Үйл явдал
Нүүрс хэрэглэдэг 20 мянган айлыг хийн түлш буюу газын хэрэглээнд шилжүүлнэ
2025 онд нүүрс хэрэглэдэг 20 мянган айлыг хийн түлш буюу газын хэрэглээнд шилжүүлэх ТЭЗҮ-ийг боловсруулах тендер зарлана. Ирэх жилийн галлагааны улирал гэхэд эдгээр айлыг газын хэрэглээнд шилжүүлж чадвал жил бүр энэ тоогоор орон сууцжуулах төлөвлөгөөнд ороогүй айлуудыг газын хэрэглээнд шилжүүлнэ.
Хийн түлшний стандарт эрүүл ахуйн шаардлага хангасан, тэсэрч дэлбэрэх эрсдэл, дотоодын нөөц боломж зэргийг судалж байна. Ийнхүү тодорхой хугацааны дараа хатуу түлшнээс шингэн түлш үйлдвэрлэдэг байдал руу шилжинэ. Энэ ажлыг хэрэгжүүлэх төслийн нэгж байгуулна.
Хэрэглэгчийн тоо 10-хан хувиар өсөж байхад үйлдвэрлэлийн хэмжээ 200 мянган тонноор нэмэгдэж байгаад ямар асуудал гарсан бэ гэдэгт технологийн хяналт оруулна. Түгээлтийн явц дундаас нүүрсний хулгай гараад байна уу гэдгийг хянана. Улаанбаатар хот руу орж, гарч байгаа бүх постуудад хиймэл оюун ухааны гарцуудыг энэ ондоо захиалж оруулж ирэх шийдвэрийг гаргаад байна.
Ингэснээр үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээг бууруулах шинэ төлөвлөлт хэрэгжүүлнэ. Мөн энэ онд сайжруулсан түлшний үнийг өөрчлөхгүй. Зургаадугаар сарын 1-нээс түлшний тарифыг шинэчилнэ.
Үйл явдал
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Намрын ногоон өдрүүд- Үндэсний үйлдвэрлэл 2026” өргөтгөсөн худалдаанд оролцож буй тариаланч, ногоочидтой уулзаж, Засгийн газрын бодлого шийдвэрээ танилцуулж, санал хүсэлтийг нь сонсов.
Ерөнхий сайд “Энэ бол жирийн нэг үзэсгэлэн худалдаа биш. Тариаланчдын тарьсан үр, малчдын өсгөсөн мал, үйлдвэрлэгчдийн ур ухаан, хөдөлмөрөөр бүтсэн бүтээгдэхүүн бүрийн цаана эх орныхоо хөгжилд оруулж буй бодит хувь нэмэр бий. Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хөдөлмөр эрхэлж буй хэн бүрийг дэмжих бодлого, үйл ажиллагаа анх удаа ирэх оны төсөв, энэ жилийн төсвийн тодотголоор биеллээ олно. Засгийн газар худалдаа, үйлчилгээ эрхлэхэд шаардлагатай зарим бүртгэл, зөвшөөрлийг хялбаршуулж, төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр авах боломж бүрдүүлсэн. УИХ-ын хаврын чуулганаар батлуулсан Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль баялаг бүтээгчдээ дэмжих бодит алхам болсон.

Мөн татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталснаар ирэх жил 15,000 ажлын байр бий болно. Эдгээр ажлын байрыг бий болгох тулгуур, түшиг салбар нь хөдөө аж ахуй.
Тиймээс Төрийн банкны 1.1 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн тодорхой хувийг хөдөө аж ахуйн салбарт зарцуулна. Мөн анх удаа улсын төсвөөр төмс, хүнсний ногоо нөөцөлнө, мөн 100,000 тонн улаанбуудай нөөцөлж зорилтот бүлэгтээ хүргэнэ. Бидний дэвшүүлсэн бодлого, үйл ажиллагаа амьдралд биеллээ олох эсэхийг төсөв батлагдсаны дараа ард түмэн шүүн тунгаана” гэлээ.

21 дэх жилдээ болж буй энэхүү өргөтгөсөн худалдаанд нийслэл, 21 аймаг, брэнд бүтээгдэхүүнүүдээ дэлгэжээ. Үзэсгэлэн худалдаанд оролцогчид үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж буй Ерөнхий сайдад талархаж буйгаа илэрхийлж байлаа.
“Намрын ногоон өдрүүд- Үндэсний үйлдвэрлэл 2026” өргөтгөсөн худалдаа энэ сарын 27-нд дуусах байсныг тариаланч, ногоочдын хүсэлтээр долоо хоног сунгахаар боллоо.
Үйл явдал
Д.Баньд: Иргэд нийслэлийн суурьшлын бүсэд баавгай харсан тохиолдолд 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй
Нийслэлийн ногоон бүсээс суурьшлын бүс рүү энэ оны наймдугаар сарын 11-нд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Баянгийн эхэд баавгай нэвтэрсэн гэх дуудлага анх бүртгэгджээ. Үүнээс хойш “Баавгай орж ирсэн” гэх долоон дуудлага бүртгэгдэж, нийслэлийн Байгаль орчны газраас хоёр баавгайг барьж, суурьшлын бүсээс 180 км зайд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт тавьсан байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Байгаль орчны газрын Амьтан, ургамлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Баньдаас зарим зүйлийг тодрууллаа.
Нийслэлийн Байгаль орчны газрын Амьтан, ургамлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Баньд "ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн 2022-2024 онд хийсэн автомат камерын судалгаагаар нийслэлийн ногоон бүсийн Сэлбийн голын эх, Улиастайн голын эхээр тус бүр нэг баавгай суурьшиж байгаа нь батлагдсан байдаг. 2018 онд нэг, 2019 онд хоёр, 2020 онд нэг, нийт дөрвөн удаа баавгай суурьшлын бүс рүү орж ирсэн. Энэ онд наймдугаар сарын 11-нд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Баянгийн эхэд баавгай орж ирсэн дуудлага анх бүртгэгдсэн. Энэ үед иргэдэд сэрэмжлүүлэх мэдээлэл хүргэж эхэлсэн. Дараа нь наймдугаар сарын 30-нд “Богдхан ууланд баавгай байна” гэсэн дуудлага ирсэн. Он гарсаар “Баавгай орж ирсэн” гэх долоон дуудлага бүртгэгдэж, нийслэлийн Байгаль орчны газраас хоёр баавгайг барьж, суурьшлын бүсээс ойролцоогоор 180 км зайд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт тавьсан.
Баавгай 25-30 км зайд хоол тэжээлийг үнэрлэж олдог амьтан. Иймд иргэд гэр орон, өвөлжөө, хаваржааны ойр байх малын сэг зэмийг холдуулах, булах, хадлан тэжээл бэлтгэж, жимс түүж хөдөө, орон нутагт явж байгаа иргэд хоолны хог хаягдлыг холдуулах, битүүмж сайтай байлгах, аль болох ойтой газраар аялахгүй байхыг зөвлөж байна” гэлээ.
Баавгай аравдугаар сарын дундаас арваннэгдүгээр сарын эхэн үед ичдэг байна. Иймд иргэд, олон нийт сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна. Нийслэлийн Байгаль орчны газраас суурьшлын бүсэд нэвтэрсэн баавгайг суурьшлын бүсээс гаргаж, холдуулах арга хэмжээг авдаг. Энэ чиглэлээр мэргэжлийн 2-3 хүнтэй баг байнга ажиллаж байна. Хэрвээ иргэд суурьшлын бүсэд баавгай харвал нийслэлийн Байгаль орчны газрын 7272-0303, нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 1131-0005 дугаарт яаралтай залгаж, мэдэгдээрэй.
Үйл явдал
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллах үеэр А0501 Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн авто замын Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотын иргэд амьдарч байгаа хотынхоо газарт нутагт зорчихдоо авто замын хураамж 5000 төгрөг төлж байна. Мөн энэ хэсэг аялал жуулчлалын бүс хэдий ч замын хураамж төлөх гэж түгжрэл ихээр үүсгэдэг. Тиймээс Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг Цонжинболдог руу нүүлгэхийг Зам, тээврийн яамд уламжилж, шийднэ. Налайх дүүрэг хотын аялал жуулчлалын бүс. Барилгажилт ихсэхээс өмнө замын трассууд, амрах талбайгаа чөлөөлөх хэрэгтэй. Налайх, Багануур, Багахангай дүүргийг эдийн засгийн тусгай бүс болгож, аж үйлдвэрийн паркуудыг хөгжүүлэхэд зорилт тавин ажиллаж байгаа” гэлээ.
Налайх дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр “НИТХ-аар Налайхын Цэргийн ангийн урдуур явж байгаа замыг дөрвөн эгнээ болгохоор шийдсэн. Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт жилд ойролцоогоор дотоод, гадаадын нэг сая жуулчин ирдэг гэсэн судалгаа байдаг. Тус замыг дөрвөн эгнээ болгож шинэчлэхэд Улаанбаатар хотоос Тэрэлж рүү зорчих жуулчдын тоо нэмэгдэж, иргэд ая тухтай зорчих нөхцөл бүрдэнэ” гэв.


НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Тод зураг2020/02/03
Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна...
-
Дэлхий нийтээр..2022/07/26
Наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
-
Дэлхий нийтээр..2022/09/20
Монгол Улсын Сүрьеэгийн үндэсний хөтөлбөрийн үнэлгээний талаар санал солилцлоо
-
Дэлхий нийтээр..2024/03/05
Зудын үнэлгээгээр 11 аймгийн 50 суманд мөсөн буюу төмөр зудтай байна
