Үйл явдал
Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлт 76 хувьтай үргэлжилж байна
Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжиж буй. Төслийн хүрээнд 2,206 нэгж талбар буюу 158 га газрыг нөхөх олговортойгоор чөлөөлж 12 мянган айлын орон сууцыг барихаар болсон.
Газар чөлөөлөлтийн ажил өнөөдрийн байдлаар 76 хувьтай үргэлжилж байна. Нийслэлийн орон сууцны корпорацаас 12 мянган айлын орон сууцыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зохион байгуулах бөгөөд эхний ээлжид 13 га талбайд орон сууц барих зургаан багц нээлттэй тендерийг зарлаад байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр дээрх байршилд ажиллалаа.

Тэрбээр “Сэлбэ дэд төвийн хүрээнд орон сууц барьснаар Улаанбаатар хотын хойд бүсээс 4000 яндан утаа үйлдвэрлэхгүй. Энэ хэрээр агаар, орчны бохирдол буурах боломжтой. Бид газрын хэмжээ, объектын хэмжээнээс хамаарч дунджаар 170 саяас дээш төгрөгийг иргэдэд газрын нөхөн олговорт олгож буй. Газраа чөлөөлсөн айл өрхүүд хотын төвд орон сууц худалдан авч байгаа мэдээлэл бий. Чөлөөлсөн талбайд бид 5-9 давхар орон сууц барихаар төлөвлөсөн. Энэ орон сууц Монгол улсад анх удаа зэс трубогоор сантехникийн тоноглол хийсэн, дээвэр дээрээ нарны эрчим хүчээр хэрэглээний зарим тогийг хангах боломжтой эко дулааны алдагдал багатай хороолол болно. Мөн нийт газрын 60 хувьд нь орон сууц барих бөгөөд үлдсэн 40 хувьд нь зам талбай, ногоон байгууламж байхаар төлөвлөсөн. Ингэснээр “20 минутын хот” концепцийг хадгалсан сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт төрийн үйлчилгээтэй ойр бүтээн байгуулалт болж байгаа гэдгийг онцолмоор байна. Улаанбаатар хот агаарын бохирдол, түгжрэлийг бууруулж, төлөвлөлтөө цэгцлэхийн тулд “20 минутын хот” болж хөгжих цаг болсон. Тиймээс иргэд бидний ажлыг дэмжиж, газар чөлөөлөх ажилд идэвхтэй оролцохыг уриалж байна” гэв.

Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Л.Мөнхөө “Би хороондоо 54 жил амьдарч байна. Гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд зохион байгуулж байгаа газар чөлөөлөлтөд манайх хамрагдаж, газраа худалдсан. Гэр хорооллын иргэдийн эрүүл, аюулгүй, орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж байгаа энэ ажилд хувь нэмрээ оруулсандаа таатай байна” гэсэн юм.


Үйл явдал
Шинэ хичээлийн жилийн бэлтгэл болон бусад цаг үеийн ажлын талаар хэлэлцлээ
Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар боловсролын салбарын шинэ хичээлийн жилийн бэлтгэл болон бусад цаг үеийн ажлын талаар хэлэлцлээ.
Хуралдаанаар:
-2026-2027 оны хичээлийн жилээс 1 дүгээр ангийн сурах бичгийг шинээр зохиох, хэвлэх, түгээх ажил болон бусад ангиудын сурах бичгийн нөхөн хангалтын хүртээмж
-Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц, цэцэрлэг, сургуулийн элсэлт, бүртгэл
-“COP 17” арга хэмжээтэй холбоотойгоор хичээл сургалтын зохицуулалт
-Нийслэлийн хэмжээнд хотхоны бага сургууль болон төрөлжсөн ахлах сургууль байгуулах ажлын хүрээнд байгуулагдсан ажлын хэсэг Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд ажиллах
-Боловсролын зээлийн сангийн 2026 оны сонгон шалгаруулалтын үр дүн, тэтгэлэг, зээл, төлбөрийн хөнгөлөлтийн хэрэгжилтийн явц, төсвийн нөхцөл байдал
-2027 оны төсвийн төлөвлөлт болон боловсролын салбарын 2026 оны хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны төслүүдийн явцтай танилцах
-Тажикстан Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд боловсролын салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах зэрэг асуудлуудын талаар хэлэлцлээ.
Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир танилцуулсан асуудал бүр дээр шийдэл, шаардагдах төсөв, хугацааг тодорхой тусгаж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг бүтэц, нэгжийн удирдлагуудад даалгалаа.

Үйл явдал
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
НӨАТ-ын урамшууллын 2026 оны 07 дугаар сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг 2026 оны 07 дугаар сарын 22-нд 13.00 цагт ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.
Иргэн та 2026 оны 06 дугаар сарын 01-нээс 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 цаг 59 минутаас өмнө бүртгүүлж, сугалаандаа хамрагдана уу.
Сугалааны тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог ба дэлгэрэнгүй мэдээллийг https://sugalaa.ebarimt.mn/ цахим хуудаснаас үзээрэй.

Үйл явдал
Мөнгөний нийлүүлэлт 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 26.6 хувиар өсжээ
Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт (М2) 2026 оны зургаадугаар сарын эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.2 их наяд төгрөгөөр буюу 26.6 хувиар өссөн байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр энэхүү өсөлтөд төгрөгийн хадгаламж 5.9 их наяд төгрөгөөр (26.3 хувь), төгрөгийн харилцах 2.8 их наяд төгрөгөөр (29.3 хувь), валютын харилцах 2.7 их наяд төгрөгөөр (75.4 хувь) тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Мөн 2026 оны зургаадугаар сарын байдлаар аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 49.3 их наяд төгрөг болсон байна. Үүнээс чанаргүй зээл 2.5 их наяд төгрөг, анхаарал хандуулах зээл 1.2 их наяд төгрөг байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Түүнчлэн зургаадугаар сарын валютын сарын дундаж ханшаар 1 ам.доллар 3576.65 төгрөг, 1 евро 4117.99 төгрөг, 1 юань 527.86 төгрөг, 1 рубль 48.40 төгрөг байсан байна.
Эдгээр үзүүлэлт нь 2026 оны зургаадугаар сарын урьдчилсан гүйцэтгэл болохыг Үндэсний статистикийн хороо онцолжээ.

-
Дэлхий нийтээр..2023/06/27
Мах экспортлох бичиг баримт бүрдүүлэлтийг цахимжуулжээ
-
Тод зураг2019/10/10
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Дэлхий нийтээр..2021/12/08
Гадаад улс орнуудаас эх орондоо ирж байгаа иргэдийн анхааралд...
-
Дэлхий нийтээр..2023/06/12
"Шинэ сэргэлтийн бодлого-Анхан шат 2023” зөвлөлдөх уулзалтад оролцогч...
