Үйл явдал
Зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, зам даваанд мөстөлт үүсэж, халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна.
2023 оны арваннэгдүгээр сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи нутгийн баруун хагаст баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 0 хэм орчим байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 1-3 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 1-3 хэм хүйтэн байна.
2023 оны 11 дүгээр сарын 03-наас 11 дүгээр сарын 07-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
3-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 3-нд нутгийн баруун хагаст, 4-нд ихэнх нутгаар, 5-нд говь, талын нутгаар, 6-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 3-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.
Үйл явдал
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татаж, албан үүргийг түдгэлзүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Гаалийн ерөнхий газрын болон Улаанбаатар хотын Гаалийн газрын, мөн Замын-Үүд дэх Гаалийн газрын нэр бүхий албан тушаалтнууд нь Монгол Улсын хилээр бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийх бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бараа тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэж үргэлжилсэн үйлдлээр хахууль авах, хууль бусаар олсон орлогын эх үүсвэр, бодит шинж чанарыг өөрчлөн мөнгө угаасан, Эрүүгийн хуулийн 22.1, 22.4-т заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдаас хахууль авсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй үйлдлийг илрүүлэн шалгаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын хүрээнд одоогийн байдлаар 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татаж, албан үүргийг түдгэлзүүлэх, хилийн хориг тогтоох болон зарим гаалийн улсын байцаагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Үйл явдал
“Дулааны тавдугаар цахилгаан станц”-ын үндсэн тоног төхөөрөмжийн захиалгууд хийгджээ
Монгол Улсын эрчим хүчний салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжиж буй “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн ажил үе шаттайгаар үргэлжилж байна. Тус станц нь нийслэлийн цахилгаан, дулааны хангамжийг сайжруулж, эрчим хүчний ачааллыг бууруулах чухал ач холбогдолтой юм.
Төслийн талбайд геологийн судалгааны өрөмдлөгийн ажил дууссан бөгөөд станцын үндсэн тоног төхөөрөмж болох зуух, турбин, генератор, трансформаторын захиалгыг хийжээ. Эдгээр тоног төхөөрөмж нь Монгол орны эрс тэс уур амьсгалд бүрэн нийцсэн байна. Мөн төслийн газар чөлөөлөлт, дэд бүтцийн шийдэл, техникийн нөхцөл болон зураг төслийн ажлууд үе шаттай хэрэгжиж байгаа бөгөөд зураг төслийг “Митайм Интернэйшнл” компанийн туслан гүйцэтгэгч болох Повер Чайна Хэбэй Электрик Повер Инженер компани боловсруулж байна. Үүнээс гадна төслийн талбайн түр хашаа барих ажил эхэлжээ.
“Дулааны тавдугаар цахилгаан станц”-ыг нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, ДЦС-2-ын үнсэн сангийн зориулалттай 26.4 га талбайд барина. ДЦС-2 нь 1961 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 65 жилийн хугацаанд хуримтлагдсан үнсийг энэ оны дөрөвдүгээр сарын 22-ноос эхлэн зөөвөрлөж байна. Төслийн нөлөөлөлд өртсөн 26 нэгж талбараас 25-ыг нь чөлөөлөөд байгаа юм.
Тус станц нь 300 МВт цахилгаан, 340 Гкал/цаг дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд ашиглалтад орсноор нийслэлийн баруун бүсийг найдвартай, бие даасан эрчим хүч, дулааны эх үүсвэрээр хангах юм. Төслийн хүрээнд Таван шар, Баянхошуу, 21 дүгээр хороолол, 3, 4 дүгээр хороолол зэрэг хүн амын нягтаршил өндөр, эрчимтэй тэлж буй бүсүүдийн эрчим хүч, дулааны хэрэглээг тогтвортой хангах боломж бүрдэх юм.
Үйл явдал
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс хурлын түр байгууламж, авто зам тохижилт, шугам сүлжээ зэргийг хариуцаж байна.
Энэ хүрээнд 80 мянган ам метр талбайд дугуйн зам, явган зам, авто зогсоол хийхээр төлөвлөсөн. Нийт гүйцэтгэл 78 хувьтай байна.
Тухайлбал, 10 мянган ам метр талбайд явган хүний замыг өнгөт хавтангаар байгуулж, 70 мянган ам метр талбайд цементээр бэхжүүлсэн буталсан чулуун суурийг хийжээ. Мөн 70 мянган ам метр талбайд суурь асфальт бетон хучилтыг хийж дууссан. Долоодугаар сарын 1 гэхэд зам талбайн ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.



-
Хэн юу хэлэв...2020/04/20
С.Амарсайхан: Гэр хорооллын дахин төлөвлөлт зогсох бус, харин ч илүү бодитоор аж...
-
Хэн юу хэлэв...2024/05/01
Б.Лхагвасүрэн: Инфляц зорилтот интервалдаа тогтвортой байх боломж бий
-
Тод зураг2019/12/27
Хөгжлийн банк засаглалыг сайжруулж муу зээлийн эргэн төлөлтөд анхаарав
-
Үйл явдал2022/11/03
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихсэнэ
