Дэлхий нийтээр..
Хаанбанк олон нийтэд үнэт цаасаа танилцуулж эхэллээ
“ХААН Банк” ХХК нь хувьцаагаа олон нийтэд санал болгон нээлттэй хувьцаат компани болох ажлаа өнөөдрөөс албан ёсоор эхлүүллээ.
Банкны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд ХААН Банк 2021 оны 2-р сараас эхлэн нээлттэй хувьцаат компани болох бэлтгэл ажлыг холбогдох хууль, журамд заасан хугацаанд, шат дараатайгаар хийж ирсэн. 2022 оны 12-р сарын 9-ний өдөр Санхүүгийн зохицуулах хороо ХААН Банкийг нээлттэй хувьцаат компани болж, олон нийтэд хувьцаагаа санал болгохыг зөвшөөрч, үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэсэн билээ.
Үндэсний хэмжээний хамгийн том банк, санхүүгийн салбарт тэргүүлэгч ХААН Банк нь IPO-ийн хүрээнд нийт хувьцааныхаа 10 хувьтай тэнцэх хэмжээний буюу 191,219,800 ширхэг хувьцааг нэмж гарган, нэгж хувьцааг 959 төгрөгөөр олон нийтэд санал болгож, нийт 183.4 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна. Олон нийтээс татан төвлөрүүлэх тус хөрөнгийг банкны дунд хугацааны стратегийн хүрээнд хэрэгжүүлэх цахим шилжилт, мэдээллийн технологийн хөрөнгө оруулалт, байгаль орчинд ээлтэй ногоон төсөл, хөтөлбөрүүд болон урт хугацаат орон сууцны санхүүжилтэд тус тус зарцуулахаар төлөвлөж байна.
ХААН Банкны хувьцааг олон нийтэд анх удаа арилжаалах үйл ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй, олон улсад болон дотоодын нэр хүнд бүхий мэргэжлийн байгууллагууд болох “БиДиСек ҮЦК” ХК тэргүүлэх андеррайтераар, “Таванбогд капитал ҮЦК” ХХК дэд андеррайтераар, өмгөөллийн “Эм Жэй Эл Атторнейс” ХХН болон “ХаанЛекс Партнерс” ХХН нар хуулийн зөвлөхөөр, “БДО аудит” ХХК бизнесийн үнэлгээ, “Эрнст Энд Янг Монголия Аудит” ХХК санхүүгийн аудитын чиглэлээр тус тус хамтран ажиллаж байна.
Үүсэн байгуулагдсан цагаасаа хойш 32 жилийн хугацаанд ХААН Банк нь харилцагчдынхаа амьдрал, хүсэл мөрөөдөл, хэтийн зорилго, бизнесийн амжилт гээд бүхий л цаг үед нь тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хамгийн найдвартай, түргэн шуурхай хүргэх зорилгын дор орон даяар байрлах 540 гаруй салбар нэгж 6,500 гаруй ажилтан, технологийн шинэлэг шийдэл бүхий цахим сувгуудаараа дамжуулан Монгол Улсын нийт хүн амын 82 хувьд өдөр тутам үйлчилж байна.
ХААН Банкны нийт актив 2021 оны эцсийн байдлаар 13.5 их наяд төгрөг байсан бол 2022 оны 12-р сарын 31-ний байдлаар 15.0 их наяд, зээлийн багц 7.0 их наяд төгрөгөөс 8.0 их наяд, татан төвлөрүүлсэн хөрөнгө 12.0 их наяд төгрөгөөс 13.3 их наяд, нийт цэвэр ашиг 291.5 тэрбум төгрөгөөс 449 тэрбум төгрөгт хүрсэн нь нийт банкны системийн хэмжээнд тэргүүлсэн хамгийн дээд үзүүлэлт юм.
Өдгөө ХААН Банк нээлттэй хувьцаат компани болж, хувьцаагаа нийтэд санал болгосноор хөгжлийнхөө шинэ хуудсыг эхлүүлж, харилцагчид маань банкны хувьцаа эзэмшигч болж хамтын өсөлтийг бий болгох түүхэн боломж бүрдээд байна.
ХААН Банкны хувьцааг олон нийтэд арилжаалах анхдагч зах зээлийн арилжаа 2023 оны 4-р сарын 13-19-ний өдөр Монголын хөрөнгийн бирж дээр явагдана.
Эрхэм хөрөнгө оруулагч та бүхэн хувьцааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://ipo.khanbank.com/ipo/mn/information цахим хуудас болон банкны вэбсайт, сошиал сувгуудад хандан авах боломжтой. ХААН Банкны үнэт цаасны танилцуулга арга хэмжээ маргааш буюу 2023 оны 4-р сарын 6–ны өдөр 11:30-13:30 цагт нийслэлд “Шангри-Ла Улаанбаатар” зочид буудлын Хүндэтгэлийн хүлээн авалтын танхимд, орон нутагт Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Хөвсгөл аймагт нэгэн зэрэг болох бөгөөд МҮОНРТ орон даяар шууд дамжуулан хүргэх юм.
Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
-
Дэлхий нийтээр..2026/02/25
Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрт цэргийн 13 мэргэжлээс сонгон эзэмших боломж...
-
Тод зураг2019/11/25
Кембрижийн хөтөлбөрийн сургалтад хамрагдаагүй, багшийн мэргэжилгүй гадаад багш н...
-
Үйл явдал2022/08/12
Усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдсэн байна
-
Дэлхий нийтээр..2021/10/15
Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал...
