Үйл явдал
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Дундговь, Дорноговийн нутгаар ахиухан хэмжээний цас орж, Дундговийн өмнөд, Өмнөговийн зүүн, Дорноговийн баруун хэсгээр цасан шуурга шуурна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
2024 оны нэгдүгээр сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх нутгаар хойноос секундэд 4-9 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 26-31 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 15-20 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи хойноос секундэд 4-9 метр. 15-17 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. 18-20 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи хойноос секундэд 4-9 метр. 17-19 хэм хүйтэн байна.
2024 оны нэгдүгээр сарын 20-ноос 2024 оны нэгдүгээр сарын 24-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
20-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсэг, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас, 22-нд Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 20-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 27-32 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 22-27 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 16-21 хэм хүйтэн байна.
Үйл явдал
АНУ: Ам.долларын ханш суларч, үнийн өсөлтөд нөлөөлөв
АНУ-д ам.долларын ханш суларснаар иргэдийн өдөр тутмын зардалд дарамт нэмэгдэв. Сүүлийн саруудад ам.доллар гол валютуудын эсрэг ойролцоогоор 10 хувиар буурч, худалдан авах чадвар дордсон нь “далд татвар”-тай адил нөлөө үзүүлж буйг эдийн засагчид онцоллоо.
Ханшийн уналт импортын барааны үнийг өсгөж, ялангуяа кофе зэрэг гадаадаас авдаг бүтээгдэхүүний үнэ сүүлийн нэг жилд бараг 19 хувиар нэмэгджээ.
Мөн ам.долларын сулрал гадаад аяллын зардлыг өсгөж, америкчуудын хувьд валютын алдагдал илүү мэдрэгдэж, зарим валютын эсрэг ханш 10–17 хувиар буурсан.
Нөгөө талд, сул доллар олон улсын зах зээлд үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниудад эерэг нөлөө үзүүлж, АНУ-ын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн гадаад зах зээлд хямдарснаар экспорт тэлэх нөхцөл бүрдлээ.
Харин дотоодын зах зээлд төвлөрсөн жижиг, дунд бизнесүүдийн зардал өсөж, ашиг шахагдав. Импортод түшиглэсэн компаниудын дарамт нэмэгдсэн нь хэрэглэгчдэд очих үнийн өсөлтийг улам хурдасгаад байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Donald Trump сул доллар экспортыг дэмжинэ гэж үздэг ч бодит байдал дээр инфляцын дарамт иргэдэд илүү хүчтэй мэдрэгдсээр байгаа юм.
Үйл явдал
Х.Нямбаатар: Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүч, дулааны хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой “Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ. Тус станц 300 МВт цахилгаан, 340 Гкал/ц дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ДЦС-2-ийн үнсэн сангийн талбайд барих юм.
Нээлтийн арга хэмжээнд Эрчим хүчний сайд Б.Найдалаа, төслийн төрийн түншлэгч нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, хувийн хэвшлийн түншлэгч “Митайм Интернэйшнл” компанийн удирдлагууд болон холбогдох албаныхан оролцов.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “2023 оны аравдугаар сард хотын даргаар томилогдоод эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх зоригтой шийдлүүдийг төлөвлөсөн. Бид анхны дотоод бондыг 2024 онд гаргаж, улмаар Бөөрөлжүүтийн 300 МВт хүчин чадалтай цахилгаан станц, Багануурын 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг төвийн эрчим хүчний системд чухал хэрэгцээтэй цаг үед ашиглалтад оруулж, эрчим хүч нийлүүлсэн. Эрчим хүчний төслүүдийг улаанбаатарчууд, эрчим хүчний салбарынхан сүүлийн 40 жил хүлээсэн.
Өнгөрсөн хугацаанд улс төрчдийн эрх ашиг, популизм зэргээс ажлыг үргэлж зогсоож ирсэн. Харин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн түншлэлээр барьж, 2028 онд бүрэн ашиглалтад оруулна. Төслийг эхлүүлсэн, өнгөрсөн хугацаанд бэлтгэл ажлыг хийж ирсэн бүх хамт олондоо талархал илэрхийлье.
Энэ жил Улаанбаатар хотод Дулааны тавдугаар цахилгаан станц, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг түшиглэсэн цахилгаан станц, Дамбадаржаа станц, Дэнжийн мянга станц, хийн станцууд, хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх, Хүннү хотын станц гээд хэд хэдэн станцын төслийг хэрэгжүүлнэ. Агаарын бохирдол, авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийг ая, тухтай амьдруулах томоохон төслүүдээ урагшлуулахын төлөө үргэлж ажиллана. Ард түмэнд амлалтаа биелүүлж, цаг хугацаандаа төслийг ашиглалтад оруулахын төлөө ажиллацгаая” хэмээн онцоллоо.

ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянга хүртэлх айл өрхийг цахилгаанаар, 40 мянга гаруй айл өрхийг дулаанаар хангах боломж бүрдэнэ. Ялангуяа Таван шар, Баянхошуу, 21 дүгээр хороолол, 3, 4 дүгээр хороолол зэрэг нийслэлийн баруун бүсийн өсөн нэмэгдэж буй суурьшлын бүсүүдийн эрчим хүчний хангамжийг тогтвортой шийдвэрлэх ач холбогдолтой.
Төслийн нийт хөрөнгө оруулалт 658.6 сая ам.доллар бөгөөд үүний 80 хувийг хувийн хэвшлийн түншлэгч, 20 хувийг төрийн түншлэгч тал хариуцах юм. Нийслэлийн зүгээс төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх хүрээнд дотоодын санхүүгийн зах зээлд 200 тэрбум төгрөгийн бондыг амжилттай гаргасан.

Монгол Улсад Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц 1983 онд ашиглалтад орсноос хойш өнөөг хүртэл 43 жилийн туршид өндөр хүчин чадлын цахилгаан, дулаан хосолсон станц ашиглалтад ороогүй. Дулааны тавдугаар цахилгаан станц нь Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 20 дугаар хороонд ДЦС-2-ийн үнсэн сангийн талбайд дэд бүтцэд ойр байршилд баригдаж, дотоодын нүүрсний нөөцөд тулгуурлан ажиллана.
Мөн орчин үеийн өндөр үр ашигтай, байгаль орчинд ээлтэй шийдлийг нэвтрүүлж, ялгарлын хэмжээг олон улсын стандартад нийцүүлэн бууруулснаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулна. Мөн шинэ орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх боломж өргөжиж, хотын эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын чанарт бодит эерэг нөлөө үзүүлэх юм.

Үйл явдал
Спирит Эйрлайнс компани дампуурлаа зарлав
АНУ-ын хямд өртөгтэй агаарын тээврийн компани болох Спирит Эйрлайнс 34 жилийн дараа үйл ажиллагаагаа зогсоож, дампуурлаа зарлав.
Тодруулбал, тавдугаар сарын 02-ны өдөр тус компани бүх нислэгээ цуцалж, үйл ажиллагаагаа албан ёсоор хаах шийдвэр гаргаснаа мэдэгдсэн бөгөөд энэ нь огцом өссөн шатахууны үнэ болон санхүүгийн хүндрэлтэй холбоотой гэж тайлбарлажээ.
Спирит Эйрлайнс өмнө нь хоёр удаа дампуурлын хамгаалалтад орж байсан ч санхүүгийн байдлаа сэргээж чадсангүй. Түүнчлэн АНУ-ын Засгийн газраас санал болгосон ойролцоогоор 500 сая ам.долларын аврах санхүүжилтийн хэлэлцээр бүтэлгүйтсэн нь эцсийн шийдвэрт нөлөөлөв.
Ойролцоогоор 17 мянган ажилтан ажлын байраа алдах эрсдэлд орж, зорчигчид нислэг цуцлагдсаныг гэнэт мэдсэн нь салбарын хэмжээнд томоохон цохилт боллоо. Шатахууны үнэ өссөн нь Ирантай холбоотой зөрчилдөөнөөс үүдэлтэй бөгөөд энэ нь агаарын тээврийн салбарт дарамт нэмэгдүүлж, Спирит Эйрлайнсийг дампууралд хүргэсэн гол хүчин зүйлсийн нэг болов.
Спирит Эйрлайнс нь хямд тийзийн загвараараа АНУ-ын нисэхийн зах зээлд өрсөлдөөнийг нэмэгдүүлж байсан ч үйл ажиллагаагаа зогсоосноор хямд нислэгийн сонголт багасах төлөвтэй байна.
-
Дэлхий нийтээр..2023/05/31
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайдыг хүлээн ...
-
Дэлхий нийтээр..2021/04/28
“Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэх ажлын явцын талаар Ерөнхий с...
-
Үйл явдал2024/06/06
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
-
Тод зураг2019/11/05
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
