Тод мэдээ
Дээд боловсролын тухай хуулийн төслийн зарим заалтын талаар санал солилцох уулзалт боло

Монгол Улсын Их Хуралд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Боловсролын багц хуулийн төслийн нэг нь Дээд боловсролын тухай хуулийн төсөл юм. Тус хуулийн төслийн зарим заалтын талаар санал солилцох уулзалтыг өнөөдөр (2022.03.10) Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос зохион байгуулав.
Уулзалтад Боловсролын багц хуулийн төслийн нэгдсэн ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Дээд боловсролын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Ц.Мөнхцэцэг болон их, дээд сургуулиудын удирдлага, мэргэжлийн хуульчид оролцлоо.
Уулзалтын эхэнд Дээд боловсролын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам үг хэлэхдээ Дээд боловсролын тухай хуулийн төслийн хоёр заалт буюу их сургуулийн эрх зүйн статус, их сургуулийн Удирдах зөвлөлийн хараат бус төлөөлөл гэсэн хоёр асуудлаар санал солилцох зорилготойг онцолсон.
Дараа нь Дээд боловсролын тухай хуулийн төслийн дэд ажлын хэсгийн ахлагч, Боловсрол, шинжлэх ухааны сайдын зөвлөх С.Должин дээрх хоёр зохицуулалтын талаар товч танилцуулга хийснээр Боловсролын багц хуулийн төслийн нэгдсэн ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Ц.Мөнхцэцэг нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Мөн мэргэжлийн хуульч Т.Мэндсайхан, Д.Лүндээжанцан, Н.Лүндэндорж болон сургуулийн төлөөллүүд саналаа илэрхийлж, асуулт, хариулт өрнүүлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Тод мэдээ
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залилан
Тод мэдээ
Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 15-нд боллоо. “Олон улсын цоохор ирвэсийн холбоонд Монгол Улс элсэхийг дэмжих тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ.
Манай улсын хувьд тус холбооны гишүүн болсноор монгол орны цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах, ирвэстэй нутагт амьдардаг иргэд, малчдын амьдралын чанарыг дээшлүүлэх ач холбогдолтой ажээ.
БНЭУ муурын төрлийн амьтдыг хамгаалах зорилгоор “Олон улсын том муурын холбоо” байгуулах санаачилга дэвшүүлж, Монгол Улсын тус санаачилгад нэгдэн орох хүсэлтийг 2023 онд анх ирүүлжээ.
Тод мэдээ
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.
Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.