Тод мэдээ
ЗГ: Хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина.
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2022 оны дөрөвдүгээр сарын 4-нд болж, Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль, тогтоомжийн төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.
Хуулийн төсөлд эдийн засаг, хүн амын амьжиргаа, инфляцид хамгийн голлох нөлөөтэй газрын тосны бүтээгдэхүүн, гурил, мах зэрэг бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн хомсдол, үнийн өсөлтөөс сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулахаар тусгасан байна.
Мөн Монгол Улсын гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх, үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Монголбанканд тушаах алтны хэмжээг нэмэгдүүлэх, Монгол Улсын хилээр бэлэн гадаад валют гаргахад хязгаарлалт тогтоох харилцааг зохицуулна.
Хуулийн төслийг маргааш буюу дөрөвдүгээр сарын 5-нд УИХ-д өргөн барина.
Хууль батлагдсанаар дэлхий нийтийн хэмжээнд цар тахлын цаашдын төлөв байдал болон ОХУ болон Украин улсын зэвсэгт мөргөлдөөний үргэлжлэх хугацаа, олон улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл тодорхой бус, нөхцөл байдал түргэн хугацаанд эрс өөрчлөгдөж байгаа энэ цаг үед ард иргэдийн амьдралд хамгийн том нөлөө үзүүлдэг газрын тосны бүтээгдэхүүн, мах, гурилын хангамж нийлүүлэлтийн хомсдол үүсэх, үнэ өсөхөөс сэргийлж, нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулна үзэж байна.
Монгол Улсын Үндсэн хууль болон Засгийн газрын тухай хуульд Засгийн газар нь “Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ” гэж заасныг үндэслэн Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль, тогтоомжийн төслийг боловсруулжээ.
Тод мэдээ
Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын улмаас эвдэрсэн Биокомбинат орчмын 66 га талбайг нөхөн сэргээж байна
НИТХ-ын 2016 оны 50 дугаар тогтоол, НЗД-ын 2017 оны захирамжаар Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Биокомбинат орчмын 66 га талбайг усны хамгаалалтын бүсэд хамруулсан. Улмаар тухайн бүсэд түгээмэл тархацтай ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байсан 13 аж ахуйн нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлан, ухаж, эвдсэн талбайг нөхөн сэргээлгэхээр хугацаатай албан мэдэгдлийг хүргүүлсэн. Өнөөдрийн байдлаар хоёр аж ахуйн нэгж байгууллага 5.3 га талбайд газрын хэвлийн нөхөн сэргээлтийг өөрсдийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж байна.
Энэ талаар НБОГ-ын Хүрээлэн буй орчны ашиглалт хамгаалалтын хэлтсийн дарга Ж.Батзолбоо “Дээрх бүсэд хамаарах бусад 11 аж ахуйн нэгж байгууллагын 60.7 га талбайд нөхөн сэргээлтийг хийлгүүлэхээр мэдэгдэл, албан бичгийг удаа дараалан хүргүүлсэн. Гэсэн хэдий ч нөхөн сэргээлт хийгээгүй тул байгаль орчны холбогдох хууль тогтоомжийн дагуу хууль хяналтын байгууллагад хандахаар ажиллаж байна” гэв.
Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй нийт 135 аж ахуйн нэгж байгууллага байдаг. Үүнээс 59 нь энэ онд үйл ажиллагаа явуулахаар ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулсан. Өнөөдрийн байдлаар 42 нь идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 24 ахуйн нэгж байгууллага нь 25.7 га талбайд газрын хэвлийн нөхөн сэргээлтийг хийхээр төлөвлөсөн байна.
Түгээмэл тархацтай ашигт малтмал нь элс, хайрга, дайрга, шавар, хүрмэн, боржин зэрэг зургаан төрөлтэй. Улаанбаатар хотоос элс, хайрга, дайргыг түлхүү ашигладаг. Харин байгаль орчны үнэлгээ, ТЭЗҮ-д үндэслэн нөхөн сэргээлтийг хийдэг байна. Өөрөөр хэлбэл түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын улмаас эвдрэлд орсон газрыг үржил шимтэй болгон байгалийг унаган төрхөд нь оруулах цогц ажлыг нөхөн сэргээлт гэж буй. Нөхөн сэргээлтийг техникийн болон биологийн хоёр үе шаттай хийдэг.
Ташрамд, нийслэлийн нутаг дэвсгэрт уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн газрын тооллого судалгааг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар 2018 онд хийлгэхэд Багануурын уурхайн 1179 га, Налайхын бичил уурхайн 338 га талбай нь тодорхой эзэн холбогдогчгүй гар аргаар нүүрс олборлосны улмаас ухагдаж эвдэгдсэн байна. Харин үлдсэн 329 га талбай нь түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолтын улмаас эвдэгдсэн гэж тоологдсон аж.
Тод мэдээ
Тэмээтэй хөшөөний уулзвараас Зайсангийн гүүр хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Зайсангийн өргөн чөлөөний авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Тэмээтэй хөшөөний уулзвараас Зайсангийн гүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ.
- Зам хаах: 07 дугаар сарын 25-ны 06:00 цаг
- Зам нээх: 08 дугаар сарын 4-ний 06:00 цаг
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Тод мэдээ
Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил 85 хувьтай үргэлжилж байна
Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажлыг үе шаттай хийж буй.
Тодруулбал, дүүргийн хөрөнгө оруулалтаар Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил 85 хувьтай үргэлжилж байна.
Тус цэцэрлэгийн барилгыг зоорьтой хоёр давхар байхаар төлөвлөсөн. Мөн дотор засал болон гадна тохижилтын ажлууд үргэлжилж байгаа бөгөөд есдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм.
Уг бүтээн байгуулалтын ажлыг “Жаклин” ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.