Тод индэр
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаатай иргэн 96480 төгрөгийн ногдол ашиг авна

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
- “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хувьцаа эзэмшигчиддээ анх удаа ногдол ашиг өгөх шийдвэр гаргалаа. Ногдол ашгийг хэзээ өгөх вэ?
- Компанийн тухай хуулиар ногдол ашиг олгох шийдвэрийг тухайн оны аудитлагдсан тайланг үндэслэн санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор буюу хоёр дугаар сарын 20-ны дотор Төлөөлөн удирдах зөвлөл гаргах ёстой. Энэ дагуу бид ногдол ашиг өгөх шийдвэрээ гаргалаа.
Уг шийдвэрийг тухайн оны 5-р сарын 01-ний дотор хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулж хэлэлцүүлэх бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны ногдол ашиг хуваарилах шинэ журмаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан энэ ондоо багтан олгоно. Иргэд маань ногдол ашгаа авахын тулд хувьцааны дансаа нээлгэх ёстой. Одоогоор дансаа нээлгээгүй 600 гаруй мянган иргэн бий.
- Ногдол ашгийн хэмжээ хэдэн төгрөг вэ?
- Төлөөлөн удирдах зөвлөл нэгж хувьцаанд 90 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Тодруулбал, 1072 ширхэг хувьцаатай иргэн 96480 төгрөг авна гэсэн үг. 750 ширхэг хувьцаатай иргэн 67500 төгрөг авна. Өөрөөр хэлбэл өөрт байгаа хувьааныхаа тоог 90 төгрөгөөр үржүүлэхэд тухайн иргэний ногдол ашгийн хэмжээ гарч ирэх юм.Хувьцаагаа төрд зарсах, сургалтын төлбөр бусад зүйлд зарцуулсан иргэд цөөнгүй бий. Гэхдээ нийт хувьцаа эзэмшигч иргэдийн 90 хувь орчим нь 741-ээс дээш тооны хувьцаатай. Тэгэхээр иргэдийн гар дээр боломжийн хэмжээний ногдол ашиг очно гэсэн үг. Иргэдийн эзэмшилд байгаа 14.75 хувь буюу 2.2 тэрбум ширхэг хувьцаанд ашиг хуваарилагдана.
- Иргэд ногдол ашгаа яаж авахын тулд ЭТТ аппликейшнийг татаж авч суулгах, хэрэглэх ёстой гэж та сая хэллээ. Энэ ямар учиртай вэ?
- Бид хувьцаа эзэмшигчиддээ мэдээ, мэдээлэл хүргэх, хувьцааныхаа тоо ширхэгийг шалгах, хянах, санал хүсэлтээ өгөх боломжтой нэгдсэн бүртгэлийн цогц системийг нэвтрүүлсэн. Энэ аппликейшн болон компанийн вэб сайтаар дамжуулан иргэд ногдол ашигтай холбоотой албан ёсны мэдээллийг авах боломжтой. “Эрдэнэс-Тавантолгой” гэсэн нэртэй аппликэйшнийг Апп стори, Плэй стороос татаж аваад регистерийн дугаараа оруулан нууц кодоо өөрөө зохиож нэвтэрч ороод бүртгүүлж, дэлгэрэнгүй мэдээллээ бөглөөрэй. Энэ аппликейшнийг татаж авснаар иргэд хувьцааныхаа тоо ширхэгийг шалгах, хянах, мэдээ мэдээлэл авах, санал өгөх зэргээр ашиглаж цаашдаа ЭТТ компанитай хувьцаа эзэмшигчийн зүгээс холбогдох, хөрөнгийн зах зээлд оролцох бүрэн боломжтой болох юм.
Мөн Эрдэнэс-тавантолгой ХК, 1072 хувьцаа мэдээллийн төв пэйж хуудсууд, 1800-1072 дугаараар холбогдож, мэдээлэл авч болно.
-Энэ жилийн экспортын төлөвлөгөө ямар байгаа вэ. Олборлолт хэвийн явагдаж байгаа юу?
- Өнөөдрийн байдлаар бид 1.1 сая тонн нүүрс борлуулаад байна. Төлөвлөсөн борлуулалт 1.3 сая тонн байсан нь 80 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Нүүрс тээврийн хилийн хоригтой холбоотойгоор урьдчилан сэргийлэх эрсдэлийн төлөвлөгөө гарган ажиллаж байна. Хэдийгээр нүүрсний экспортыг зогсоосон ч манай уурхайн үйл ажиллагаа явагдаж байгаа. Гэрээт газрууд маань нүүрсээ тодорхой хэмжээнд татан авч, Цагаан хад дахь гаалийн бүсэд буулгах ажил хэвийн явж байна. Мэдээж короновирустэй холбоотой хоёр улсад тогтоосон хорио цээр хорио худалдан авагч, худалдагч аль аль талдаа нөлөөлж байна.
-"Эрдэнэс-Тавантолгой" энэ онд улсын төсөвт хэдэн төгрөгийн орлого төвлөрүүлэх вэ?
-2020 онд улсын төсөвт 540 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр баталсан. Энэ төлөвлөгөө өнөөдрийн гүйцэтгэлээр 80 хувьтай байна.
Тод индэр
Б.Жавхлан: Гадаад валютын улсын нөөц таван тэрбум ам.долларт хүрлээ
Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийн нөхцөл байдлын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ.
“Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар экспорт нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын хэсэг уул уурхайн экспортод тулгараад буй асуудлыг цогц байдлаар шийдвэрлэж, экспортыг эрчимжүүлж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллаж байна. Тус Ажлын хэсгийн дарга, Сангийн сайд Б.Жавхлан,
Нэгдүгээр улирлын нийт дүнгээр нүүрс 17.4 сая.тонн, төмрийн хүдэр 1.8 сая тонн экспортолсон нь өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байгаа бол зэсийн баяжмалын экспорт 456 мянган тоннд хүрч 24 хувиар өссөн дүнтэй байна.
Ажлын хэсэг банкны салбарын төлөөлөлтэй уулзаж, гадаад валютын улсын нөөцийг хамгаалах чиглэлд хамтран ажиллах талаар хэлэлцэж, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хурлаар холбогдох асуудлыг шийдвэрлэж, бодлогын зөвлөмж гарган ажиллаж байна.
Энэ сарын 1-ний байдлаар гадаад валютын улсын нөөц өмнөх долоо хоногоос 305 сая ам.доллароор нэмэгдэж, таван тэрбум ам.долларт хүрлээ гэж мэдээллээ.
Тод индэр
О.Батнайрамдал: Бакалаврын төвшинд суралцагчдад тэтгэлэг, магистр, докторын төвшинд бол зээл олгохоор зохицуулах нь зөв байна
Монгол Улсын Их хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 02 тоот тогтоолоор Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Энэхүү ажлын хэсгийг УИХ-ын гишүүн О.Батнайрамдал ахалж байна. Түүнтэй уулзаж ярилцсан юм.
-Ажлын хэсэг байгуулагдах шаардлага юу байв?
-Засгийн газрын татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг 23 сангийн нэг нь Боловсролын зээлийн сан юм. Хамгийн үнэ цэнэтэй, тэр хэрээрээ хамгийн их хөрөнгө оруулалттай сан юм. Гэхдээ энэ сан өнгөрсөн хугацаанд зээл олгох журмаасаа эхлээд эргэн төлөлт хүртэл олон асуудлыг дагуулсаар байна. Нийтдээ 360 тэрбум төгрөгийн гадаад зээлийн санхүүжилт олгосон боловч эргэн төлөлтөд асуудал үүсч байна. Боловсролын зээлийн сан журмаар зохицуулагдаж ирсэн. Энэхүү мөрдөгдөж буй журам 27 хуудас бүхий олон удаагийн нэмэлт өөрчлөлт орсон учраас ойлгомжгүй, ишлэлээс ишлэгдсэн маягтай баримт бичиг болжээ. Тиймээс журам бүрэн шинэчлэглэх зайлшгүй шаардлага үүссэн. Ингээд 2025 оны сонгон шалгаруулалтаас өмнө Боловсролын сангийн зээлийн журмыг шинэчлэхээр ажиллаж байна. Манай ажлын хэсэг санал, дүгнэлтээ боловсруулан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, холбогдох яаманд хүргүүлэхэд бэлэн болоод байна.
-Боловсролын зээлийн сангийн журмын төсөлд ямар ямар өөрчлөлт оруулах саналыг боловсруулсан бэ?
- Ер нь бол Боловсролын зээлийн сан алсын хараагаасаа эхлээд стратегийн хувьд шинэчлэл хийх шаардлага буй болжээ. Жишээлбэл, Боловсролын зээлийн сан гэх атлаа нийт санхүүжилтийн 87 орчим хувь нь тэтгэлэг болж олгогдож байна. Эдийн засгийн бүтэц өөрчлөгдөх тусам хөдөлмөрийн зах зээлтэй уялдаад эрэлт хэрэгцээтэй мэргэжилтэй нийцүүлэн Боловсролын зээлийн сангийн стратегийг тодорхойлох ёстой. Боловсролын зээлийн сангийн санхүүжилтийн 35-45 хувь нь Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт буюу бакалаврын боловсрол эзэмшихэд олгогдож байна. Гэтэл дэлхийн 100 топ сургуульд тэнцсэн хүүхдэд зээл хэлбэрээр олгогдож байна. Энэ нь харьцангуй ялгаатай байдал үүсээд байгаа юм. Мөн өндөр мөнгөн дүнгээр буюу 100-200 мянган ам. долларын зээл авсан оюутан бакалавраа төгсч ирээд зээлийг эргэн төлөх нь асуудалтай. Ер нь дөнгөж бакалаврын түвшний боловсрол эзэмшээд өндөр хэмжээний зээл төлөх нь хэцүү учраас зээлийн эргэн төлөлт ч тааруу явж ирсэнтэй холбоотой байх.
Тэгэхээр бакалаврын төвшинд эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр тэтгэлэг, магистр, доктор буюу ахисан төвшинд зээл олгохоор зохицуулах нь зөв байна. Өөрөөр хэлбэл, ахисан төвшинд зээлээр суралцагч санхүүгийн хувьд зээлийг эргэн төлөх боломжтой болсон байна. Хоёрдугаарт, гадаадын их, дээд сургуульд суралцах хүүхдийн сонгон шалгаруулалтыг эрэмбэ, ерөнхий тест явуулж шалгаруулж байна. Зөвхөн эрэмбийг харах нь өрөөсгөл учраас тухайн хүүхэд өөрсийн санаачлагаар тэтгэлэг авсан бол үнэлэгдэж, оноожуулалтад нь ордог байх ёстой. Мөн тухайн сургуулийн төлбөрийн хэмжээг оноожуулалтад тусгах нь зөв хэмээн үзэж байна. Яагаад гэвэл зарим сургууль эрэмбэ нь ойролцоо атлаа хэд дахин илүү төлбөртэй байх тохиолдол байдаг. Жишээлбэл, АНУ-ын Стэнфордын Их сургуульд 200 мянган ам.доллараар суралцуулахаар нэг хүүхэд явуулах нь уу эсвэл эрэмбээрээ ойролцоо Токиогийн их сургуульд яг энэ төсвөөр 10 хүүхэд суралцуулах уу гэдгийг бололцох ёстой. Энэ мэт уялдааг оноожуулалтад шингээж өгч байж, харилцан ашигтай, хүртээмжтэй зээлийн олголтыг шинэчлэн хэрэгжүүлэх боломжтой хэмээн үзсэн.
- Төрийн албан хаагчдыг мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд зээлийн сангаас тэтгэлэг өгч болох уу?
- Төрийн албан хаагчдыг бодлогоор дэмжин чадавхжуулах хүрээнд гадаад болон дотоодын сургалтын байгууллагад магистр, докторын үндсэн хөтөлбөрт хамруулах боломжийг бүрдүүлнэ. Мөн шаардлагатай тохиолдолд гадаад хэлний бэлтгэлд хамруулах боломжийг олгоно. Түүнээс гадаадад суралцаад төгссөн хүүхэд тухайн орондоо ажлын туршлага хуримтлуулж ирэх боломжийг олгох уян хатан зохицуулалтыг тусгалаа. Хэрвээ эргэн ирэхгүй бол тэтгэлэг зээл хэлбэрт шилжиж, эргэн төлөгдөх нөхцөлттэй байна. Тухайн суралцагч энэ бүхнээ бүрэн ялгаж ойлгосон байхын тулд журмын шинэчлэл мөн чиглэж байна. Мөн зорилтот бүлэгт чиглэсэн буцалтгүй тусламжаар суралцах боломжийг журамд тусгах ёстой юм.
-Зээлийн эргэн төлөлтөөр дараагийн зээлийг олгох зарчмаар төсөвлөсөн. Тэгэхээр зээлийн эргэн төлөлтийг сайжруулахад хэрхэн анхаарч ажиллах вэ?
- 2025 оны улсын төсөвт Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд 158,4 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Түүний 33,6 тэрбум нь зээлийн эргэн төлөлтөөс санхүүжихээр тусгасан. Өөрөөр хэлбэл, эргэн төлөлт заавал хийгдэж байж Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаагаа хэвийн явуулна. Зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй бол дотоодын их,дээд сургуульд суралцагч хүүхдүүд Монгол банкны хар жагсаалтад бичигддэг. Харин гадаадад суралцахаар зээл аваад эргэн төлөлт хийгээдгүй бол энэ хар жагсаалтад ордоггүй. Энэ ялгавартай байдлыг халах хэрэгтэй учраас журмын төсөлд санал тусгасан байгаа. Зээлийн эргэн төлөлтийг сайжруулах, зээлийн санг шударга ёсны зарчимд нийцүүлэхийн тулд шинэчлэл хийхээр саналыг боловсруулсан юм.
Тод индэр
Т.Баярхүү: Хуурайшилт ихтэй сумдад түймрийн эрсдэл маш өндөр байна
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан 21 аймаг, нийслэлийн Онцгой комиссын дарга нартай цахимаар хуралдаж, ой хээрийн түймэр, шар усны үерээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө, арга хэмжээний талаар хэлэлцлээ. Энэ талаар УОК-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өглөө. Тэрбээр “Нийт нутгаар хуурайшилт өндөр байгаа. Баруун аймгуудад цас ихтэй байгаа учраас шар усны үерийн эрсдэл өндөр байна. Өнгөрсөн долоон хоногт зүүн аймгуудад бүртгэгдсэн хээрийн түймэр түүнийг унтраах үйл ажиллагааг зохион байгуулсан аймгийн онцгой комиссын мэдээлэл, түймрийн хор уршгийг арилгах, түймэрт өртсөн айл өрхүүдэд чиглэсэн арга хэмжээний талаарх мэдээллийг сонсож, холбогдох үүрэг чиглэлийг өгсөн.
Зүүн аймгууд ой хээрийн түймрийн эрсдэлтэй байгаа учраас хөдөлгөөнт бүлгүүд болон хяналтыг цэгүүдийг ажиллуулах зэрэг урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулж байгаа. Энэ чиглэлийн үйл ажиллагааг нэлээд эрчимжүүлэх үүргийг холбогдох аймаг орон нутгийн онцгой комиссын байгууллагад өгсөн.
Он гарснаас хойш 28 гал түймэр бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй буюу мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа хэргүүдийн статистик тоо баримтыг аваад үзэхээр 46 орчим хувь нь шалтгаан эзэн холбогдогч нь тодорхой байна. Жишээлбэл хогийн цэгээс, машины яндангаас, айлын янданг ил задгай орхисон үнс нурмаас гэх мэтчилэн шалтгаанаас үүдэлтэй гал гарчээ. Харин 56 орчим хувь нь эзэн холбогдогч тодорхойгүй байна. Үүн дээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа.
Түймэрт өртсөн айл өрхүүдэд УОК-оос гэр хүнсний багц, эрүүл мэндийн багц, дулаан хувцас хэрэглэлүүдийг эхний ээлжид хүргэж өгсөн. Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас гамшигт өртсөн айл өрхүүдэд тодорхой хэмжээний мөнгөн тусламжуудыг үзүүлсэн. Мөн ХХҮЕ-аас тухайн иргэдтэй уулзалт зохион байгуулж үнэлгээ хийгээд цаашид малжуулах чиглэлээр ямар төсөл хөтөлбөрт хамруулах чиглэлээр судалгааны ажил үргэлжилж байгаа.
Увс, Завхан, Ховд, Баян-Өлгий зэрэг баруун аймгуудын цас одоохондоо хайлж дуусаагүй байна. Цастай байгаа газруудаар түймэр арай бага байгаа бол бусад аймаг, хуурайшилт ихтэй сумдад түймрийн эрсдэл маш өндөр байна. Ер нь өдөр ирэх тусам түймрийн эрсдэл нэмэгдэж байна. Иймээс дор бүрнээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна” гэв.
-
Өнөөдөр2022/01/30
Дархлаажуулалтын цэгүүд 10:00-18:00 цаг хүртэл ажиллана
-
Тод мэдээ2024/06/11
Гялсбанк урамшуулалт аяны хоёр дахь “iPhone 15 Pro Max” утасны эзэн ...
-
Тод индэр2024/08/22
Н.Учрал: Засгийн газар их өгөгдөлд суурилж шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлж бай...
-
Өнөөдөр2021/08/13
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн