Үйл явдал
Орон нутгийн ИТХ-ын сонгуулийн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.01.23) нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа танилцуулав.
Улсын Их Хурлын даргын 2020 оны 01 дүгээр тоот захирамжийн дагуу хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатараар ахлуулан Улсын Их Хурлын гишүүүн Л.Болд, Д.Мурат, Н.Амарзаяа, Ц.Цогзолмаа нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулжээ. Ажлын хэсэгт Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Үндэсний аудитын газар, Харилцаа, холбооны зохицуулах хорооны төлөөлөл орж ажилласан байна.

Энэ хугацаанд ажлын хэсэг таван удаа хуралдаж, хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй 94, төслийн үг хэллэг, нэр томьёо, дугаарлалтыг жигдэлсэн 5 багц найруулгын санал бэлтгэжээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, М.Энхболд, С.Жавхлан, Ц.Гарамжав, Д.Эрдэнэбат, Х.Баделхан, М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа нарын асуултад ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар, төсөл санаачлагч гишүүн Л.Энх-Амгалан, Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн нар хариулт, тайлбар өгөв. Мөн нэгдсэн хуралдаанд оролцсон ажлын хэсгээс гишүүдийн асуултад нэмэлт мэдээлэл өгсөн юм.
Хуулийн төсөлд орон нутгийн сонгуульд нэр дэвшигч төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, Засгийн газраас байгуулсан хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн бол ээлжит сонгуулийн жилийн 5 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байхаар тусгасныг ажлын хэсэг 8 дугаар сарын 01-ээс гэж өөрчлөх санал гаргасныг Байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжээгүй аж. Харин хуулийн төсөлд сонгуулийн сурталчилгааны хугацаа 22 хоног байсныг 15 хоног болгож багасгажээ. Түүнчлэн сонгуулийн өмнөх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, дараах өдрөөс сэргээх, өөрөөр хэлбэл, иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 08 дугаар сарын 15-наас зогсоогоод 10 дугаар сарын 15-наас нээхээр зохицуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Ингээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж эхэллээ. Тухайлбал, төслийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн “Монгол Улсын Үндсэн хууль” гэсний дараа “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль,” гэж нэмэх, төслийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийн “25” гэснийг “18” гэж өөрчлөхийг дэмжив. Мөн төслийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсгийн дугаарыг 4.9 дэх хэсэг болгож, орон нутгийн Хурлын сонгуулийн санал хураалт нь нэр дэвшигчдийн авсан саналын тоо тэнцсэн тохиолдолд явагдах нэмэлт санал хураалт; энэ хуулийн 80 дугаар зүйлд заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд явагдах дахин санал хураалт гэсэн төрөлтэй байхаар өөрчлөн найруулахаар болов.
Төслийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь заалтыг “Иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, сонгогчоос саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглоно” гэж өөрчлөн найруулах, 7 дугаар зүйлд “Сонгогч саналаа нууцаар гаргах ба хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо илэрхийлж, саналаа өгөх боломжоор хангагдсан байна” гэсэн агуулгатай 7.6 дахь хэсгийг нэмэхээр болов.
Мөн төслийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийн “аймгийн төвд 3000-аас дээшгүй, нийслэлийн дүүрэгт 4000-аас дээшгүй” гэснийг “аймгийн төв болон дүүрэгт 3000-аас илүүгүй” гэж, 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсгийн “ээлжит сонгуулийн жилийн 7 дугаар сарын 01-ний өдрөөс” гэснийг “санал авах өдрөөс 90-ээс доошгүй хоногийн өмнөөс” гэж, 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсгийн “ээлжит сонгуулийн жилийн 8 дугаар сарын 01-ний өдрөөс” гэснийг “санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн” гэж тус тус өөрчлөхөөр тогтлоо.
Харин төслийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсгийн “5 дугаар сарын 01-ний” гэснийг “8 дугаар сарын 01-ний” гэж өөрчлөхөөр ажлын хэсгээс гаргасан санал Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй тул ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар ажлын хэсгийн саналыг дэмжиж өгөхийг гишүүдээс хүсэв. Энэ саналтай холбогдуулан Байнгын хорооны дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хууль хэрэгжиж байгаа, төрд ажиллах хүсэлтэй нь төрийн албандаа тууштай үнэнчээр ажиллах, харин улс төрд орох хүсэлтэй нь ажлаа өгөөд улс төрөө хөөгөөд явдаг байх нь зүйтэй, сонгуульд нэр дэвшиж ялагдчихаад төрийн албанд буцаад ордог байдлыг эцэслэх ёстой. Энэ заалт дэмжигдвэл хууль хоорондын зөрчил үүсэхэд хүрнэ гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм. Ингээд уг саналын томьёоллоор санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 52.3 хувь нь Байнгын хорооны саналыг дэмжив.

Мөн төслийн 29 дүгээр зүйлийн 29.7 дахь хэсгийг “Гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно” гэж өөрчлөн найруулахаар болов. Харин төслийн мөн зүйлд “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн агуулгатай 29.8 дахь хэсэг нэмэх санал гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй тул Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан санал хураалтыг хүчингүй болгох горимын санал гаргасан ч дэмжигдээгүй. Иймээс уг заалтыг эцсийн хэлэлцүүлгийн шатанд дахин нягталж, хууль хоорондын уялдааг хангах, зөрчлийг арилгах чиглэлийг хуралдаан даргалагч өгсөн юм.
Түүнчлэн төслийн 33 дугаар зүйлд “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, ийм агуулга бүхий мэдээллийг хэвлэмэл материалын хэлбэрээр, эсхүл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин дахь олон нийтийн сүлжээгээр тараасан болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон” гэсэн агуулгатай 33.1.9 дэх хэсэг нэмэх, төслийн 32 дугаар зүйлийн 32.2.9, 32.3.11 дэх заалтыг “ял эдэлж байгаа эсэх талаарх цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжийн лавлагаа” гэж өөрчлөн найруулах, төслийн 32 дугаар зүйлд “авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа” гэсэн агуулгатай 3.2.11, 32.3.13 дахь заалтыг нэмэхээр тогтов.

Төслийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3 дахь хэсгийн нэгтгэн, “56.2.Хандив өгөхийг хориглосон этгээд болон эрх зүйн байдал нь тодорхойгүй этгээд сонгуулийн хандив өгсөн бол хандив хүлээн авах эрх бүхий этгээд буцаан шилжүүлнэ” гэж, төслийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэг, 63.2.1, 63.2.2 дахь заалтыг “63.2.Эрүүл мэндийн байдлын улмаас зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогч нь өөрийн эрүүл мэндийн талаарх харьяа өрхийн эмчийн магадлагааг, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийн хамт санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө хэсгийн хороонд хүргүүлнэ” гэж бүхэлд нь өөрчлөн найруулахыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Түүнчлэн төслийн 48 дугаар зүйлд “Орон нутгийн Хурлын төлөөлөгч сонгуульд нэр дэвших бол энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тойргийн сонгогчиддоо ажлын тайлангаа танилцуулах зорилгоор хийсэн уулзалт, энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ болон тараасан тайлан нь сонгуулийн сурталчилгаанд хамаарахгүй” гэсэн агуулгатай 48.7 дахь хэсгийг шинээр нэмэхийг дэмжлээ.
Энэ хуулийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтов. Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Д.Эрдэнэбат нар хуулийн төсөлд “сонгогчдын ирц 50+1 хувь байх” гэсэн агуулгатай заалтыг тусгах санал гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 57.8 хувь нь дэмжив. Түүнчлэн хуулийн төслийн талаарх найруулгын саналууд болон Байнгын хорооноос дэмжигдээгүй зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэсэн юм.
Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Үйл явдал
Төвөдийн гамшиг мөсөн голын хагарал, хөрсний гулгалтын дараалсан үйл явцаас үүдсэн байна
Хятадын холбогдох байгууллагууд Төвөдийн Жирон боомт орчимд их хэмжээний хохирол учруулсан үер, хөрсний гулгалтын шалтгааны талаарх урьдчилсан дүгнэлтийг танилцуулжээ.
Хятадын Шинжлэх ухааны академийн Чэндугийн Уулын аюул, байгаль орчны хүрээлэнгийн судалгааны баг хиймэл дагуулын тандан судалгааны мэдээллийг газар дээрх ажиглалт, хээрийн судалгаатай тулган шинжилсэн байна.
Судлаачдын дүгнэлтээр наймдугаар сарын 26-ны Бээжингийн цагаар 10:52 орчимд Балбын нутагт, далайн түвшнээс 5200 метрийн өндөрт мөсөн голын хэсэг хагарч, их хэмжээний мөс, хад чулуулгийн нуранги үүсжээ.
Нуранги өндөр уулын энгэрээр маш хурдтай уруудахдаа хөрс, хад чулууг хаман, 4000 метр орчмын өндөрлөгөөс эхлэн том хэмжээний хөрсний гулгалт үүсгэсэн гэж үзсэн байна.
Улмаар мөс, хөрс, хад чулуу болон усны асар их масс уулын хөндийгөөр 22 км орчим уруудан, далайн түвшнээс 1800 метрийн өндөрт орших Хятадын Төвөдийн Жирон боомтод хүрчээ.
Гамшгийн улмаас Жирон орчмын 0.7 хавтгай дөрвөлжин километр орчим талбай өртөж, 27 барилга байгууламж болон тэдгээртэй холбоотой тоног төхөөрөмж бүрэн сүйдсэн гэж судалгааны баг мэдээлсэн байна.
Ийнхүү Хятадын эрдэмтэд наймдугаар сарын 26-нд болсон гамшгийг энгийн борооны үер бус, өндөр уулын мөсөн голын хагарал → мөс, хадны нуранги → хөрсний гулгалт → хүчтэй үер гэсэн дараалсан үйл явцын үр дагавар гэж дүгнэжээ.
Үйл явдал
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргаж, тусламж үйлчилгээ үзүүллээ.
Нийт дуудлагын 52 нь обьектын гал түймэр, нэг нь ой, хээрийн түймэр, нэг нь үер, гурав нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна гэж Онгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Үйл явдал
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн үйлдвэрт ажиллаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, шахмал түлшний нөөц бүрдүүлэлтийн явцын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн “Тавантолгой түлш” ХХК гурван цехийн хоёр шугамаар шахмал түлш үйлдвэрлэж байна. Анх гурван үйлдвэрийн 20 шугамаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол 2024 оноос үйлдвэрлэлийн хүчин чадлыг 50 тонн/цаг болгон гурав дахин нэмэгдүүлж, шугамын тоог цөөрүүлэн бүтээмжийг сайжруулсан. “Тавантолгой түлш” ХХК түлшний үйлдвэрлэлийн гурав дахь үеийн шилжилтээ хийж, 2025-2026 оны халаалтын улиралд нийслэлийн айл өрхүүдийн хэрэглээнд хагас коксон түлш нийлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 38.3 мянган тонн түлшний нөөц бүрдүүлээд байна” гэв.
2026-2027 оны халаалтын улиралд 430 мянган тонн бүтээгдэхүүн борлуулахаар төлөвлөсөн. Тухайлбал, 300 мянга гаруй тонн хагас коксон түлш, 80 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулахаар төлөвлөж байна. Харин аж ахуйн нэгжүүдэд 40 мянган тонн савласан мидлинг нийлүүлэх юм.
Нийслэлийн зүгээс галлагааны улирал эхлэхээс өмнө шахмал түлшний үйлдвэрлэл, түүхий эдийн татан авалт, нөөц бүрдүүлэлт болон борлуулалтын бэлтгэл ажлыг эрчимжүүлж, иргэдийн түлшний хэрэгцээг тасралтгүй хангахад онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бидний гол зорилго бол нийслэлийн хүн амыг агаарын бохирдолгүй өвөлжүүлэх юм. Энэ зорилгын төлөө хотын даргын зүгээс та бүхнийг бүх талаар дэмжихийн зэрэгцээ ажлын шаардлагаа өндөр тавина. Түүнчлэн борлуулалтын цэгүүдийн бэлэн байдалд анхааран, “Хотула” аппликэйшн дэх бүртгэлийн давхардлыг арилгаж, системийг бүрэн ашиглах, угаар мэдрэгч төхөөрөмжийн хэрэглээ болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй хамтран ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгож байна” гэлээ.
Өнгөрсөн жил хагас коксон түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдол өмнөх жилээс 30 орчим хувиар, 2018 онтой харьцуулахад 69.5 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Улаанбаатар хотод 170 мянган өрх шахмал түлш хэрэглэж байгаа бөгөөд энэ жилээс 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлээд байгаа юм. Галлагааны улирал есдүгээр сард эхлэх бөгөөд 50-60 мянган тонн шахмал түлшний нөөц бүрдүүлсэн байх шаардлагатай.





-
Дэлхий нийтээр..2026/01/27
Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийг НИ...
-
Дэлхий нийтээр..2021/11/25
Нийслэл 2022 онд өмч хувьчлалаас 45 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр тусгажээ
-
Дэлхий нийтээр..2021/03/20
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн нөхрийг ЦЭЦЭД зүтгүүлж байн...
-
Үйл явдал2023/08/16
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
