Үйл явдал
Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 13-14-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхи шороон шуургатай байхыг анхааруулж байна.
2024 оны тавдугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газраар 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр 22-27 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна. Сэрүүсэж 14-16 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Сэрүүсэж 15-17 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Сэрүүсэж 13-15 хэм дулаан байна.
2024 оны тавдугаар сарын 13-наас 2024 оны тавдугаар сарын 18-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
14-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр, 17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 14-нд говь, талын нутгаар, 16-нд нутгийн баруун хойд хэсгээр, 17-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 14-нд ихэнх нутгаар сэрүүхэн байх боловч 15-наас дулаарч Монгол-Алтай, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.
Үйл явдал
Чингис хааны хөргийг архи, тамхины савлагаанд ашиглахыг хориглох хуулийн төсөл боловсруулна
Их эзэн Чингис хааны хөргийг согтууруулах ундаа, тамхины сав, баглаа боодолд ашиглахыг хориглох хуулийн төсөл боловсруулахаар болжээ. Энэ талаар Улсын Их Хурлаас Засгийн газарт үүрэг өгсөн байна.
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой, Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан арваннэгдүгээр сарын 10-нд Төрийн ордонд боллоо.
Хуралдааны үеэр УИХ-ын дарга С.Бямбацогт арваннэгдүгээр сарын 6-нд баталсан “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” тогтоолын эцсийн найруулгыг танилцуулав.
Уг тогтоолоор Чингис хааны нэр төр, хөрөг, гэрэгэ, “Монголын нууц товчоо” болон Их Монгол Улсын бэлгэдлийг ашиглах асуудлыг хууль, журмаар зохицуулахыг Засгийн газарт даалгажээ.
Мөн Чингис хааны нэрээр нэрлэгдсэн бараа, бүтээгдэхүүний онцгой албан татварын тодорхой хувиар санхүүжих тусгай сан байгуулах санал боловсруулах юм. Тус сангийн хөрөнгийг Их Монгол Улсын түүх, Чингис хааны үйл хэргийг судлах, хамгаалах, сурталчлахад зарцуулахаар тусгажээ.
Түүнчлэн Монголын түүх, археологи, угсаатны зүйн судалгаа, ном хэвлэл, кино, урлаг, соёлын үйл ажиллагаанаас олох орлогыг татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг өгсөн байна.
Үйл явдал
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
НИТХ-ын ээлжит IX хуралдаан болж, НИТХ-ын Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай 24/29 тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт орууллаа.
Тухайлбал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд ирэх оны зам ашигласны төлбөрөөс дүйцүүлэн хасаж тооцох саналыг НИТХ-д оруулсан юм. Ингэснээр 7 хоног бүр замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарласнаас бусад өдөрт тэгш сондгойгоор зорчуулсан бол зам ашигласны төлбөрөөс чөлөөлөхөөр боллоо.
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор цагаан сар, есдүгээр сарын 1-ний бэлтгэл ажлын үеэр болон олон улсын томоохон хурал зөвлөгөөний үед автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулах зохицуулалт хийдэг. Нийслэлээс иргэдийн автомашин унах эрхийг хязгаарлаж байгаа тохиолдолд татварын хөнгөлөлт үзүүлэх нь зүйтэй гэсэн зарчим барьж буй гэдгийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцолж байгаа юм.
Нийслэлийн хэмжээнд 744246 авто тээврийн хэрэгсэл бүртгэлтэйгээс дугаарын хязгаарлалтад хамрагдах 720122 авто тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна.







Үйл явдал
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан, гадаадын их, дээд сургуульд суралцаж төгссөн залуусын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
“Илгээлт-2100” хөтөлбөр 2021 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд дэлхийн түвшний боловсрол эзэмшсэн, мэдлэг чадвартай, бүтээлч, манлайлагч ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх зорилготой юм. 2026-2027 оны хичээлийн жилд тус хөтөлбөрийн хүрээнд нийт 1355 суралцагч гадаадын их, дээд сургуульд суралцаж байна. Үүнээс Улаанбаатар хотоос шалгарсан 70 суралцагчаас энэ онд 32 нь гадаадын их, дээд сургуулийг амжилттай төгсөж, эх орондоо ирээд байна. Тэдгээр төгсөгчдийн 18 төлөөлөл өнөөдрийн уулзалтад оролцлоо.

Уулзалтын үеэр төгсөгчид хаана, ямар сургуульд, ямар мэргэжлээр суралцсан туршлагаа хуваалцаж, эх орондоо ажиллах, мэргэжлээрээ хөгжих хүсэл зорилгоо илэрхийлэв. Мөн нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн харьяа байгууллагуудад ажиллах боломж, залуу боловсон хүчнийг дэмжих бодлого, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Төгсөгчдийн дунд төрийн болон нийслэлийн харьяа байгууллага, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар мэргэжлээрээ ажиллаж буй залуус байна. Гадаадад эзэмшсэн мэдлэг, ур чадвараа төрийн байгууллагын үйл ажиллагаанд хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь хөтөлбөрийн үр өгөөж бодитоор хэрэгжиж буйн илрэл гэдгийг нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан онцоллоо.
Тэрбээр “Та бүхэн гадаадад суралцах хугацаандаа дэлхийн боловсролын тогтолцоо, ажлын арга барил, шинэ технологи, соёлтой танилцаж, үнэ цэнтэй мэдлэг, туршлага хуримтлуулсан. Одоо түүнийгээ эх орондоо хэрэгжүүлж, бодит үр дүн гаргах чухал үе ирж байна. Ялангуяа Улаанбаатар хотын хөгжилд мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг, олон улсын харилцаа зэрэг олон чиглэлийн чадварлаг боловсон хүчин хэрэгтэй. Иймд нийслэлийн зүгээс та бүхний эзэмшсэн мэдлэг, ур чадварыг хотын салбаруудын хэрэгцээтэй уялдуулж, мэргэжлээрээ ажиллах, өсөн дэвших боломжийг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллана” гэв.


-
Дэлхий нийтээр..2022/08/30
МХЕГ: 11 компанийн 5720.6 тн махыг экспортлоход хяналт тавьж байна
-
Дэлхий нийтээр..2026/08/07
Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов
-
Үйл явдал2025/06/19
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2022/11/30
Монгол Улс БНСУ-тай хамтран нисэхийн сургууль байгуулна
