Тод мэдээ
УГТЭ: Эрт илрүүлгийг эрчимжүүлэх баг Орхон, Булган аймагт ажиллалаа

Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/256 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд орон нутгийн иргэдийн эрт илрүүлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудад урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ, оношлогоог оновчтой, үр дүнтэй зохион байгуулахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч нарын баг Орхон, Булган аймагт ажиллаад ирлээ.
Тус эмнэлгийн зүрх судас, мэдрэл, хоол боловсруулах замын эмгэг, ходоодны дуран, зүрхний судсан дотуурх оношлогоо эмчилгээний төрөлжсөн мэргэшлийн эмч нараас бүрдсэн баг энэ сарын 11-20-нд Орхон, Булган аймгийн Эрүүл мэндийг дэмжих төвд ажиллаж иргэдэд эрт илрүүлгийн үзлэг оношлогоо хийсэн байна.
Тэд Орхон аймгийн Эрүүл мэндийг дэмжих төвөөр үйлчлүүлсэн 180 хүнд эрт илрүүлгийн үзлэг, судсан дотуурх оношлогоо, эмчилгээ, мэдрэл, зүрхний нарийн мэргэжлийн эмчийн үзлэг хийсэн бол Булган аймагт 190 гаруй хүнд мэдрэл, зүрхний нарийн мэргэшлийн эмчийн үзлэг , ходоодны уян дурангийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношлогоо хийж, зөвлөгөө өгчээ.
Энэ үеэр эрт илрүүлэг, төрөлжсөн мэргэшлийн үзлэг оношлогоо хийхээс гадна яаралтай тусламжийн тасагт ирсэн онош тодорхойгүй хүнд үйлчлүүлэгчийн оношлогоо, эмчилгээний асуудлыг шуурхай шийдвэрлэх талаар орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг хамруулан зөвөлгөөн зохион байгуулсан.
УГТЭ-ийн эмч нарын баг дараагийн ээлжинд Ховд аймагт ажиллахаар төлөвлөсөн байна.
Тод мэдээ
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залилан
Тод мэдээ
Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 15-нд боллоо. “Олон улсын цоохор ирвэсийн холбоонд Монгол Улс элсэхийг дэмжих тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ.
Манай улсын хувьд тус холбооны гишүүн болсноор монгол орны цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах, ирвэстэй нутагт амьдардаг иргэд, малчдын амьдралын чанарыг дээшлүүлэх ач холбогдолтой ажээ.
БНЭУ муурын төрлийн амьтдыг хамгаалах зорилгоор “Олон улсын том муурын холбоо” байгуулах санаачилга дэвшүүлж, Монгол Улсын тус санаачилгад нэгдэн орох хүсэлтийг 2023 онд анх ирүүлжээ.
Тод мэдээ
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.
Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.