Хэн юу хэлэв...
Шадар сайд С.Амарсайхан 11-11 төвд ажиллаж, иргэдийн санал хүсэлт, гомдлыг сонслоо
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллан иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонсон хариулт, мэдээлэл өглөө.
11-11 төвд өдөрт 500 орчим өргөдөл, гомдол, санал ирдэг бөгөөд өнөөдөр Шадар сайд С.Амарсайхантай биечлэн уулзаж, тулгамдаад буй асуудлаа шийдвэрлүүлэхээр Орхон, Булган аймаг зэрэг хөдөө орон нутаг, алслагдсан дүүргүүдээс ч иргэд олноор ирсэн байв.
Иргэд энэ үеэр:
- эрүүл мэнд,
- нийгэм,
- эдийн засгийн асуудлуудыг хөндөж,
- эм эмийн хэрэгслийн хангамж, нөөц
- Ипотекийн зээлийн хүүг бууруулах,
- хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоог хангах,
- Улаанбаатар хотын газрын асуудал,
- барилгын чанар аюулгүй байдал,
- улсын комисст ажилладаг төрийн албаныхны хүнд суртал,
- авлига, хээл хахууль
- үнийн өсөлт зэрэг олон асуудлаар асууж, тодруулж байлаа.
Шадар сайд болон Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд болох МХЕГ, ОБЕГ, ШӨХТГ, Стандарт хэмжил зүйн газар, Үндэсний хэмжил зүйн төвийн удирдлагууд тухайлсан асуудлаар хариулт өгч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, заримыг нь холбогдох газраар шийдвэрлүүлэх хугацаат үүрэг даалгавар өглөө.

Шадар сайд С.Амарсайхан "Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс иргэд олон нийтийн өмнө тулгамдсан асуудлыг нээлттэй сонсож, шуурхай шийдвэрлэх хүрээнд Засгийн газрын гишүүдийг 11-11 төвд ажиллуулж байгаа. Зүгээр нэг сонсоод өнгөрөх бус, иргэдэд тулгамдсан асуудлыг аль болохоор богино хугацаанд шийдэхийн төлөө холбогдох бүх шатанд нь хандаж шийдвэрлүүлэх, шийдсэн эсэх мэдээллээ эргээд 11-11 төвөөр болон холбогдох төрийн байгууллагаар дамжуулан нээлттэй мэдээлэх болно. 16 жилийн турш газрын асуудлаа шийдүүлж чадахгүй, цөхрөнгөө барсан иргэд ч өнөөдөр ирж уулзаж байна.
Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд иргэнээ сонсдог, нээлттэй засаглалыг ард түмэн хүсэж байна. Эргэж хараад умартдаг бус, нэг ч гэсэн асуудлыг нь шийдэхийн төлөө эцсээ хүртэл явах хэрэгтэй. Хэмнэлтийн горимын бодлогыг манай агентлагууд сайтар дэмжин хэрэгжүүлж байгаа шиг энэ тал дээр ч манлайлж ажиллах ёстой" хэмээн энэ үеэр онцолж хэлсэн юм гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.
Хэн юу хэлэв...
УИХ-ын Ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-нд хуралдуулна
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-ны Даваа гарагийн 10:00 цагаас зарлан хуралдуулахаар болсныг УИХ-ын дарга С.Бямбацогт мэдээллээ.
Түүний мэдээлснээр, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл есдүгээр сарын 2-нд хуралдаж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шийдвэр гаргасан байна. Ээлжит бус чуулганаар зөвхөн Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Чуулган есдүгээр сарын 14-ний 17:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд төсвийн тодотголын эхний хоёр шатны хэлэлцүүлгийг хийх юм. Үргэлжлүүлэн есдүгээр сарын 15-наас эхлэх намрын ээлжит чуулганаар төсвийн тодотголын хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр байна.
Засгийн газар 2026 оны төсвийн тодотголын төслийг наймдугаар сарын 20-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Төсвийн тодотголыг хэлэлцэхийн өмнө Үндэсний аудитын газар болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлтээ гаргах шаардлагатай бөгөөд үүнд хуулиар 14 хоногийн хугацаа шаардагддаг. Эдгээр дүгнэлт УИХ-д ирэх нөхцөл бүрдсэн тул ээлжит бус чуулганыг хуралдуулах боломжтой болсон гэж УИХ-ын дарга С.Бямбацогт тайлбарлажээ.
Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэж, хэмнэсэн эх үүсвэрийг боловсрол, эрүүл мэндийн салбарын цалин, ахмадын тэтгэвэр, хүнс болон шатахууны нөөц, эрчим хүчний салбарын дэмжлэг зэрэгт чиглүүлэхээр тусгасан байна. Тодруулбал, урсгал зардлаас 433.4 тэрбум, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөгийг бууруулахаар төлөвлөжээ.
УИХ-ын дарга мөн сөрөг хүчний зүгээс ээлжит бус чуулган хуралдуулах санал гаргаж байсан ч Засгийн газрыг огцруулах асуудлыг албан ёсоор өргөн мэдүүлээгүй гэдгийг тодотгосон байна. Иймээс энэ удаагийн ээлжит бус чуулганаар бусад асуудал хэлэлцэхгүй, төсвийн тодотголд төвлөрөх аж.
Хэн юу хэлэв...
ТТГ-ын дарга Жон Рэтклифф Москвад нууц айлчлал хийжээ
АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф Москвад айлчилж, Оросын тагнуулын байгууллагын удирдлагуудтай уулзсан талаар Кремль мэдээллээ. Хоёр улсын харилцаа хурцадмал хэвээр байгаа үед болсон уг айлчлалыг Ассошиэйтед Пресс агентлаг ховор тохиолддог өндөр түвшний тагнуулын харилцаа гэж тодорхойлжээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр Рэтклифф ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаагүй бөгөөд хэлэлцээ хоёр улсын тагнуулын байгууллагын түвшинд болжээ. Путин уулзалтын талаар мэдээлэл авсан ч ямар асуудал хэлэлцсэнийг Кремль задруулаагүй байна.
Оросын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр АНУ-ын цэргийн нисэх онгоц наймдугаар сарын 25-нд Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд газардаж, мөн өдөр буцжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Рэтклиффийн айлчлалын ач холбогдлыг хэтрүүлэх хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлж, үүнийг “хагас энгийн, тогтмол шинжтэй” уулзалт хэмээн тодорхойлсон байна.
Песков хоёр улсын тагнуулын байгууллагуудын шууд харилцаа үргэлжилж буйг эерэг үзэгдэл хэмээн үнэлсэн ч Орос, АНУ-ын харилцаа “гүн хямралын байдалд” хэвээр байгааг онцолжээ. Рэтклиффийн айлчлал хоёр улсын харилцаанд ямар нөлөө үзүүлэхийг хэлэхэд эрт байна гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Оросын аюулгүй байдлын байгууллагуудыг судалдаг шинжээч Андрей Солдатов ийм түвшний уулзалт тогтмол болдоггүйг онцолжээ. Москва, Вашингтон хоёр тагнуулын байгууллагын шууд холбооны сувгийг 1980-аад оноос хадгалж ирсэн бөгөөд хоёр улсын иргэд, аюулгүй байдлын ашиг сонирхолтой холбоотой яаралтай асуудал үүсэхэд ашигладаг аж.
Энэ удаагийн хэлэлцээний агуулгыг албан ёсоор зарлаагүй. Солдатовын таамгаар Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн алба хаагчид, байгууламжийн аюулгүй байдал болон Орос–Ираны харилцаатай холбоотой асуудал хэлэлцсэн байх боломжтой ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байна.
