Тод мэдээ
Өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах ажлын хүрээнд орон нутгийн удирдлагуудад хугацаатай үүрэг өглөө

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нар 21 аймаг, нийслэлийн засаг дарга болон Хөдөө аж ауйн газар, Мал эмнэлгийн газар, Онцгой байдлын газрын удирдлагуудтай өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын хүрээнд цахимаар хуралдлаа.
Тус хурлаар Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү Шадар сайдын үүрэг болгосны дагуу гангийн эрсдэл өндөр байгаа 10 аймагт эрсдэлийн үнэлгээ хийсэн дүнг танилцуулсан юм. Үнэлгээгээр Ховд аймаг маш их, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор Завхан аймаг их, Увс, Говь-Алтай, Архангай аймгууд дунд эрсдэлтэй гэсэн дүн гарсан байна.
Мөн Хөдөө аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг хэрэгжүүлэх бодлого, шийдвэрийг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан танилцууллаа. Тэрбээр Улсын хэмжээнд 2022 он гарснаас хойш мал, амьтны гоц халдварт шүлхий, хонины цэцэг, бог малын мялзан, үхрийн арьс товруутах өвчний тархалт гарсаар байгааг дурдаад зарим сумдад шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн тул хорио цээрийн дэглэмтэй байгаа талаар мэдээлсэн юм. Мөн өнгөрсөн хавар улсын хэмжээнд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 5 сая үхэр, 32 000 гахай, 2500 цаа бугыг тус тус хамруулсан бөгөөд дархлаажуулалтын ажил 2 жил үргэлжилнэ гэлээ.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Өнөөдрийн байдлаар зарим аймгууд тухайлбал Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Ховд аймгийн нутгаар бэлчээрийн ургац муу, гандуу, өвөлжилт хүндрэх эрсдэл өндөр байна.
Түүнчлэн цаг уурын байгууллагаас боловсруулсан урьдчилсан мэдээгээр 9, 10 дугаар сард Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орж, хүйтрэлт эрт ажиглагдах магадлалтайг анхааруулсан. Иймд өвөлжилтийн бэлтгэл ажилд орон нутгийн удирдлагууд эртнээс анхаарч ажиллах шаардлагатайг харуулж байна” хэмээгээд өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын хүрээнд 21 аймгийн удирдлагуудад Мал аж ахуйн салбар, Төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл Мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, Газар тариалангийн салбар болон Салбар хоорондын үйл ажиллагааг сайржуулах чиглэлээр хугацаатай үүрэг өгсөн юм гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.
Тод мэдээ
БНСУ гадаадын бизнес эрхлэгчдийн хил нэвтрэхэд шаардагдах хугацааг багасгана
БНСУ-ын Хууль зүйн яам, Газар, дэд бүтэц, тээврийн яам хамтран 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс ажил хэргийн шугамаар Инчоны олон улсын нисэх онгоцны буудал (ОУНОБ)-аар хил нэвтрэх гадаадын иргэдийн хүлээлгийн хугацааг багасгах шинэ арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ.
БНСУ-ын Засгийн газар холбогдох байгууллагууд болон бизнес эрхлэгчид санал болгосны үндсэн дээр Инчоны ОУНОБ-д ажил хэргийн шугамаар ирж буй гадаадын иргэдэд зориулсан тусгай шалган нэвтрүүлэх цэгийг ажиллуулах шийдвэрийг гаргасан юм. Засгийн газраас хэрэгжүүлэх энэхүү туршилтын төсөл нь 2025 оны 12 дугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд үр дүнгээс нь шалтгаалан Гимпо, Гимхэ зэрэг бусад олон улсын нисэх буудлуудад хэрэгжүүлэх юм.
Цаашид дунд болон урт хугацаандаа ердийн зорчигчдын хил нэвтрэх үйл явцыг хөнгөвчлөх зорилгоор автомат шалган нэвтрүүлэх системийн хамрах хүрээг өргөжүүлэхээр төлөвлөж байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
Грек улс орогнол хүсэгчдийг хорих ялаар шийтгэх хатуу хууль баталжээ
Бүгд Найрамдах Грек Улс (БНГУ)-ын Засгийн газар цагаачлалын бодлогодоо үлэмж өөрчлөлт оруулж, оршин суух зөвшөөрөлгүй иргэд болон өргөдөл нь буцаагдсан орогнол хүсэгчдэд хатуу арга хэмжээ авах шинэ хууль баталлаа.
Энэхүү шийдвэр нь тус улсын хилийн ачааллыг бууруулах зорилготой юм. Уг хуульд зааснаар орогнол хүссэн өргөдөл нь татгалзсан тохиолдолд 14 хоногийн дотор тухайн улсыг орхин явах шаардлагатай ба биелүүлээгүй тохиолдолд 2-5 жилийн хорих ял оноох, эсвэл эх оронд нь албадан буцаах арга хэмжээг авах юм. Шаардлагатай тохиолдолд электрон хяналтын бугуйвч зүүлгэх аж.
Түүнчлэн хууль бусаар хил нэвтэрсэн этгээдийг 18 сар саатуулах арга хэмжээ авдаг байсныг 24 сар болгон сунгаж, тухайн этгээдэд 10000 еврогийн торгууль ногдуулах юм.
Дахин нэг өөрчлөлт орсон нь тус улсад хууль бусаар 7 болон түүнээс дээш жил амьдарсан иргэдийн хууль ёсны оршин суух эрх авах эрхийг түдгэлзүүлсэн байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га талбайг хамрах 8565 өрхийн орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн нийт долоон багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар төслийн талбайд 532 хүн ажиллаж байгаа юм.
Уг төслийн эхний ээлжийн 3800 айлын орон сууцны барилгын ажлыг 2027 оны III улиралд дуусгана. Тодруулбал,
- Нэгдүгээр багцын бэлтгэл ажил 80 гаруй хувь, газар шорооны ажил 90 гаруй хувь, суурь цутгах ажил 30 хувьтай үргэлжилж байна.
- Хоёрдугаар багцын бэлтгэл ажил 98 хувь, газар шорооны ажил 90 хувь, суурь цутгах ажил 70 хувь, зоорины давхрын угсралт 20 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.
- Харин бусад таван багцын гүйцэтгэгчидтэй гэрээ хэлэлцээр байгуулахын зэрэгцээ бэлтгэл ажлыг хангаж буй. Мөн зарим блокийн газар шорооны ажил эхэлсэн.
Уг төслийн хүрээнд төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэх цогц, нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлнэ. Тодруулбал, Сэлбэ хотод 8565 өрхийн бүрэн цутгамал, газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй, гурван давхар вакум цонх, металл фасад бүхий 113 орон сууц барина. Ингэхдээ барилга бүрд зэврэлт, элэгдэлд тэсвэртэй цайрдсан хоолой, усны хатуулгийг зөөлрүүлэх фильтерийг суурилуулна. Түүгээр ч зогсохгүй 8 км авто зам, 39 км явган хүний зам, 23 км дугуйн зам, 3.6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барихаар төлөвлөсөн. Мөн авто зогсоол, худалдаа, үзвэр үйлчилгээ, оффисын зориулалттай барилга барихаас гадна нийт талбайн 40 хувьд ногоон байгууламжийг цогцоор нь шийдэх юм. Тэрчлэн Сэлбэ голын хөвөөнд байрлаж буй Туул голын урсцыг сайжруулах зорилгоор хөв цөөрөм байгуулна.
Төслийг хэрэгжүүлснээр хотын төв рүү чиглэх урсгалыг саармагжуулахаас гадна нийт 15.600 яндан, 12.000 нүхэн жорлонг ариутгалын бодисоор устган, агаарын бохирдлыг 6 хувь бууруулж, хөрсний доройтлыг багасгах давуу талтай.