт, байршил бусад нөхцөлөөс хамаарч түрээсийн төлбөр харилцан адилгүй байдаг. Түүнээс биш зарим байгууллагаас хэт өндөр түрээс аваад, заримаас нь түрээс авдаггүй гэсэн зүйл байхгүй.

-Хотын дарга нийслэлийн харьяа байгууллагуудад цахим үйлчилгээг нэвтрүүлэх, олон нийтэд ил тод, нээлттэй байх бодлого баримталж байгаа. Энэ чиглэлээр танай байгууллага хэрхэн ажиллаж байгаа вэ?

-Нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх,  хадгалах, хамгаалах тал дээр  олон ажлыг хийж байгаа. Тухайлбал Нийслэл өмчийн нэгдсэн мэдээллийн цахим сантай болохоор ажиллаж байна. Нийслэлтэй хамааралтай бүх өмчийн түрээс, дуудлага худалдаа гэх мэт үйл ажиллагаа цахим системд нээлттэй байдлаар орж байгаа. Төрийн байгууллагын нээлттэй, ил тод байх гэдэг зарчим дээр үндэслэн бүх мэдээллээ цахим руу шилжүүлж байна. 30 жилийн хугацаанд анх удаа цахим хэлбэрт шилжиж байна гэсэн үг. Мөн олон жил үргэлжилсэн, өмчийн маргаантай нийслэлийн 32 объектыг чиг үүргийнхээ хүрээнд шүүхэд шилжүүлсэн. Нийслэлийн өмчийг хадгалах, хамгаалах тал дээр холбогдох хуулийн байгууллагуудад хандан ажиллаж байна.

-Урт цагаанд үйлчилгээ эрхлэгчид шүүхийн маргаантай байгаа. Энэ асуудал шийдэгдэж байгаа юу?

-Урт цагааны барилга байгууламж ашиглалтын шаардлага хангахгүй, галын аюулгүй байдлыг бүрэн хангахааргүй бөгөөд газар хөдлөлтөд нурах магадлалтай гэсэн дүгнэлтийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас удаа дараа гаргасан. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/216 дугаар захирамжаар урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоосон. Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас Урт цагааны барилгыг буулгаад, шинэ барилга барьж, жуулчны гудамжийг бий болгох төлөвлөгөөг боловсруулсан. Гэвч тухайн барилгад үйл ажиллагаа явуулж байсан аж ахуй нэгжүүд уг захирамжийг хууль бус хэмээн үзэж шүүхэд хандсан. Шүүхээс тухайн захирамжийн биелэлтийг түдгэлзүүлсэн байдалтай байна. Шүүхээр энэхүү асуудлыг эцэслэн шийдэх байх. Тиймээс ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг түрээслэх, үйл ажиллагаа явуулах боломжгүй учраас нийслэлийн зүгээс тухайн түрээслэгч байгууллагуудтай гэрээ хийхээс татгалзаж байгаа.

-Нийслэл өмч, хөрөнгөө хэдий хугацаанд тоолдог вэ?

-Нийслэлийн өмчийн тооллогыг дөрвөн жилд нэг удаа хийдэг. Энэ жил буюу 2022 оны гуравдугаар сард улсын хэмжээнд тооллого хийнэ.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Хэн юу хэлэв...

Өглөөний нарыг унтаж алдаж, оройн харанхуйд тог цахилгаан худалдаж авсаар байх уу?

Огноо:

,

Зуны улиралд Улаанбаатарт нар өглөө 04:59 цагт мандаж, орой 20:40 цагт жаргаж байна. Өөрөөр хэлбэл байгалийн гэрэл өглөө эрт аль хэдийнэ хотыг гэрэлтүүлж эхэлдэг. Гэвч энэ үед олонх хүн унтаж байдаг. Харин орой 20:00 цагаас хойш айл өрх, үйлчилгээний байгууллага, хотын орчин даяараа гэрэл чийдэнгээ асааж эхэлдэг.

Эндээс маш энгийн атлаа бодлогын түвшинд ярих ёстой асуулт гарч ирнэ.

Бид өглөө 05:00-07:00 цагийн хооронд үнэгүй тусаж буй нарны гэрлийг бодитоор ашиглаж чадаж байна уу? Эсвэл оройн 20:00-22:00 цагийн харанхуйг улс даяараа цахилгаанаар нөхөж, байгалийн үнэгүй эрчим хүчийг унтаж өнгөрөөж байна уу?

Эрчим хүчний хэмнэлтийн тухай ярихдаа бид ихэвчлэн цахилгаан станц, импорт, оргил ачаалал, дамжуулах сүлжээ зэрэг том ойлголтыг ярьдаг. Гэвч бодит амьдрал дээр хамгийн өргөн хэрэглээ айл өрх бүрт, байгууллага бүрт, өрөө тасалгаа бүрт зэрэг үүсдэг жижиг жижиг асаалтаас бүрддэг.

Гал тогооны гэрэл, зочны өрөөний гэрэл, хүүхдийн өрөө, ариун цэврийн өрөө, орц, лифт, дэлгүүрийн хаяг, үйлчилгээний газрын гадна дотор гэрэлтүүлэг, гудамж талбайн гэрэл гээд анзаарагдахгүй хэрэглээ нийлээд маш том ачаалал болдог.

Хэрэв нар 20:00 цагийн орчимд жаргаж, хүмүүс шөнө дунд хүртэл сэрүүн байвал айл өрхүүд ойролцоогоор дөрвөн цагийн турш гэрэл асааж хэрэглэнэ. Харин цагийн зохицуулалт хийж, оройн нарны гэрлийг 22:00 цагийн орчим хүртэл ашиглах боломжтой болбол энэ хугацаа хоёр цаг болж багасна. Энэ нь зөвхөн нэг айлын нэг чийдэнгийн тухай асуудал биш. Хот даяар, айл өрх бүрт, байгууллага үйлчилгээ бүрт зэрэг үүсдэг хэрэглээний тухай асуудал юм.

Өөрөөр хэлбэл өглөөний нар унтаж өнгөрөх гэрэл болж, оройн харанхуй цахилгаанаар худалдаж авдаг цаг болж байна. Энэ бол эрчим хүчний бодлогын хувьд зайлшгүй тооцож үзэх ёстой өнцөг.

Гэхдээ энэ асуудал зөвхөн цахилгааны хэмнэлтээр хязгаарлагдахгүй. Оройн нар гэдэг бол гэр бүлийн цаг юм.

Харанхуй эрт болохоор айлын амьдрал өрөө өрөөндөө салдаг. Хүүхэд нэг өрөөнд, эцэг эх өөр өрөөнд, нэг нь утсаа оролдож, нөгөө нь зурагт үзэж, гэр бүлийн хамтын цаг багасдаг. Харин 22:00 цаг хүртэл гэгээтэй байвал гэр бүл хамт алхах, хүүхэдтэйгээ тоглох, ахмад настнаа салхилуулах, хөршүүд уулзах, иргэд гадаа идэвхтэй байх боломж нэмэгдэнэ.

Оройн гэрэл бол зөвхөн нарны тусгал биш. Энэ бол гэр бүлийн харилцаа, хүүхдийн хөдөлгөөн, иргэдийн аюулгүй байдал, хотын амьдралын чанар, сэтгэл санааны тав тухтай шууд холбоотой нийгмийн үнэт цаг юм.

Мөн энэ зохицуулалт бизнесийн байгууллагуудад ч бодит үр ашигтай. Дэлгүүр, кафе, ресторан, үйлчилгээний газруудын хамгийн идэвхтэй цаг ихэвчлэн орой байдаг. Хүмүүс ажлаа тараад худалдан авалт хийх, хооллох, гэр бүлээрээ гадуур гарах, алхах, үйлчилгээ авах нь нэмэгддэг.

Гэтэл харанхуй эрт болохоор үйлчилгээний байгууллагууд гадна хаяг, заал, үүд, шат, агуулах, хамгаалалтын гэрэлтүүлэг, гаднах талбайн гэрлээ зэрэг асаана. Энэ нь тухайн байгууллагын тог ашиглалт, гэрэлтүүлгийн зардлыг нэмэгдүүлдэг. Харин оройн гэгээ урт байвал гэрэлтүүлгийн хэрэглээ тодорхой хэмжээгээр багасч, үйлчлүүлэгчийн урсгал хадгалагдах хугацаа уртасна.

Өөрөөр хэлбэл оройн нар бол айл өрхийн хэмнэлт төдийгүй жижиг дунд бизнес, үйлчилгээний байгууллагын ашигт ажиллагааг дэмжих байгалийн үнэгүй нөөц юм. Хүмүүс харанхуй болохоор гэр рүүгээ яарах нь нэмэгддэг бол гэгээтэй орой үйлчилгээ авах, дэлгүүр хэсэх, хүүхэдтэйгээ гадуур алхах, гэр бүлээрээ цаг өнгөрүүлэх боломж илүү уртасдаг.

Ингээд харахад цагийн зохицуулалт гэдэг нь зүгээр нэг цагийн зүү урагшлуулах тухай асуудал биш юм. Энэ бол өглөө ашиглагдахгүй өнгөрч буй нарны гэрлийг оройн хамгийн идэвхтэй, хамгийн хэрэгтэй цагт шилжүүлэн ашиглах тухай асуудал юм.

Үүний үр дүн нь олон талтай байж болно. Айл өрхийн гэрэлтүүлгийн хэрэглээ буурна. Хотын оройн цахилгааны ачаалал багасна. Бизнесийн байгууллагуудын гэрэлд зарцуулах зардал тодорхой хэмжээгээр хэмнэгдэнэ. Үйлчилгээний байгууллагуудын ажиллах, ашиг олох боломжтой идэвхтэй цаг уртасна. Гэр бүл хамт байх, хүүхэд гадаа тоглох, иргэд алхах, хот амьдрах цаг нэмэгдэнэ.

Мэдээж цагийн хөдөлгөөн хийх эсэх асуудалд шууд шийдвэр гаргахын өмнө бодит тооцоо хэрэгтэй. 05:00-07:00 цагийн хооронд ашиглагдахгүй өнгөрч буй байгалийн гэрэл, 20:00-22:00 цагийн хооронд үүсэж буй цахилгаан хэрэглээ, айл өрхийн гэрэлтүүлэг, бизнесийн байгууллагуудын зардал, хотын гэрэлтүүлэг, оргил ачаалалд үзүүлэх нөлөөг нарийвчлан судлах шаардлагатай.

Гэхдээ нэг зүйл тодорхой. Эрчим хүчний хэмнэлт ярьдаг улс байгалийн үнэгүй гэрлийг хэрхэн зөв ашиглаж байгаагаа заавал эргэн харах ёстой.

Нар өглөө эрт мандаж, хүмүүс унтаж байх хооронд гэрэл дэмий урсаж, харин оройн идэвхтэй цагт айл өрх, бизнесийн байгууллага, хот даяараа цахилгаан гэрэл рүү шилжиж байгаа бол энэ нь бодлогын түвшинд ярих асуудал мөн.

Бид өглөөний нарыг унтаж алдаад, оройн харанхуйг цахилгаанаар худалдаж авсаар байх уу? Эсвэл байгалийн гэрлийг хүний амьдралын хамгийн хэрэгтэй цагтай нь уялдуулж ашиглах уу?

Энэ бол зөвхөн цагийн зүүний тухай маргаан биш. Энэ бол эрчим хүч, гэр бүл, бизнес, хотын амьдралын чанарын тухай асуудал юм.

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 22-нд зохион байгуулна

Огноо:

,

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2026 оны зургаадугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ.

УИХ-аас Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр нэр дэвшүүлэн томилогдож ажиллаж байсан С.Алтанцэцэг, В.Бат-Эрдэнэ, Д.Батсүх нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг ажилласан юм.

Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар танилцууллаа. Тэрбээр, сонгон шалгаруулалтын зарыг Parliament.mn болон олон нийтийн цахим хуудсаар нийтэлсний дагуу 19 төрийн бус байгууллагаас нэр дэвшигчийн материалыг ирүүлсэн талаар мэдээлэв.

Төрийн байгуулалтын байнгын хороо нэр дэвшигчдийн материалтай холбогдуулан Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас шаардлагатай лавлагаа, мэдээллийг авчээ.

Ажлын хэсэг нийт гурван удаа хуралдаж, “Ажлын хэсгийн ажиллах түр журам”-ыг батлан мөрдсөн бөгөөд нэр дэвшигчдийн мэргэжил, нэр дэвшүүлсэн төрийн бус байгууллагын үйл ажиллагааны чиглэл, хуульд заасан шаардлагыг хангаж буй эсэхийг харгалзан үзсэн байна.

Сонгон шалгаруулалтын дүнд нийт 19 нэр дэвшигчээс 10 нэр дэвшигчийг Олон нийтийн радио, телевизийн тухай хууль болон холбогдох хууль, журмын шаардлагыг хангаагүй үндэслэлээр хасаж, үлдсэн 9 нэр дэвшигчийг шаардлага хангасан гэж дүгнэжээ.

Хуралдаанаар мөн нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Э.Адъяасүрэн, Ж.Билэгсайхан, Д.Наранцэцэг, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, Б.Энэрэлт, Л.Энхжин, Г.Энхбаяр, М.Төрманлай, Д.Гүн-Үйлс, Ч.Батцэнгэл нартай хийх нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны зургаадугаар сарын 22-ны өдөр зохион байгуулахаар тогтлоо.

Мөн нэр дэвшигчийн сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхарыг сонгох тухай тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, эцэслэн баталсан байна.

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг

Огноо:

,

Хүн бүрийн манлайлал, удирдах арга барил өөр, өөрийн онцлогтой. Тэр онцлогийг ажил, мэргэжлийн ур чадвартай хослуулж ажиллах нь амжилтын эхлэл болж, хамт олны итгэлийг хүлээдэг. Тиймээс энэ удаад Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Чинбаттай түүний ажлын замнал, арга барилын талаар ярилцлаа.
-Таны карьерын замнал хэрхэн эхэлж, үргэлжилж байна вэ?
Миний амьдралын бүхий л үе шат Онцгой байдлын албатай салшгүй холбоотой. Энэ албаны нэгэн эд эс болж, 1996 оноос хойш тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж байна.
Миний бие Батлан хамгаалах их сургуулийг 1996 онд холбооны инженер мэргэжлээр төгссөн. Төгсөөд Завхан аймагт нефтийн гэрээт байцаагчаар томилогдон ажлын гараагаа эхлүүлж байлаа. Улмаар 2000 онд нефтийн гэрээт байцаагчдын албыг татан буулгаснаар Булган аймгийн Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангид салааны захирагчаар томилогдон дөрвөн жил ажилласан. Үүнээс хойш буюу 2004-2024 онд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст салааны захирагчаас хэлтсийн дарга хүртэл албан тушаал эрхэлж байгаад Увс аймгийн Онцгой байдлын газрын даргаар 2024 оны есдүгээр сард томилогдон үүрэг гүйцэтгэж байна.
Аав минь цэргийн хурандаа хүн байсан учраас тушаал авсан газар бүрт нь хамт “нүүж”, цэргийн хүний амьдралын жаргал, зовлонг багаасаа гадарладаг байсан минь энэ албыг сонгох шалтгаан болж байлаа.
-Таны ажлын нууц жор?
Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг. Миний хувьд эх орон, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж байна гэсэн чин сэтгэл, хариуцлага, сахилга бат, тасралтгүй суралцах хүсэл зэрэг үнэт зүйлс амжилтад хүрэх үндэс болдог. Онцгой байдлын байгууллагын ажил бол нэг хүний хүчээр биш хамт олны нэгдэл, харилцан итгэлцэл, бэлтгэл сургалт дээр тулгуурладаг онцлогтой. Тиймээс мэргэжлийн ур чадвар, эх оронч сэтгэлтэй алба хаагчидтайгаа хамтран ажиллаж, иргэдийнхээ итгэлийг хүлээж ажиллах нь хамгийн чухал гэж боддог.
Бидний зорилго зөвхөн үүргээ гүйцэтгэхэд бус, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахад чиглэгддэг. Энэ зорилгын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах нь л бидний “нууц жор” гэж хэлмээр байна.
-Цаг хэмнэх хамгийн шилдэг арга барил тань юу вэ?
Хүрэх үр дүн тодорхой байвал хийх ажил ч тодорхой болдог. Ажил тодорхой байх үед цаг хугацаагаа зөв төлөвлөж, илүү үр бүтээлтэй ажиллах боломж бүрддэг. Миний бодлоор цагийг хамгийн үр ашигтай ашиглах арга бол ажлынхаа зорилго, эрэмбийг зөв тодорхойлох. Ямар ажил хамгийн чухал, аль нь яаралтай гэдгийг ялгаж, төлөвлөгөөтэй ажиллах нь хамгийн үр дүнтэй. Мөн аливаа ажлыг хойш тавихгүйгээр цаг тухайд нь шийдвэрлэх, баг хамт олонтойгоо нягт уялдаа холбоотой ажиллах нь цаг хэмнэхэд чухал нөлөөтэй. Ингэснээр асуудлыг нэг хүний биш хамтын хүчээр илүү хурдан бөгөөд оновчтой шийдэх боломж бүрддэг. Товчхондоо, сахилга баттай төлөвлөлт, шуурхай шийдвэр гаргалт, багийн нэгдмэл ажиллагаа нь цагийг үр ашигтай ашиглах үндэс гэж ойлгодог.
-Өөрийгөө хэрхэн “цэнэглэдэг” бол?
Чөлөөт цагаараа эх оронч үзэл, эрх чөлөөний төлөө тэмцлийн сэдэвтэй түүхэн кино үзэх дуртай. Нэг киног олон дахин давтаж үзэх тохиолдол ч бий. Дахин үзэх бүртээ өмнө нь анзаараагүй шинэ санаа, утга учрыг олж хардаг нь сонирхолтой санагддаг. Мөн мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн талаарх ном, нийтлэл уншиж, шинэ мэдлэг, туршлагаас суралцахыг хичээдэг. Ийм энгийн боловч үр дүнтэй дадлууд нь бодлоо төвлөрүүлж, дараагийн ажилдаа илүү эрч хүчтэй, үр бүтээлтэй байхад тусалдаг.
-Таны ажлын онцлог?
Миний ажил бол иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аливаа гамшиг, ослын аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед шуурхай хариу арга хэмжээг зохион байгуулахад чиглэсэн өндөр хариуцлагатай албан тушаал.
Энэ салбарын онцлог нь цаг хугацаатай уралдан, эрсдэл өндөртэй нөхцөлд шуурхай бөгөөд оновчтой шийдвэр гаргах шаардлагатай байдгаараа ялгардаг онцлогтой.
Давуу талын хувьд мэргэжлийн ур чадвартай, сахилга баттай, нэг зорилгын төлөө нэгдсэн чадварлаг хамт олонтой ажилладаг нь бидний хамгийн том хүч гэж хэлмээр байна. Харин бэрхшээлийн тухайд гамшиг, ослын нөхцөл байдал урьдчилан таамаглахад хүндрэлтэй, зарим үед маш хүнд, эрсдэлтэй орчинд ажиллах шаардлага тулгардаг. Ийм нөхцөл байдлыг даван туулахын тулд бид бэлтгэл сургуулилалтыг тогтмол сайжруулж, техник тоног төхөөрөмжөө үе шаттайгаар шинэчлэхийн зэрэгцээ олон улсын туршлагаас суралцаж, байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн сүүлийн үед алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулахад онцгойлон анхаарч байгаа.
-Удирдагч хүнд байх зан чанар, түүнийгээ хэрхэн илэрхийлдэг вэ?
Удирдагч байх нь манлайлагчийн нэр. Хамт олноо зөв чиглүүлж, тэднийг хамгаалж, хайрладаг байх нь хамгийн чухал. Хариуцлага, шударга зан, алсын хараа, шийдвэр гаргах чадвар бол удирдагч хүний нэрийн хуудас гэж ойлгодог. Мөн хамт олныхоо санаа бодлыг сонсож, тэдэнд итгэл үзүүлж, үлгэрлэн манлайлах нь удирдагчийн үнэт чанаруудын нэг юм. Эдгээр чанарыг өдөр тутмын ажилдаа бодит үйлдлээр илэрхийлэхийг хичээдэг. Ажилтнуудынхаа санаа бодлыг сонсож, хамтын шийдвэр гаргахыг эрхэмлэн, хүнд нөхцөлд ч хариуцлагаа ухамсарлан шуурхай, оновчтой шийдвэр гаргахыг зорьдог. Мөн удирдагч хүн өөрөө сахилга бат, ёс зүйн хувьд үлгэр жишээ байх ёстойг эрхэмлэж, ажилладаг даа.
-Өөрийн арга барилаа хаанаас юунаас олж авдаг вэ?
Ажлын туршлага, сургалт, хамт олноосоо суралцах замаар төлөвшүүлсэн. Учир нь миний хувьд гал сөнөөгчөөс салааны дарга, ангийн захирагч, байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга зэрэг шат дамжсан албан тушаалд ажиллаж, тэр хэрээр туршлага хуримтлуулсан байна. Энэ бүхэн мэргэжлийн ур чадвар, арга барилд ихээхэн нөлөөлсөн. Мөн өмнөх үеийн ахмад удирдагчид, туршлагатай алба хаагчдаас их зүйлийг сурч, тэдний хариуцлагатай, зарчимч хандлагаас үлгэр дууриалал авдаг. Гамшиг, ослын үед гарсан сургамж, хамт олны санаа бодол, туршлагыг нэгтгэн цаашдын ажилдаа тусгахыг хичээдэг нь өөрийн арга барилаа олж авдаг бас нэгэн онцлог байж болох юм.
-Бусдад санал болгох шинэ санаа?
Хүн бүр ажил, амьдралдаа тодорхой зорилготой байж, түүндээ үнэнчээр тэмүүлэх нь хамгийн чухал. Том амжилт гэдэг олон жижиг, зөв алхмын нийлбэр байдаг шүү дээ. Тиймээс хийж байгаа ажилдаа сэтгэл гаргаж, өдөр бүр өөрийгөө бага ч гэсэн хөгжүүлж байхыг залууст санал болгодог. Мөн хамт олноо дэмжиж, бие биедээ итгэл өгч, хүнд үед шантрахгүйгээр зорилгоо ухамсарладаг байх нь амжилтын чухал үндэс юм. Бэрхшээл тулгарсан ч “БОЛОМЖ ҮРГЭЛЖ БАЙДАГ” гэсэн эерэг хандлагыг хадгалж чадвал зорилгодоо хүрэх зам үргэлж нээлттэй байдаг гэж хэлмээр байна. Хариуцлагатай байж, зорилгоо тодорхойлж, тууштай хөдөлмөрлөж чадвал хүн бүр өөрийн салбартаа үнэ цэнтэй хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Дэлхий нийтээр..17 минутын өмнө

Трамп хиймэл оюуны шинэ загваруудыг олон нийтэд нэвтрүүлэхээс өмнө З...

Дэлхий нийтээр..21 минутын өмнө

АНУ-д ажлын байрны зар нэмэгдсэн ч ажилд авах идэвх сулрав

Дэлхий нийтээр..29 минутын өмнө

ДЭМБ: Эбола өвчнөөс эдгэрсэн тохиолдлууд найдвар төрүүлж байна

Үйл явдал44 минутын өмнө

Эдийн засгийн томоохон төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хуулийн т...

Дэлхий нийтээр..46 минутын өмнө

Хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн...

Хэн юу хэлэв...54 минутын өмнө

Өглөөний нарыг унтаж алдаж, оройн харанхуйд тог цахилгаан худалдаж а...

Үйл явдал57 минутын өмнө

Дүүжин замын тээврийн 58 мм ган татлагыг холбож байна

Үйл явдал1 цаг 3 минут

Хоногийн хугацаанд явган зорчигч мөргөж гэмтээсэн 11 зам тээврийн ос...

Үйл явдал1 цаг 7 минут

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж...

Хэн юу хэлэв...1 цаг 12 минут

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшиг...

Үйл явдал1 цаг 15 минут

Израил улстай хөдөө аж ахуйн чиглэлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлн...

Үйл явдал1 цаг 18 минут

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 141 гомдол, мэдээллийг хянан ша...

Үйл явдал2026/06/02

"Хөнгөлөлттэй эм"-ийн мэдээллийг хялбар авах боломжтой болжээ

Үйл явдал2026/06/02

Ц.Идэрбат: Монгол, Беларусь улсын засгийн газар хоорондын комиссын V...

Үйл явдал2026/06/02

Ирэх саруудад цаг агаар ямар байх вэ

Үйл явдал2026/06/02

Хуучин гараашуудыг буулгаж, чөлөөлсөн талбайг нийтийн зориулалтаар т...

Үйл явдал2026/06/02

Илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулах арга хэмжээг хэрэгжүүлэх з...

Үйл явдал2026/06/02

Зарим гол, мөрний усны төвшин 10-25 см-ээр нэмэгдсэн байна

Хэн юу хэлэв...2026/06/02

Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гар...

Үйл явдал2026/06/02

Эйч эс эйч эс ХХК, Атилла гоулд ххк, Ирмүүн босго ХХК-ийн үйл ажилла...

Үйл явдал2026/05/29

Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна

Үйл явдал2026/05/29

1072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжү...

Дэлхий нийтээр..2026/05/29

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...

Үйл явдал2026/05/29

Монголын барилгын инженерүүд “Дүүжин замын тээвэр” төслийн явцта...

Үйл явдал2026/05/29

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай...

Үйл явдал2026/05/29

"Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семи...

Үйл явдал2026/05/29

“Байгалийн ухааны жишиг лаборатори” нээлтээ хийлээ

Хэн юу хэлэв...2026/05/29

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Үйл явдал2026/05/29

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 86 өргөдөл, гомдлыг хүлээн ав...

Үйл явдал2026/05/29

Гаалийн байгууллагад бараагаа мэдүүлээгүй 413 бараа тээврийн хэрэгсэ...

Санал болгох