Үйл явдал
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын даргын 2023 оны гуравдугаар сарын 07-ны өдрийн 45 дугаар захирамжаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Л.Мөнхбаатар, С.Одонтуяа, Д.Тогтохсүрэн, О.Цогтгэрэл нар багтсан болно.
Ажлын хэсэг байгуулагдсантай холбогдуулан ажлын хэсгийн ахлагч, гишүүд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг уржигдар буюу 2023.04.03-нд өргөн мэдүүлэхээр товлоод байсан боловч ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ардчилсан намын бүлгээс тусдаа хуулийн төсөл өргөн мэдүүлнэ хэмээн түр хойшлуулсан болно.
Ийнхүү Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Т.Доржханд, Л.Мөнхбаатар, Д.Тогтохсүрэн, мөн Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нар тус тус Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өнөөдөр (2023.04.05) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Ажлын хэсгээс боловсруулсан хуулийн төслийн танилцуулга
Ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулах үеэр Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаварыг арилгах, төрийн бодлого, үйл ажиллагааны тогтвортой байдалд эерэг нөлөөтэй сонгуулийн тогтолцоо бүрдүүлэх, хууль тогтоомжийн чанарыг сайжруулах шаардлагыг харгалзан Улсын Их Хурлын сонгуулийн сонгуулийн тогтолцоог мажоритар болон пропорциональ хосолсон тогтолцоогоор явуулах эрх зүйн үндсийг бүрдүүлж, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах, түүнчлэн Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн орчныг сайжруулах зэргээр Улсын Их Хурлын сонгуулийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг эргэн харж хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах байдлаар боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага үүссэн болохыг онцлон дурдав.
Тэрбээр, хуулийн төсөлд дараах харилцааг зохицуулахаар тусгасан гэлээ. Үүнд:
1. Монгол Улсын Их Хурлын 38 гишүүнийг хуульд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн тойргоос, 38 гишүүнийг энэ хуульд заасны дагуу сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийн нэр дэвшигчдийн жагсаалтаас тус тус сонгох сонгуулийн хосолсон тогтолцоотой байхаар тусгаж, үүнтэй холбоотойгоор нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийг бүртгэх, саналын хуудсыг хэвлүүлэх, сонгогч санал өгөх, түүнийг тоолох, дүн гаргах, суудал хуваарилах зэрэг харилцааг нарийвчилсан зохицуулалтуудыг тусгасан,
2. Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, Олон улсын байгууллагын дэргэд суугаа Монгол Улсын Байнгын Төлөөлөгчийн газар, Монгол Улсын Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцож, санал өгөх эрхтэй байхаар тусгаж, үүнтэй холбоотойгоор гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулах байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагын бүтэц, бүрэн эрх, ажиллах журам, гадаад улсад байгаа иргэдийн сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, санал авах, тоолох,
3. Улс төрийн намын бүртгэл, өөрчлөлттэй холбоотойгоор нам сонгуульд оролцохоо илэрхийлэх, хүлээн авах, бүртгэх үйл ажиллагаатай холбоотойгоор гардаг хүндрэл, эрх зүйн тодорхойгүй байдлыг арилгах,
4. Сонгогчдийн нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах үйл ажиллагааны ил тод, нээлттэй, хяналттай байдлыг нэмэгдүүлэх, уг үйл ажиллагаанд төрийн байгууллага болон сонгуульд оролцогч талуудын оролцоог нэмэгдүүлэх,
5. Санал авах өдөр өөрийн харьяа хэсгийн хороонд саналаа өгөх боломжоор бүрэн хангагдаж чаддаггүй сонгогчид болох оюутан, ээлжийн ажил хийдэг зэрэг сонгогчдын сонгох эрхийг хангах шаардлагад үндэслэн урьдчилан санал авах,
6. Нам, эвсэл жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэн нэр дэвшүүлэх,
7. Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчийн 30-оос доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна гэж.
Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах сонгуулийн хосолсон тогтолцоо, түүний эрх зүйн орчин боловсронгуй болж, хууль хэрэглээний болоод зохион байгуулалтын хувьд нэг мөр, ойлгомжтой болохоос гадна хууль хоорондын уялдаа хангагдаж хэрэгжилтийг нэг мөр хангах нөхцөл бүрдэнэ гэж үзжээ.
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс боловсруулсан хуулийн төслийн танилцуулга
Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх танилцуулгадаа, одоогийн мөрдөгдөж буй Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар аль нэг хүйсийн доод хэмжээ 20 хувьтай байгаа боловч сонгуулийн үр дүнгээр 20 хүрэхгүй гишүүд сонгогддог практик бий. Иймд хүйсийн квот дээр үр дүнтэй уялдах схемийг бүрдүүлэх шаардлага байна.
Мөн сонгуулийг шударгаар явуулах нөхцлийг бүрдүүлэх нь сонгуулийн тогтолцоог зөв сонгохоос дутуугүй ач холбогдолтой. Иймд энэхүү төслөөр сонгуулийг шударгаар зохион байгуулахтай холбоотой зохицуулалтыг дараах байдлаар тусгалаа гэв. Үүнд:
- Сонгуулийн тогтолцоог холимог байхаар хуульчилж, тойргоос 48, жагсаалтаар 28 хүн сонгох,
- Жагсаалт хуваарилахад улс нэг гэдэг зарчим барих,
- 48 мандатыг тойрог хуваах зарчмаар хуульд тусгаж өгсөн, өмнөх 12.2 дугаар зүйлийг энэ зарчимд нийцүүлж, өөрчлөн найруулав. Тойрогт хамгийн олон санал авсан нэр дэвшигч явах ба нийт сонгогчийн 28 хувиас доош санал авсан тохиолдолд дахин санал хураалт явуулах,
- Нэр дэвшүүлэх зарчим хэвээр байх,
- Тойрогт болон жагсаалтад зэрэг нэр дэвшихийг хориглох,
- Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчдийн 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байх,
- Нам, эвсэл жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэн нэр дэвшүүлэх,
- Жагсаалт нээлттэй байх,
- Жагсаалтаар нэр дэвшсэн нам, эвслийн сонгуулийн дүн гаргах, суудал хуваарилах зарчмыг нам эвсэл 3 хувь байхаар оруулах. Мөн тойрогт суудал авсан байх шалгуурыг хангах,
- Тойргийн хорооны дарга, бүрэлдэхүүнийг гэрчилгээтэй төрийн захиргааны ба үйлчилгээний албан тушаалтан байх,
- Сонгуульд санал өгсөн иргэн бэхэн тэмдэглэгээ заавал хийлгэх зэрэг саналууд тусгасан байна.
Монгол Улсад Улсын Их Хурлын сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг анх 1992 онд батлагдсан Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар зохицуулж байсан нь Улсын Их Хурлын сонгуулийн харилцааны эрх зүйн үндсийг тавьсан бөгөөд 2005, 2011, 2015, 2020 онуудад батлагдсан Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиуд нь тухайн цаг үеийн нийгэм, эдийн засгийн шаардлага болоод сонгууль зохион байгуулалтын өөрчлөлттэй уялдуулан авсан зохицуулалт юм.
Монгол Улсын Их Хурлын нийт 8 удаагийн сонгуулийн 7 нь мажоритар /1996, 2000, 2004, 2016 онуудад 1 мандаттай 76 тойрог, 1992, 2008, 2020 онуудад олон мандаттай томосгосон тойргоор/ тогтолцоогоор, 2012 онд явагдсан Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг сонгуулийн хосолсон тогтолцоогоор /48 мандаттай 28 тойрог, 28 мандаттай пропорциональ/ тус тус явуулсан хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Үйл явдал
Шинэ хичээлийн жилийн бэлтгэл болон бусад цаг үеийн ажлын талаар хэлэлцлээ
Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар боловсролын салбарын шинэ хичээлийн жилийн бэлтгэл болон бусад цаг үеийн ажлын талаар хэлэлцлээ.
Хуралдаанаар:
-2026-2027 оны хичээлийн жилээс 1 дүгээр ангийн сурах бичгийг шинээр зохиох, хэвлэх, түгээх ажил болон бусад ангиудын сурах бичгийн нөхөн хангалтын хүртээмж
-Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц, цэцэрлэг, сургуулийн элсэлт, бүртгэл
-“COP 17” арга хэмжээтэй холбоотойгоор хичээл сургалтын зохицуулалт
-Нийслэлийн хэмжээнд хотхоны бага сургууль болон төрөлжсөн ахлах сургууль байгуулах ажлын хүрээнд байгуулагдсан ажлын хэсэг Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд ажиллах
-Боловсролын зээлийн сангийн 2026 оны сонгон шалгаруулалтын үр дүн, тэтгэлэг, зээл, төлбөрийн хөнгөлөлтийн хэрэгжилтийн явц, төсвийн нөхцөл байдал
-2027 оны төсвийн төлөвлөлт болон боловсролын салбарын 2026 оны хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны төслүүдийн явцтай танилцах
-Тажикстан Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд боловсролын салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах зэрэг асуудлуудын талаар хэлэлцлээ.
Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир танилцуулсан асуудал бүр дээр шийдэл, шаардагдах төсөв, хугацааг тодорхой тусгаж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг бүтэц, нэгжийн удирдлагуудад даалгалаа.

Үйл явдал
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
НӨАТ-ын урамшууллын 2026 оны 07 дугаар сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг 2026 оны 07 дугаар сарын 22-нд 13.00 цагт ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.
Иргэн та 2026 оны 06 дугаар сарын 01-нээс 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 цаг 59 минутаас өмнө бүртгүүлж, сугалаандаа хамрагдана уу.
Сугалааны тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог ба дэлгэрэнгүй мэдээллийг https://sugalaa.ebarimt.mn/ цахим хуудаснаас үзээрэй.

Үйл явдал
Мөнгөний нийлүүлэлт 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 26.6 хувиар өсжээ
Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт (М2) 2026 оны зургаадугаар сарын эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.2 их наяд төгрөгөөр буюу 26.6 хувиар өссөн байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр энэхүү өсөлтөд төгрөгийн хадгаламж 5.9 их наяд төгрөгөөр (26.3 хувь), төгрөгийн харилцах 2.8 их наяд төгрөгөөр (29.3 хувь), валютын харилцах 2.7 их наяд төгрөгөөр (75.4 хувь) тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Мөн 2026 оны зургаадугаар сарын байдлаар аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 49.3 их наяд төгрөг болсон байна. Үүнээс чанаргүй зээл 2.5 их наяд төгрөг, анхаарал хандуулах зээл 1.2 их наяд төгрөг байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Түүнчлэн зургаадугаар сарын валютын сарын дундаж ханшаар 1 ам.доллар 3576.65 төгрөг, 1 евро 4117.99 төгрөг, 1 юань 527.86 төгрөг, 1 рубль 48.40 төгрөг байсан байна.
Эдгээр үзүүлэлт нь 2026 оны зургаадугаар сарын урьдчилсан гүйцэтгэл болохыг Үндэсний статистикийн хороо онцолжээ.

-
Дэлхий нийтээр..2026/02/24
Б.Хандсүрэн: Хийн түлш нь хэрэглэхэд хялбар, үнс тоосгүй учраас цэвэрхэн байна
-
Дэлхий нийтээр..2025/08/28
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр боловсрол, эрүүл мэнд, онцгой байдлын салбар...
-
Дэлхий нийтээр..2024/03/15
Авто замын даац хэтрүүлсэн, задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг 30 хоногийн хуга...
-
Дэлхий нийтээр..2021/06/15
Шинэ нисэх буудал ирэх сарын 4-нд нээгдэнэ
