Тод мэдээ
“Франц хэлтэн орнуудын хотхон” үзэсгэлэн яармаг боллоо

“Францын соёлын өдрүүд” болон “Дэлхийн театрын өдрүүд”-ийг тохиолдуулан Улаанбаатар дахь Аллианс Франсез төв Монгол Улс дахь Францын төлөөлөгчийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран гуравдугаар сарын 27-нд “Франц хэлтэн орнуудын хотхон” үзэсгэлэн яармагийг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд сургалт судалгааны байгууллага, аялал жуулчлалын компани, ресторан, төрийн бус байгууллага, франц хэлтэн орнуудын дипломатын төлөөлөгчийн газар зэрэг 40 гаруй байгууллага оролцов. Түүнчлэн Монгол дахь франц хэл, соёл сонирхогч, суралцагчдад франц хэлээр харилцах таатай боломжийг бий болгох зорилготойгоор оролцогч байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчилсан юм. Мөн франц хэлтэн орнуудын хүнсний бүтээгдэхүүн амталгаа болон олон нийтэд нээлттэй “Шөлний тэмцээн” боллоо.
Арга хэмжээний үеэр Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг “Цаашид олон улсын соёлын өдрүүдийг тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна. Нийслэлийн Засаг дарга нийслэлд зохион байгуулах урлаг, соёл, спорт, аялал жуулчлалын арга хэмжээнүүдийг баталсан. Энэ жил 36 арга хэмжээ зохион байгуулах төлөвлөгөөтэй байна” гэлээ.
Монгол-Францын төвийн захирал Сэлин Мартин Монголын франц хэлтэй иргэд цуглаж, соёлыг түгээж байгаагаараа тус арга хэмжээ онцлог болж байна хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байв.
Өдөрлөгийн үеэр УДБЭТ-ын тайзнаа тоглогдсон “Кармен” дуурийг Улаанбаатар хотын томоохон дэлгэцээр шууд дамжуулж олон нийтэд толилуулсан юм.
Тод мэдээ
БНСУ гадаадын бизнес эрхлэгчдийн хил нэвтрэхэд шаардагдах хугацааг багасгана
БНСУ-ын Хууль зүйн яам, Газар, дэд бүтэц, тээврийн яам хамтран 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс ажил хэргийн шугамаар Инчоны олон улсын нисэх онгоцны буудал (ОУНОБ)-аар хил нэвтрэх гадаадын иргэдийн хүлээлгийн хугацааг багасгах шинэ арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ.
БНСУ-ын Засгийн газар холбогдох байгууллагууд болон бизнес эрхлэгчид санал болгосны үндсэн дээр Инчоны ОУНОБ-д ажил хэргийн шугамаар ирж буй гадаадын иргэдэд зориулсан тусгай шалган нэвтрүүлэх цэгийг ажиллуулах шийдвэрийг гаргасан юм. Засгийн газраас хэрэгжүүлэх энэхүү туршилтын төсөл нь 2025 оны 12 дугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд үр дүнгээс нь шалтгаалан Гимпо, Гимхэ зэрэг бусад олон улсын нисэх буудлуудад хэрэгжүүлэх юм.
Цаашид дунд болон урт хугацаандаа ердийн зорчигчдын хил нэвтрэх үйл явцыг хөнгөвчлөх зорилгоор автомат шалган нэвтрүүлэх системийн хамрах хүрээг өргөжүүлэхээр төлөвлөж байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
Грек улс орогнол хүсэгчдийг хорих ялаар шийтгэх хатуу хууль баталжээ
Бүгд Найрамдах Грек Улс (БНГУ)-ын Засгийн газар цагаачлалын бодлогодоо үлэмж өөрчлөлт оруулж, оршин суух зөвшөөрөлгүй иргэд болон өргөдөл нь буцаагдсан орогнол хүсэгчдэд хатуу арга хэмжээ авах шинэ хууль баталлаа.
Энэхүү шийдвэр нь тус улсын хилийн ачааллыг бууруулах зорилготой юм. Уг хуульд зааснаар орогнол хүссэн өргөдөл нь татгалзсан тохиолдолд 14 хоногийн дотор тухайн улсыг орхин явах шаардлагатай ба биелүүлээгүй тохиолдолд 2-5 жилийн хорих ял оноох, эсвэл эх оронд нь албадан буцаах арга хэмжээг авах юм. Шаардлагатай тохиолдолд электрон хяналтын бугуйвч зүүлгэх аж.
Түүнчлэн хууль бусаар хил нэвтэрсэн этгээдийг 18 сар саатуулах арга хэмжээ авдаг байсныг 24 сар болгон сунгаж, тухайн этгээдэд 10000 еврогийн торгууль ногдуулах юм.
Дахин нэг өөрчлөлт орсон нь тус улсад хууль бусаар 7 болон түүнээс дээш жил амьдарсан иргэдийн хууль ёсны оршин суух эрх авах эрхийг түдгэлзүүлсэн байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га талбайг хамрах 8565 өрхийн орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн нийт долоон багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар төслийн талбайд 532 хүн ажиллаж байгаа юм.
Уг төслийн эхний ээлжийн 3800 айлын орон сууцны барилгын ажлыг 2027 оны III улиралд дуусгана. Тодруулбал,
- Нэгдүгээр багцын бэлтгэл ажил 80 гаруй хувь, газар шорооны ажил 90 гаруй хувь, суурь цутгах ажил 30 хувьтай үргэлжилж байна.
- Хоёрдугаар багцын бэлтгэл ажил 98 хувь, газар шорооны ажил 90 хувь, суурь цутгах ажил 70 хувь, зоорины давхрын угсралт 20 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.
- Харин бусад таван багцын гүйцэтгэгчидтэй гэрээ хэлэлцээр байгуулахын зэрэгцээ бэлтгэл ажлыг хангаж буй. Мөн зарим блокийн газар шорооны ажил эхэлсэн.
Уг төслийн хүрээнд төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэх цогц, нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлнэ. Тодруулбал, Сэлбэ хотод 8565 өрхийн бүрэн цутгамал, газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй, гурван давхар вакум цонх, металл фасад бүхий 113 орон сууц барина. Ингэхдээ барилга бүрд зэврэлт, элэгдэлд тэсвэртэй цайрдсан хоолой, усны хатуулгийг зөөлрүүлэх фильтерийг суурилуулна. Түүгээр ч зогсохгүй 8 км авто зам, 39 км явган хүний зам, 23 км дугуйн зам, 3.6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барихаар төлөвлөсөн. Мөн авто зогсоол, худалдаа, үзвэр үйлчилгээ, оффисын зориулалттай барилга барихаас гадна нийт талбайн 40 хувьд ногоон байгууламжийг цогцоор нь шийдэх юм. Тэрчлэн Сэлбэ голын хөвөөнд байрлаж буй Туул голын урсцыг сайжруулах зорилгоор хөв цөөрөм байгуулна.
Төслийг хэрэгжүүлснээр хотын төв рүү чиглэх урсгалыг саармагжуулахаас гадна нийт 15.600 яндан, 12.000 нүхэн жорлонг ариутгалын бодисоор устган, агаарын бохирдлыг 6 хувь бууруулж, хөрсний доройтлыг багасгах давуу талтай.
-
Тод зураг2020/01/10
Иргэн Б.Болороогийн нөхөр нас барсан хэргийн давтан шинжилгээний дүгнэлт гарсан ...
-
Тод мэдээ2022/07/26
ШӨХТГ: Худалдаа, үйлчилгээний төвүүд ариун цэврийн өрөөг иргэдэд төлбөргүйгээр а...
-
Тод мэдээ2023/11/17
“Охид нь хөвгүүдийнхээ төлөө” буюу “She for He” санаачил...
-
Өнөөдөр2020/02/03
Хоёрдугаар сард 2, 7-гоор төгссөн улсын дугаартай автомашины татварыг төлнө