Тод мэдээ
Мөнгөний бодлогын мэдэгдэл

Бодлогын хүүг хэвээр хадгалах, бодлогын хүүний коридорыг шинэчлэн тогтоох, банкны гадаад зах зээлээс шинээр татсан эх үүсвэрийг заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрээс хасаж тооцох тухай
Дугаар: 2023/01
Огноо: 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2023 оны 3 дугаар сарын 14, 15-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд:
- Бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах;
- Бодлогын хүүний коридорыг бодлогын хүүнээс +1, -1 нэгж хувийн өргөнтэй болгох;
- Банкны гадаадын зах зээлээс бонд болон зээл хэлбэрээр шинээр татсан 360 хоног хүртэлх хугацаатай эх үүсвэрийг заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрээс хасаж тооцох шийдвэр гаргалаа.
Жилийн инфляц 2023 оны 2 дугаар сард улсын хэмжээнд 12.2 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 12.1 хувьтай гарав. Инфляц сүүлийн саруудад өмнөх төсөөлөлтэй нийцтэйгээр алгуур саарахад импортын барааны тээврийн зардал буурсан нь голлон нөлөөллөө. Нийлүүлэлтийн шалтгаантай хүчин зүйлсийн нөлөө алгуур багасахын зэрэгцээ шатахууны үнийн төсөөлөл буурснаас инфляцын төсөөллийг өмнөхөөс бууруулав. Ийнхүү инфляц цаашид алгуур саарах хүлээлттэй байгаа хэдий ч валютын ханш, эрэлтийн хүчин зүйлсийн нөлөө нэмэгдэж болзошгүй байна.
Эдийн засгийн идэвхжил 2022 оны 4 дүгээр улиралд хүлээлтээс өндөр байхад БНХАУ-ын “Тэг Ковид” бодлогын арга хэмжээ суларч, эрчим хүч болон худалдааны салбараас бусад салбарын идэвхжил хүлээлтээс өндөр гарсан нь нөлөөллөө. Хилийн хязгаарлалт суларч, уул уурхайн салбарын үйлдвэрлэл нэмэгдсэнээр эдийн засгийн өсөлтийн төлөв өмнөхөөс сайжрах хүлээлттэй байна.
Гадаад эрэлтийн төлөв сайжирч, манай улсын экспортын гол нэрийн барааны үнийн төсөөлөл өмнөхөөс нэмэгдлээ. Түүнчлэн глобал эдийн засагт инфляцын эрч саарч, бусад төв банкууд бодлогын хүүгээ нэмэгдүүлэх хурдаа сааруулж эхлээд байна. Гадаад болон дотоод нөхцөл байдал хүлээлтээс сайжирсан хэдий ч дэлхийн эдийн засгийн өсөлт саарах, нийлүүлэлтийн сүлжээний доголдол нь геополитикийн асуудлаас үүдэн даамжрах эрсдэл хэвээр байна.
Гадаад эрсдэл, тодорхой бус байдал өндөр байгаа өнөөгийн нөхцөлд Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг хэвээр хадгалах, хүүний коридорыг нарийсгах болон банкны гадаад зах зээлээс шинээр татсан 360 хоног хүртэлх хугацаатай эх үүсвэрийг заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрээс хасаж тооцох бодлогын шийдвэр гаргав. Энэхүү бодлогын арга хэмжээ нь төгрөгийн өгөөжийг хадгалах болон банкны гадаад валютын эх үүсвэр татах хөшүүргийг бий болгосноор эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг хангах, улмаар инфляцыг зорилтот түвшин рүү илүү хурдан бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ.
Гадаад, дотоод эдийн засгийн орчинд гарах өөрчлөлт болон инфляц, эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын дараагийн алхмуудыг авч хэрэгжүүлнэ.
Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.
МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО
Тод мэдээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны удирдлагуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар болон тус холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд тус холбооны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатар ахмад настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах, хугацааг уртасгах, орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах талаар ахмад настнуудын тавьж буй шаардлагыг уламжилж, зарим асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар саналаа хэллээ.
Тухайлбал, ахмад настнуудын тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхээр хуульчилсан. Гэхдээ 6 хувиар нэмэгдүүлэхэд өндөр тэтгэвэртэй ахмадуудын тэтгэвэр 200-300 мянган төгрөг, бага тэтгэвэртэй ахмадуудынх 40-60 мянган төгрөгөөр нэмэгдэхээр байгаа. Ийм зөрүү гарч байгаа тул бага тэтгэвэртэй ахмадуудын тэтгэврийг илүү нэмэгдүүлж болох юм. Мөн “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, хүүхдийн тооноос шалтгаалан тэтгэврийн хэмжээг тогтоох асуудлыг эргэн харах шаардлагатай байна гэлээ. Ахмад настны тухай хуулийн зарим заалтын хэрэгжилтийг хангаж ажиллахаас гадна орон нутгийн засаг захиргаанаас ахмад настнуудад чиглэсэн бодлогод анхаарал хандуулахыг хүсэв.
Ерөнхий сайд Г.Занданшатар, ирэх онд тэтгэврийг 6 хувиар нэмэгдүүлэхэд нийт 333.5 тэрбум төгрөг зарцуулж, дундаж тэтгэврийн хэмжээг 901,000 төгрөгт хүргэхээр тооцож байна. Ахмад настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэх, амьдралын чанарыг сайжруулах зэрэг асуудал Засгийн газрын анхаарлын төвд байгаа. Нэн тэргүүнд холбогдох яамд болон Монголын Ахмадын холбоо хамтран ахмад настнуудын хөгжил, хамгааллын асуудлаар дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр боловсруулж гаргах шаардлагатай байна гэлээ.
Энэ жилийн төсвийн орлого 3,3 их наядаар тасарч, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа. Энэ хүндрэлийг даван туулахын тулд Засгийн газар хэмнэлтийн зарчим баримтлан, хэмнэж болох бүх зардлыг танаж буй ч зайлшгүй зардал болох тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгийг тасалдалгүй олгох бодлого баримталж буй. Төрөлт нэмэгдэж, ахмад настнуудын насжилт өндөрсөж буй учраас нийгмийн хамгааллын зардал тэр хэрээр өссөн. ҮСХ-ны тооцоогоор 2024 оны байдлаар нийт хүн амын 11.5 хувь нь ахмад настан байсан бол 2050 он гэхэд энэ үзүүлэлт 19.8 хувьд хүрч, таван хүн тутмын нэг нь ахмад настан болох төлөвтэй байна.
Засгийн газар хүний хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд ойрын 5 жилийн хугацаанд цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг олон улсын жишигт хүргэж нэмэгдүүлэх зорилт тавьсан. Ирэх сард Монгол Улсын хөгжлийн 2026-2030 он хүртэлх Үндсэн чиглэлийг УИХ-д өргөн барина. Энэхүү баримт бичигт ахмад настны талаар төрөөс баримтлах цогц бодлогыг тусгаж байгаа юм.
Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Г.Занданшатар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон бусад холбогдох яам, агентлаг, төрийн бус байгууллагуудын оролцоог хангаж, ахмад настнуудын талаарх хууль эрх зүйн орчныг сайжруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллах Ажлын хэсэг байгуулах чиглэл өгөв.
Тод мэдээ
Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ
Улсын Их Хурлын чуулганы нээлтийн хуралдаанд, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Нийслэлийн болон Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлага, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсанаас хойш ажиллаж байсан Улсын Их Хурлын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нар, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Олон Улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уригдан оролцов.
Засгийн газраас өргөн мэдүүлээд байгаа Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг 1.3 их наяд төгрөгийн алдагдагдалтай боловсруулсан, боловсролын салбарт зарцуулах төсөв өмнөх оныхоос нэмэгдээгүй зэргийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан шүүмжилж, өвөлжилтийн бэлтгэлийг цаг алдалгүй, чанартай хангах шаардлагатайг анхаарууллаа.
Тод мэдээ
ABU PRIZES-2025: ABU-гийн 2025 оны "Онцлох телевиз" шагналыг МҮОНРТ хүртлээ
“ABU PRIZES-2025” уралдаанд энэ жил Ази Номхон Далайн орнуудаас нийт 318 бүтээл ирснээс шилдэг бүтээлүүдийг шалгаруулж, шагналыг гардууллаа. ABU-гийн 2025 оны "Онцлох телевиз" шагналыг МҮОНРТ хүртлээ.
МҮОНРТ энэ жил Ази- Hомхон далайн өргөн бүсийн томоохон хоёр ажлыг гардан зохион байгуулсан. Тодоруулбал “ABU” робокон, оюутан залуусын роботын тэмцээнийг сагсан бөмбөгийн төрлөөр амжилттай зохион байгуулсан. Мөн өв соёлоо хадгалах, хамгаалах зорилгыг шингээн, “ABU”-гийн 62 дугаар чуулганыг амжилттай зохион байгуулж байна.