Дэлхий нийтээр..
ЗГ: Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны хоёрдугаар сарын 14-нд болж, өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн мэдээгээр энэ оны хоёрдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цастай, Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-36 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд таван аймгийн 21 суманд цасны нягт 0,35-1,05 г/см3 хүрч төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 89 суманд цагаан зудын, 17 аймгийн 82 сум цагаанаар зудархуу нөхцөлд байна.
Улсын хэмжээнд мөн өдрийн байдлаар 508039 толгой мал хорогдсон, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод зэрэг аймагт хорогдол ихтэй байна.
Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг гаргалаа.
Мал аж ахуйн салбарт үүсээд буй хүндрэлийг эрсдэл багатай давахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг болгоод шар усны үерт өртөж болзошгүй айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, цасанд боогдсон зам, давааг чөлөөлөх, малчдад туслах аяныг аж ахуйн нэгж болон олон улсын байгууллага, гадаадын төсөл хөтөлбөртэй хамтран зохион байгуулж, олон нийтэд уриалга гаргах, малчдыг эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд бүрэн хамруулах, амьжиргааны эх үүсвэрээ алдаж, малгүй болсон малчдын судалгааг гаргаж, малжуулах, нийгмийн хамгаалал болон халамжийн төсөл, хөтөлбөрүүдэд хамруулах, орон нутгийн төсвийн давсан орлогыг малчдад туслах арга хэмжээнд зарцуулах зэрэг ажлыг зохион байгуулахыг холбогдох хүмүүст даалгалаа.
Түүнчлэн, импортын зарим барааг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Сангийн сайд Б.Жавхланд даалгалаа.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Үйл явдал2025/08/22
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
-
Үйл явдал2024/11/26
Бүгд Найрамдах Улс тунхаглаж, анхдугаар үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зор...
-
Үйл явдал2022/11/15
УИХ: Байнгын хороодын хуралдаан болно
-
Дэлхий нийтээр..2025/08/15
Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д Азийн хөгжлийн банк төлөөллөө ажиллуулахыг урьж б...
