Дэлхий нийтээр..
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр Дундговийн нутаг, Баянхонгор, Өвөрхангай, Булганы өмнөд, Архангайн зүүн, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.
Малчид, иргэд, тээвэрчдэд анхааруулах мэдээ: 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цасан шуурга шуурч нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
2023 оны дөрөвдүгээр сарын 25-ны 20 цагаас
2023 оны дөрөвдүгээр сарын 26-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орж цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, говь, хээрийн нутгаар секундэд 18 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх орчмоор 8-13 хэм хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Тэс, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 хэм, Орхон Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсгээр 2-7 хэм дулаан, бусад нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хараа, Ерөө голын хөндийгөөр 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон-Сэлэнгийн голын сав газраар 1-6 хэм, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 13-18 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Өдөртөө үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-2 хэм дулаан, өдөртөө 9-11 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Өдөртөө үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 10-12 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орно.Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-5 хэм хүйтэн, өдөртөө 6-8 хэм дулаан байна.
2023 оны дөрөвдүгээр сарын 27-ноос
2023 оны тавдугаар сарын 01-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн газраар, 30-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 27, 28-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, 30-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр секундэд 16-18 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 0-5 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. 29, 30-нд ихэнх нутгаар дулаарна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
-
Үйл явдал2023/11/02
УИХ: Ажлын хэсгүүдийн хуралдаан өнөөдөр болно
-
Дэлхий нийтээр..2021/02/25
Д.Сумъяабазар: Хүүхдүүдийн сэтгэлзүйг эмчилж, гэгээрүүлж, боловсролтой, мөрөөдөл...
-
Дэлхий нийтээр..2025/09/18
А.Амартүвшин: 2026 онд 50 мянган өрх, 2027 онд 65 мянган өрхийг хийн түлшний хэр...
-
Чөлөөт бүс2020/09/07
Фотошопын сонирхолтой хичээлүүдээс... №2
